Showing posts with label Японы сонин сайхангаас. Show all posts
Showing posts with label Японы сонин сайхангаас. Show all posts

Wednesday, May 01, 2019

Рэйва

Та бүхэн мэдээгээр сонссон байх тийм үү?

Япон улсад он тоолол нь солигдоод. Хэйсэй гэдэг тооллоос Рэйва гэдэг тоолол луу шилжиж, улс даяараа л хөөрлөө. 

Бид яахав амьдралаа залгуулж байгаагийн хувьд хальт мэдээ энэ тэр хараастай. Гэхдээ жаахнаагийнхаа эрхшээлд тул зурагт барагтаа л үзэхгүй байгаа л даа. 
Эд чинь тэгээд сүрхий улс болохоороо цэцэг энэ тэрээр он тооллоо бичиж мичээд жуулчид муулчдыг татаад байна. Орлого ч их байх шүү. Хэ хэ.

Энэ зураг дээрх цэцгийг уншваас "Тавтай морил Рэйва" гэсэн утгатай.

Үзүүлээд өгнө дөө, Рэйва гуайд гэж бодсон шиг сууна дөө...

Tuesday, April 30, 2019

Санаад

Төрсөн эмнэлгийнхээ хоолыг санаад аа. Хэ хэ.

Амт, шимт тэжээл гэж ярих юм байхгүй л сайхан хоол цай ирнэ шүү дээ.
Өдрийн хоол. Нэммээр л байсан. Хэ хэ. Нэмж болдоггүй нь тиймхэн. Амт гэж дажгүй. 

Эхний өдөр хань ижил мөөгтэй шөл хийж ирсэн юм байна. 
3 цагийн цайнаар ирсэн. Халуун сүү, жигнэмэг.
Өглөөний цай. Ийм жимстэй тараг өглөө бүр ирсэн байх шүү. Шөл их гоё амттай байсан. 

Иймэрхүү тансаг хоол идэнгээ эмнэлэгт 4 хоноод гарсан. Амьдрал ундраад эхэлж байгаа юм...

Sunday, March 31, 2019

Их сургуульд орох бэлтгэл

Их сургуульд орох бэлтгэлийн нэгээхэн хэсэг болгож их дээд сургуулийн танилцуулга ярианд одооноос эхлээд оролцоод явчихдаг юм байна.

Том зулзага Хёого мужийн нэгэн их сургуульд болох яриаг сонсохоор яваад ирсэн.

Яг их дээд сургуулийн яриа гэхээр бас биш шиг байна лээ. Энэ удаагийнх нь.

Супер глобал ахлах сургууль гэсэн статус байдаг юм байна. Ийм сургуульд улсаас нь нь овоо хэдэн төгрөгний санхүүжилт олгодог бололтой.

Үүнтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээ зохиовол унаа, байрных нь зардлыг даагаад оролцох хүсэлтэй сурагчдаа явуулдаг юм байна. Том зулзагыг зүгээр сууж байхаар яваад ир гэж байгаад явуулсан.

Их л сонирхолтой байсан гэсэн. Нэг ахлах сургуулийн сурагчид монголын гудамжны хүүхдүүдийн? тухай судалгаа явуулсныгаа тайлагнаад, манай хүн монгол гэж өөрийгөө танилцуулаад, уг сургуулийн багш бөөн баяр болсон гэнэ. Монгол хүүхэдтэй уулзсандаа...
Урд өдөр нь очиж хоносон тул хэсэг бүлгээрээ чөлөөт цагаа өнгөрүүлж Кобэ хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэг болох Санномия хавиар зугаалсан байсан.
Одоо ахлах сургуулийнхаа 2-р ангид орохоо хүлээгээд, нэг л их унтсан хүн байна. Хэ хэ. Манайхаар 11 дүгээр ангид орохоо хүлээж байна л даа.

Томоос том хүүхэдтэй ээж аавуудад амжилт хүсье өө. Бас л харьцахад хэцүү болж ирдэг юм байна шүү. Шилжилтийн нас? дууссан баймаар санагдаад байгаа ч...

Санаа энэ тэр гэж ууланд л яваад байх шиг хааяа даа...

Thursday, March 28, 2019

Хаврын амралт

Хаврын амралт эхлээд дуусах гэж байна. Энэ бичлэгийг гүйцээж оруулах гэсээр байтал.

Хачин их завгүй болсон шүү дээ би чинь.

Олуулаа бужигнаж өнгөрүүлж байна. Хаврын амралтыг.

Сакүра цэцэглээд, хаврын синдром эхлээд байгаа сурагтай цаагуур чинь.

Би энэ жил цэцэг үзэж амжсангүй, хагдарчих боллоо, цэцэг маань. Ижий аав 2-ыгоо сакүрадаад ир гээд алхуулчихсан. Зураг хөрөг дараад сайхан л алхаж байгаад ирсэн байна лээ.

Зулзагууд даалгавраа хийгээд, гадаа тоглох, найз нөхөдтэйгөө орж гарах гээд бас л өөрсдийн хэмжээндээ завгүй байх шиг...

Ямар багш дааж авах бол? Хэн хэнтэй нэг ангид орох бол гэж догдолсон улсууд л байна даа.

Ганц нэг харж явдаг хөвгүүнтэйгээ нэг ангид ороосой гэж залбирах нь холгүй нэг хүн байна манайд. Хи хи.

Гэснээс валинтенаар 4 хөвгүүнд чоко өгөөд байсан даа, тэрнийхээ хариу чоког авсан шд. Хэ хэ. Инээдтэй нь, ганц нэгээс нь гэрт өөрөө очоод аваад ирсэн. Учир нь сургууль дээрээ ил цагаан амттан тараах хориотой тул. Ккк

За нэг иймэрхүү дээ. Бүгдэд нь амжилт шүү...

Saturday, March 16, 2019

Төгөлдөр хуур ба бэлэг

Ээлжит хамтарсан тоглолт охидын минь. Энэ жилийн онцлог гэвэл бага зулзагын төрсөн өдрөөр болоод, алдчих вий гэж айсан, догдолсон хүн л байлаа.

Би очиж үзэж чадаагүй ээ. Их чухал ажилтай байсан тул. Тэр тухайгаа удахгүй бичнэ ээ.

Харин монголоос эмээ өвөө хоёр нь ирсэн байж таараад, очиж үзсэн. Өвөө нь нулимс унагасан гэсэн. Зээ нар нь л хамгийн мундаг байсан гэсэн.

Бага зулзага давтахгүй яваад л байсан хүн чинь яг тоглохдоо ёстой мундаг дараад, багш нь өхөөрдөөд инээгээд байсан гэсэн.

Харин эгч нь нэг газар алдаа гаргасан юмдаг уу даа. Хэ хэ.

За тоглолт нь дуусаад, орой нь бид бага зулзагынхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглэлээ. Өвөөгөөрөө бялуу авахуулаад, маш баяртай орж ирсэн.

Оройд нь ээж ааваасаа бэлгээ аваад бүр хөөрөөд давхицан. Ихэд таалагдсан гэсэн.
Яг ийм биш л дээ. Голоороо арай нарийхан байсан шиг санаад байна. Би зураг авч амжилгүй, өнөөх маань бэлгээ аваад гараад алга болжээ. 

Нэтээс хайгаад ийм зураг олж ирэв. Сүүлийн үед энэ  их моодонд орж байгаа сурагтай. Найзууд нь бүгд ийм юмтай юм байх өө. Авч өгөхгүй бол гээд аав нь зулзагаа өрөвдөөстэй. Хи хи. 

Гэх мэтчилэн үр зулзагуудаа тойронхон, эргэлдэнхэн байж байна даа гэж...

Удахгүй том сонин дуулгана аа...

Sunday, March 10, 2019

Түргэн хэллэг

Түргэн хэллэг гэж байдаг даа. Япон хэлэнд бас байна аа. Хи хи.

Ийм нэг номыг бид хоёр зээлж аваад, түргэн хэллэг хэлэх гэж үзэж байна. Хэцүү юм өө хэцүү юм.

Оюутан байхад бидэнд хэд хэдэн түргэн хэллэг зааж өгөөд , бид гэж нээх хатуу хэллэгтэй улсууд хэлэх гэж хөглөдөг байж дээ.

Одоо би эргээд шавьдаа түргэн хэллэг зааж байна гэхээр бас л сонин. Охид минь их дажгүй хэлээд байдаг юм. Энэ эрэгтэй хүүхдүүд чинь бас л өвөрмөц юм, бүдүүн хадуун гэх юм уу? Үг хэллэг, дуудлага нь ч хатуудуу байдаг юм байна шүү.

Хэллэг, аялгыг нь зүгшрүүлэх гэж бас их үзэж тарна аа. Нэг тийм спортынхны өвөрмөц аялгаар ярина гэж юүхэв. 2 жил заасных ядаж тэрийг нь засчих юмсан гэж их хичээж байна даа.

Бид хоёр далимд нь бас монгол хэлнийхээ түргэн хэллэгээс ганц нэгийг санаж хэлж үзлээ шд. Мартсан байна лээ, бас хэл ам сугалчих гэсэн эд байна шүү тэ.

Японоор нь хаякүчи котоба гээд хайгаад үзээрэй, анхан шатны хүмүүс үүнийг уншиж байвал, хайж олоод дагаад хэлж үзээрэй, хэл ус чинь зүгшрэхэд хэрэгтэй байж магад шүү.

Амжилт хүсье өө...

Saturday, February 16, 2019

Боулинг, бас бус

Уламжлалт бичлэг. Бичиж үлдээхгүй бол дараа нь уламжлалт арга хэмжээ болоогүй юм байх даа гэж бодохоор юм билээ.

Тэгэхээр яаж ийгээд, богинохон ч байсан эндээ тэмдэглэх.

Үдээс хойш болсон. Үдээс өмнө нь төгөлдөр хуурандаа явсан. Удахгүй хамтарсан тоглолт болно, сурагчдынх нь. Зулзагууд хамтарч нэг ая дарна. Том зулзага бас нэг том сурагчтай хамтарч арай хүнд? ая тоглоно.

Догдлоод л явсан, догдолсоор л харьж ирсэн. Хөгжилтэй байсан гэсэн.

Уламжлал ёсоор ном худалдаж авах эрхийн каарттай ирсэн. 2 дугаар ангийн, хуучин сурагч тул 500 иений каарт. Шинээр элсэн орох 1 дүгээр ангийнхан, төгсөх 6 дугаар ангийнхан 1000 иений каартаар шагнуулна.

Өмнөх каартуудаа нийлүүлж байгаад ном авна л гэсэн. Нээрээ шинэ жилээр нэг хөөрхөн ном авсныг нь эндээ оруулна аа. Хөөрхөн юм билээ. Зарим нэг хүнд хэрэг болж магад.

Удахгүй 2 дугаар ангиа төгсөөд, 3 дугаар ангид орох нь. Хурдан ч юм даа, энэ хүүхдүүдийн өсөх нь.

Саяхан багштай нь уулзсан. 2 дугаар анги дахь сүүлчийн уулзалт. Их л хичээж байгаа мундаг гэж магтаж магтаж байснаа, бас сул талыг нь хэлээд л авна лээ. Би ч бас гэртээ болж бүтэхгүй байгаа сул талыг нь хэлээд, жаал ярилцлаа.

Нэлээд тулж ажиллахаар шийдээд хэд хонож байна. Хэ хэ. Тэгэхгүй бол дундаа орчихоод яваад байсан байна шүү, энэ нөхөр.

Монголд сурагчдын хичээл эхлээд ээжүүд та бүхэн завгүй болсон уу? Амжилт хүсье өө.

Sunday, February 10, 2019

Номын дуу

Үе үе ингэж номын дуу сонсох сайхан шүү. Чих, нүд онгойгоод.

Сургалт болсон газар нь мужийн нэгдсэн эмнэлэг. Энэ эмнэлэг маань шинээр баригдаад, шил толь болжээ.
Амбульторын хүлээн авах. Ийм хүлэээн авах нь 2 болон 3 давхарт байрлана. Мөн баруун зүүн жигүүр лүүгээ их урт, нөгөө талынх нь цонхоор япон тэнгис харагдана.

Энд чинь нэг их айхтайр хүнд төрлийн өвчин биш л бол ийм том, 3-р шатлалын эмнэлэгтээ тэр бүр үзүүлээд байдаггүй юм. Аль болох хувийн жижиг жижиг эмнэлгүүдэд үзүүлнэ.

Нарийн шинжилгээ энэ тэр хэрэгтэй бол төв нэгдсэн эмнэлэг рүүгээ эмчийн бичиг хийлгээд очно. Хэрэв бичиггүй бол нэмэлт төлбөр төлөхөөс гадна, их удаан хүлээлгэнэ ээ. Учир нь захиалгат өвчтөнөө үзэж байж урилгагүй өвчтнөө үзнэ гэсэн бичигдээгүй дүрэмтэй. Яаралтай биш бол шүү дээ.

Тийм болохоор шил толь болсоных нь дараагаар гаднаас нь л хараад яваад байсан болохоос дотогш орж үзээгүй л байлаа.

Дам яриагаар эмч, сувилагч ажилтнууд нь одоохондоо төөрөөд байгаа сурагтай. Хи хи. Тэгж бодохоор бас л хэр том нь ойлгомжтой.
Автомат төлбөр төлөгч. Ирээдүйд олон л зүйлийг автомат төхөөрөмжүүд, роботууд хийдэг болно гэж үнэн шүү тийм ээ. Ажилгүй хүмүүс олшрох байх даа, нэг бол өөр төрлийн ажил гарч ирэх байх даа.
Сургалтын агуулга нь гадаад хүмүүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад нь хэл усны бэрхшээл гарвал манай ажлын газраас дэмжлэг үзүүлдэг тогтолцоо байдаг юм. Бүртгэлтэй хүмүүсийнхээ цаг завыг асууж байгаад л явуулна. Мэдээж тэр бүртгэлтэй хүмүүс нь цалин энэ тэр авахгүй, сайн дурын хүмүүс байдаг. Яахав огт хоосон байхгүй, унааных нь зардлыг гаргаж өгдөг юм.

Тэдгээр орчуулагч хүмүүстээ зориулж сургалт зохион байгуулна. Учир нь мэргэжлийн орчуулагч нар биш тул. Мэргэжлийн үг хэллэгээс авахуулаад мэдэхгүй зүйл их гарна шүү дээ. Тэр талыг нь сайжруулах, хөгжүүлэх зорилготой сургалт.

Энд тэр бүр монгол хүн ирээд үзүүлж харуулаад яваад байхгүй ч би бас бүртгүүлээд амжчихсан. Хааяадаа шинээр ирсэн оюутан хүмүүсийн ар гэрийнхний орчуулганд явдаг болохоороо сургалтанд нь алгасахгүй суухыг эрмэлзэнэ гэж байгаа.

Үнэ төлбөргүй ч юм байгаа юм. Үнэгүй зүйлд нугасгүй хүн чинь, хэхэ.
Хаана ч байсан хогны асуудлыг маш сайн зохицуулж чаддаг нь эдний томоохон соёлын нэг. Ойлгомжтой, цэвэрхэн, үйлчлүүлэгчид нь ч соёлтой гээд л эх орондээ нэвтрүүлмээр зүйлийн нэг тийм ээ?
За нэг иймэрхүү л амралтын өдрийг өнгөрөөж байна.

Та нартаа ч бас амжилт хүсье. Цагаан сараараа их олон бэлэг цуглуулсан биз дээ?

Sunday, February 03, 2019

Нэг суурин нэг бүтээгдэхүүн

За японд байдаг хүмүүс бол бүгд мэднэ дээ.

Энд чинь нэг суурин нэг бүтээгдэхүүн гэдэг хөдөлгөөн олон жилийн өмнөөс хэрэгжээд, одоо бүр аймаг сум болгон л өөрийн гэсэн брэндтэй гэхэд хилсдэхгүй. Заримдаа ч төвөгтэй. Брэнд гэдэг утгаараа үнэ нь нэмэгдээд явчихна. Хэ хэ.

Саяхан манайд ирсэн нэг өвөө мужийнхаа брэнд гээд кофе өгсөн. Манай мужид ч бас кофений брэнд байна аа. Би бас хааяа хүмүүст бэлгэнд өгдөг гэж байгаа. Япон хүмүүс дунд кофе уудаггүй хүн ховор ч юм байгаам.

Бас кофе буюу борголыг тааруулж уувал хорт хавдар тусах магадлал багасдаг гэсэн судалгаа гараад, хүмүүс ч ам уралдан шуугисан хэсэг. Уудаггүй хүмүүс хүртэл бага багаар ууж сурч байгаа сурагтай байсан.

Би ч угийн дуртай байсан болохоор ашгүй дээ л гэж бодоод өнгөрсөн.

За энэ өнөөх нутгийн брэнд боргол чинь. Шиманэ мужийн Мацүэ хотынх. Амт бол нэг их гоц гойд юмгүй л санагдлаа. Хэ хэ. Мэдээж инстант борголыг бодвол гоё л доо. Хайрцгандаа 5 ширхэгтэй, 4 хайрцагийг бэлгэнд авсан. Ойрд боргол уухаа багасгасан байгаа, тэгж байгаад ажил энэ ундраад ирэхээр уухыг үзүүлж өгнө өө. Хи хи.

Сүүлийн үед манайд ч бас тэр аймгийн тийм архи, дарс, цай гэж гарах болсон байна лээ тийм ээ? Бас нэг дэвшил юм даа. Одоо гол нь амт чанар, савалгаа зэрэгт жаахан санаачлага гаргачихвал тийм ээ?

Эх орны минь жижиг дунд үйлдвэрлэл мандан бадраг ээ...

Thursday, January 31, 2019

Ан-гийн мах

Гэснээс би энд ирснээр есөн жорын ангийн мах иддэг болсон шд. 

Монголд байхад ээж аав минь надад тарваганы мах идүүлдэггүй байлаа. Шарласан энэ тэр гэдэг шалтгаанаар. 

Харин 5 хошуу малынхаа махыг бол голохгүй иднэ ээ. Тэмээний мах идэж байснаа бол огт санадаггүй юм өө. 
Тэгэхэд зарим нэг хүмүүс ялангуяа хүүхнүүд дунд адууны мах иддэггүй, цувдаа иддэггүй, хярамцаг иддэггүй гээд л маягтай хүмүүс байх юм билээ. 

Хамгийн сонирхолтой нь хэлэхгүй өгөхөөр идчихдэг явдал нь. Ха ха. 

За тэр яахав. Суугуул нутагт, биш ээ суугуул мужид сүүлийн хэдэн жил ангийн мах моодонд орж байгаа. Үүнд бугын мах, зэрлэг гахайн мах. 

Бид сайхан улсуудын буянд зэрлэг гахайн махыг өвөлдөө идэш болгоод идчихээд байгаа. Сүүлийн үед бас бугын махыг ч ангийн юм гэсэндээ амттай байна гээд л зооглоод байгаа. 

Янз бүрийн амт, үнэр байхгүй л юм билээ. Аятайхан амтлаад, тэр дундаа монгол бууз хуушуур гэсэн хоолонд тохироод байгаа юм шиг санагддаг. 
Юу билээ энэ зургийг оруулсан ч билүү? Хэ хэ.. 

Бас нэг онцлог нь энэ жилээс хань ижил өөрөө ан агнадаг болсоон. Ямартай ч энэ жил хавханд нь хоёр тоорой, нэг буга орсон. Бид монголд байгаа юм шиг л идэш хийв шд. Одоо түүгээрээ цагаан сарынхаа буузыг хийх гээд л сууж байна. Хи хи. 

Би л мэддэггүй болохоос монголд энэ зэрлэг гахайн мах чинь бас л овоо хийморотой андаа ордог гэнэ үү. Ангийн хорхойтнууд хэлэх юм билээ. 

Нүүр номд бас тийм эрчүүд цугласан бүлэг байна, тэд нар аймар аймар зураг хөрөг оруулаад, хутга шөвөг, буу зууны зураг оруулаад хэлэлцээд байдаг юм билээ. Мэддэггүй хүнд эрээн цоохор л зураг голцуу байсан. 

Манайд ирвэл ан-гийн махаар дайлна шүү. Хи хи. 

Гэснээс би нэг хэсэг их махсаад, адууны хошного л идмээр санагдаад байж билээ. Дараа нэг монгол харьж ирэхээрээ гэдэс чануулаад, умс идэж, айраг уусаар байгаад л ирэх юм шүү. 

Sunday, January 20, 2019

Кобэ хот

Кобэ хотоор жилдээ нэг орох ажил яаж ийгээд гардаг гэж байгаа.

Цаг агаар ч аятайхан байлаа. Ажлаа гялс амжуулчихаад, сайхан зугааллаа. Сайхан ч идлээ. Ккк.

Уг нь таньдаг ганц монголтойгоо уулзана гэсэн чинь хамт байдаг хүүхэн нь томуу тусаад. Халдаж халдварлахаас нь айгаад уулзаж чадсангүй ээ. Дараа нэг нартай сайхан өдөр уулзана аа.

Гэснээс энэ Кобэ хот одоогоос 24 жилийн өмнө 1 сарын 17-нд ихээ том газар хөдлөлтөд өртөөд, сүйд болсон. Тэрнээс хойш сайн дурын үйлс, орон сууцны газар хөдлөлтийн үеийн тэсвэртэй байдал зэргээс авахуулаад их олон зүйл дээр өөрчлөлт шинэчлэлт гарсан. Сургалтыг сайн, зохион байгуулалттайгаар хийдэг болсон.

Өнгөрсөн алдаанаасаа маш суралцаад явдгийг нь бас их таална аа. Бидэнд ийм зан суугаасай, монголчууд бид энэ занг нь суралцах юмсан гэж их бодно оо.

За тэгээд явсан газрын сонин сайхан гээд ганц нэг зураг оруулж байна өө.
Энэ эгдүүтэй  шар амьтны нэрийг Хабатан гэнэ. Хёого мужийн бэлэгдэл. Эмбелем гэх юм уу? Энд муж бүр өөрсдийн онцлогийг бэлэгдсэн ийм амьтадтай. Ихэвчлэн амьтны дүрс голцуу байдаг юм. 

Суугуул муж минь ч адил. Дараа зураг оруулна аа. 
Мужийн захиргааны байр. 3 байр байсан. Дахин нэг ийм бор байсан байсан. Би залхуураад зураг дараагүй байна. Нэг айхтар нь ойртоод харахаар цонх бүрийн доор? нарны энерги хуримтлуулагч байрлуулсан байсан. Бодвол тогоо гаргаж авдаг байх. 

Манай нутгийн захиргааны байрыг бодвол хамаагүй том юм билээ. Аргагүй л том хот юм даа гэж бодсон.
Мужийн цагдаагийн ерөнхий газар. Ихээ өндөр барилга байна билээ. 
Мужийн иргэдийн улаан булан гэх юм уу даа. Би энд нэг чухал ажил амжуулсан. Өөрийнхөө чадварыг мэдрээд ирсэн. Юу ч мэдэхгүйгээ мэдсэн. Хэ хэ. Хичээнэ ээ гэж бодсоор л гарч ирсэн. Сэтгэлээр бага зэрэг унаснаа, ирэх дахина аа гэж тайтгарсан. Хи хи. 

Үүний дараагаар Осака хот орохоор явцгаасан. Хань ижил, бага зулзагатайгаа. Том зулзага шалгалт шүүлэг гээд яваагүй ээ. 

Осакагийн сонин сайханг дараагийн бичлэгт. Түр баяртай...

Friday, January 18, 2019

Охидын дурлал

Охин хүүхэд томрох ч бас л сонирхол татаж байна шүү.

Охидын дурлал маш эрт ирэх юм. Жишээ нь бага зулзага 2-3 настайдаа аавтайгаа гэрлэнэ гэж аавыгаа хуга хошгоруулдаг байлаа. Охидын хувьд анхных нь ханхүү нь аав гэдэг хүн байдаг бололтой.

Жаахан томроод ирэхээрээ аав биш, ангийн нэгэн хөвгүүнд дурлана. Бага анги, дунд анги, ахлах анги гээд л ангийнх нь хөвгүүн. нэг бол нөгөө ангийн хөвгүүнийг харж явна.

Том зулзага Окада Жюничи гээд жүжигчин залууд одоогоор дурлаастай байгаа. Дажгүй залуу л даа. Хэ хэ. Ээж бас дуртай тэрэнд нь.

Хамгийн инээдтэй, хайр хүргэсэн нь бага зулзага. Одоогоор 4 хөвгүүнд дурлаастай. 1,2,3,4-т гэж дугаарлаастай. Ха ха.
Саяхан хотын номын сангаас ийм ном зээлж ирээд, түүнээсээ салахаа байлаа. "Хайр дурлалын зурхай" гэдэг ном. Яг л насанд нь таарсан хөөрхөн ном л доо. Тэгсэн эгч нь харчихаад би ч бас уншиж байсан гэж авдаг юм даа. Би санадаггүй ээ. Нууцаар уншсан юм болов уу? Хи хи. 

Төгсгөл хэсэгт нь нэг хуудсыг хувилж аваад кармаалж явбал дурлал нь бүтнэ гэж байна. Тэр хуудсыг хувилах ажлыг би дааж авч, 1 хувь хувилж ирлээ. Ккк. 

Ажлын газрын хүүхэн сонсчихоод "Маш зөв өсөж бойжиж байгаа юм байна" гээд инээсэн. Охидын туулах ёстой хөгжил дэвшлийн нэг шат юм даа тийм ээ?

Дээрээс нь дэлгүүр хоршоонууд гайхал Валентинийн өдрийг угтаад баахан чоко өрөөд тавьчихсан. Охид минь өгөх хүнээ товлоод эхэлчихсэн. Ээж бол түрийвчээ бэлдээд л сууж байх ёстой юм шиг байна. 

Ингэхэд ээж багадаа хэнийг харж явдаг байлаа даа. Санадаггүй ээ. Хи хи. Оюутан болчихоод Том Крузийн зургийг хэдэн жил нандигнан авч явдаг байлаа гэж. Ккк

Том зулзагын хувьд шилжилтийн нас, боловсорч байгаа нас тул ихээхэн анзаарч, анхаарч байх хэрэгтэй юм шиг. Нэг л өдөр найз залуу гээд дагуулаад ороод байх даа тийм ээ?

Томоос том охидтой ээж аав нарт амжилт хүсье өө.

Friday, January 04, 2019

Ажлын сүүлчийн өдөр ба шинэ жил

Сүүлд дурсаж суух гэж зураг хөрөгтэй орууллаа.

За ажлын сүүлчийн өдөр. Орой нь нийллэгтэй. Нэгэн газар орж идэж уусан. Хүн цөөхөн ирсэн. Цөөхөн дээрээ цөөхөн.

Нэг хүүхэн африкийн хаашаа ч билээ нэг найзтайгаа явахаар аль хэдэн сарын өдөр товлосон байсан тул ирж чадахгүй. Бусад оролцож чадахгүй хүмүүсийн шалтгааныг мэдэхгүй. Яасан ийсэн гэж шалаад байж болдоггүй юм шдээ, энэ японд чинь.

Тухайн хүн ормооргүй байвал орохгүй, явмааргүй байвал явахгүй. Нэг хятад залуу докторын шалгалт нь ойрхон гээд толгой өндийх завгүй л хичээл хийж байгаа гээд ирэхгүй. Нэг хятад хүүхэн Осака явна гээд ирээгүй.
Хундаганы уух зүйлээ хүлээх зуур шийр зугаа гэж орчноо ажсан шиг суув. Энэ савхны тавиур? их хөөрхөн санагдав. Хонь шиг л харагдаад байсан. Бусад хүмүүсийнх бас арай өөр хэлбэртэй.
Дарга хундаганы үг хэлсний дараагаар ирсэн салат. 
Зурагнуудаа дандаа далий авчихсан юм уу хаашай юм. Хи хи. За энэ болохоор 4 төрлийн вандуйн зууш. Хажуугийн бор нь хясаа. Би дуртай гэж юүхэв. 
Бас нэг төрлийн салат. Нэр усыг нь мартсан байна. 

За энэ хооронд шарсан сам хорхой гарсан. Бас нэг ороомог гарсан. Би зураг дарахаа мартаад идчихсэн байна лээ. 
Хоолны хамгийн сүүлд ирсэн мөөгтэй будаа. Нялцгайдуу агшаасан. Амт бол их дажгүй. 
Сүүлд ирсэн амттан. Байхуу цайны хандтай бялуу. Таваг нь өвөрмөц байгаа биз? Би ч таваг, хундага гэх мэтэд нь нүд яваад л байлаа. Хэ хэ. Худалдаж бол авахгүй л дээ. Зүгээр л нүдээ баясгаж байгаа нь тэр. 

Тарахдаа бүгд нэг нэг уут бэлэг аваад л тарцгаалаа. Дараа жилийн 1 сарын 3 хүртэл сайхан амарна даа. 

Тэрнээс өмнө гэр орноо нэг сайхан цэвэрлэх хэрэгтэй, учир нь эндхийн цагаан сар нь шүү дээ. Бүгд л гэрээ цэвэрлэсэн үү гэж асуугаад л байна лээ. Би ч үгүй ээ, нэг мөсөн амрахаараа ханцуй шамлан орно доо гэж хариулаад л яваа. 

Тэгсэн яг амралт эхэлсэн чинь ном, блог хоёр минь нүдэнд харагдаад. Яалтай...

Tuesday, December 25, 2018

Өвлийн амралтаа гэж

Энэ жил, бага дунд сургуулийн өвлийн амралт хагас бүтэн таараад, овоо хэд хоног амрах юм байна.

Амралт эхлэхээр л манай гэр шууд хөглөрдөг юм. Зулзагууд дуртай зүйлсээ хийнэ гээд, энд тэнд оригами, ном, хайч, цавуу, бийр, цаас гээд л. Нэг бүтээл гараас гартал түүнийгээ тэрүүхэн тэнд нь хураасан болоод л орхидог байхгүй юу.

Хань ижил их үглэнэ ээ. Гэрээ цэвэрлээчээ, юмсаа хураагаачээ гээд л. Хүний урманд гурван бүсгүй нь сонсохгүй ээ. Дуртай зүйлсээ хийж байгаа хүмүүс чинь. Хэ хэ.

Энэ олон олон номынх нь нэгээхэн хэсэг нь. Уншиж дуусаад л дахиад зээлнэ гэсэн дараалал үргэлжлэнэ.
Уран бичлэгийнх нь хичээл. Хичээл ч гэж дээ, номын дэлгүүрээс өөрийн картаараа худалдаж авсан бийр цаас. Бэх хэрэглэхгүй, усанд бийрээ дүрээд л тусгай цаасан дээрээ бичиж дасгал хийнэ. Цаас нь хатахаар энэ бичсэн нь арилна. Тэгэхээр цаасаа дахин ашиглаж болно гэсэн үг. Их дажгүй санагдсан. 

Уртаас урт өвлийн амралтыг яаж ийгээд даван туулна даа. Ээж аавын амралт ч нэг их удахгүй эхлэх гээд л хоног тоолон л сууна. Тэрнээс өмнө ажлийн ёолкоо хүлээгээстэй.

Thursday, December 13, 2018

Бага сургуульд ороход-Хэрэг болж магад 3

Үргэлжлэл. Одоо бага зэрэг үлдсэн.

Ном уншдаг хүн болгох тухай нэмж хэлсэн байна.

Сургууль дээр уншлагын цаг гэж байдаг. Үүнийг гэртээ бас хэрэгжүүлэх. Эцэг эхүүд өөрсдөө хүүхдийнхээ нүдэнд ном уншиж харагдах. Хүүхэд бол эцэг эхийнхээ тусгал (толь) байдаг гэж ярьдаг. 

Энэ тусгал гэдэг үгийг хэд хэд давтаж ярьсан шүү. Би ч өөрөө яаж нөлөөлж байгаа болдоо? гэж санаа зовоостой.

Таны хүүхдийн хүмүүжилд насан туршид нь нөлөөлдөг зүйл гэж байдаг. Үүнд
урамшуулах, хайрлах, хүлээн зөвшөөрөх, ажигладаг буюу хардаг байх (хүүхдээ), өөдрөгөөр ханддаг байх зэрэг орно. 

Хорооныхоо хүмүүстэйгээ мэндчилж сурах. Тэдгээр хүмүүс бол тайван амгалан сургуульдаа явахад, харьж ирэхэд нь маштом үүрэг гүйцэтгэж байдаг. Тийм болохоор талархсан сэтгэлээ илэрхийлж мэндчилж байх. Энэ нь эргээд хүүхэд тань том хүн болоод нийгэмд гарахад ихээхэн эерэгээр нөлөөлнө. Хүнтэй зөв мэндчилээд сурчихсан байхад аяндаа нийгмийн элдэв дүрэм журамд дасах нь хялбар байдаг. 

Сургууль дээрх жижиг гэлтгүй дүрмийг баримталж сургах. Цаг барих, өглөө явахдаа бусдыгаа хүлээлгэхгүй байх, 00-н өрөөний тавчикаа гарахдаа зөв харуулж байрлуулах. Ингэснээр дараагийн хүн өмсөхөд хялбар байна, мөн тухайн хүнийг хүндэтгэж байна гэсэн үг юм. 

Зарим үед таны хүүхэд аливаа зүйлийг тэвчих шаардлага гарна. Бусдыг хүлээн зөвшөөрөх, өөрийгөө үгүйсгэх (хүлээцтэй хандаж, бусдыг дээгүүрт тавих гэдэг утгаар нь ойлгоорой) тохиолдол гарна. 

Мэдээж хүүхэд л болсон хойно буруу зүйл хийнэ. Тэр үед нь томчууд бид засаж залруулж буруу зөвийг нь хэлж өгнө. Тэгэхгүй бол хүүхэд "аан ингэж болдог юм байна" гэдэг ойлголтыг авчихна. Томчууд бид үлгэр дуурайл болж байх хэрэгтэй. Хийсэн буруу зүйлийнх нь тухай л зэмлэнэ. Түүнээс "чи муу хүүхэд" гэж загнаж болохгүй. 

Бас нэг чухал зүйл бол "баярлалаа" гэдэг үгийг маш сайн хэлж сургах. Нэг ёсондоо талархлаа илэрхийлж чаддаг болгох. Жижиг зүйл байсан ч баярлалаа гэж хэлдэг байх. Жишээ нь баллуураа унагаачихлаа, найз нь авч өглөө, баярлалаа гэж хэлдэг байх гэх мэт. 

Хүүхэд тань өөрөө хийж чадах зүйлийг нь өөрөөр нь хийлгэж байх. Жишээ нь аяга тавгаа хураадаг байх, тоглоомоо хураадаг байх, сургуулийнхаа маргаашийн бэлтгэлийг өөрөө хийдэг байх гэх мэт. Ингэхдээ мэдээж ээж аав нь хараагаа салгаж болохгүй, давхар шалгадаг байх. Учир нь 6 настай хүүхэд мартаж санах зүйл зөндөө гарна. Бэлтгэлээ хийж чадсан үед нь магтаж урам хайрлаж байх. 

Ингэж өөрөөр нь бэлдүүлэх нь хүүхэд санаачлагатай байх эхлэл болдог. Цүнхэндээ номоо, дэвтрээ ингээд хийчихвэл дараа нь авахад амар гэх мэтээр. Жижиг зүйл мэт боловч эсрэгээрээ тухайн хүүхдэд асар том зүйлийг мэдрүүлж хөгжүүлж байдаг. 

Ангидаа, сургуульдаа үзсэн зүйлээ гэртээ хариад давтдаг цаг гаргадаг байх. Энэ үед нь зурагт асаалтгүй байх, ширээ нь хоосон байх. Хажууд нь тоглоом зэрэг нь байхгүй байх. Ингэснээр хүүхэд анхаарал нь төвлөрч даалгавраа хийдэг болно. Нэг ёсондоо орчинг нь бүрдүүлж өгч байна гэсэн үг юм. 

За энэ ширээ хоосон байна гэдэг их чухал юм шиг байна лээ шүү. Бага зулзагын ширээ гэж хөглөрсөн л юм байдаг юм. Үе үе шалгаж байхгүй бол сонин сонин юм тавьчихсан, даалгаврынхаа хажуугаар түүнийгээ бас оролдоод байдаг юм. Хааяа бас нэг уншаад эхэлчихсэн номоо орхиж чадахгүй, нууцаар уншиж харагддаг юм. Үүнийг сонсоод би одоо ширээг нь үе үе шалгаж, элдэв зүйлийг нь далд хийлгэж байж даалгаврыг нь хийлгэдэг болсон. Заримдаа мартчихна аа, бас харьж ирэхээс өмнө хийчихсэн гээд сууж байна.

За тэгээд ээж нартаа, аав нартаа хүүхэд өсгөж хүмүүжүүлэх гэдэг асар том үүрэг хариуцлагатай ажилд нь амжилт хүсье өө.

Monday, December 10, 2018

Сүлд мод

Бид өдрийн сайныг харан байж сүлд модоо засаад. Гэрээрээ гангар гунгар гээд сайхан байлаа. Охид тоглоомуудаа жилийн дараа гаргаж ирж харж байгаа болохоор хөөрхөнийг нь гайхаад л. Охид ч гэж дээ бага зулзага л ганцаараа засчихсан. Аргагүй жаахан, нас нь ид л хөөрдөг нас нь болохоор.Аниа нь эхний оршил хэсэг дээр хэсэг байж байснаа даалгавар гээд алга болж өгсөн. Хи хи.

Манай ёолкны тоглоом нээрээ жилээс жилд нэмэгддэг шд. Зулзагууд энд тэнд явж байхдаа хөөрхөн тоглоом байвал авчих гээд байдаг юм. Ээж бол шинэ жил дуусах дөхөөд хямдрал зарлахаар нь ганц нэгийг авсаар гээд л жилээс жилд нэмэгдээд явдаг шиг.

Энэ жил нэмэхгүй байх санаатай. Тэгэхгүй бол мод маань тоглоомноосоо ялгагдаж харагдахгүй шахам болсон байна билээ.

Бас зулзагууд минь томроод мод нь жижигрээд.
-Ээж ээ, мод минь жижигхэн болчихож ээ.
-Харин тийм ээ, та нар минь өсөөд байхгүй юу даа.

Эх орондоо харих юм чинь гэж бодон анхнаасаа жижгийг авсан юм. Мөд харихгүйгээ мэдсэн ч дахин том мод худалдаж авъя гэхээр дотроос нэг юм хатгаад, "Цаана чинь сүлд мод битгий хэл өдөр тутмын амьдралаа залгуулах гэж ядаж буй хүүхдүүд зөндөө байна, шуналаа дар, байгаа зүйлдээ сэтгэл ханаж сур" энэ тэр гэсэн философи хатгаад. Жилээс жилд авахгүй юм шүү гэж бодоод болж л байна.

Бага байхад таазнаасаа нарийн саа унжуулдаг байсан тэ. Одоо ч тийм саа унжуулсан харагддаг л даа. Тийм саа монголоос захиж авчруулдаг юм билүү? Би энд ганц нэг дэлгүүрт байна уу гэж харсан чинь харагдахгүй л байсан.

Том том саа авч гэрээ чимдэг ч юм билүү гэж бодсоноо эдийн засгаа бодоод, за яахав гэж хойшлуулаад л суудаг юм. Энэ жил яадаг юм билээ байз?

Дуртай баяраараа дураараа аашилдаг ч юм билүү? Хэ хэ. Санаа оноогоо хэлээрэй. Хи хи.

Өө тийм. Энд шинэ оны мэнд хүргэе гэсэн хананы чимэг олдохгүй юм. Дандаа л Мэрри Крисмас. Манайд тэр Мэрри Крисмас нь байна л даа. Гол нь шинэ оных нь хэрэгтэй байдаг. 31 нь он солигдох үед түүнийгээ харж баясмаар байдаг. Түүнээс энд цагаан сар нь гээд юун он солигдох үеийн настр. Нам гүм, эл хуль.

Тэгээд мэргэн санаа олоод. Одоо түүнийгээ бага зулзагатайгаа будаж, хайчлана энэ тэр гээд завгүй болох нь. Том зулзагатаа хэлсэн чинь юун тийм зав. Урдах хичээлээ яая гэж байхад гэсэн.
Энэ гэхдээ манай мод биш шүү. Нэгэн газрын рестораных. 

За одоо шинэ оноо хүлээх л үлдлээ. Аан тийм наана нь Санта өвөө ирэхийг бас хүлээнэ...

Friday, December 07, 2018

Бага сургуульд ороход-Хэрэг болж магад 2

Үргэлжлэл

Юу гээд зогслоо? Аан тийм.

Бага сургууль, гэр бүл, хороо энэ гурвын харилцан хамаарал, холбоотой ажиллах нь чухал. Тухайн орон нутгийн хүмүүс бол хүүхдийг үнэт зүйлсээ гэж үздэг, тэдний төлөө сайн дурын ажилд хэзээд бэлэн байдаг.

Хүүхдийнхээ өмнө бага сургууль болон багш нарыг муулахгүй байх. Санаандгүй хоорондоо ярилцсан ч түүнийг нь хүүхэд сонсож байдаг. Хэрэв ямар нэг хэлэхээр зүйл байвал шуудбагш нартай, сургуультай холбогдож зөвлөгөө авна уу?

Гэсэн. Нээрээ л энд тухайн хороонд нь суудаг эмээ өвөө нар өглөөд сургуульд явахад нь гэрлэн дохион дээр, тарахад нь бас гэрлэн дохио зэрэгт зогсож байдаг. Мөн нэг дүгээр ангийн цүнхээ үүрч ядсан жаахан амьтдыг бараг л гэрт нь хүргэж өгөх нь холгүй л байна шүү.

Ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход хүүхдийн харих газар нь гэр бүл, халуун дулаан гэр угтах ёстой. 

За энэ бол цэвэр сүүлийн үеийн нийгмийн тулгамдаж буй асуудлынх нь нэг болоод байгаа. гэр бүлийн салалт, гэр бүлийн таагүй уур амьсгал, сургууль дээрх таагүй зүйлээс болоод гэрийнхэнтэйгээ зөвлөлдөж чаддаггүйгээсээ болоод гэртээ харих дургүй байдаг хүүхэд их болсонтой холбоотой.

За тэгээд хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг бол урт юм шиг хэрнээ богино хугацаа шүү дээ. Жишээ нь хүүхэд бага сургуулийнхаа 6-р ангиас эхлээд томроод, найз нөхөд гээд бага багаар эцэг эхээсээ хөндийрч эхэлдэг. Тийм болохоор энэ 1, 2, 3-р ангийн гурван жил их чухал.

Гэсэн. Бодоод байсан энэ бол яг үнэн. Том зулзага одоо бол чимээгүй л нэгэн хүн байна. Найз нөхөд, сургууль гээд л завгүй хүн, бидэнтэй жаахан байсан шигээ нээлттэй бус л байгаад байх шиг. Ээж бол ерөнхийд нь харсхийгээд л явна даа. Яваандаа гайгүй болох байх, тэр болтол хэт яарахгүй байх.

Ном сайн унших. Номоор дамжуулж эцэг эх хүүхдийн хоорондын яриа хөөрөө ихсэнэ. Сэтгэхүй нь ч хөгжинө. Өөрөө номынхоо баатрын дүрд хувиран уншина, сэтгэл зүрх нь нинжин сэтгэлээр баяжина. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ном уншлаа гээд чухам онц сураад явахгүй. Хамгийн гол нь хүүхэд өсч томрохын зэрэгцээ ном унших дадал нь үүргээ өгч эхэлнэ

Хүүхэд эцэг эхийнхээ тусгал нь байдаг. Ээж аавыгаа харж өсч өндийдөг, хүмүүждэг. Өдөр тутам үглэснээр бус, үйлдлээс чинь суралцаж байдаг. Таны хийсэн сайн ч үйлдэл, муу ч үйлдлийг өөрийн мэдэлгүй дуурайж байдаг. 

Хүүхдийнхээ үгийг сонсож, хүүхэд ээж аав намайг харж байгаа, надад хайртай гэж мэдэрч өсөх юм бол өрөвч нинжин сэтгэлтэй болж өсдөг. 

Гэртээ зурагт үзэх цаг, пс тоглох цаг зэрэгт хяналт тавих. 

Гэх мэтээр ярив. Авахыг нь аваад, хаяхыг нь хаяна биз дээ. Одоо бага зэрэг үлдсэн. Үргэлжлэлийг дараагийн бичлэгт.

Thursday, December 06, 2018

Бага сургуульд ороход-Хэрэг болж магад гээд

10 сард нэг орчуулганд яваад өө. Нэг хөөрхөн хүүгийн, яагаав бага зулзагын монгол хэлний багш. Ирэх 4 сард 1 дүгээр ангид орох юм л даа.

Тэгээд хотын захиргааны боловсролын газраас зохион байгуулдаг эрүүл мэндийн үзлэгт хамрагдахад нь цуг явсан юм. Харъяа сургууль дээр нь болно.

Энэ тухай ер нь бичсэн дээ. Энэ удаад мэргэжлийн хүний хийсэн яриаг нь оруулах гээд. Олон хүнтэй, хажууд бас нэг гадаад хүн орчуулагчтай суучихсан. Орчуулаад яриад явах гэхээр сонсох минь хоцроод байхаар нь эхлээд  сонссоноо бичиж тэмдэглээд явсан. Дараагаар нь цаг гаргаж байгаад нэг бүрчлэн хэлж өгсөн юм.

Тэгээд тэмдэглэсэн цаас минь сая гарч ирэхээр нь хаячих гэснээ эндээ хуулж үлээе гэж бодоод. Юмыг яаж мэдэхэв зарим нэг ээжид хэрэг болох ч юм билүү тэ?

Гол агуулга:

"Таны хүүхэд баяр хөөрөөр дүүрэн сургуульдаа ирэхэд хагас жил л үлдээд байна. Сургуульд орно гээд догдолж байна уу? Цүнхээ бэлдэж амжсан уу? Цүнхээ хараад баярлаж байна уу?"

Гэж яриагаа эхэлсэн. Нээрээ л ямар өнгөтэй цүнх авах уу? Ямар хувцастай явах уу? гээд л догдлоод л суудаг шүү, хүүхэд, хөөрхөн.

"Суурь боловсрол нь бага сургуульд 6 жил, дунд сургуульд 3 жил нийтдээ 9 жил суралцана. Анхных нь хүүхэд сургуульд элсэн орох гэж байгаа эцэг эхүүд ч гэсэн догдлохын хажуугаар санаа зовж суугаа байх. Хэрэв санаа зовж байвал ойр хавьд чинь байгаа архаг ээж аав нараа асууж зөвлөлдөж болно шүү. Тэгвэл бас хэрэгтэй мэдээлэл олж авч болох юм."

Эдний ээжүүд бие биенээсээ их асууж зөвлөлдөг юм билээ. Тэгдэг гэсэн, ингэдэг гэсэн гээд л хов ярьж байгаа юм шиг л. Би ч нэг их асууж байгаагүй л дээ. Угаасаа маматомо гээч юмнаас хол явдаг. Хэ хэ.

"Бага сургууль нь таны хүүхдийг аюулгүй орчинд сурч боловсрох тал дээр анхаарч ажиллаж болно. 1. Мэдлэг ур чадвар, 2. Хүнлэг чанар, 3. Бие бялдрын хөгжил гэсэн гурван зүйлийн тэнцвэрийг зорьж ажиллана. Тухайн бага сургууль бүр өөрийн гэсэн зорилтыг тавьж ажилладаг. Ихэнх сургууль зүрх сэтгэл, биеийн хөгжлийг чухалчлана. Багш-сурагч-эцэг эх хамтдаа суралцаад явахыг эрхэмлэдэг.

Энэ удаад таны хүүхэд орох гэж байгаа сургуулийн зорилт нь "Хүүхэд тань өөрөө сурах гэсэн тэмүүлэлтэйгээр суралцах, мөн аливаа зүйлд тууштай хандах" юм. "

Үүнийг сонсоод бага зулзагын сургуулийн захирал бас иймэрхүү зүйл ярьж байсан шүү. Хамгийн гол нь бие бялдрын хөгжил. Хүүхэд эрүүл саруул байж байж толгой нь ажиллана, сургуулийн орчинд найз нөхөдтэй хамт суралцаж чадна гэж.

"Хүүхдийг багаас нь нийгмийн хүн гэдэг утгаас нь багаар ажиллаж сургах. Үүнд хамтдаа сургуульдаа ирж очих, анги бүлэг болж хичээллэх. 1-6 ангийн хүүхдүүд бие биенийгээ мэддэг байх, хүндэлдэг байх, мэндэлдэг байх, ах эгч нарынхаа үгийг сонсдог байх зэрэгт сургана. "

Үүнийг сонсоод бас л бага зулзагаа санав шд. Өглөөд цугладаг газарт нь 6 ангийн сэнпай нь гарч ирээд л бааварлаж харагддаг юм. Хэ хэ. Бага зулзагыг чих зөөлөнтэйгөөр нь зараад байх шиг байдын. Оройтоод гарч ирдэггүй хүүхдүүдийг миний зулзага дууддаг гэсэн. Хонхыг нь дарж. Бага зулзага яг цагтаа гарч очдог болохоор, тэгж зарагддаггийг нь мэдсэнээс хойш ганц нэг минут хоцорч гаргуулах гэж үзээд байна аа энэ ээж. Хэ хэ.

"Цэцэрлэгээс ялгаатай нь цагийн хуваарь гаргаж, цаг баримтлах гэсэн зүйлд суралцаж эхэлдэг. Нэг хичээлийн цаг нь 45 минут байна. Үүнд гэртээ буюу ээж аавын оролцоо бас их чухал. Гэртээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгөх, хоорондын бат бөх харилцаа мөн чухал. Хүүхдэд амьдрах чадвар, бие даах чадварыг эзэмшүүлэхэд эцэг эхийн нөлөө мөн их. Сургууль дээрээ болсон зүйлээ гэрийнхэнтэйгээ зөвлөлдөг байх, гэртээ харихад сэтгэл санаа нь амардаг, тайвширдаг газар байлгахыг хүсч байна.

Хүүхдийнхээ үгийг сайн сонсдог байх. Ажил ихтэй завгүй байсан ч багахаан цагийг л хүүхдэдээ зориулж сонсож чаддаг байх."

За би нь үүнийг сонсоод бас өөртөө дүгнэлт хийлээ. Юу билээ? Би ингэж сонсож чаддаг билүү? гэж өөрийн эрхгүй бодсон.

Овоо хэдэн хуудас байна. Үлдсэнийг дараагийн бичлэгт. Түр завсарлага.

Wednesday, December 05, 2018

Тун удахгүй

Тун удахгүй шинэ он гарлаа шүү дээ, манайхаан. Юу бодож сууна даа?

Шинэ жилийн үдэшлэгээ л болож сууна уу? Юу өмсөх вэ гэж бодон сууна уу?

Сэтгэлийг нь улам гэгэлзүүлээд гого зураг оруулна аа, ядын.
Дэлгүүр хоршоонууд иймэрхүү том том сүлд мод зассан байсан. Энэ эртээд улсаа танилцуулах гэж очихдоо бяцхан цамхагийн үүдэнд байсан сүлд мод. Хараад л шууд гэрийнхээ модыг засах юмсан гэж бодогдсон. 
Санта өвөө энэ жил ч ирээсэй гэж бага зулзага хүссэн. Тэгээд энэ зургийг ээждээ дарж өгсөн. 
Тэгээд сүлд модных нь доор ийм олон бэлэг үлдээсэн байгаасай гэж хүссэн. Шуналтай ч зулзага бол доо?
Суугуул хотын их дэлгүүрийн өмнөх талбай. Энэ өвөл ийш тийшээ ажлаар явахгүй тул бүр ч том том сүрлэг сүлд модны зураг авч чадахгүй нь ээ. Том хотуудын том том газрууд гоё мод засдаг юм. Би чинь хөдөөний хөөн юм болохоор даруухаан даруухан. 

12 сард ерөнхийдөө тайван байна. Элдэв ажил төрөл байхгүй. Хувийн ууж идэх ажил бол бий бий. Яаж зүгээр байхав. Тийм ээ? 

Гэснээс нэг шалгалтаа дууссан. Гоё монгол ном, япон ном уншмаар санагдаад байсныгаа хэрэгжүүлэхээр зорилт тавьсан байгаа. Сурах бичиг харах чинь үнэн нойрны юм байна шүү дээ. Тэгээд л оюутан байхдаа хичээл хийх дургүй байж. Хэ хэ. 

Дараагийн шалгалт 1 сарын дундуур. Хаа ч байсын тэ? Хи хи. Энэ нөхөр бас л цагийг нь тулгах гээд байна аа даа, тийм ээ? 

За яахав ээ яахав, тулгаж л байг. Ккк

Thursday, November 29, 2018

Унадаг дугуй

Эд нар унадаг дугуйг сайн унана шүү. Бүр эрүү өвдөг нь нийлэх гэж байгаа эмээ өвөө нар хүртэл дугуй унана гээч.

Би ирснийхээ дараагаар хэсэгтээ унадаг байсан л даа. Жин нэмээд байна гэдэг шалтгаанаар явган явдаг болоод, сүүлдээ чийчаан гээч юмтай болсноосоо хойш унсангүй ээ.

Эдний ээжүүдийг ялангуяа биширдэг юм. Урдаа, хойно оо хүүхдээ суулгаад л жийнэ шүү дээ. Гайхалтай.
Монголоос ажлаар ирсэн залуу
-Эд нар хөгийн дугуй унах юм.
-Хөгийн гэдэг нь?
-Загвар нь.

Гэсэн. Эд нар чинь манайхан шиг хэлбэр хөөхгүй л дээ. Хэрэгцээндээ тааруулж, мөн хэтэвчиндээ тааруулж эдэлж хэрэглэдэг улс шүү дээ. 

Саяхан нүүр номоор бусдад гоё сайхан харагдах гэж хэрэглээ өндөртэй байдаг гэсэн шүүмж яваад байсан даа. Үнэн санагддаг шүү. 

Манайх ингэж дугуй унадаг болчихвол их олон асуудал аяндаа шийдэгдэнэ дээ тийм ээ?  Хүмүүсийн хөдөлгөөн, машин авах гэж, бинзен тос гэхгүй ядахдаа зун нь асар их хэмнэлттэй. Хувь хүний хэтэвчинд, алсдаа улсын эдийн засагт гээд л. Өвөл ч хэцүү л дээ. Хальтиргаа гулгаа гээд л тийм ээ?

Энэ зураг дээрх бол гайгүй, тоо нь цөөхөн байна. Хот газар үүнээс ч ихийг эгнүүлээд тавьчихсаныг олж харна. 

Гэрлэн дохио хүлээнгээ зураг дарсан шиг л зогссон бөлгөө.