Ухаалаг утас чи мандтугай гэх үү? сөнөтүгэй гэх үү?
Сая гурав дахь өдөр олон нийтийн амралтын өдөр бүтэн өдөржингөө утасны компани дээр өнжлөө.
Том зулзагатаа амласан ухаалаг утсаа авч өгөх ажилтай. Сар бүрийн хураамж, төлбөр зэргийн тайлбар, гэрээ мэрээ гээд л их цаг зарцуулдаг ажлын нэг. Хүн ч ихтэй, оочер дугаар ч ихтэй байлаа.
Том зулзага ухаалаг, тал хазсан алимны зурагтай утасны 10-ыг нь авчихлаа. Бөөн баяр. Өөрт нь хүн бэлэглэсэн мөнгөөр утсандаа бас нэг хөөрхөн гэж авчихлаа.
Тэр өдрийн хамгийн төлөвлөгдөөгүй зүйлийн нэг бол хань ижил бид хоёр бас утсаа сайжруулчихлаа. Ха ха. Гэхдээ том зулзагын тэр 10 гээчээс нь арай жул л даа. Хи хи.
Эцэг эх хүн гэдэг чинь өөрсдөөсөө нарийлж үр хүүхдэдээ гэдэг юм байна шдээ. Ганц биесүүд байвал та нар одиноороо байгаа үедээ хамгийн тансагийг нь, хамгийн үнэтэйг нь авч хэрэглэж байгаарай гэж аминчлан захиж байна. Олуулаа болбол тэртэй тэргүй та нарын хэрэглээ танагдана, мэдэв үү?
Бас нэг огтоос төлөвлөгдөөгүй зүйлийн нэг бол бага зулзага бас утастай болчихлоо. Хэ хэ.
Цаад газрын хүн ажлаа маш сайн хийсэн байгаа биз? Үүргээ давуулан биелүүлсэн тэр энэ сар овоо цалин авах байх шүү. Хи хи.
Хөөрхий минь дээ? Бага зулзагын нэр дээр боловч гэрт л байх зориулалт бүхий утас л даа. Эрт галавын үеийн эвхэгддэг утас. Суурь хураамж төлөөд л гаднаас дуудлага аваад л явж байхад болно. Хааяа оройтож барьсан үедээ залгаж хэл дуулгах утастай болов. Үүндээ ч сэтгэл ханамжтай байгаа, сангийн сайд.
Ингээд мөнгө хэмнэж, охидынхоо ирээдүйн сургууль соёлд хураах зорилготой, мөнгөнд асар дуртай сангийн сайд маш том зориг гаргаад утсаа сайжруулсан, мөн өрхийнхөө сарын төсвийг нэлээд чанга мөнгөн дүнгээр хэтрүүлсэндээ өөрөө өөрийгөө гайхаад л сууж байна.
Ирэх сарын орлого зарлагаа тооцож үзээд болохгүй бол хоосон хонохоос. Ккк
Ингэхэд гадаадад байдаг бид нарыг монголд байгаа та нар мөнгө хүүлдэг гэж боддог тэ? Үгүй шдээ, үгүй. Яаж чардайж байж мөнгө олдогоо дараа бичнэ ээ, дур хүрвэл...
Гол бичих гэж байсан зүйлээ мартах гэж байна. Насанд хүрээгүй хүүхдэд утас авч өгөхдөө ээж аав нь утасных нь интернет хэрэглээнд хориг тавьж болдог юм. Би тэр үйлчилгээг нь хийлгэсээн. Ютүб утсандаа татаж суулгаж болохгүй. Интернет орох лимит бас бага. Гэртээ болон байнга очдог газрынхаа вайфай-р нет хэрэглэвэл 4ж хэрэглэснээс бага төлбөр төлнө.
Угаасаа ахлах сургууль вайфай байхгүй, сургуулийн эргэн тойронд утас хэрэглэх хориотой тул том зулзага нэг их цааргалаагүй, одоохондоо утасгүй явж явчихаад сүүлийн үеийн ухаалаг утастай болчихсондоо хөөрсөн хүн л байна.
Эмээ өвөөдөө утасдаж хэлж энэ тэр.
-Би хааяа ээжид загнуулахаараа та 2 луу ярьж ховлож байна шүү.
-Тэгээрэй миний охин, эмээ өвөө нь эндээс ээжийг нь базаад өгөмз?
Гэж ярьж байна шүү, хэхэ.
Одоогоор хэдхээн хүний утасны дугаар л тэмдэглэж авсан. Яваандаа шинэ анги, шинэ найзуудтай болоод ирэхээрээ нэмэгдээд л ирэх байх даа...
Наад гар утсаа битгий маажаад бай гэж үглэх ажил минь нэгээр нэмэгдэж байна даа янз нь. Хаа очиж 15, 16 хүрч байж утасны хэрүүл хийлгэх гэж байна дөө зулзага минь гэж дотогшоогоо өмөлзөөд л сууж байна. Уяхан ч сангийн сайд болдоо тэ? Ккк
Хүүхэд нь ухаалаг утастай ээж аавуудад амжилт шүү...
No comments:
Post a Comment