Friday, December 07, 2018

Бага сургуульд ороход-Хэрэг болж магад 2

Үргэлжлэл

Юу гээд зогслоо? Аан тийм.

Бага сургууль, гэр бүл, хороо энэ гурвын харилцан хамаарал, холбоотой ажиллах нь чухал. Тухайн орон нутгийн хүмүүс бол хүүхдийг үнэт зүйлсээ гэж үздэг, тэдний төлөө сайн дурын ажилд хэзээд бэлэн байдаг.

Хүүхдийнхээ өмнө бага сургууль болон багш нарыг муулахгүй байх. Санаандгүй хоорондоо ярилцсан ч түүнийг нь хүүхэд сонсож байдаг. Хэрэв ямар нэг хэлэхээр зүйл байвал шуудбагш нартай, сургуультай холбогдож зөвлөгөө авна уу?

Гэсэн. Нээрээ л энд тухайн хороонд нь суудаг эмээ өвөө нар өглөөд сургуульд явахад нь гэрлэн дохион дээр, тарахад нь бас гэрлэн дохио зэрэгт зогсож байдаг. Мөн нэг дүгээр ангийн цүнхээ үүрч ядсан жаахан амьтдыг бараг л гэрт нь хүргэж өгөх нь холгүй л байна шүү.

Ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход хүүхдийн харих газар нь гэр бүл, халуун дулаан гэр угтах ёстой. 

За энэ бол цэвэр сүүлийн үеийн нийгмийн тулгамдаж буй асуудлынх нь нэг болоод байгаа. гэр бүлийн салалт, гэр бүлийн таагүй уур амьсгал, сургууль дээрх таагүй зүйлээс болоод гэрийнхэнтэйгээ зөвлөлдөж чаддаггүйгээсээ болоод гэртээ харих дургүй байдаг хүүхэд их болсонтой холбоотой.

За тэгээд хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг бол урт юм шиг хэрнээ богино хугацаа шүү дээ. Жишээ нь хүүхэд бага сургуулийнхаа 6-р ангиас эхлээд томроод, найз нөхөд гээд бага багаар эцэг эхээсээ хөндийрч эхэлдэг. Тийм болохоор энэ 1, 2, 3-р ангийн гурван жил их чухал.

Гэсэн. Бодоод байсан энэ бол яг үнэн. Том зулзага одоо бол чимээгүй л нэгэн хүн байна. Найз нөхөд, сургууль гээд л завгүй хүн, бидэнтэй жаахан байсан шигээ нээлттэй бус л байгаад байх шиг. Ээж бол ерөнхийд нь харсхийгээд л явна даа. Яваандаа гайгүй болох байх, тэр болтол хэт яарахгүй байх.

Ном сайн унших. Номоор дамжуулж эцэг эх хүүхдийн хоорондын яриа хөөрөө ихсэнэ. Сэтгэхүй нь ч хөгжинө. Өөрөө номынхоо баатрын дүрд хувиран уншина, сэтгэл зүрх нь нинжин сэтгэлээр баяжина. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ном уншлаа гээд чухам онц сураад явахгүй. Хамгийн гол нь хүүхэд өсч томрохын зэрэгцээ ном унших дадал нь үүргээ өгч эхэлнэ

Хүүхэд эцэг эхийнхээ тусгал нь байдаг. Ээж аавыгаа харж өсч өндийдөг, хүмүүждэг. Өдөр тутам үглэснээр бус, үйлдлээс чинь суралцаж байдаг. Таны хийсэн сайн ч үйлдэл, муу ч үйлдлийг өөрийн мэдэлгүй дуурайж байдаг. 

Хүүхдийнхээ үгийг сонсож, хүүхэд ээж аав намайг харж байгаа, надад хайртай гэж мэдэрч өсөх юм бол өрөвч нинжин сэтгэлтэй болж өсдөг. 

Гэртээ зурагт үзэх цаг, пс тоглох цаг зэрэгт хяналт тавих. 

Гэх мэтээр ярив. Авахыг нь аваад, хаяхыг нь хаяна биз дээ. Одоо бага зэрэг үлдсэн. Үргэлжлэлийг дараагийн бичлэгт.

No comments:

Post a Comment