Thursday, December 06, 2018

Бага сургуульд ороход-Хэрэг болж магад гээд

10 сард нэг орчуулганд яваад өө. Нэг хөөрхөн хүүгийн, яагаав бага зулзагын монгол хэлний багш. Ирэх 4 сард 1 дүгээр ангид орох юм л даа.

Тэгээд хотын захиргааны боловсролын газраас зохион байгуулдаг эрүүл мэндийн үзлэгт хамрагдахад нь цуг явсан юм. Харъяа сургууль дээр нь болно.

Энэ тухай ер нь бичсэн дээ. Энэ удаад мэргэжлийн хүний хийсэн яриаг нь оруулах гээд. Олон хүнтэй, хажууд бас нэг гадаад хүн орчуулагчтай суучихсан. Орчуулаад яриад явах гэхээр сонсох минь хоцроод байхаар нь эхлээд  сонссоноо бичиж тэмдэглээд явсан. Дараагаар нь цаг гаргаж байгаад нэг бүрчлэн хэлж өгсөн юм.

Тэгээд тэмдэглэсэн цаас минь сая гарч ирэхээр нь хаячих гэснээ эндээ хуулж үлээе гэж бодоод. Юмыг яаж мэдэхэв зарим нэг ээжид хэрэг болох ч юм билүү тэ?

Гол агуулга:

"Таны хүүхэд баяр хөөрөөр дүүрэн сургуульдаа ирэхэд хагас жил л үлдээд байна. Сургуульд орно гээд догдолж байна уу? Цүнхээ бэлдэж амжсан уу? Цүнхээ хараад баярлаж байна уу?"

Гэж яриагаа эхэлсэн. Нээрээ л ямар өнгөтэй цүнх авах уу? Ямар хувцастай явах уу? гээд л догдлоод л суудаг шүү, хүүхэд, хөөрхөн.

"Суурь боловсрол нь бага сургуульд 6 жил, дунд сургуульд 3 жил нийтдээ 9 жил суралцана. Анхных нь хүүхэд сургуульд элсэн орох гэж байгаа эцэг эхүүд ч гэсэн догдлохын хажуугаар санаа зовж суугаа байх. Хэрэв санаа зовж байвал ойр хавьд чинь байгаа архаг ээж аав нараа асууж зөвлөлдөж болно шүү. Тэгвэл бас хэрэгтэй мэдээлэл олж авч болох юм."

Эдний ээжүүд бие биенээсээ их асууж зөвлөлдөг юм билээ. Тэгдэг гэсэн, ингэдэг гэсэн гээд л хов ярьж байгаа юм шиг л. Би ч нэг их асууж байгаагүй л дээ. Угаасаа маматомо гээч юмнаас хол явдаг. Хэ хэ.

"Бага сургууль нь таны хүүхдийг аюулгүй орчинд сурч боловсрох тал дээр анхаарч ажиллаж болно. 1. Мэдлэг ур чадвар, 2. Хүнлэг чанар, 3. Бие бялдрын хөгжил гэсэн гурван зүйлийн тэнцвэрийг зорьж ажиллана. Тухайн бага сургууль бүр өөрийн гэсэн зорилтыг тавьж ажилладаг. Ихэнх сургууль зүрх сэтгэл, биеийн хөгжлийг чухалчлана. Багш-сурагч-эцэг эх хамтдаа суралцаад явахыг эрхэмлэдэг.

Энэ удаад таны хүүхэд орох гэж байгаа сургуулийн зорилт нь "Хүүхэд тань өөрөө сурах гэсэн тэмүүлэлтэйгээр суралцах, мөн аливаа зүйлд тууштай хандах" юм. "

Үүнийг сонсоод бага зулзагын сургуулийн захирал бас иймэрхүү зүйл ярьж байсан шүү. Хамгийн гол нь бие бялдрын хөгжил. Хүүхэд эрүүл саруул байж байж толгой нь ажиллана, сургуулийн орчинд найз нөхөдтэй хамт суралцаж чадна гэж.

"Хүүхдийг багаас нь нийгмийн хүн гэдэг утгаас нь багаар ажиллаж сургах. Үүнд хамтдаа сургуульдаа ирж очих, анги бүлэг болж хичээллэх. 1-6 ангийн хүүхдүүд бие биенийгээ мэддэг байх, хүндэлдэг байх, мэндэлдэг байх, ах эгч нарынхаа үгийг сонсдог байх зэрэгт сургана. "

Үүнийг сонсоод бас л бага зулзагаа санав шд. Өглөөд цугладаг газарт нь 6 ангийн сэнпай нь гарч ирээд л бааварлаж харагддаг юм. Хэ хэ. Бага зулзагыг чих зөөлөнтэйгөөр нь зараад байх шиг байдын. Оройтоод гарч ирдэггүй хүүхдүүдийг миний зулзага дууддаг гэсэн. Хонхыг нь дарж. Бага зулзага яг цагтаа гарч очдог болохоор, тэгж зарагддаггийг нь мэдсэнээс хойш ганц нэг минут хоцорч гаргуулах гэж үзээд байна аа энэ ээж. Хэ хэ.

"Цэцэрлэгээс ялгаатай нь цагийн хуваарь гаргаж, цаг баримтлах гэсэн зүйлд суралцаж эхэлдэг. Нэг хичээлийн цаг нь 45 минут байна. Үүнд гэртээ буюу ээж аавын оролцоо бас их чухал. Гэртээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгөх, хоорондын бат бөх харилцаа мөн чухал. Хүүхдэд амьдрах чадвар, бие даах чадварыг эзэмшүүлэхэд эцэг эхийн нөлөө мөн их. Сургууль дээрээ болсон зүйлээ гэрийнхэнтэйгээ зөвлөлдөг байх, гэртээ харихад сэтгэл санаа нь амардаг, тайвширдаг газар байлгахыг хүсч байна.

Хүүхдийнхээ үгийг сайн сонсдог байх. Ажил ихтэй завгүй байсан ч багахаан цагийг л хүүхдэдээ зориулж сонсож чаддаг байх."

За би нь үүнийг сонсоод бас өөртөө дүгнэлт хийлээ. Юу билээ? Би ингэж сонсож чаддаг билүү? гэж өөрийн эрхгүй бодсон.

Овоо хэдэн хуудас байна. Үлдсэнийг дараагийн бичлэгт. Түр завсарлага.

No comments:

Post a Comment