Showing posts with label Том охины минь паян. Show all posts
Showing posts with label Том охины минь паян. Show all posts

Saturday, May 04, 2019

Химийн элемэнт

10 жилд энэ химийн элемэнтийг цээжлэх гэж бөөн л юм болдог байлаа. Бүрэн цээжлээгүй л төгссөн юм даг.

Тэгсэн одоо том зулзага цээжлэх гэж бас л юм болж байх шиг. Жорлонгийхоо хаалган дээр ингэж бичээд наачихаж. Хэ хэ.

Би хааяа бас хараад байна аа тэрийг нь. Цээжлэнэ гэж лөөлөө л даа. Өөр харах зүг байхгүй учраас л тэр. Хо хо.

Анги нь химийн сонгон. Хөвгүүд олон гэсэн. Тэрийгээ дагаад ангийнх нь үнэр танар өмхий гэсэн. Ха ха. Дугуйлан секцэнд явдаг банди нарын хөлсний үнэр л байдаг байх даа, хөөрхийс. Ккк

Томоо хүүхэдтэй ээж аавуудад амжилт...

Sunday, March 31, 2019

Их сургуульд орох бэлтгэл

Их сургуульд орох бэлтгэлийн нэгээхэн хэсэг болгож их дээд сургуулийн танилцуулга ярианд одооноос эхлээд оролцоод явчихдаг юм байна.

Том зулзага Хёого мужийн нэгэн их сургуульд болох яриаг сонсохоор яваад ирсэн.

Яг их дээд сургуулийн яриа гэхээр бас биш шиг байна лээ. Энэ удаагийнх нь.

Супер глобал ахлах сургууль гэсэн статус байдаг юм байна. Ийм сургуульд улсаас нь нь овоо хэдэн төгрөгний санхүүжилт олгодог бололтой.

Үүнтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээ зохиовол унаа, байрных нь зардлыг даагаад оролцох хүсэлтэй сурагчдаа явуулдаг юм байна. Том зулзагыг зүгээр сууж байхаар яваад ир гэж байгаад явуулсан.

Их л сонирхолтой байсан гэсэн. Нэг ахлах сургуулийн сурагчид монголын гудамжны хүүхдүүдийн? тухай судалгаа явуулсныгаа тайлагнаад, манай хүн монгол гэж өөрийгөө танилцуулаад, уг сургуулийн багш бөөн баяр болсон гэнэ. Монгол хүүхэдтэй уулзсандаа...
Урд өдөр нь очиж хоносон тул хэсэг бүлгээрээ чөлөөт цагаа өнгөрүүлж Кобэ хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэг болох Санномия хавиар зугаалсан байсан.
Одоо ахлах сургуулийнхаа 2-р ангид орохоо хүлээгээд, нэг л их унтсан хүн байна. Хэ хэ. Манайхаар 11 дүгээр ангид орохоо хүлээж байна л даа.

Томоос том хүүхэдтэй ээж аавуудад амжилт хүсье өө. Бас л харьцахад хэцүү болж ирдэг юм байна шүү. Шилжилтийн нас? дууссан баймаар санагдаад байгаа ч...

Санаа энэ тэр гэж ууланд л яваад байх шиг хааяа даа...

Saturday, March 16, 2019

Төгөлдөр хуур ба бэлэг

Ээлжит хамтарсан тоглолт охидын минь. Энэ жилийн онцлог гэвэл бага зулзагын төрсөн өдрөөр болоод, алдчих вий гэж айсан, догдолсон хүн л байлаа.

Би очиж үзэж чадаагүй ээ. Их чухал ажилтай байсан тул. Тэр тухайгаа удахгүй бичнэ ээ.

Харин монголоос эмээ өвөө хоёр нь ирсэн байж таараад, очиж үзсэн. Өвөө нь нулимс унагасан гэсэн. Зээ нар нь л хамгийн мундаг байсан гэсэн.

Бага зулзага давтахгүй яваад л байсан хүн чинь яг тоглохдоо ёстой мундаг дараад, багш нь өхөөрдөөд инээгээд байсан гэсэн.

Харин эгч нь нэг газар алдаа гаргасан юмдаг уу даа. Хэ хэ.

За тоглолт нь дуусаад, орой нь бид бага зулзагынхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглэлээ. Өвөөгөөрөө бялуу авахуулаад, маш баяртай орж ирсэн.

Оройд нь ээж ааваасаа бэлгээ аваад бүр хөөрөөд давхицан. Ихэд таалагдсан гэсэн.
Яг ийм биш л дээ. Голоороо арай нарийхан байсан шиг санаад байна. Би зураг авч амжилгүй, өнөөх маань бэлгээ аваад гараад алга болжээ. 

Нэтээс хайгаад ийм зураг олж ирэв. Сүүлийн үед энэ  их моодонд орж байгаа сурагтай. Найзууд нь бүгд ийм юмтай юм байх өө. Авч өгөхгүй бол гээд аав нь зулзагаа өрөвдөөстэй. Хи хи. 

Гэх мэтчилэн үр зулзагуудаа тойронхон, эргэлдэнхэн байж байна даа гэж...

Удахгүй том сонин дуулгана аа...

Wednesday, February 06, 2019

Бяцхан тархи

Бяцхан тархи? гэдэг билүү? Нэг толь бичиг байдаг даа.

Би оюутан болоод анх түүнтэй танилцаж билээ. Боломжтой айлын ганц нэг ангийн охид барьдаг байсан юм. Тухайн үед бол их үнэтэй, олдоц муутай байсан.

Ээж ааваасаа юун тийм тоь бичиг авч өгөөч гэж гуйх. Өдрийн унааныхаа мөнгийг л олж авбал их юм байлаа.

Гэхдээ ижий аав хоёр минь охиндоо сурах бичиг, толь бичиг авч өгөхөөс гар татдагүй л байсан. Тэрнийх нь ачаар толь бичиг сөхөж харж чаддаг болсон.

Яагаад чаддаг болсон гэхээр, толь бичиг сөхөж харж мэддэггүй хүмүүс зөндөө байдаг юм билээ шд. Ккк

Тэгээд сая том зулзагатаа ийм толь бичиг авч өгөөд. Санта өвөөгийн бэлэг л дээ. Хи хи. Наана нь жижиг зүйл бэлэглэсэн, учир нь дүү нь Санта өвөө байдаг гэдэгт бүрэн итгэлтэй байгаа учраас эгчид нь хоосон байж болохгүй...

Амазоноос захиалж авсан. Ингэхийнхээ өмнө цахилгаан барааны дэлгүүрээс үзэж харна, чанарыг нь шалгана. Тэгээд нетээс хайгаад хямд байвал захиалчихна. Дэлгүүрээс хямд байх нь олонтаа шүү, энэ нет гээч зүйл чинь.

Өөрөө зураг авч оруулах гэсэн том зулзагатайгаа тухтай ярих зав гарахгүй л гүйгээд байна, тэгэхээр нь нетээс зураг хуулаад оруулчихлаа.

Уг нь би цаасан толь бичигт дуртай л даа. Тэгээд авч өгөхгүй л яваад байсан юм. Тэгсэн түрүү жил яагаав машинд мөргүүлэх үед дугуйныхаа урд баахан толь бичиг гээд номоо хийчихсэн, өрөвдөлтэй харагдаад зулзага минь.

Өнөөх нь газраар нэг тарж байгаа юм чинь. Тэгээд л ээж ерөөсөө цалингаа бууж баяжихаараа бяцхан тархи авч өгнө гээд өөртөө амласан байсныгаа биелүүллээ.

Анги дээрээ мэдэхгүй зүйлээ шалгахад их амар байна гэсэн. Мэдээж гэртээ бол номоо харна. Ихэнх хүмүүс ном сөхөх нь илүү үлдэцтэй, сайн гэж хэлээд байгаа учраас бас номоо орхиж чадахгүй л байх шиг...

...Эхийн санаа үрд, үрийн санаа хаана яваа бол одоогоор. Хэ хэ.

Томоос том хүүхэдтэй ээж аавуудад амжилт хүсье ээ...

Friday, January 18, 2019

Охидын дурлал

Охин хүүхэд томрох ч бас л сонирхол татаж байна шүү.

Охидын дурлал маш эрт ирэх юм. Жишээ нь бага зулзага 2-3 настайдаа аавтайгаа гэрлэнэ гэж аавыгаа хуга хошгоруулдаг байлаа. Охидын хувьд анхных нь ханхүү нь аав гэдэг хүн байдаг бололтой.

Жаахан томроод ирэхээрээ аав биш, ангийн нэгэн хөвгүүнд дурлана. Бага анги, дунд анги, ахлах анги гээд л ангийнх нь хөвгүүн. нэг бол нөгөө ангийн хөвгүүнийг харж явна.

Том зулзага Окада Жюничи гээд жүжигчин залууд одоогоор дурлаастай байгаа. Дажгүй залуу л даа. Хэ хэ. Ээж бас дуртай тэрэнд нь.

Хамгийн инээдтэй, хайр хүргэсэн нь бага зулзага. Одоогоор 4 хөвгүүнд дурлаастай. 1,2,3,4-т гэж дугаарлаастай. Ха ха.
Саяхан хотын номын сангаас ийм ном зээлж ирээд, түүнээсээ салахаа байлаа. "Хайр дурлалын зурхай" гэдэг ном. Яг л насанд нь таарсан хөөрхөн ном л доо. Тэгсэн эгч нь харчихаад би ч бас уншиж байсан гэж авдаг юм даа. Би санадаггүй ээ. Нууцаар уншсан юм болов уу? Хи хи. 

Төгсгөл хэсэгт нь нэг хуудсыг хувилж аваад кармаалж явбал дурлал нь бүтнэ гэж байна. Тэр хуудсыг хувилах ажлыг би дааж авч, 1 хувь хувилж ирлээ. Ккк. 

Ажлын газрын хүүхэн сонсчихоод "Маш зөв өсөж бойжиж байгаа юм байна" гээд инээсэн. Охидын туулах ёстой хөгжил дэвшлийн нэг шат юм даа тийм ээ?

Дээрээс нь дэлгүүр хоршоонууд гайхал Валентинийн өдрийг угтаад баахан чоко өрөөд тавьчихсан. Охид минь өгөх хүнээ товлоод эхэлчихсэн. Ээж бол түрийвчээ бэлдээд л сууж байх ёстой юм шиг байна. 

Ингэхэд ээж багадаа хэнийг харж явдаг байлаа даа. Санадаггүй ээ. Хи хи. Оюутан болчихоод Том Крузийн зургийг хэдэн жил нандигнан авч явдаг байлаа гэж. Ккк

Том зулзагын хувьд шилжилтийн нас, боловсорч байгаа нас тул ихээхэн анзаарч, анхаарч байх хэрэгтэй юм шиг. Нэг л өдөр найз залуу гээд дагуулаад ороод байх даа тийм ээ?

Томоос том охидтой ээж аав нарт амжилт хүсье өө.

Thursday, October 18, 2018

Том зулзагын паян 2

Юу гээд зогслоо? Аан тийм.

Эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Рентген зураг авахуулсан. Шинжилгээний өрөө рүү явахад гээд л эмнэлгээс гартал төл өдөр тэргэнцэртэй л яваад байсан, том зулзага.

Азаар хөл гар хугараагүй байв. Тохой бага зэрэг шалбарсан. Гар нь бугалгаараа хөндүүр, хөдөлгөж болохгүй, хөл нь шагайгаараа бас өвдөөд, алхаж болохгүй гэх мэт хөндүүр байсан.

Гарынхаа бугуйнд наах наалт авсан, өвчин намдаадаг.

За эмнэлэг дэх үзлэг энэ тэрээ дуусав. Энэ хооронд анги даасан багш утасдав. Үгүй ээ, бүр эрт нэг залгасан юм байна.

Яг шүргэлцэх үед хажуугаар нь явсан нөгөө ангийн нэг охин яав, ийв гээд цуг байлцаж, түргэн дуудаж өгсөн гэнэ. Машины жолооч залуу цагдаа дуудсан гэнэ. Тэгээд том зулзага нөгөө ангийн охиноо хоцорчихлоо, яв гэж байж явуулсан гэнэ. Учир нь тэр долоо хоног бүтэн шалгалттай байгаад, тухайн өдөр сүүлийн шалгалттаы өдөр байсан. Том зулзага дараа долоо хоногт нөхөж өгсөн.

Цагдаа ирж хэргийн газартай танилцаж хэмжилт энэ тэр хийсэн гэнэ. Дараагаар нь жолоочтой хамт эмнэлэг дээр ирсэн. Жолооч бол уучлалт гуйгаад л байсан.
-Энхрий хайртай охиныг чинь шүргэсэндээ маш их харамсаж байна. Уучлаарай. Эмчилгээний элдэв зардал зэргийг хариуцлагатайгаар барагдуулах болно. Гээд л бөхийв.

Цагдаа бас яаж зүгээр байхав. Ажлаа хийсэн. Ямар ажил гэхээр том зулзагат дугуйтай явж байхдаа яг л гарцаараа, зөв гарч байя. Болгоомжтой яваарай. Гэх мэт.

Учир нь том зулзага гарцаар гарахдаа яг тэр гарцын зураас бүхий хэсгээр биш, өглөө жаахан яарч байсан тул сургуулийнхаа зүг рүү жаахан далийж зам гарсан юм даг уу даа. Тэгээд л араас нь ирж байсан машинтай шүргэлцчихэж.

Том зулзага бас түүнийгээ мэдээд миний буруу байсан л гэж байна лээ.

Жолоочтой холбоо барих нэр ус, хаяг, утсаа солилцов. Цагдаа бас бидний нэр ус, хаяг, утсыг тэмдэглэж авав.
-За тэгээд гомдолтой гэж цагдаад мэдээлэх эсэхээ та бүхэн өөрсдөө шийдээрэй, хэрэв цагдаад гомдолтой гэж мэдээлбэл цаад жолоочийг бид үнэмлэхийг нь оноогоор торгох, мөнгөн торгууль оногдуулах гээд арга хэмжээ авна. Харин гомдолтой гэж өргөдөл өгөөгүй тохиолдолд энэ хэрэг та нарын хоорондын эд материалын хохирол гэдэг утгаараа шийдэгдэнэ.
Гэж айлдсан.

Хань ижил сүүлд цагдаад явсны дараагаар жолоочийн машиных нь камерыг үзсэн гэнэ. Тэгсэн том зулзагын минь буруу ухааны юм ярьж байсан чинь эсрэгээрээ байна гэсэн. Аягүй холоос том зулзага минь камерт орж ирж байна лээ, жолооч өөрөө бас их анхаарал болгоомжгүй явсан байна лээ. Дуу хоолой нь шал өөр, үг хэллэг нь хүүхэдтэй ярьж байгаа юм шиг байсан. Аягүй л бол хүүхэдтэйгээ яриад ч юм уу, хажуу тийшээ харж байсан байх тэр хооронд, тэгээд охиныг минь анзаараагүй байх гэсэн.

Жолооч өөрөө бас хэлсэн гэнэ.
-Уучлаарай би ажил руугаа явах замдаа хүүхдээ хүргэж өгөх гээд суулгацан байсан.
Гэж.

Эмнэлгээс гараад бид сургуулиар нь орж эвдэрсэн дугуйг нь авсан. Дугуйг нь анги даасан багш, нийгмийн ажилтантайгаа очиж хэргийн газраас сургууль дээр нь авчирсан байсан. Ангийн багш нь машинд минь бага сага мэдээлэл аваад, бөглөх бичиг баримт зэргийг өгсөн.

Үдээс өмнө нэг иймэрхүү манаргаж байгаад гэртээ ирцгээж, том зулзага өрөөндөө орж, хань ижил бид хоёр ажил руугаа жирийлгэв.

Орой нь өнөөх жолооч хайрцагтай амттан барьчихсан хонх дарсан.
-Өнөөдөр ёстой уучлаарай, энэ бяцхаан зүйлийг охиндоо өгөөрэй. Бие нь яаж байна зүгээр үү?
-Зүгээр зүгээр, гар хөл нь жаахан хөндүүр байгаа, яс энэ тэр нь хугараагүй нь азтай.
-Харин тийм ээ, түмэнтээ уучлал хүсье

Ингэж гэмтээсэн хүндээ ямарваа нэгэн амттан барьж очих нь эднийд тогтсон нэг дүрэм. Бичигдээгүй хууль гэх юм уу даа.

Үүнээс цааш бол тувт даатгалын компани нь ажлаа хийнэ. Хариуцсан хүн нь ирж биеийг нь асуугаад, гарсан эмчилгээний төлбөр, дугуй засвар, эсвэл шинээр дугуй авах гэх мэт бүхий л зүйлийг хариуцна.

Ирэх долоо хоногоос нь хичээлдээ явсан. Пүрэв гарагт осолд ороод, баасан гарагт нь сургууль нь амарч таарсан. Ирэх даваа гарагт нь бас амралтын өдөр таараад. Мягмар гарагаас нь хичээлдээ. Хуруу нь үзэж барьж чадахгүй байсан нь арай дээрдээд л явсан. Хөлөнд нь харин шинээр хөхөрсөн газрууд хэд хэд илэрсэн.

Азаар толгой түрүүгээрээ унаагүй, гараараа тулж унасан. Гар хөлний яс хугараагүй. Зулзага минь гайгүй шүү, манайхаан. Сэтгэлийг нь чилээсэнд уучлаарай.

Тэр өдрөөс хойш хоёр ч удаа эмнэлэг явж гараа үзүүлсэн. Гар нь нэг л сайн эдгэж өгөхгүй, хөндүүр оргиод байгаа. Төгөлдөр хуур дарах, хичээл дээрээ сагс тоглох гэх мэтээр гар хуруугаа жаахан хүч оруулаад ашиглахаар л хөндүүр болчихоод байгаа. Зөөлөн эд нь гэмтсэн болов уу? гэж хардаад. Түүнээс рентгэнээр яс бол бүрэн бүтэн байгаад байдаг.

Дахин зөөлөн эдээ үзүүлэхээр захиалга авчихсан байгаа.

Шинэ дугуйтай болсон. Хуучныгаа засуулаад авчихсан. Шинийг нь цаад хүний даатгалын компани худалдаж авч өгсөн. Хуучныгаа бид өөрсдөө засуулаад авчихсан. Хэ хэ.

Том зулзага хуучин дугуйгаа унаж байгаа. Учир нь шинэ дугуйтай болохоор сургуульдаа заавал бас бичиг хийж өгөх ёстой. Дугуйны зогсоол дээрх тоог өөрчлөх ёстой, дугуй худалдаж аюсан газраасаа бас бичиг хийж авчрах ёстой ч гэнэ үү, түмэн ажил гарах гээд байхаар нь хуучныгаа л уная даа л гэсэн.

Ер нь явган хүн ч бай, жолооч ч бай их л болгоомжтой явахгүй бол ч. Бид ч өөрсдөө машин бариад л давхидаг улс. Тийм ээ.

Бүгдэд нь анхаарал болгоомжтой яваарай гэж захия даа...

Tuesday, October 16, 2018

Том зулзагын паян

9 сарын сүүлээр л дээ. Гэрийнхэн өглөө албандаа явцгаагаад, би нүүрэн дээрээ зураг зураад л, мэдээ харсан шигээ сууж байлаа. Тийм ч айхтар уран зураг зурахгүй л дээ, хөөрхий. Толниы өмнө цаг гаран, түүнээс ч дээш зогсдог, өөртөө арчаатай? хүүхнүүдийг бодвол элгийн элгийн. Хэ хэ. Будаг шунх ч бага, багс энэ тэрээ ч бараг байхгүй, ганцхантэй.

Тээр жил нэг айлд ороод гайхаж билээ. Пөөх, ийм л байж гоё сайхан, эмэгтэйлэг байдаг байх даа гэж биширч билээ. Гэхдээ дуурайж амжаагүй л байна. Хи хи.

За юу билээ? Ингэсийн, өнгөтөөр бичнэ ээ.

Танихгүй дугаараас залгаж байна аа. Авлаа.
-... саны ээж үү?
-Тийм.
-Охин тань машинтай шүргэлцээд. Одоо түргэний тэргээр эмнэлэг явж байна.
-Юу?
-Биеийн байдал хөнгөн байгаа тул та яаралгүй, болгоомжтой явж ирээрэй, тэр эмнэлэг дээр шүү.
-За ойлголоо.

Ийм яриа болоод өнгөрөв. Энэ юу?, за гэх мэт үгнүүдээ маш сандрангуй хэлж байгаа шүү. Бичихээр их л тайван сонсогдож байна уу?

Зурж байсан зургаа шууд хойш нь тавиад, шавийн дунд сургууль руу залгаж очиж чадахгүй нь гэж хэллээ.

Хань ижил рүүгээ залгах гэсэн утсаа орхисон байсныг түрүүхэн олоод, ширээн дээр утсыг нь тавьсан байснаа санаад, ажил руу нь залгалаа.

Энэ хооронд аль хэдийн машиндаа суучихсан, давхиж байгаа шүү.

Нэг хүүхэн авлаа.
-Тэрний эхнэр нь байна аа, дуудааж өгөөч.
-Уучлаарай, хэн гэнэ ээ? Та нэрээ хэлнэ үү?
-Тэрийг дуудаадхаа, би эхнэр нь байна.

Нэлээд ширүүсэв, хоолойны минь өнгө. Хэ хэ. Эхлээд бүтэн нэрийг нь хэлсэн чинь утасны цаанаас ээрч муураад байхаар нь байнга дууддаг богино нэрийг нь хэлж байж нэг юм ойлголцлоо шд.

-За би хэлчихээд, эргээд тан руу залгуулъя.
-За тэгж үзээрэй, хичээнгүйлэн хүсье.

Энэ хооронд бараг эмнэлэг дээрээ ирчихэж байгаам.

Эмнэлгийн яаралтайн тасаг руу ороод явчихлаа. Хэдэн жил эмч нартай, эмнэлэгтэй холбоотой ажил хийснийх түргэний тэрэг нь хаана зогсоод, түрэгнээр хүргэгдэж ирсэн хүнээ аль хаалгаараа хүлээж авдаг энэ тэрийг бага зэрэг гадарлахтайгаа болсон тул төөрч будилсангүй яваад орлоо.

Хүлээн авах нь намайг том зулзага минь байгаа өрөөнд оруулав. Хөөрхий минь уйлчихсан, орон дээр сууж байна. Ээжийгээ хараад бүр л мэлмэрүүлж байна.
-Уучлаарай, ээж ээ.
-Яасан, хөл гар зүгээр үү?, толгой тархи зүгээр үү?

Ээж бас хоолой зангираад, нулимс цийлэгнээд ирэв. Үхэхээ дөхсөн байж, юун уучлал гуйх вэ, үр минь.

Энэ хооронд хань ижил ч ирэв...

Хань ижлээ утас мутсаа авч явахад яадаг юм, тэр нэг хүүхэн чиний нэрийг цээжилдэггүй юм уу? Өчнөөн олон жил болж байхад. Бла бла гээд үглэв, Хи хи. Эхнэр хүний ганц чадах ажлын минь нэг шүү дээ.
-Тэр хүүхэн саяхан шинээр орсон юм аа.

Үргэлжилнэ...

Sunday, September 16, 2018

Ээлжит тайлан

Уламжлалт бичлэг.

Охидын төгөлдөр хуурын тайлан. Том зулзага ойлгомжтой. Сайн байлаа.
Наана байгаа цэцгийг тоглолт дуусахаар тоглосон хүмүүс нэг нэгийг бэлгэнд авдаг.

Гол нь бага зулзага. Хэ хэ. Нэг их давтаж өгөхгүй л гүйгээд байсан.

Тайлангийн өдөр ч болов. Бага зулзагын ээлж ч ирэв. Санасныг бодоход дажгүй тоглосон. Ээж бол иймэрхүү зүйлд сонсгол энэ тэрээ паг тул ямар ч алдаагүй юм шиг санагдсан.

Уг хүн өөрөө хоёр ч газар бага зэрэг алдсан гэсэн. Хань ижил харин нэг газар нэг товч хамт дарагдчих шиг болсон гэж хэлсэн.

Том зулзага наддаа бол Моцарт. Хэ хэ. Бетховений Сонат 2 гээч ая дарсан.

Бүх хүмүүсийн тоглохыг сонссон. Би чинь ойрдоо хөгжимд их дуртай болж байгөө. Эртээд яагаав бага зулзагатайгаа нэг хөөрхөн концерт үзээгүй юу. Өнөөдөр бол дан сонгодог сонслоо.

Хань ижил, хамгийн мундаг нь миний хоёр охин л байна гэсэн. Хи хи. Мэдээж багш нь хамгийн нэгт л дээ. Сүүлд нь багш нь нэг ая дардаг юм. Өө тэр гар хурууны хөдөлгөөн бол уян налархай ч гэж юүхэв. Атаархасхийгээд л суув шд.

За энэ удаагийн бэлэг. Бага зулзага бол үнэнээ л хэлж байна лээ. Тоглолт ч яахав, сүүлд авах бэлэг л гоё байна гэж. Хүүхдээ гэж хөөрхөн ч юм аа даа.
Ийм хар уутанд бэлгээ хийж өгдөг юм. Уутанд нь ээж их дурлана өө. Хэ хэ. Бичгийн хөөрхөн хавтас, энэ цагаан уутанд жижигхээн жигнэмэг хийсэн байсан. Уутан дотор нэг ундаа байна лээ. Мөн кекс өгсөн. 

Нэг зүйлийг анзаарч байгаа биз дээ? Бэлэг гэхээрээ учиргүй их чихэр хийхгүй. Мөн том том овор ихтэй зүйл хийхгүй. Энгийнээс энгийн.

Бэлэг гэсэн чинь нэг хөгжилтэй зүйл санаанд орчихлоо. Монголд шинэ жилээр гэсэн байхаа? Хамаатны минь нэг ахын гэр бүл хүүхдүүдэд өгөх бэлгээ болсон болоогүй чихэр биш, арай шинэлэг зүйл болгоё гээд дугтуйтай мөнгө, бас нэг юу ч билээ жижигхээн л юмтай цуг өгсөн чинь нэг хүүхэд бэлэгээ голоод бөөн л юм болсон сураг дуулдсан. 

Үүнийг сонсоод бид хүүхдүүддээ багаас нь нэг л их хэлбэр болсон, том том, яг авчих зүйл ховортой бэлэг өгсөөр байгаад, хэр баргийн юманд баярладаггүй, цамаандуу болгочихдог юм байна даа л гэж бодсон. 

Бас л хадуурч байна...

Уншигч олныхоо үр зулзагуудад нь сурлагын болон, урлаг уран сайхан, спортын өндөр амжилт хүсье өө.

Saturday, August 18, 2018

Далай

Өнгөрдөг жилийн зун бид далай явж амжаагүй юм. Уул хадаар зугаалаад. Тэгсэн энэ жил уул хадаараа ч зугаалж амжилгүй, ус далайгаар ч зугаалж амжилгүй үуныг үдчих гээд болдоггүй.

Тэгээд бага зулзагтаа "энэ жил заавал дагуулж явна" гээд амлачихсан чинь аюул болохоо шахав.

-Далай дагуулж явна гэсэн яасан бэ? Ингэсээр байтал зуны амралт дууслаа. Хэлсэн амлалтаа биелүүлэхгүй бол худалч болно, худлаа ярих чинь хулгайч болохын эхлэл бла бла.

Ээ бурхан минь, хулгайч болохоосоо өмнө ам мөчид дагуулж явлаа. Бөөн баяр. Бөөн хүн. Далайгүй мужуудаас бас их хүн ирж шумбах юм аа.

Үдээс өмнө очсон бидний хоёр гэр бүл 4 цаг хүртэл далайн эрэг дээр өнжлөө. Хэдэн хүүхдийн нар гарч байна аа. Өлсөхөө ч мэдэхгүй, уснаас гаралгүй өнжив.

Үүлэрхэг гэж байсан чинь нар шараад, түлэгдээд, харласан хэдэн хүн л байна.

Охид нуруу хорсоод, мөр хорсоод, хань ижил бас хамаг юм нь л хорсоод байна гэсэн улс байна. Борлох гэж улсууд бас л зүдрэх юм. Хэ хэ.

Би ч борлохоос айдаг юм болохоор битүү цамцтай явсан тулдаа хамгийн гоёороо. Ккк. Гэхдээ хөл жаахан улайсан байна аа.

Өдөр тутмынх нь амьдралд хөдөлгөөний дутагдал асар их байна аа гэдгээ батлав. Сэлдэг баатар болж хийлдэг цагирагтай? баахан хөл гараа савчсан чинь 2 гар нил хөндүүр болчихож. Хэ хэ.
За энэ бага зулзагын монгол хэлний багш, монголоос ирээд удаагүй байгаа, хөөрхөн бор банди. Энэ бор залуутай найзлаад, бага зулзага өөрөөсөө монгол хэлээр ярих гэж оролддог болсон. Талархаад баршгүй.

Ажил энэ тэрээс болоод ганц л удаа далай явлаа. Ирэх жилээс ядаж хоёр удаа явах юм шүү гэж бодов.

Хань ижил, бага зулзага хоёр уулынхантайгаа дахин нэг далай ээж дээр очиж эрхэлж эрхэлж ирсэн юм байна. Нэмээд улам борлоод, одоо уулзаж учирсэн хүн бүр тэр хоёрыг минь шоолоостой. Хи хи.

Цав цагаан байснаас хөрслөг бор байх гоё шлээ тэ. Би бол хараад өхөөрдөөд байгаа. Хэ хэ. Бага зулзагын минь бөгс л бага зэрэг цайвар, бусад нь бов бор. Ккк.

Жаахан амьсгаа авахтайгаа болж сэрүү орж байна. Урд шөнө бараг даарав шд. 10 сар гартал хэт дулаалалгүйхэн шиг өвөлтэйгөө золгох юм шүү.

Хурдхан өвөл болоосой гээд байсан хүн зун битгий дуусаасай гэж бичих л үлдээд байна даа. Хо хо. Хүмүүний энэ сэтгэл үнэн хувирамтгай юм даа тийм ээ?

Wednesday, July 25, 2018

Зуны амралт

Ашгүй нэг юм зуны амралт эхлэв. Аагим бүгчим халуунд нуруунд хүндээ гэгч цүнх үүрээд, гартаа савтай цайгаа бариад л алхах хүүхдүүд өрөвдөлтэй.

Энэ айхтар халуунаас болж нийт Япон улс даяар хэдэн ч хүн бурхны оронд залрав даа. Нэг дүгээр ангийн жаахан охин? наршаад, эмнлэгт хүргэгдсэн ч яаж ч чадалгүй амь насаа алдсан. Хөөрхий минь.

Өглөө хичээлдээ явна гээд гарсан хүүхэд нь эргэж ирэхгүй гэхээр өр өвдмөөр...

Үүнээс үүдээд энд тэнд бага дунд сургууль зуны амралтаа наашлуулах, элдэв гадуурх арга хэмжээгээ зогсоож байна.

Бага зулзагын сургууль яг л амрах ёстой гэсэн хугацаандаа л амарлаа.

Амарлаа гээд өмхийрч ногоорохгүй ээ. Өглөө эртээ босоод гадаах цэцэрлэгтээ радио дасгалаа хийнэ. Нойрмог гэгч хүүхдүүд л гарч ирдэг юм. Азаар би энэ зун жижүүрийн ээлжгүй юм билээ. Ганц нэг өдөр цуг гарч шар усаа тарааж хөдөлгөхөөс.

Гол нь зуны даалгавар. Энэ зун яажшуухан хөглөдөг юм байгаам. Хуулаад бичих ажлыг гайгүй хийчих байх. Мөн дүрслэхийн даалгавар ч гайгүй, Бүр болохгүй бол гэрээр дүүрэн зурсан зурагнаас нь нэгийг нь өгөөд явуулчихна. Гол нь чөлөөт судалгаа.

Ахлах сургууль 7 хоногийн дараагаар амрах юм билээ. Зуны даалгавар гэж өгдөг эсэхийг мэдэхгүй л байна. Ямартай ч амралт дуусаад хичээл ороход шууд шалгалттай гэсэн. Тэгэхээр дуртай дургүй хичээлээ хийх л байх даа.

Наана нь эндхийн маань наадам болно. Юката өмсөөд найзуудтайгаа баярлана шүү гэсэн. Юун ээж аавыгаа дагаад явах. Тийм нас нь ард хоцорвоо хөөрхий. Араас нь цагдаж гатнуул хийх цаг ирж байх шиг байна.

Найзуудтайгаа ийш тийшээ явна гэхэд нь хар юм бий юу энэ тэр гэж сайн байцааж байж явуулах юм шүү. Гэхдээ л энэ хүүхдүүд ээж аавын аргыг дор нь л олох байх даа тэ.

Багыгаа л дагуулж орж гарж баясахаас дөө. Хөдөө ээж аав руугаа явж жимс олоод идчихмээр байдаг. Цаг зав нэг л болж өгдөггүй.

Мартсанаас би нь гэрээс гараад овоо хэд хонож байгаа шүү. Зочид буудлын бүсгүй болсон. Ажилтай л байвал гэж бодоод л, шогшиж байна дөө.

Халуун хурдан дуусаасай...

Sunday, May 13, 2018

Нээлттэй хичээл

Ахлах сургуулийн нээлттэй хичээл.
Гаднаасаа нэг иймэрхүү. Уулын хормойд байдаг юм. 

Бага дунд сургуулийн нэгэн адил эхний хэсэгт эцэг эх багшийн зөвлөлийн тайлан тооцоо, тухайн хичээлийн жилд явуулах арга хэмжээ гэх мэт зүйлийг яриад явчихна. 

Хоёр дахь хэсэгт гаднаас хүн урьж яриа хийнэ. Энэ удаагийнх нь Осака хотоос нэгэн сургуулийн багшийг урьсан байсан. Ярианы агуулга их дээд сургуульд хэрхэн элсэн орох тухай, хэрхэн шалгалтанд бэлдэх тухай, их дээд сургуулиа хэрхэн сонгох тухай гээд л илт төвшин өндөрсөөд явчихаж байгаа юм. 

Гэснээс том зулзагыг их сургуулийн конкурс өгөх үеэр тогтолцоо нь өөрчлөгдөнө. Санаа зовоод л суугаа. 

Гурав дахь хэсэг нь сурагчдын нээлтэй хичээл. Геометр байсан байх аа? Мэдэхгүй, сонсож байгаагүй япон хэл л урсаад байсан. Хэ хэ. Жаахан уйтгартай юм билээ? Мэдэхгүй, чадахгүй зүйл чинь. 

Дөрөв дэх хэсэг нь ангийн хурал. Анги даасан багшийн яриа, орлогч багшийн танилцуулга, эцэг эхүүд бас нэрээ хэлээд хүүхдийнхээ тухай ганц нэг зүйл ярина. 

Нэг жилийн хугацаанд баахан л шалгалт өгдөг юм байна. Хэзээ хэзээ ч гэчихэв. Жилийн хөтөлбөр гарсан байсан. Тэрнээс нь ээжийн гадуур ажилтай үед юу юу давхцах нь уу? л гэж харав. Өөр ч юу харахав, үнэхээр бас л эрс хүндрээд ирэх юм билээ...

Мөн хэд хэдэн их дээд сургуулийн урьдчилсан шалгалт өгч үзэх юм гэсэн. Болоогүй ээ тэр нь төлбөртэй...

Хүүхэд томрох тусам түрийвчээ л зузаатгах ёстой юм шиг байна шд, ээж аавууд бол?

Багыгаа томортол мөнгө хураана даа гэж бодсон чинь тэрнээс наана эгч нь бүгдийг нь хэрэглэчих юм шиг байна. Ажилд орохоор нь дүүгээ хариуц гээд үүрэгдчихээр гайгүй болох ч юм уу?

Гэх мэтчилэн ургуулан бодоод л сууна дөө.

Бүгдэд нь эрүүл энх, амжилт хүсье өө...

Tuesday, April 17, 2018

Ашиглаач ээ

Аав аа намайг ашиглаач ээ гэдэг шиг л номын санг ашиглаач ээ гэдэг уриатай шд, манай гэр.

Үүнийгээ бусад хүмүүст их тулгана аа. Хүлээж авах нь ч бий, огт тоохгүй нь ч бий.

Сүүлийн үед ингэж үглэхээ багасгаж байгаа. Өөрсдөө л сайн ашиглах минь. Саяын хаврын амралтаар 50 ном зээлж уншив. Ихэнх нь зулзагынх. Ээж 2 л ном уншив. Хэ хэ.

Бага зулзага зузаан ном уншдаг болов. Том зулзага сонгодог уншдаг болов. Ээж л харин бахь байдгаараа л. Сайжралыг олоогүй л байна. Гэхдээ яахав гэлдэрч л явна.

Жаран цагаан хонио хараахан дуусгаагүй байгаа. Хажуугаар нь  бас нэг япон ном бариад авсан.

Нүүр номын элдэв тэмдэглэлийг уншаад, захих ном олдоод байна. Та нарын зүгээс санал болгох ном байвал хэлээрэй. Тэрнээс өмнө бусад номоо дуусгана аа.
Ээжийн уншсан зурагт ном нэг. Чиний бодлоор энхтайван гэж юу вэ гэдэг ном. Мунхаг миний бодлоор дайн дажингүй, эрүүл энх, элэг бүтэн байвал л болох нь тэр дөө. Нэг их олон зүйл хүсээд байхын хэрэггүй ч юм шиг. Эсрэгээ их олон зүйлийг мөрөөдөөд, өөрийгөө болон хорвоог бүхэлд нь өөрчлөөд явчихмаар...
Ээжийн уншсан зурагт ном 2. Дэлхийн нийтэд анхаарлаа хандуулцгаая гэдэг ном. Бага насны хүүхдэд уншуулахад асар хэрэгтэй гэж зөвлөе. 10 орны хүүхдийн ахуй амьдралыг харьцуулсан.
Бага зулзагын нэг удаадаа зээлдэг номын тоо ерөнхийдөө нэг иймэрхүү. 2 уут болдог юм. Ажил номын сантай ойртсоныг хэлэх үү, би өдөрт хоёр ч удаа түүгээр дайраад гарч байгааг ч хэлэх үү, ачаатай тэмээ шиг л явдаг болсон. Номыг нь зөөж. Удахгүй гарын булчин шөрмөс хачин гого болох байхаа. Ерөөл бат оршиг...

Ахлах сургуульд орохоос өмнө даалгавар өгчихдөг юм байна лээ. Хичээл тус бүр дээр. Тэрнийх нь улсын хэл буюу япон хэлний хичээлийн даалгавар нь ном унших. Том зулзага номын сангаас нэг ном худалдаж аваад уншаад эхэлчихэж. Ээж түүнийг нь хэзээ нэгэн цагт уншихаар төлөвлөв.

Зулзагуудаа хараад байхад дүү нь яг л эгчийнхээ замналаар явж байна. Уншиж байгаа ном нь эгч нь багадаа уншиж байсан шиг агуулга бүхий ном. Эгч нь түүнийг харчихаад, нээрээ би уншдаг байсан шд гэж ирээд л хоёулаа яриа нийлэх.

Ээж түүнээс ганц нэгийг нь уншчихмаар санагдавч сачий хүрэхгүй л гүйх.

Энэ мэтчилэн номон дунд эргэлдээд л, номоо хураагаач ээ, дээш нь тавиачээ гэж үглээд л явж байх жишээтэй.

Гэснээс шавьтайгаа энэ хичээлийн жил ч бас хичээллэхээр болсон. Энэ жил бичгийн чадварт нь анхаарна. Сурах бичгээ олж сонгоно том ажилтай яваа юм байна шүү. Өөртөө болон шавьдаа амжилт. Мөн уншигч олондоо амжилт...

Sunday, April 15, 2018

Хичээлийн нээлт

Том зулзагын хичээлийн нээлт болов. Бага болон дунд сургуулиас нэг их ялгаа байхгүй ч тарсны дараагаар сургуулийн гадаа элдэв дугуйлан секцийнхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлан, хөгжимдөх нь хөгжимдөөд, бүжиглэх нь бүжиглээд, дуулах нь дуулаад хөл хөдөлгөөн ихтэй юм билээ.

Том зулзага үлээвэрт орохгүй гэсэн. Хичээлийн хажуугаар тийм зав байхгүй л гэсэн. Гэхдээ огт дугуйлан секцэнд явахгүй бол 3 жил жаахан уйтгартай юм даа гээд чавхдаст хөгжмийн дугуйланд орохоор болж байх шиг байна. Хань ижил бид хоёр хийл хөгжим гого юм даа гээд л, зулзага болохоор морин хийл гэсэн. Энэ хүүхдүүдийн сонирхол гэж заавал ээж ааваасаа зөрөх юм аа нээрээ. Гайхал төрөөд л явж байна. Хэ хэ.

Ажлын өдөр болдог тул ээжүүд нь ихэвчлэн ирсэн харагдана лээ. Ээж аав хоёулаа ирсэн нь ч байсан. Би бол иймэрхүү үед ажлаасаа чөлөө авч чадаж л байвал аль болох цугтаа л явах сонирхолтой гэж...

Харин бага насны хүүхэд харагдаагүй, дүүгээ тэр бүр дагуулж очдоггүй юм билээ. Учир нь жаахан хүүхдийн анхаарал төвлөрөлт богино, удаан хугацаагаар хүүхдийн хөдөлгөөнийг хорих нь бас тийм ч сайн бус, хамгийн том шалтгаан нь албан ёсны үйл ажиллагаанд уйлж дуулаад, өрөмний өт шиг зүгээр суухгүй болохоор хэцүү гэж үздэг шиг санагдсан.

Бага зулзага уг нь эрт тарж ирсэн байсан ч үдээс хойш болсон нээлтийн ажиллагаанд яваагүй. Өөрөө ч явахгүй ээ, гэртээ хүүхэлдэйгээ үзээд сууж байх минь гэсэн. Хүйтэн ч өдөр байлаа, яваагүй нь ч оносон.
Харин тарж ирээд баяраа тэмлэглэж нэр иймэрхүү.
Манай гурав яг адилхан иймийг захиалж идсэн. Гүзээлгэнэд дуртайн шинж. Би манго жимсэнд дуртай шд нээрээ. Гүзээлзгэнэд бас дуртай л даа. 

Яаж ийгээд л нэг тэмдэглэлт өдөр олж ирээд идэж уугаад сууна даа гэж. Энэ хагас, бүтэнд бас л идэж уух ажилтай. Биеийн жин гэдэг л хэцүүдэж гүйцлээ. 

За за эмзэг сэдэв рүүгээ орох нь ингээд өндөрлөе. Бүгдэд нь амжилт хүсье. 

Thursday, April 12, 2018

Том хүүхдийн хэрэгцээ

Хүүхэд томрохоор хэрэгцээ нь ч томроно.

Цүнх, оймс, номын хавтас, ганц нэг бичгийн хэрэгсэл худалдаж авав.

Бага, дунд, ахлах, их сургүүльдаа тэнцээд элсэн ороход нь эргэн тойрных нь бэлэг өгдөг юм байна. Ингэхдээ ихэвчлэн ном худалдаж авах эрхийн каарт, дугтуйтай мөнгө өгнө. Хүүхэд түүгээрээ өөрийн дуртай зүйлээ худадаж авна.

Том зулзага дээр дурдсан зүйлсээ өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан. Ээж жаахан зайтай байдаг дэлгүүр дагуулж явах л үүрэгтэй. Хэ хэ.

Болоогүй ээ, хажуугаар нь бас үглээстэй.
-Яг хэрэгцээтэй эд мөн үү? , байгаа биз дээ? гэж үе үе сануулна.

Тэрний хүчинд том зулзага яг л хэрэгтэй гэсэн зүйлсээ авсан, цаана нь мөнгө үлдсэн гээд баяртай байна лээ. Хэ хэ.

Ядаж байхад ээжийгээ дуурайсан бичгийн хэрэгсэлд дуртай юм аа золиг чинь. Гого харандаа, бал гээд л ёсөн жорын юм харахаараа шунал нь хөдөлчих юм. Хэ хэ.

Намайг багад бичгийн хэрэгсэл ч тоотой байлаа шд. Гэтэл одоо яаж байна, түм бумаараа...

Тэр болгонд шунал нь хөдлөх юм. Би тэдгээрийг харахаараа хүүхэд насандаа эргэж очмоор санагддаг шд.

Шуналтаад авчихсан зарим нэг зүйлсээ хэрэглэж амжихгүй болохоороо охиддоо өгнө, ганц нэг наадаг цааснаасаа ээждээ явуулна.

Бага сургуульд бол ерөнхийдөө бичгийн хэрэгслийг заачихсан байдаг тул их амар. Элдэв зүйлсэд шунахгүй.

Монголд удахгүй хичээл амрах гэж байхад энд ид эхэлж байдаг, монгол хүүхдүүд та нар азтай шүү, бүхэл бүтэн гурван сар амардаг.

Том зулзага ямар дугуйланд орох вэ, зуны цагаар бага шиг хичээллэдэг юманд орчих юмсан гэчихсэн явж байна лээ.

Бага зулзага, шинэ багш, шинэ найзууд дундаа эргэлдээд, гадаа дулаарч буйг хэлэх үү, гадаа тоглосон хүн л байна.

Бүгдэд нь амжилт...

Saturday, March 31, 2018

Хаврын амралт

Энд сургуулиудын хаврын амралт эхэлчихсэн. Энд тэндгүй хүүхдээ дагуулсан ээж нар, ач зээгээ дагуулсан эмээ өвөө нар. 

Хүүхдүүд ч тэр бүр олдоод байдаггүй амралтаа сайхан дураараа жиргэж өнгөрөөж байх шиг. Эмээ өвөөгөө холгоод л. 

Ийм үед би бас бодно оо. Охидынхоо эмээ өвөөдөө эрхлэх цаг хугацааг хүний газар, жаахан "уйтай" өнгөрөөж байгаа тухай, эх орондоо байсан бол охид минь ч ингээд эмээ өвөөгөө холгоод, эрхлээд явах байсан даа гэж. 

Одоо яалтай тийм ээ? Холоос л ярьж эрхлэлдэх юм даа. Хааяадаа монголоос эвээ өвөөгөөс нь "бэлэг" ирнэ. 

За тэр ч яахав. Амралт эхэлчихээд, өдрийн хоол, бас бус дагуулж ийш тийшээ орж гарах гэдэг ажил ээжийн нуруун дээр ирчихээд л, цайныхаа цагаар номоо уншаад байсан минь түр завсарлачихлаа. 

Ядаж байхад ажил маань идэш уушны газар элбэг дэлбэгтэй газар нүүгээд ирчихснийг ч хэлэх үү?
-Өнөөдөр ээж ээ? Тийшээ орох уу?
-Маргааш ийшээ орно шүү?
гэсэн хоёр л байна. Ээж ч бас юм үзээгүй хүн шиг л хөөрсөн хүн байна. Биеийн жин хэтрээд байгаагаа мэдсээр байж, за маргаашнаас гэсэн хүн л чөрийсөн охидтойгоо, чөргөр хүн шиг л идэж байна даа. Хэ хэ. 

Хурдан хичээл эхлээсэй гэж дотроо бодож буй ч ил хэлэхгүй, инээд алдаад л, охидоо харж уяраад л явж байна даа. 

Тун удахгүй сакүра ч цэцэглээд, бид нэг сайхан сакүрадна аа гэж ярилцаад л байж байна. Гэм нь цаг агаар цаанаа л нэг жиндүү, сэвэлзээд байдаг юм яг сакүрадах үеэр. 

Ангии дэвшицгээнэ, даалгавараа хийчихсэн, нэг л их завтай хоёр байдаг. Одоо дахиад чилийсэн долоо хоног үлдээд байдаг, хичээл эхлэхэд.

Ямар багш, ямар хүүхдүүд хүлээж байгаа бол гэж ярилцах...

Sunday, March 25, 2018

Ухаалаг утас чи

Ухаалаг утас чи мандтугай гэх үү? сөнөтүгэй гэх үү?

Сая гурав дахь өдөр олон нийтийн амралтын өдөр бүтэн өдөржингөө утасны компани дээр өнжлөө.

Том зулзагатаа амласан ухаалаг утсаа авч өгөх ажилтай. Сар бүрийн хураамж, төлбөр зэргийн тайлбар, гэрээ мэрээ гээд л их цаг зарцуулдаг ажлын нэг. Хүн ч ихтэй, оочер дугаар ч ихтэй байлаа.

Том зулзага ухаалаг, тал хазсан алимны зурагтай утасны 10-ыг нь авчихлаа. Бөөн баяр. Өөрт нь хүн бэлэглэсэн мөнгөөр утсандаа бас нэг хөөрхөн гэж авчихлаа.

Тэр өдрийн хамгийн төлөвлөгдөөгүй зүйлийн нэг бол хань ижил бид хоёр бас утсаа сайжруулчихлаа. Ха ха. Гэхдээ том зулзагын тэр 10 гээчээс нь арай жул л даа. Хи хи.

Эцэг эх хүн гэдэг чинь өөрсдөөсөө нарийлж үр хүүхдэдээ гэдэг юм байна шдээ. Ганц биесүүд байвал та нар одиноороо байгаа үедээ хамгийн тансагийг нь, хамгийн үнэтэйг нь авч хэрэглэж байгаарай гэж аминчлан захиж байна. Олуулаа болбол тэртэй тэргүй  та нарын хэрэглээ танагдана, мэдэв үү?

Бас нэг огтоос төлөвлөгдөөгүй зүйлийн нэг бол бага зулзага бас утастай болчихлоо. Хэ хэ.

Цаад газрын хүн ажлаа маш сайн хийсэн байгаа биз? Үүргээ давуулан биелүүлсэн тэр энэ сар овоо цалин авах байх шүү. Хи хи.

Хөөрхий минь дээ? Бага зулзагын нэр дээр боловч гэрт л байх зориулалт бүхий утас л даа. Эрт галавын үеийн эвхэгддэг утас. Суурь хураамж төлөөд л гаднаас дуудлага аваад л явж байхад болно. Хааяа оройтож барьсан үедээ залгаж хэл дуулгах утастай болов. Үүндээ ч сэтгэл ханамжтай байгаа, сангийн сайд.

Ингээд мөнгө хэмнэж, охидынхоо ирээдүйн сургууль соёлд хураах зорилготой, мөнгөнд асар дуртай сангийн сайд маш том зориг гаргаад утсаа сайжруулсан, мөн өрхийнхөө сарын төсвийг нэлээд чанга мөнгөн дүнгээр хэтрүүлсэндээ өөрөө өөрийгөө гайхаад л сууж байна.

Ирэх сарын орлого зарлагаа тооцож үзээд болохгүй бол хоосон хонохоос. Ккк

Ингэхэд гадаадад байдаг бид нарыг монголд байгаа та нар мөнгө хүүлдэг гэж боддог тэ? Үгүй шдээ, үгүй. Яаж чардайж байж мөнгө олдогоо дараа бичнэ ээ, дур хүрвэл...

Гол бичих гэж байсан зүйлээ мартах гэж байна. Насанд хүрээгүй хүүхдэд утас авч өгөхдөө ээж аав нь утасных нь интернет хэрэглээнд хориг тавьж болдог юм. Би тэр үйлчилгээг нь хийлгэсээн. Ютүб утсандаа татаж суулгаж болохгүй. Интернет орох лимит бас бага. Гэртээ болон байнга очдог газрынхаа вайфай-р нет хэрэглэвэл 4ж хэрэглэснээс бага төлбөр төлнө.

Угаасаа ахлах сургууль вайфай байхгүй, сургуулийн эргэн тойронд утас хэрэглэх хориотой тул том зулзага нэг их цааргалаагүй, одоохондоо утасгүй явж явчихаад сүүлийн үеийн ухаалаг утастай болчихсондоо хөөрсөн хүн л байна.

Эмээ өвөөдөө утасдаж хэлж энэ тэр.
-Би хааяа ээжид загнуулахаараа та 2 луу ярьж ховлож байна шүү.
-Тэгээрэй миний охин, эмээ өвөө нь эндээс ээжийг нь базаад өгөмз?

Гэж ярьж байна шүү, хэхэ.

Одоогоор хэдхээн хүний утасны дугаар л тэмдэглэж авсан. Яваандаа шинэ анги, шинэ найзуудтай болоод ирэхээрээ нэмэгдээд л ирэх байх даа...

Наад гар утсаа битгий маажаад бай гэж үглэх ажил минь нэгээр нэмэгдэж байна даа янз нь. Хаа очиж 15, 16 хүрч байж утасны хэрүүл хийлгэх гэж байна дөө зулзага минь гэж дотогшоогоо өмөлзөөд л сууж байна. Уяхан ч сангийн сайд болдоо тэ? Ккк

Хүүхэд нь ухаалаг утастай ээж аавуудад амжилт шүү...

Monday, March 19, 2018

Ахлах сургуулийн бэлтгэл

За завгүй амралтынхаа өдрөөр юм юмаа бага багаар амжуулаад л явна.

Дунд сургуулийнхаа дүрэмт хувцсыг худалдаж авсан газраасаа ахлах сургуулийнхыгаа бас захиалчихлаа. Хаа сайгүй л үнийн хувьд адилхан гэсэн болохоор ийш тийш гүйсэнгүй. Цагийн гарз. Цаг бол алт гэдэг үг энэ япон улсад чинь асар хэрэгжинэ. Толгойд ортол шүү бүр.

Ямар сайндаа охидыгоо загнах даа
-Шүд мүдээ сайтар угаана шүү. Өөрсдийнхөө хайнга байдлаас болж хорхойтвол би эмнэлэг домнолого дагуулж явж чадахгүй шүү. Хайран цаг, тэгсэнд орох нь ээ, номоо уншаад ч юм уу, нэхмэлээ нэхээд ч юм уу суусан нь дээр. Би бас хүн шүү, дуртай зүйлээ хийх эрхтэй шүү, робот гэж ойлгоод байвал том эндүүрэл шүү.

Гэж загнадаг юм. Ха ха. Тийм биз дээ? Ээж хүнийхээ хувьд мэдээж үүргээ ухамсарлаж байгаа ч, хүүхдүүд бас үүргээ мэддэг байх хэрэгтэй биз дээ?

За за хадуураад эхэллээ.

Дүрэмт хувцас бас хөөрөгний үнэтэй. Юбка, пиджак хоёр л 43000 иен. Зуны юбка нь дунд сургуулийнхыгаа өмсөж болно гэсэн. Мөн дотуур нь жилетка байдаг гэнэ. Худалдаж авдаг хүн ховор гэнэ. Хэрэв явцын дунд хэрэгтэй бол ирээд захиалаарай гэсэн.

За тэгээд тамирын хувцас нь өмд цамц, пүүз гурав нийлээд 21000 иен.

Ингээд нийтдээ хэдэн иен болчихов оо. Хэрэгт дуртай бол өмнөх бичлэгт бичсэн иенийг нэмээд бодчихоорой. Хэ хэ.

Одоо дээрээс нь сар бүр сургалтын төлбөр, хоолны зардал, бас бус бичгийн хэрэгслийн зардал гээд л урсгал зардлууд хүлээж байна даа.

Бүсээ чангалаад, сангийн сайд болох ээжийн авъяас шаардагдаад явах нь дээ. Томоос том маамуутай ээж аав нарт амжилт хүсье ээ.

Түр баяртай.

Thursday, March 15, 2018

Ахлах сургууль дахь дүрэм журам

Шинээр элсэгчдэд зориулсан бүхэл бүтэн ном гаргаад бэлдчихсэн байсан. Түүнийхээ агуулгын дагуу холбогдох багш нар нь гарч ирээд л яриа хийв.

Захирал үг хэлнэ. "Тэнцсэн сурагчид, эцэг эх та бүхэнд баяр хүргэе" энээ тэрээ гэж ирээд л. Мөн сургуулийнхаа үүх түүхээс бага зэрэг ярьж өгсөн.

Холбогдох багш нарын ярьсан яриаг товч сийрүүлбэл:
  • Дугуйгаар явж болох хороодын тухай бэлдсэн газрын зураг дээр тайлбарласан. Ингэж дугуйгаар явахдаа заавал даатгалд хамрагдсан байх ёстой. Мөн тусгай зөвшөөрлийн бичигтэй байна. Ингэхийн тулд дугуй худалдаж авсан газартаа очиж үзлэгт хамрагдсан байх ёстой. Ямарваа нэгэн эвдрэлгүй байх ёстой. Сургуулийн гадаах дугуйны зогсоолыг дугуйгаар ирж очих зөвшөөрөлтэй сурагч бүрт нэг нэг зогсоол гаргаж өгнө. 2 давхар зогсоол гэсэн. Эрэгтэй сурагчид дээд давхарт нь, охид доод талд нь зогсооно.
Том зулзага ашгүй дугуйгаар явах юм билээ. Гэхдээ л санаа зовно доо тэ? Саадгүй яваад хүрсэн байгаа гээд л. Учир нь автын ослын дийлэнх нь өглөө оройд сургуульдаа ирж очиж байгаа хүүхдүүд өртсөн осол байдаг юм. Түй түй, муу ёр...

Бас нэг ажил гарч ирсэн байгаа биз? Дугуйгаа үзлэгт хамруулна. Хагас бүтэн сайны нэгэнд явна даа.
  • Баахан л бөглөж өгөх материалын тухай ярьсан. Сар бүр төлөх сургалтын төлбөр, бас бус даатгалын хураамж авахад хэрэг болох дансны дугаарын хуудсыг бөглөж өгнө.
Улсын сургууль тул төлбөр харьцангуй бага. Яг өдийгөөс л хүүхдэд зарах төсвийнхөө ихэнхийг хэрэглэдэг гэж нэгэн туршлагатай аав хэлсэн. Хичээнэ дээ, том зорилгуудын маань нэг биз дээ? Үр хүүхдээ хоолонд нь хүргэх нь тийм ээ?
  • Гар утасны хэрэглээний талаар нэлээд удаан ярьсан. Гар утас барьж болно. Харин сургууль дотор болон эргэн тойрон хэрэглэж болохгүй. Унтраасан байх ёстой. Хэрэв гар утсаа хэрэглэж харагдах юм бол гар утсыг нь хурааж аван 7 хоног сургуулийн тусгай сефенд хадгална.
Дунд сургуульдаа гар утас барилгүй, хичээлдээ л анхаарч ирсэн том зулзага минь ахлан сургуульд ороод ухаалаг утастай болно гэж хөөрөөд л байгаа. Тэр сургуульд тэнцвэл авч өгнө гээд ээж ам алдчихсан. Тэнцсэн тул утас авч өгнө дөө. Бас нэг том ажил. Учир нь утасны компани дээр очиж дугаар, утас авна гэдэг чинь алаан байхгүй юу. Элдэв зүйлс нэхээд л, шаардаад л, асуугаад л, шалгаагаад л хамаг цаг аваад хаячихдаг стресстэй газар. Би очих дургүй. Хэ хэ. Тэрнийхээ ачаар ухаалаг утасны сүүлийн загвар энээ тэрээ гэхгүй элэнц өвөгтэй нь яваад байгаа. Болж байна, амьд арзайгаад л. Хи хи.
  • Хичээлийн талаарх яриа. Эцэх эх та нар сүүлийн үеийн янз бүрийн мэдээлэлд бага автаж хүүхдийнхээ хичээлд, сурлагад бага шиг садаа болоорой. Англи хэлний тэр дугуйлан секц сайн гэнэ, энэ багш сайн гэнэ, тэр ч сурах бичиг сайн гэнэ гээд гүйгээд байв. Тэртэй тэргүй сургууль дээрээ, багш нарын бэлдсэн зүйлийг үзэж хараад судлаад явна. Харин та нар хичээлээ сайн хий гэж үглэ. Орчингоор нь хангаж өг.
гэсэн. Нэг бодлын үнэн санагдаад, толгой дохиод л суув би ч. Багаасаа хичээл хийгээд, суугаад сурчихсан хүүхдэд бол нэг их саад бололгүй, үе үе үглэсхийгээд, үе үе найзласхийгээд явж байвал болдог юм шиг байна лээ. Хувийн туршлагаасаа хэлэхэд. Ажлын газраасаа англи хэлний ном энэ тэр зээлээд ирэхээр нэг тоодоггүй юм, том зулзага. Сөхөж харчихаад л болоо. Болсон болоогүй олон ном хараад, дунд нь эргүүтэж байснаас, сурах бичгээ сайн хийгээд сайтар ойлгосон байх нь чухал биз дээ? гэж нэг удаа би загнуулсан том зулзагатаа. Ха ха.

Хааяа би охин нь юм шиг загнуулдаг шд. Ккк

Үргэлжилнэ...

Мөнгөө чамд би хайртай

Мөнгөнд би хайртай, та нар бас хайртай юу? Хэ хэ.

Том зулзагын орж буй ахлах сургууль дээр түрийвчээ хоосон болтол нь гөвчихөөд ирлээ, мундаг уу? Хи хи. Мөнгөгүй болсон хүн яахав, ингээд л мөнгөнд хайр зарлаад л сууж байна.

Зуны богино ханцуйтай цагаан цамц 3, урт ханцуйтай цагаан цамц 3,  зангиа 1, энгэрийн тэмдэг 1 гээд нийтдээ 23000 иен орчим.

Сурах бичиг энэ тэр нийлээд 40000 иен орчим. Мөн гурван толь бичиг худалдаж авсан.

Дээрх зүйлсийг сургууль дээр нь тухайн газрууд ирж худалдаалж байсан. Амар. Ийш тийшээ гүйхгүй.

Одоо гол зүйл болох дүрэмт хувцсаа сууж захиалаагүй байна. Энэ хагас бүтэн сайнд явахаас. Дунд сургуулийн дүрэмт хувцсаа худалдаж авсан газраасаа л асууна даа. Байх болтугай гэж залбирахаас.

Япон хүмүүс л болсон хойно их эртнээс захиалгаа өгөөд, бэлдчихсэн хүүхдүүд байна гэсэн. Бид яахав, яг аль сургуульд нь орохыг сайн мэдэхгүй байсан учраас гэж шалтаг тоочоод л сууж байна.

Тамирын хувцсаа бас авна. Овоо хөөрхөн үнэтэй юм билээ. Явцын дунд авна. Шууд дэлгүүрээс нь очиж авна.
Зургийн дугуйлангийн багш бэлэглэсэн. Ахлах сургуульдаа хичээгээрэй гээд. Зарим нэг найзууд маань юугаар мялаах вэ? гэж асуугаад л өнөөх нь ном худалдаж авах каарт гэж хариулаад л. Түүнийг нь сонссон би "ээжид нь л мөнгийг нь өгчихөөч, ээж нь тэр мөнгөөр нь хэрэгтэй зүйлийг нь аваад өгчихнө шдөө" гэж бодоод л. Үүнийгээ ил хэлэхгүй л дээ, загнуулна биз дээ? Ккк
Үүнийг гурван бүсгүй идээд. Аавыгаа тарахаар нь цуг хоолонд орох гэсэн чинь аав нь оройтно гэхээр нь эмэгтэй л хүн болсон хойно дуртай зүйлээ авч булагнав. Удахгүй болох бага зулзагын төрсөн өдрөөр л дуртай хоолоо идэцгээе гэж тохиров. Дуртай хоол нь ихэвчлэн шарсан мах л байдаг юм дөө. Хэ хэ. Хааяа л сүши буюу будаан дээр түүхий загас тавьсныг нь иднэ дээ. Бага зулзага харин сүүлийн үед пицца гэдэг болсон байна лээ. 

Нэмээд хэлэхэд хүүхдийнхээ ахлах сургуульд ороход нь бэлдэж мөнгө хадгалах хэрэгтэй гэж хэлмээр байна өө. Хо хо.

2 цаг хагасын лекц сонсож байгаад ирсэн. Сургуулийн дүрэм журам, энэ тэрээ. Энэ талаар тусад нь бичимз. Түр баяртай...

Tuesday, March 13, 2018

Хариу ба дахин шалгалт

За том зулзага "конкурсныхаа" хариуг сонслоо. Товлосон өдрийн 12 цагт шалгалтын дугаарыг нь гаргаад хадчихдаг юм байна.

Цугласан олон дугаараа хайж олоод, бөөн баяр хөөр, харуусал болоод шуугилдаад явихчихав. Энд тэнд охидын баярласан орилоон. Ёоо энэ охидууд энд тэнд явахдаа, хөөрөхдөө дуугаа жаахан намсгавал зүгээр юм байна шүү гэж бодов.

Тэртээх олон жилийн өмнө их сургуулийн конкурсныхаа хариуг сонсох гээд ээж аавыгаа их сургуулийн гадаа сойсноо дурсав. Тэнцсэн байсан чинь хөөрхийс минь баярлаад л, нулимс унагаж энэ тэр. Би ч тэр хоёрыгоо баярлуулсандаа урамтай байсөөн.

Яг л тэр дүр зураг энэ өдөр давхцав. Аав ажилтай тул ээж охин хоёр догдлон догдлон дугаараа хайв. Байж байна аа. Том зулзага ч дороо дэвхцээд бөөн баяр. Би ч бөөн баяр.

Хэдэн оноотойгоор тэнцсэнийг нь хэлж өгдөг юм билээ. Биеийн байцаалтаа авч очсон.

Маргааш нь тэнцсэн сурагчдыг дахин шалгаруулж анги хуваарилалт явагдана гэсэн хуудас тараасан байсан. Анги хэл, тоо, япон хэл гэсэн гурван хичээлээр л шалгалт авсан. Дунд сургуулиа төгссөн өдрөөсөө эхлээд л түүндээ бэлдсэн. Тэнцсэн гэдэгтээ итгэлтэй байсан шиг байна лээ, зулзага минь. Бусад хүүхдүүд, төгссөн гээд орой нь бөөнөөрөө хоолонд орно гэж байсан юм билээ.

Тэгсэн манай энэ хотод дунд сургуулийн 3 сурагч амьжиргаа цагаан унаж яваад осол гаргаад, тэвшин дээр нь сууж байсан нэг нь шидэгдэж тэртээ хол үсэрч унаад, нас барчихсан хэрэг гарсан юм. Тэгээд төгсөж буй сурагчдыг бөөнөөрөө, харгалзах хүнгүйгээр орж гарахыг нь хорьсон.

Гэхдээ л хүүхдүүд болсон хойно тэр өдрийн үдээс хойш энд тэнд зөндөө л хүүхдүүд бөөнөөрөө холхиж харагдана лээ.
-Яана аа? Багштай таарчихдаг гэнээ.
-Тийм үү? Хаана явжынаа цаадах чинь.
гэх тэм яриа чих дэлсээд л.  

Бас л бага насаа дурсав. Хичээлээ тарчихаад охидууд бид энд тэнд цуглаж дээс цуврах гэхлээр л багш нар энд тэндээс гарч ирчихээд харь гээд хөөгөөд байдаг байж билээ. Одоо бодоход ухаалаг утас энэ тэр гэхгүй үсэрч харайгаад их л зөв өнгөрчээ, бага нас минь.

Хариугаа сонссоны маргааш өдөр нь сурагчид дахин шалгалт өгч шүүсээ шахуулна, ээж аав нар үдээс хойш сургууль дээр нь очиж түрийвчин дэх байдгаа шавхуулдаг юм билээ. Цагаан цамц, ном сурах бичиг энэ тэрээ худалдаж авна гээд л.

Энэ талаар тусад нь бичих нь зөв байх.