Showing posts with label Эмзэглэл. Show all posts
Showing posts with label Эмзэглэл. Show all posts

Friday, January 11, 2019

Цагаан ногоон сарын эргэн тойронд

Шинэ жилийн үдэшлэгүүд дуусаад шууд л цагаан ногоон сар. Ямар ч амсхийх цаг зав гаралгүй шүү.

Би энд нэг их тоохгүй, холуур байгаа ч...

Эх оронд минь буй ижий аав минь шууд л ханцуй шамлан орж байна. Хэдэн хүүхдүүд нь гадагадад. Туслах хүн байдаггүй. Гэхдээ ах дүү, хамаатан садан олонтой, аав минь өөрөө хүнд тусархаг тулдаа олны хүчээр бууз баншныхаа ард гарчээ.

Дашрамд байнга орж гардаг, туслаж байдаг хэдэн төрөл садандаа баярлалаа. Буян нь дэлгэрэг ээ.

...Эндхийн цагаан сарын авсаархан болдгийг би их гайхна аа. Яаж тэгж чаддаг байна аа гээд л. Уг нь уулзалгүй удсан хүмүүс уулзаад л, ярьж хөөрөөд л халуун дотно сайхан уулзалт өрнөөд л, сайхан баяр тийм ээ?

Эндхийнхэн цагаан сараараа хол байдаг садан төрлүүд, найз нөхөд хоорондоо ил захидлаар л мэнд мэдээд өнгөрнө. Өнөөгийн бидний хэлдгээр амьд харилцаа байхгүй шүү.

Харин давуу тал нь эдийн засгийн хувьд их энгийн, хэмнэлттэй тэмдэглэж чадаад байгаад оршино. Мөн томчууд хоорондоо бэлэг солилцохгүй. Уулзалдсан хүүхдүүддээ л дугтуйтай мөнгө бэлэглэдэг. Энэ тухай бараг жил бүр л бичиж байна дөө.

Монгол дахь ээж аавдаа та 2 минь өөрчлөлт хийгээд, энэ жилдээ бэлэггүй шинэл гэж үглээд л, жил бүр. За гэсэн мөртлөө л бэлэг барьж гүйгээд л.

Нүүр номоор ч шуугиад л байх хэрнээ хэрэгжүүлж байгаа хүмүүс нэг ч алга нь жаахан тийм. Харамч, нарийн, хүүхдүүд нь гадаадад байдаг байж царай алдсын энэ тэр гэсэн олны үгэнд санаа нь зовдог юм шиг байгаа юм.

-Би ч хэлдэг л дээ. Энд ирээд удчихсан бидний нэр нүүрийг бодоод яахав ээ? Их л сайндаа нарийн юмнууд, мөнгө зураад сууж байдгийн байж ээж аавыгаа харж үздэггүй гэж хэлэх биз? 
Монголчуудаа, төрөл садандаа, найз нөхөддөө муу хэлэгдэх яахав ээ? Энд хүний газар л эх орныхоо нэрийг мандуулж гийгүүлдэггүй юм аа гэхэд ядаж гутаалгүй явахад болно шүү дээ гэж их үглэнэ ээ. Сонсохгүй нь сайхан л даа. Хэ хэ. 

Тийм биз дээ. Та нар ямар бодолтой байна. Мэдээж бэлгэдлээ бодож бид эндээ ч сайхан шинэлнэ л дээ.
Энэ япончууд цагаан сараараа айл гэрийн үүд, дэлгүүр хоршооны үүд, сүм хийдийн үүд гээд л чимэглэдэг чимэглэл нь. Тус бүрдээ утга агуулгатай, учир жанцантай. Энэ тухай нетэд зөндөө байдаг байх аа, сонирхсон нэг нь хайж үзнэ биз ээ.

Нэг л төрлийн хоолыг орсон айл бүртээ идэх бас л мэдрэмж, сонин баяр шүү гэж нэгэн танил япон өвөө хэлж билээ. Хи хи. Бодоод байсан чинь бас л тийм байгаа биз? Орсон айл бүрт өөр өөр хоол иддэг бол гоё тээ. Нэг бол хаа нэгтээ бөөнөөрөө цуглаад, гэр гэрээсээ өөр өөр хоол хийж ирээсд идэцгээвэл сонирхолтой байж магад л юм тийм ээ?

Ямартай ч өрөнд оролгүй, ядралгүй, эрүүл саруул баяраа тэмдэглэцгээнэ шүү манайхаан.

Би ч эндээ гэрээсээ хол хэдэн хүүхдүүдэд бууз бэлдэж хөлдөөнө даа. Яг шинийн нэгэндээ ирж амждаггүй ч шинийн 8-ндаа багтаад ороод л ирдэг юм. Ямар ул боов, ууц энэ тэр гэх биш. Нэг бодлын амар, шинэлж дуусаад идэж барахгүй хаяад байдаг сурагтай хэвийн боов энэ тэр гэж мөнгөө үрэхгүй хэхэ.

Хадуурахаасаа өмнө өндөрлөе дөө. Ганц нэг хүн олж уншчихаад бэлэггүй зүйл ярьлаа энэ тэр гээд загнаад унана. Хо хо.

Tuesday, November 20, 2018

Атаархаж байна өө

Суугуул нутгийн минь бага, дунд, ахлах сургуулиудын номын сан гэж үнэн атаархмаар гэж олон бичсэн дээ.

Саяхан бага зулзага бөөн баяр хөөртэй орж ирсэн. Юу болсныг асуусан чинь
-Энэ жилийн зээлж уншсан ном 100 хүрсэн тул 5 ном зээлэх эрхтэй болсон. Өнөөдөр би 5 ном зээлчихлээ.

Атаархал төрж байгаа юм чинь. Эх орны минь сургууль, цэцэрлэгүүд хөөрхөн номын сантай байгаасай. Шинэ ном худалдаж авахад төрөөс, улсаас төсөв гаргадаг байгаасай. Бяцхан жаалууд, сурагчид номонд дурладаг байгаасай...

Гээд л зөндөө хүсэх зүйл, атаархах зүйл байх юм. ЖДҮ-с өчнөөн төчнөөнөөр нь зээлж авч, халаасандаа хийдэг хүмүүст хэлэх үг олдохгүй юм. Тийм ээ?

Яалтай ч билээ? Улс эх орноо гэдэг хэдэн сайхан япон хүмүүсийг аваачаад төр бариулчих юмсан. Хэ хэ.

Ээж нь бас энд тэндээс ном зөөгөөстэй гэж болохоор бага зулзага 200 хол давсан ном уншсан байх аа. Тэгэхэд ээж гарын таван хуруунд тоологдохоор л уншсан байна. Энд бичсэн хэдийг л.

Сурах бичиг унших үнэн миа байна аа. Хэ хэ. Шууд л нойр хүрч байна шд. Та нар бас тэгдэг үү?

Гэснээс шалгалтын минь хуудас ирсэн. Ашгүй ойрхон газар өгөхөөр болсон. Их л сүртэй зүйлс бичээстэй байна лээ. Анхааруулга гэж.

Наана нь хувьсгалын ажил зөндөө байна, давж гарах л байгаа даа.

Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж бичлэгээ өндөрлөе дөө. Бүгдийх нь унших их үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.

Sunday, September 30, 2018

Зохион бичлэгийн хичээл ордог биз дээ?

Сүүлийн үед эмзэглэдэг болсон нэг зүйлийнхээ тухай хэдэн үг сараачихаас...

Ерөнхий боловсролын хичээлд зохион бичлэгийн хичээл гэж ордог биз дээ? Энэ чинь одоо.

Суугуул нутагт минь 2 жилд нэг удаа эх орноос минь арван жилийн сурагчид ирж, олон л арга хэмжээнд оролцоод буцдаг юм. Овоо ч хэд хононо.

Айлд байрлана, далайн усанд шумбана, цэцгийн хүрээлэн үзнэ, сургуульд явна, сургуулиас болон хорооноос зохиож буй элдэв арга хэмжээнд оролцоно. Хоорондоо япон хэлээр илтгэлийн тэмцээн зохиож, байр эзлэнэ.

Эндэх арга хэмжээ яахав, япончууд зохион байгуулдгийнхаа ачаар зохион байгуулалт сайтай болж өнгөрнө.

Харин иртлээ, буцсаны дараах ажлууд үнэн хайнга, хойрго явагдана. Иртлээ яах вэ гэхээр, онгоцны тийзээ оройтож захиалсны уршгаар хөтөлбөрт саад учрана. Энэ жил бүр том паагталсан. Насанд хүрээгүй хүүхдүүдийг авч явах гэж байж эцэг эхээс нь итгэмжлэл аваагүйн улмаас онгоцондоо сууж чадаагүй, бөөн л юм болсон. Эцэг эхүүд муугаар нь дагаж явах гэж байгаа багшийг харааж, загнасан сурагтай. Хүүхдийн байгууллагын дарга нарыг загнасан эсэхийг мэдэхгүй л байна. Өөрсдөө ч эрх танхи хүүхдээ явуулах гэж байж энэ талаар судалсан байх ёстой юм байгаа юм.

Буцсаны дараагийн ажил гэхээр? Гэртээ байлгасан, арга хэмжээг зохиосон япон ээж аавдаа, сургуульдаа, найзууддаа захиа бичих. За энэ бол үнэн сэтгэл эмзэглүүлсэн зүйлийн минь нэг.

Эртнээсээ бид хоорондоо захиа занаа бичээд байдаг уламжлал ховор болохоор ч тэр юм үү? Худалч хүнд уртаас урт мөртлөө хоёрхон өгүүлбэр л биччихнэ. Япон хэл сурч байж тухайн хэлээрээ биччихгүй, аминдаа л мундаг өгүүлбэр бичих гээд тэр юм уу? Монгол хэлээрээ биччихнэ. Түүнийг нь би орчуулах гэж хөөрхөн цаг зав зарцуулна.

Хоёрхон өгүүлбэр юм бол юунд нь цаг зардаг юм? гэж үү? Өмнөөс нь ичээд байдаг юм. Бүгд шахуу нэг утгатай өгүүлбэр биччихсэн байдаг тул.

Зохион байгуулдаг нэгэн ааштай эмээ үгээ хэлнэ бас.
-Жаахан дэлгэрэнгүй бичиж болдоггүй юм байх даа? Жишээ нь анх удаа далайн усанд шумбаж үзсэн юм бол ядаж ус хүйтэн байлаа ч гэдэг юм уу?, шорвог байсан ч гэдэг юм уу?
-Харин тийм ээ. Манайхан чинь тэр бүр та нар шиг захидлаар харилцаад байдаггүй тул, захидал бичих гэхээр тэвдээд санаанд нь орж ирдэггүй байх л даа...
гэж би өмөөрнө.

Эмээ дуугүй байхгүй шүү дээ.
-Хичээлд нь ядаж зохион бичлэгийн хичээл ордог биз дээ? Энэ чинь одоо.
-Ордог л байсан даа, одоо ч бий гэж бодож байна.
-Тэгээд? Юу заадаг юм? Бла бла

Энд ирснээс хойшхи арван хэдэн жилд нэлээд хэдэн хүүхдийн захиа занаа, сэтгэгдлийг орчуулсан. Дээрдсэн зүйл нэгээхэн ч үгүй. Шилдэг сурагч энэ тэр гэсэн тодотголтой хүүхэд ч байна. Зөв бичгийн дүрэм энэ тэр бас л...

За яахав эд нар монгол мэдэх биш, ядаж агуулга нь арвин дэлгэрэнгүй байгаасай гэж их горьдоно.

Заримдаа захиа авах хүний сэтгэлийг бодоод ганц нэг үг, өгүүлбэр нэмж орчуулна. Хэцүү хэцүү.

Яг одоо өмнөө хэдэн захианы дэлгээд тавьчихсан сууж байна л даа. Биенээсээ хуулчихсан гэмээр адилхан өгүүлбэрүүдийг яалтай ч билээ.

...Япон явж үзсэндээ баяртай байна. Японы соёлоос танилцсандаа баяртай байна. Танайд байрлахад хөгжилтэй байлаа. Сургууль нь их том байлаа...

Ингээд л болоо. Сургуулийн яг юу нь сонирхолтой байсан? Япон айлд байрлаад юу нь хөгжилтэй байсан? Ямар соёлтой нь танилцсан? Гээд л бичээд л байвал хэдэн хуудас ч дүүрэхээр сэдэв.

Үг ч олдлоо, ажлаа хийе дээ...

Өө тийм, гадаад хэл сургаж болно оо хүүхдэдээ. Хажуугаар нь эх хэл дээр ном сайн уншуулаачээ, зохион бичлэг сайн бичүүлээч ээ...

Monday, July 02, 2018

Амьд явахын төлөөх тэмцэл

Аяа бас л аймаар түүх.
Аймаар улс.
Аймаар сонголт
Айхтар тэмцэл...

Нэлээд хэдэн жилийн өмнө дэлхий нийтээр шуугисан даа. Би одоо л номыг нь уншиж эхэлж байна. Дуусаагүй л дээ.

Тээр жил "Атаархах эрхгүй" гэдэг номыг уншаад бас сэтгэл сонин болж байсан шүү. Хойд Солонгосын үнэн дүр төрх.

Нүүр номоор яваад байсан даа, манай 80-д оныхны ганц гайгүй яваа залуугийн удирдаж буй улс, ард түмэн...

Пак Ёнми охины тухай мэдэх байх өө тийм ээ? Би их хожуу л унших гэж байгаа болохоос.

Төрсөн нутаг Хойд Солонгосоосоо дүрвэж, амьдрахын тулд бас л тэмцэж ирсэн. Амьд явахын тулд ингэж тэмцдэг юм байна шүү дээ. Тэгэхэд хааяа нэг муу хар юмны араас үхэн хатан гүйгээд, бүтэлгүйдээд, агшиндаад байдаг охид нэг уншвал тийм ээ.

Еэ бас л яаж Хойд Солонгост очоод төрчихөөгүй юм...

Одоо төр засаг минь жаахан сэтгэл гаргаад ажиллачихвал миний Монгол уг нь баялагтай, аз жаргалтай орон юм байгаа юмсан.

Хэдэн ханаж цадахаа мэдэхээ байчихсан дарга нарын л чин сэтгэл мэдэх гээд  байх юм.

Боддог юм. Тэдний үр хүүхэд аавыгаа, ээжийгээ буруу зүйл хийгээд байхад жаахан загнаад, уурлаад явахад яадаг байна аа тэ?

Тархины тураалыг бичсэн Аяко хэлдсэн байдаг даа. Аав ээжийнхээ хахуульны мөнгөөр гадаадад сураад, ичих ч үгүй яваад байдаг гэж...

Би бол үр хүүхдээ хойшид толгой бардам, ээж ааваараа бахархаад яваасай гэж л хүсдэг. Өөрөө ч ээж ааваараа бахархдаг. Хэдийгээр хоёр иддэг тансаг өсөөгүй ч, бидэнд амьдралын ухааныг ихээр хайрласан. Хүнд тусархаг зан нь өвлөгдсөн. Эргэж хариу нэхэлгүй зөндөө л хүмүүст өөрийн чадах зүйлээрээ тусалсан байдаг.

За за юу ярьж байлаа? Ном, Хойд Солонгос. Ямартай ч уншина гэж төлөвлөсөн байсныгаа эхлүүллээ. Энэ сардаа амжаад дуусгахыг хичээнэ ээ. Ажлын газрын нэг хүүхэн "аймар ном" гэсэн. Сэтгэл эмзэглүүлсэн зүйл ихээр гарна, сэтгэл зүйгээ бэлдээд л уншина даа.

Ярилцлага нь нэт, юүтүбээр их байдаг юм шиг байна лээ. Хэрэв номыг нь унших боломжгүй бол бэлэнчлээд, олж үзээрэй...

Өөртөө амжилт,  мөн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, талархаж амьдрана аа.

Wednesday, May 09, 2018

Яа?

Энэ онгоцны тийзний үнэ гэж айхтар тэнгэрт хадсан зүйл байх юм аа тэ?

Бид бол гэрээрээ аль хэдийн сэтгэл санаагаа шулуутгаад, зун нэг харьж ирдэг юм уу? гэснээ больчихсон байгаа л даа.

Харин дунд сургуульдаа монгол явж байсан нэгэн япон охин, их сургуулийнхаа шугамаар зун монгол явчихаад ирэх юм гэнэ. Онгоцныхоо тийзийг өөрсдөө гаргах ёстой гэнэ. Тэгээд л намайгаа монгол юм болохоор асууж ирэв ээ.

Би ч дотроо тэнгэрт хадчихсан байгаа өнөөх нь гэж бодсон хэрнээ л асууж сураглаж өглөө. 8 сарын тийз бараг 3 сая төгрөг байна. Тэгээд л бодов, 4 хүнийх нийлээд 12 сар төгрөг. Хөөрхөн бизнес эрхлэх хөрөнгө үү үгүй юу?

Хань ижил сонсчихоод дээр үеийн юм яриад байх юм? Одоо чинь 12 сая төгрөгөөр юм хийнэ гэж лөөлөө байхөө? л гэсэн. Толгой дохиод л өнгөрлөө.

12 сая төгрөг чинь их мөнгө биз дээ? Ямар нэгэн юм хийе гэвэл болно биз дээ? Хэ хэ.

Яг юу хийх үү? гэхээр бас толгойд орж ирэхгүй л байна л даа. Банкинд хийж хүүг нь идэх. Даанч тэр 12 сая маань бэлэн биш л дээ. Ха ха.

За юу ярьж байлаа?

Өнөөх япон охин маань нүдээ аниад явахаар л боллоо, хөөрхий минь. Бээжингээр нь арай хямд юм. Солонгосоор дамжих нь тамтаггүй ээ.

Гэснээс хэд хоногийн өмнө энэ монгол солонгос хоёр чинь хуйвалдаад үнээ тэнгэрт хадаачихсан юм гэж сонссон. Үнэний ортой байх шүү.

Эндхийн мэдээгээр korean air компаний дэд захирал хүүхэн ажилтнаа онгоцонд өгдөг самарыг ууттай нь тавьлаа гэж уурлан өвдөг сөгдүүлсэн, үйлчилгээ хариуцсан ажилтныг загнаж онгоцноос буулгасан гэх мэт асуудлаас болоод бөөн л шуугиан дэгдээсэн шд.

Бүр "самар гүнж" энэ тэр гээд хочтой болчихсоон явж байна лээ. Саяхан бас дүү хүүхэн нь яаачихсан гэчихэв ээ. Ус цацсан хэрэгт орсон?...

Гэх мэтчилэн хараад байхад энэ солонгос монголчууд яачихсан улс байдаг байна аа? Үнэ мүнээ жаахан газартай ойртуулмаар байх юм. Хөөрхий муу ард иргэд нь хохирч дуусах юм...

Санахын жаргалаа эдлээд л ажил албандаа хичээе дөө.

Tuesday, May 08, 2018

Эмнэлэг домнолого

Суугуул мужид минь монголоос эмчлүүлэх гэж хүн ирсэн байгаа юм.

Бид монгол хоол цайгаа бариад л эргэж очлоо. Монголоороо, хэхэ. Түүнээс энд хүн эргэхдээ хоол цай гэдэггүй болохоор.

Жаал ярьж суулаа. Монголдоо жил тойрон эмнэлгээр явсан улсуудын яриа.

  • Монголд эмч нарын, сувилагч нарын, эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа улсуудад сэтгэл гээч юм их дутагддаг. Их ааштай, ууртай. Хүн ялгаж харьцана. Мөнгө их харна. Эмнэлгийн үйлчилгээ авах гэж дугтуйтай мөнгийг байнга л бэлэн байлгахгүй бол үнэндээ өвчтөнгүүд бол хүн биш. 

  • Тоног төхөөрөмж нь муу, хагас зуун жилээр хоцроод байх шиг. Худалч хүнд ганц бүтэн төхөөрөмж байхгүй.

  • Ядуу иргэд бол үнэн өрөвдөлтэй, эмч нарынхаа аясаар, тэдний өөдөөс юм ч хэлж чадахгүй, олигтойхон шаардлага ч тавьж чадахгүй. Ар гэрийнхэн нь жаахан цор цор гэчихвэл эсрэгээсээ өвчтэй хүнийг нь дарамтлаад эхлэнэ. 

  • Сахиурын өрөөнд хулгай их гарна. Зайлуул хөдөөнөөс ирсэн улс юм аа их алдана. Хулгайчид хүний анхаарал жаахан зүйл дээр сарнихыг андахгүй. Маш сурмаг авна. 

Хааяа ээж аавыгаа эмнэлгээр яваад үзүүлж харуулаачээ гэхээр өөдөөс завгүй байна аа, оо дараалал нь дийлдэхгүй хэцүү гээд л их олон шалтаг тоочдог байхгүй юу. 

Дээрх яриаг чангаж суухдаа, зайлуул хөгшид минь насаараа л улсдаа зүтгэчихээд, эмнэлэгт сэтгэл санаа тайван үзүүлээд гарчихаж ч чадахгүй. Эсрэгээрээ эмнэлгийнхний ааш араншинд гомдоод, зүрх л савлаад, бие муудчих гээд л явдаггүй байхдаа гэж бодов. 

Бидний хэдэн монголчууд зөндөө л сайн муухайгаа ярилцсөөн. Мууллаа гэж загнах хүн байж магадгүй л дээ. Муулах биш, бодит байдал л ийм байна гэсэн. 

Ер нь монголд өвдөж болохгүй, тэгвэл тэгээд хамаг байдгаа барна, эдгэх биш улам хүндрээд л дуусах байх гэсэн. 

Эрүүл л байх минь...

Цалин нь бага юм чинь авахаас яадаг юм гэх хүн бий л байх. Гэхдээ л та нар чинь тангараг өргөсөн улс шүү дээ, эмч нар минь, сувилагч нар минь, эмнэлгийнхэн минь ээ...

Wednesday, October 05, 2016

Шинэ сар

За ингээд нэгэн шинэ сар эхэлчихэв ээ гэж. Тун удахгүй он гарах нь дээ. Дахиад л нэг жил өнгөрөх нь.

Шинэ сараа тун завгүй угтав, манайхан.

Монголоос нэгэн арга хэмжээнд оролцох гэж ирсэн элэг нэгтнүүддээ хагас өдрийн орчуулга хийв.

Төрсөн сэтгэгдэл гадаад харилцааг "гуйлга гуйх" гэж хүлээж авдгаа одоо болих болоогүй л байгаа юм байх даа...

Дотор нь анх удаагаа уулзаж байж улаан цайм гуйлга гуйгаад байх хүн байх юм. Дунд нь миний бөгс улайгаад суух юм. Гээд худлаа орчуулалтай биш.

Ер нь ийш тийшээ дарга нар айлчлаад ирлээ гэвэл та нар минь нэг их юм бодоод хэрэггүй шүү, гуйлга гуйх гэж л яваа юм гэхэд хилсдэхгүй.

Өмсөж зүүсэн, эдлэж хэрэглэж байгаагаасаа ичээд сүйд болдог юм байж. Амьтан хүн муу хэлнэ гээд л өр тавьж байгаад баяраа тэмдэглэдэг, өр тавьж байгаад гангалдаг хүмүүс шүү дээ бид чинь.

Тийм нэрэлхүү зантай байж гуйлга гуйх болохоороо ичих булчирхай нь хаа нэгтээ нуугдчихдаг юм байна.

Танилцаад нэлээд дотно болсон үедээ бол бас өөр хэрэг. Тэгтэл өнөөдөр дөнгөж уулзаад тийм юм хэрэгтэй байна, өнөө маргаашгүй гүйцэлдүүлж өгвөл сайна байна гэх.

Бас ч гэж хүссэн мэдээллээ төвөггүйхэн олж авдаг болчихсон өнөө цагт япон хүмүүстэй харьцахдаа хэрхэн хандах, юун дээр анхаарлаа хандуулах, нэрийн хуудсаа хэрхэн тараах гэх мэт зүйлийг мэдээд авчихад нэг их цаг орохгүй л байх.

За ёстой хэдхэн цаг л юм даа гэж бодоод тэвчээд л ажлаа дуусгалаа.

Хувьсгалын ажил нэг иймэрхүү.

Хувийн ажил гэвэл бага зулзага минь төгөлдөр хуур сурч эхлээд 3 сар болж байна. Тайлан тоглолтоо хийв. Богинохон боловч нэлээд хэцүү ая сонгочихоод тэрийгээ алдалгүй дарж сурах гэж нэлээд л юм болов.

Тайлан болдог өдрөө үдээс өмнөх тайзан дээрх сургуулилалт дээрээ алдаж, өөрөө түүндээ их л санаа нь зовов. Анх удаагаа том тайзан дээр гараад, гэрэлтүүлэг энэ тэр нь сүрлэг санагдаад сандарсан байх л  даа үр минь.

Яг тоглолтон дээрээ харин дажгүй л дараад, даваад гарчихлаа. Шинээр сурч эхлээд удаагүй бага насныхан дуу дуулав. Эвтэйхэн л дуулав.

Том хүүхдүүд нь мундаг мундаг сонгодог ая ч дарж байна, япон аяаа ч дарж байна.

Ээж аниа хоёр зураг дарж бичлэг хийгээстэй. Аав нь ажилтай байж таараад, сүүлд зураг бичлэгийг нь л үзсэн.

Тоглолтоо дуусгаад цэцэг, бяцхан дурсгалын зүйл гардаж аваад бөөн л баяр.

Энэ хагас бүтэн сайнд бас нэг том арга хэмжээтэй. Хувийн. Бичнэ ээ. Түр баяртай.

Monday, September 12, 2016

Монголын минь үрс маш олон болтугай

Хүүш л дээ, энэ бичин жил тээр жилийн алтан гахай жил шиг сайн жил үү? Хэ хэ

Яасан гэхээр миний эргэн тойронд жирмээ ээжүүд их ч гэж юүхэв. Эхнээсээ төрөөд, охинтой боллоо, хүүтэй боллоо гээд л мэдээ ирээд байна.

Тэгээд л бодсон юм л даа. Бичин жил нь чухам сайн жил таараад монголын үрс үржээд байна уу? Тохиолдлоор ингэж найз нөхөд, хамаатан садан, танил нөхдүүд төрөөд байна уу? гэж.

Хэрэв сайн байсан юм бол наддаа хэлчихгүй дээ, Тэгсэн бол би ч гэж гялалзуулах байсан юм. Ккк
Одоо ч өнгөрсөн л дөө. Амжихгүй. Тахиа жилд төрөх болно. Тахиа жил ямрыг мэдэхгүй л дээ. Хэ хэ.

Холбогдсон ихэнх хүмүүс одоо та 2 минь дахин нэг маамааны ая бодох байгаа л гэдэг болов. Ккк.

За тэгээд төрсөн шинэхэн ээжүүд минь биеэ сайн бодоод, гам сайн хийгээрэй.

Шинээр ээж аав болсонд, дахин бяцхан маамаатай болсонд гээд бүгдэд нь баяр хүргэе.

За тэгээд нэг зүйл ажигласнаа бичье.

Байсгээд л тэр төрөхөд таньдаг эмч, эх баригч, сувилагч бий юу гэдэг асуулт. Заримдаа энэ эрүүл мэндийн салбарын тогтолцоо, үйлчилгээг ойлгохгүй юм. Хүн болгонд л сэтгэлээрээ үйлчилчихгүй, заавал таньдаг хүн хайлгаад царай алдуулаад байх.

Бололцоотой, танил талтай нэг нь ч тэгсгээд л чимээгүй төрчихөж байна л даа. Хөдөө орон нутгаас орж ирээд удаагүй байгаа, шинээр айл гэр болоод анхны хүүхдээ өлгийдөж авах гэж байгаа зэрэг хүмүүст тэр танил эмч нь, эх баригч нь, сувилагч нь байхгүй болохоор аргаа бараад хаа хол байгаа надаас асуудаг байх даа, хөөрхийс. Би ч ямар анагаах төгссөн ч биш, эмч ч биш ямар юмных нь тийм танил тал байхав даа. Яахав ажлынхаа буянаар ганц нэг эмч хүмүүстэй танилцсан л даа. Тэд нараас хаа холоос ийм тийм хүнийг тэгж балешиглаад өгөөч гээд л гуйна аа хааяа даа.

Тэгээд л боддог юм. Хэцүү ч юм аа даа гээд л.

Ямар сайндаа олон ах дүүстэй улс дотор нэг эмч хүн байх зайлшгүй хэрэгтэй юм, сувилагч хүн хэрэгтэй юм гэж яригдаж байхав дээ.

Ганц нэг жишээ гэвэл хяналтандаа эх нялхаст явж явж байснаа, төлөвлөгөөт төрөх өдрөө тогтчихоод урд өдөр нь хэвтэх гээд очсон чинь харъяа эмнэлэгтээ үзүүлж төр гээд хөөх.  Тэгээд л өнөөх жирэмсэн эх маань дахиад л тэр энэ эмнэлэгт таньдаг эмч байна уу гэж сураглах. Томоос том гэдэстэй эх хүнийг тэгж тамга даруулж ир, маягт бөглөж ир гээд нааш нь цааш нь гүйлгэх. Ядаж байхад түгжрээд явахгүй.

Ганц төрөх тасаг дээр ч биш, ер нь эмнэлэгт үзүүлнэ гэдэг танилгүй хүмүүст туйлаас ядаргаатай байдаг. Тийм болохоор ард иргэд маань жилдээ нэг эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаасаа халширдаг, тэр байтугай өвчнөө үзүүлэхээсээ халширч явсаар даамжруулдаг.

Дарга нар ч яахав тусгай үзүүлдэг эмнэлэгтэй болохоор иргэдийнхээ энэ мэт бэрхшээлийг мэдэрдэггүй ч юм уу? Мэдэхийг хүсдэггүй ч юм уу? Бүр болохгүй бол гадаадад гараад л эмчилүүлчихнэ. Зардал нь яг хэний халааснаас гардаг нь бас л эргэлзээтэй...

За тэгээд тун удахгүй зөв гольдролдоо орох байгаа тэ. Ямартай монголын үрс маш олон болтугай. Бүх маамаа нарыг үнэрлэе.

Wednesday, March 30, 2016

Эрүүл биш тогтолцоо?

Саяхан бага зулзагын төрсөн өдөр болсон доо.

Монголоос асууж байна.

-Ангид нь бялуу энэ тэр аваачиж өгсөн үү?
-Үгүй ээ, энд тийм зүйл байхгүй.
-Өө яасан сонин юм бэ?
-Харин монголд минь арай дэндээд байгаа юм бишүү?

Боломжтой нэг нь бялуу аваачиж өгдөг л байх. Боломжгүй нь яах вэ? Ингээд л нэг тийм сонин заншил ч гэх юм уу? өрсөлдөөн ч гэх юм уу зүйл бий болгоод байх юм.

Энд бага охины цэцэрлэгт тухайн сард нэг удаа бүх хүүхдүүдээ зааландаа цуглуулаад, төрсөн өдөр нь тохиож буй хүүхдүүдээ анги ангиар нь дуудаж гаргаж  ирээд, хөөрхөн хөөрхөн асуулт асуугаад, ангийнх нь хүүхдүүдийн хийсэн бүтээлээс бэлэглээд, хиймэл бялуун дээрх амьд лааг үлээж хүслээ шивнэдэг.

Дараагаар нь багш нарын бэлдсэн  жүжиг, хөгжөөнт тоглоом, урлагийн үзлэг,  ном унших зэрэг арга хэмжээг үзэж сонирхоно.

Оройд харьж ирээд л шулаганаж өгнө. Тийм тоглолт нь тэгж таалагдаад гээд л. Мөн төрсөн өдрийн каарт, найзуудынхаа өгсөн оригами-аар хийсэн бэлэгнүүдээ гайхуулна.

За тэгээд яг төрсөн өдрөөрөө л гэртээ гэр бүлээрээ тэмдэглэнэ. Мэдээж найз нөхдөө урих нь ч бий.

Монголд тогтоод байгаа тэр цэцэрлэг дээр нь бялуу, бэлэг барьж очоод байгааг сайшаахгүй л байгаа. Орой нь гэртээ дахиад л бялуу иднэ биз дээ? нэг бол өдөр ангид нь хүргээд өгчихсөн юм чинь гээд гэртээ идэхгүй юу?

Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү? маньд хамаагүй ч нэг эрүүл  биш тогтолцоо шиг санагдаад байна л даа.

Миний бодол, нэг өдөр хоёрын хоёр бялуу гэж саахар идэж байхаар ядаж нэгнийх нь мөнгийг дансанд хийж хадгална аа. Ирээдүйд нь хэрэгтэй...

Friday, March 11, 2016

3.11

Түрүү жил бас ийм бичлэг оруулж байж.

Нэлээд хэдэн өдрийн өмнөөс 5 жилийн өмнө гамшигт автсан хүмүүс, газар усны тухай нийтлэл гарч эхэлсэн.

Би нь сэтгэл санаа эмзэглэдэг хэрнээ л уншчихсан суух. Энэ жилийнхээ бичлэгт нэгэн жаахан охины тухай.

Ээжийгээ, аавыгаа, эмэгтэй дүүгээ 3.11-нд цүнамид алдчихсан. Тухайн үед өөрөө 4-тэй байсан. Дүү нь дөнгөж 2-той байсан. Ээжийнх нь цогцос далайн эргээс олдсон ч аав дүү хоёрынх нь олдоогүй байгаа.

4-тэй байхдаа, гэрийнхнийгээ алдчихаад, тэр жаахан охин ээжийгээ их санана, ээждээ захиа бичнэ. Дөнгөж үсэг нүдэлж эхэлж байсан түүний ээждээ бичсэн захиа нь "Ээж ээ таны бие сайна уу? Та минь амьд байсан бол?" гэж бичиж эхлээд орхисон захианы зураг. Өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд, яг л миний бага зулзагатай чацуу байхдаа гэж бодохоор өр өвдөөд.

4-тэй хүүхэд чинь ээжийнхээ энгэрээс бас л зүүгдээстэй байдаг юм байна шд, тэр хөөрхөн жижигхэн гар нь цээж рүү минь яваад л, мээмээ хайгаад л, нойрондоо мээмээ олоод барьчихаараа нээх хөөрхөн санаа нь амраад гээд л.

Яг л тэгж ээжийнхээ энгэрээс зүүгдэж байх ёстой 4-хөн насандаа ээжийгээ, бас 2-хон настай дүүгээ, аавыгаа алдчихсан... Одоо тэрээр бага сургуульд орчихсон, нийгмийн идэвхи сайтай, ямартай ч ирээдүй рүү тэмүүлээд, өсөн торниж, алхам алхмаар урагшилж л байна гэж эмээ нь ярина. Их зоригтой охин доо гэж эмээ нь түүнийг магтана. Анх удаа далайн эрэг дээр, ээжийнх нь цогцос олдсон тэр л эрэг дээр очиж цэцэг өргөж буй дүрс.

Олон олон хүнийг уй гашууд автуулсан тэр өдрийг мартаж болохгүй, байнга дурсан ярилцаж, хойшид ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг хэлэлцэх хэрэгтэй гэж ярьж бичих япон хүмүүс. Биширмээр, бахархмаар, суралцмаар хүмүүс шүү.

Ум мани бадми хум.

Friday, January 29, 2016

Ангийн анд минь гадаад хүн

Гэдэг ном. Ажлын маань Морокко нөхөртэй хүүхэн уншчихаад, намайг бас уншаарай гэж санал болгосон ном.

Том зулзага бас уншчихаад, хүний эрхийн тухай нэлээд гүнзгий хөндөгдсөн ном гэж саналаа хуваалцав. Тэгээд амралтын өдөр халуун кофегоо хийж аваад л тухлан суув. Яг ч тухлаагүй юм байна аа, бага зулзагатайгаа тоглосон хажуугаар нь. Хэ хэ

Ямартай ч янз бүрийн шалтгаанаар японд хүрч ирэн амьдарч буй гадаад хүүхдүүдэд тулгамддаг асуудлыг хөндсөн. Хөөрхий тэд жаахан байхдаа ээж аавыгаа дагаад л ирчихсэн. Гэнэт л таньж мэлэхгүй орчинд ороод, айх гайхах зэрэгцэх. Хүмүүсийн харц өөрийг нь нэг л ондоо харцаар харах.

Уншиж байхдаа миний охид ч бас иймэрхүү асуудалтай тулгардаг байх даа гээд өр өвдөх.

Ялангуяа том зулзагаа анх хэл мэдэхгүй жааханд нь цэцэрлэгт өгчихөөд нэг хэсэг сэтгэл санаа эвгүй байдаг байж билээ. Ямар сайндаа би өөрөө хүргэж өгвөл 2-лаа салж хагацаж ядаад хэцүү гэж бодоод аав нь л хүргэж өгч авдаг байж билээ. Хань ижил цэцэрлэгийн од болчихсон л явж байсан нэг хэсэг. Анхных нь гадаад хүүхдийн аав, юу ч хамаагүй, алдаатай ярьж буйгаа ч тоохгүй, дуу чангатай гээд л түүнийг од болгох зөндөө л зүйл байсан юм шиг байгаа юм. Харин ээж нь дуу нам, алдаатай буруу зөрүү ярьчих вий гэж санаа зовоод тэр бүр дуугарахгүй, хааяа л хүүхдээ хүргэж өгч авдаг байсан болохоор од болж чадаагүй. Хэ хэ.

За тэр яахав, 20-иод хүүхдийн тухай товч гарна. Тэд хэрхэн ямар замаар, аргаар японд ирсэн. Сурах хүсэл эрмэлзлэл дүүрэн тэдэнд тулгардаг асуудлууд, сургуулиа орхихоос өөр аргагүй болдог шалтгаан гээд л тэр бүр ил хөндөгдөж яригддаггүй зүйлсийг бичсэн байсан.

Гадаад хүүхдүүд нэрнээсээ авахуулаад л шоолуулах, гадуурхагдах, дэглүүлэх бэрхшээлтэй тулгардаг гэнэ. Үнэн байх аа, охидын минь нэрийг хэлж чадахгүйгээсээ болоод "сонин нэртэй юм бэ?" гэж хэлж байхыг сонсож л явлаа.

Дандаа л ад шоо үзсэн хүмүүс байна гэвэл үгүй л дээ. Та нартай танилцаж найз болсондоо их баярладаг,  бидний ертөнцийг харах мэлмий нээгдсэн шүү гэж хэлэх сайхан сэтгэлтэй япончууд ч бий.

Байгаа улсынхаа ард иргэдийн мэлмийг нээгээд бүгдээрээ гялалзаад л байдаг юм шүү. Хэ хэ

Monday, October 05, 2015

Тал нутгийн охин

Номын сангаас зээлж авчраад уншив. Өрөвдөлтэй юм аа. Өвөө нь өвчнөөр, ээж нь морьноос унаад, дотуур бэртсэнээ мэдээгүй явсаар хүндрүүлээд  нас барна, хэдэн жилийн дараа тал нутгийн  Пүүжээ охин сургуулиасаа харьж яваад машинд дайруулаад нас барна.

Энэ тухай бичсэн хүн Сэкино Ёшихарү. Дэлхийг тойрон аялна. Фүжи телевизийн The Great Journey хэмээх аялалын тухай баримтат нэвтрүүлгийн гол баатар бөгөөд аялалынхаа явцад монгол Пүүжээ охинтой танилцана. Түүнд өөрийнх нь охинтой насаар чацуу тал нутгийн охин гүн сэтгэгдэл үлдээнэ. Түүнийг ирээдүйд ямар охин болох, ямаршуу том хүн болох тухай нь үргэлжлүүлэн бичих сонирхолтой байсан ч...

Эхний номыг уншаад дуусч байтал Сүхбаатар өвөө харснаа дараагийн энэ номыг унш гэж өгсөн юм. Морь унасан Пүүжээ охины зурагтай номон дээр охины ээж нас барсан тухай л гарна. Пүүжээ дөнгөж бэлтгэл ангид орж байна.

Бас зурагтаар гарсан нэвтрүүлгийг нь бичиж авсан байсныгаа зээлээд, бид гэрээрээ үзэв. Эмээгийнх нь уйлж байгааг хараад л өөрийн эрхгүй нулимс урсаад. Ойр ойрхон хань ижлээ, охиноо, зээгээ алдсан эмээгийн зүрх шимшрэм нулимс...

Бараг арваад жилийн өмнөх үйл явдал. Үеэл нь болох жаал хүү одоо их том залуу болсон байгаа даа. Аниагаа бурхан болсоноос хойш цагдаа болно гэж боддог болсон гэж бичсэн байсан.

Зах зээлд шилжээд удаагүй байх үеийн монгол орны дүрслэл, зураг гээд л, нээрээ л ийм байсан даа гэж эргэн дурсав.

Тэмээгээр говийг хөндлөн гулд туулсан гэж байгаа. Тэмээний тухай бас л сонин сайхан бичсэн байсан. Бас л сүрлэг сайхан амьтан юм билээ...

Ойрдоо сэтгэл санаагаа сонин болгосон ном олж уншаад байгаагаа мэдрээд. Гэхдээ орой нь бага зулзагатаа нээх хөөрхөн хөөрхөн агуулгатай ном уншиж сэтгэлээ жаахан засасгээд л явж байна даа. Хүүхдэд зориулсан хөөрхөн хөөрхөн ном их байх юм аа...

Tuesday, September 29, 2015

Хувь заяа 2

Өмнөх бичлэгийн үргэлжлэл шүү.

Ритаг 10 настай байхад нь тосгон нь дайнд өртөнө. Нүднийх нь өмнө ээж аав, ах нар нь алагдана. Айснаасаа болоод уйлж ч чадахгүй байгаа хүүхдүүдийг үймээн дэгдээгч цэргүүд дагуулан явна.Тэгээд томчуудтай холилдон дайтахыг тушаана. Сүүлийн үеийн хөнгөн буунууд хүүхэд, охин хүүхэд ч бариад буудахад түүртэхээргүй болчихсныг ч хэлэх үү? Рита ч өөрийнхөө тосгонтой адил тосгодыг дайрсан. Хэрэв тушаалыг дагахгүй бол өөрөө алуулна. Охин хүүхэд дайтахаас гадна цэргүүдийн хоол ундыг бэлтгэх, хувцас хунарыг нь угаах гэх мэт ажлыг хийна. Мөн цэргүүдийн эхнэрийн үүргийг ч гүйцэтгэнэ. 10хан настай Рита ч энэ хувь заяаг туулна. Хэрэв эсэргүүцэх юм бол л алуулна. Ийм байдалтай байсаар үүндээ бүр дасчихсан. Дотоодын дайн дуусч үймээн дэгдээгчид таран бутрах үед Рита 15 нас хүрсэн байна. Мөн эрэгтэй хүүхдийн ээж болсон байна. Үймээн дэгдээчидтэй хамт байлдаж явсан түүнд эргэн тойрных нь чулуудах харц хөндий хүйтэн. Угтаа Рита ч уг дайны хохирогчдын л нэг юм байгаа шд. Дайн түүнээс гэр бүл, сургуульд сурах боломж, төрсөн нутаг гээд бүгдийг булаасан. Дэгж дэрвэх ёстой хөгжөөнт бага насыг нь хүртэл булаачихсан. Хүүхдийнхээ төлөө ажиллах хүсэл их байгаа ч түүнд мэдлэг, мэргэшил байхгүй. Алуулсан ээж аав, ах нарынхаа тухай, өөрийнх нь алсан тосгодын хүмүүсийн дүр төрх нүдэнд харагдаад одоо ч түүний зүрх сэтгэл дагжин чичирсээр...

Хөхөө өвлийн хүйтэнд талдаа 2 цаг алхан сургуульдаа явах бяцхан охин. Эрүүлдээ эелдэг аав. Харин согтохоороо төрөл арилжиж тэс өөр хүн болж хувирдаг аав. Аавыг нь агсамнах болгонд хүүхдүүдээ хамгаалан зогсох ээж. Ээжийнхээ биед үүссэн шарх, сорви, хөх няц болсон булдруу зэргийг харах болгондоо Мария шанална. Түүний амьдарч буй тосгонд эрчүүд нь хүчтэй. Эмэгтэйчүүд эрчүүдийн үгнээс гарна гэж байхгүй. Эрчүүдийн дарамтыг тэсвэрлэн ядуу зүдүү амьдралтай ч хүүхдүүдээ хайрлан өсгөх эмэгтэйчүүд. Эгч нь, ээж нь, эмээ нь, бас тэдний эмээ нь гээд л бүгд адилхан замыг туулсан. 13 настай Марияг ч адил хувь заяа хүлээж байгаа болов уу? Тийм байх ёсгүй. Охидууд сурч боловсорч, мэдлэгтэй болж, зоригтой болбол гэх бодлыг Мария сургуульд явж байж ойлгосон. Түүнийг сургуульд явахыг нь ганц ээж нь л сэтгэл зүрхээрээ дэмждэг. Тав, арван жилийн дараа... Магадгүй Марияг эмээ болох тэр үед цаг үе, нийгэм арайхийж ямар нэгэн зүйлээр өөрчлөгдөж магадгүй л юм.

Сүрлэг давалгаалах далайгаас сувдны хясаа түүх хүүхдүүд. Гэмтэл авах, живэх хүүхдийн тоо тасрахгүй. Гэхдээ л тэр хясааг зарчихвал өдрийн хоолныхоо хэдэн цаасыг олоод байх тул уг ажлыг хаяж чадахгүй. Ава гэрийнхнийхээ төлөө 12 настайдаа сургуулиасаа гарч уг ажлыг эхэлсэн. Нэг өдөр хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийг дэмжих сайн дурын байгууллагын хичээлд сууна. Тэр сургалтаар уншиж бичих, тоо бодох, цаашлаад бизнесийн тухай заалгана. Төгсөөд нэгэн оёдлын газар дадлагажигчаар орно. Франц хэлийг ч шамдан суралцана. Одоо тэрээр өөрийн жижиг бизнес эрхэлдэг. Хажуугаар нь хүүхдэд туслах сайн дурын үйл ажиллагаа явуулна. Боломж нь л байх юм бол охид ч эрэгтэй хүүхдээс дутахгүй тэдэнтэй ав адилхан зүйлийг хийж чадна гэж тэр хэлнэ.

Бичлэгээ уг номын төгсгөлд байсан сайхан үгээр дуусгая.

Эрэгтэй хүүхдэд олгох боловсрол нь нэг л хүнд зориулж буй боловсрол. Харин эмэгтэй хүүхдийн боловсрол бол гэр бүлд нь ч зориулагдсан байдаг. Нэг ёсондоо эмэгтэй хүүхэд боловсрол эзэмшинэ гэдэг цаана их олон хүн аврагдаж байдаг гэсэн үг.
Номын төгсгөлд байсан сайхан үгсээр бичлэгээ төгсгөе.

Monday, September 28, 2015

Хувь заяа гэж

Таван орны таван өөр охидын тухай бичсэн ном.

Хуудасны нэг талд орон орны хөөрхөн охидын зураг.

Нэг талд нь таван охидын тус бүрийн амьдрал хувь заяаны тухай бичигдсэн. Богинохон, товчхон, сэтгэлд хүрсэн.

Бас л их зүрх шимширмээр юм аа. Охид минь нүдэнд харагдаад ийм жаахан амьтдыг яасан хэцүү хувь заяа хүлээж байдаг юм бэ гэж бодогдоод л.

Охидтой болохоор охидын зураг хөрөгтэй, тэдний тухай бичсэн зүйл нүдэнд их өртөх юм аа. Ьэгээд уншчихаад л нэг хэсэгтээ сэтгэл сонин явна. Хэ хэ. Том зулзагатаа уншуулна бас.

Нэг банди төрүүлж банди нарын өвөрмөц ертөнцтэй танилцах юм сан. Ха ха. Гэхдээ нэг бандитай шүү дээ. Тэр нь хань ижил. Ккк

Нэг танил япон бүсгүй хоёр бандитай юм. Гэхдээ өөрийгөө гурван бандитай л гэдэг. Нөхрийгөө том банди маань гэдэг юм. Хэ хэ.

Манишя охин энэ хорвоод мэндэлсэн нь их азтай. Учир нь охин хүүхэд гэж мэдэнгүүтээ оборт хийлгэх тохиолдол их байдаг. Эрэгтэй хүүхэд ирээдүйд гэрээ тэжээх гол ажиллах хүч болдог тул ихэнх эцэг эхүүд эрэгтэй хүүхэдтэй болохыг хүсдэг. 3 настайд нь эрэгтэй дүү нь төрснөөр түүний хоол нь дүү аав хоёрынхоо идсэн хоолны үлдэгдлийг л иддэг болсон. Энэтхэгийн хойд нутагт эмэгтэй хүүхэд тураалаар нас барах тохиолдол их байдаг. 5 настайдаа усанд явах ажил эхлэнэ. Тэр жижигхэн бие, жижигхэн толгой дээрээ хувинтай ус тавиад усанд явах бол эмэгтэй хүүхдийн ажил байдаг. 12 настай тэрээр цүнхээ үүрээд хичээлдээ явах эрэгтэй дүүгээ атаархлын харцаар сургуульд нь үднэ. Учир нь сурах бичиг авах мөнгө байхгүй, дүүгийнх нь сурах бичгийг авахад л дөнгөн данган л хүрнэ. Охины ээж аавын ганц хүсч буй зүйл бол гэрлэлт. Урд нь ерөөсөө уулзаж харж байгаагүй, өөрөөсөө зөндөө ах хүнтэй сууна. Хуримын инжинд өгөх мөнгөгүй тул аль болох бага залуу насанд нь гэрлүүлэх нь чухал. Ээж аавынхаа дэргэд эрхэлж баймаар насан дээрээ хүнтэй суугаад, очсон газартаа гэрийн ажилд нухлагдаад, дээрээс нь боловсорч гүйцээгүй бие нь жирэмслэлт, төрөлт зэргийн ачааллыг даахгүй шүү дээ.

12 настай Самита охин сургуульд явдаггүй. Хүсэл байвч боломж байхгүй. Нэгэн өдөр тосгоныхоо захад цөөн хэдэн малаа маллаад байж байтал нэгэн танихгүй ах ирээд, түүнд эелдгээр уух ус өгнө. Усыг нь уусны дараагаар ухаан нь балартаад унаад өгнө. Нүдээ нээгээд харсан чинь хөрш орон Энэтхэгийн нэгэн том хотод байрлах биеэ үнэлэх газарт байна. Өдөрт хэдэн арван үйлчлүүлэгчтэй байна. Яг л шорон гэсэн үг. Хатуу чанга харгалзагчтай. Зугатаах ямар ч боломжгүй. Охины бүх бие хөндүүр. Алхаж ч чадахгүй үе зөндөө гарна. Харанхуй, бүгчим, жижигхээн өрөөнд түгжигдээд 4 жилийн нүүр үзнэ. Бусад өрөөнд хоригдох охидоос их олон охид амиа алдсан. Нэгэн өдөр цагдаагийн байгууллагатай хамтран сайн дурын байгууллагынхан нэгжлэг хийн орж, насанд хүрээгүй охидыг аварна. Самита охин ч 4 жилийн дараагаар эх нутагтаа харина. Гэхдээ түүнтэй хэн ч ам нээж ярихгүй. Яагаад гэвэл энэтхэгт очоод бузартаад ирсэн янхан. Энэ бол түүнд тосгоныхон нь өгсөн үнэлгээ.

За хоёр охины тухай л бичлээ, энэ удаад...

Saturday, August 08, 2015

70 жил

Дайн дуусаад 70 жил.
Хирошимад атмын бөмбөг хаясны 70 жил.

Энд дайнтай холбоотой олон нэвтрүүлэг, уран сайхны болон баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэн, сонин  хэвлэлд дайнд аавыгаа, ахыгаа, дүүгээ, хань ижлээ алдсан хүмүүсийн ярилцлага, атмын бөмбөгдөлтөнд өртсөн хүмүүсийн яриа гэх мэт зүйл цувралаар гарч, хэвлэгдэж байна.

Би нь тэрийг нь үзээд хараад, уншаад угийн уян зөөлөн хүн юм болохоороо нулимс цийлэгнэж энэ тэр. Сэтгэл бүр сонин болчихож байгаа юм.

Саяхан нэг нэвтрүүлгээр дэлхийн 2-р дайн эхлэхээс 1 жилийн өмнө еврэй хүүхдүүдийн амь насыг аварсан англи хүний тухай гарсан. Аварсан хүүхдийн тоо 669. Үүнээс ч олныг аврах байсан. Даанч дайн эхлээд герман чехийн хилийг хаасан гэх мэт шалтгаанаас аварч чадаагүй.

Анх түүний гавъяаг хүмүүс мэддэггүй байж. Эхнэр нь түүний тэмдэглэл дэвтрийг олж нийтэд дэлгэснээр олон нийт, дэлхий түүнийг мэддэг болж.

Дайн дууссаны дараа олон хүүхдүүд ээж аавтайгаа эргэн уулзаж чадсан, бас олон хүүхэд эцэг эхээ дайнд алдсан. Гэхдээ ихэнхи эцэг эхчүүд нь хорих лагерт амь насаа алдсан.

Амь насыг нь аврах арга нь олон орон луу захидал илгээсэн. "Эдгээр хүүхдүүдийн амь нас дээсэн дээр байна. Та бүхэн эдгээр хүүхдүүдийг үрчилж авах хүн олж өгөөч."  Америк тэргүүтэй орон туслах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Аргаа бараад байж байтал өөрийнх нь төрсөн нутаг болох англи улсаас аль болох тусламаар байна гэдэг хариу ирж. Ингээд л ажилдаа ханцуй шамлан орсон. Зарим нэг хүүхдэд хуурамч паспорт хүртэл олгож байж.

Ийнхүү 669 хүүхэд хэд хэдэн ээлжээр англи улс руу дүрвэхэд тусалсан. Тэрхүү буян нь дэлгэрсэн англи хүнийг   Nicholas George Winton гэдэг. Урт удаан наслан энэ оны 7 сарны 1-нд бурхны оронд заларч.

Нетээс  Nicholas George Winton гээд хайвал гараад ирнэ. Дэлгэрүүлж уншаарай.

Дайн бүү болоосой, дайн сөнөөсэй гэж залбирч, дайны хор уршгийг үр хойчдоо сайтар ойлгуулж байх хэрэгтэй шүү.

Мөн цөмийн зэвсгийн хор хөнөөлийг багаас нь л ухуулж, ойлгуулж байх хэрэгтэй юм шүү.  Японы Хирошима хотод 8 сарын 6-нд олон орноос хүмүүс цуглан атмын бөгбөгний хор уршиг, амь үрэгдсэн энгийн оршин суугчдад хүндэтгэл үзүүлэн залбирцгаасан.

Бид ч хэд хэдэн удаа монголоос ирсэн зочдоо дагуулж очиж байсан. Тухайн үед ямар хохирол амссан зэргийг танилцуулаад бүхэл бүтэн музей байгуулсан байдаг тул үзсэн хүн бүрийн сэтгэл ихэд шимширдэг дээ.

Охидод минь ч сайн сургалт болдог гэж боддог тул хүүхдүүдийг дагуулж очин танилцуулахад буруудахгүй шүү.

2 жилд нэг ирдэг монгол хүүхдүүдийн хөтөлбөрт Хирошима хотын уг музейтэй танилцах тухай орсон байдагт их олзуурхдаг. Disney Land зэрэг хэт чамин газраас илүүтэйгээр хүүхдэд боловсрол, мэдлэг олгох газар гэж боддог доо.

Жич: Зураг дээрх бичгийг цаасаар нугалж хийсэн тогоруу шувуугаар бичсэн. Энд тэндхийн сурагчид, бүлэг хүмүүс ирж танилцахдаа ингэж 1000 ширхэг цаасан шувуу нугалж ирдэг. Тусгай шилэн хоргонд хийж нийтэд таниулдаг. Жил ирэх тусам тоо нь ихсээд хотын захиргаа тусгай агуухлахад хадгалдаг. Сүүлийн үед харин тоо нь хэт олшроод яахаа мэдэхээ байчихаад байгаа гэж хотын дарга нь хэлж байсан.

Tuesday, August 04, 2015

Чөлөөт цагаа...

Энд чинь бага насны хүүхдийн чөлөөт цагийг аятайхан өнгөрөөчих газар их байх юм. Тэрэнд тодорхой хэмжээний төсөв ч гаргачих юм.
Тодорхой хэмжээний төлбөртэй газар ч байна. Гэхдээ тэнгэрт тулсан үнэтэй биш. Төлбөргүй газар ч байна.  

Амралтын өдөр амьдардаг мужийн маань амтат идээний нэг болох хавчны аквариум оров. Хажуугийн зурагт харагдаж буй дун болон далайн од зэргийг гараараа барьж үзэж болно. 10 тоолоод л усанд буцааж тавина.

Мөн долоо хоног бүр төрөл бүрийн арга хэмжээ зохионо. Энэ удаад загас хооллох байсан. Хүүхдүүд нээх хөөрхөн дугаарлаж зогсоод л ээлжээ ирэхээр бас өнөөх хооллох гэж байгаа загаснаасаа айчих бололтой. Тэгсэн хэрнээ сониуч зандаа хөтлөгдөөд хооллочих санаатай.

Бага зулзага бас хальт айдастай. Гараа олигтойхон сунгаад өгчихгүй, тэрүүхэндээ хоолыг нь шидсэн болоод өнгөрөв.

За хоёр дахь зурагт байгаа нь хавч. Япон тэнгис нь энэ хавчныхаа амттайгаараа алдартай. Өвөл болохоор их үнэтэй зарагдана. Худалч хүнд нэг хонины үнэтэй. Ирсэн монголчууд үнийг сонсоод л хонио идэж байсан минь дээр юм байна гэнэ. Хэ хэ.

Өөр зөндөө л загас жараахайнуудын танилцуулга байна. Тайлбар зэрэгтэйгээ. Хүүхдийн танин мэдэхүйд асар их ач холбогдолтой.

Тэгэхэд манайхан чинь найр наадамдаа л асар их хөрөнгө зарах юм. Энэ бүтэн сайнд чинь хотын даргын зохион байгуулах бас нэг наадам болох юм гэсэн. Хэдэн сая төгрөгний ч зардалтай гэнэв. Сонсоод ухаан алдахаа шахав. За тэгээд хэлэхээр шүүмжилсэн хэрэгт ороод, манай монголчууд чинь цаанаасаа наадаж байхаар заяасан, тэнгэрлэг ард түмэн бла бла гээд өөдөөсөө загнуулна. Чимээгүй л байхаас.
Чимээгүй байна гэчихээд эндээ биччихээр ямар хэрэг байна тэ.

Үнэндээ манай монголд чинь бага насны хүүхэд, өсвөр насны хүүхдүүдийн зуны амралтаа өнгөрөөчих аятайхан газар бий билүү. Яахав хэдэн зусланг нэрлэх байх л даа. Тэр нь гэхдээ хэтэрхий үнэтэй, эргээд тэнд танин мэдэх талаасаа, хөгжих талаасаа хэр бол? Архидаад, садар самуунаар дүүрэн байдаг шиг санагдсан. Нүүр номоор саяхан даа, хаанахын билээ нэг зуслан явах гэж байгаа билүү, яваад ирсэн ч билүү хүүхдүүдийн бичлэг яваад байсан. Аймаар аймаар.
Охин хүүхдийг бол зүглүүлэлтгүй.

За за нээх хөөрхөн зураг оруулснаа сонин зүйл биччихлээ. Гэхдээ л өөрийн эрхгүй харьцуулаад, эх оронд минь иймэрхүү зүйл байдаг бол гэж бодогдоод байдаг юм...

Friday, July 10, 2015

Наадмын мэнд ээ

Уншигч олондоо наадмын мэнд шүү. Сайхан наадаж байгаа биз дээ?

Зүүн баруун жигүүр юу болсон бэ нээрээ?

Бөхчүүд чинь том том спорт цүнх үүрээд л явдаг даа. Тэрэн дотор нь дүүрэн мөнгө байдаг гэх чинь билээ. Найрааных нь мөнгө. Тэгж сонсоод шаал дургүй хүрчихсэн.  Наадамчин олон баясаад л байдаг, өнөөдүүл нь харин араар нь бөөн мөнгө бие бие лүүгээ түлхэлцээд л. Бүр ханш манштай, начин тэд, заан тэд гэх мэт.

Японы сүмо шиг нэг хэсэг үзэгчид нь очиж үзэхээ болиод ч юм уу нэг тийм оновчтой аргаар муусайн бөхчүүдийг нэг сайн хашраавал таарна.

Бас энэ морь байна.

Янз бүрийн нийтлэл уншихаар л уур хүрмээр. 

За за баяр наадмынхаа өдөр билэггүй юм бичлээ гэж ижийдээ загнуулна, ингээд дуусгая. Хэ хэ

Манайхан өнөөдөр бүгд ажилтай. Том нь өнөөх дугуйландаа. Хагас сайн өдөр тул өдрийн хоолоо өөрсдөө хийж авч явсан. Ажиллагаа ихтэйг нь бодоод худалдаж авч өгөөд явуулчих гэхээр болохгүй. Учир нь ээж нь гэж ямар хүн байдаг байна аа? Ар гэр нь асуудалтай юм байхдаа гэж жиг жуг гэдэг гэсэн. Тэгж хэлүүлэхгүйн тулд япон ээж нар эртэч гэж юүхэв. Суралцаад суралцаад явчихмаар.

Хань ижил бид хоёр ажилтай тул бага зулзагаа албанд нь өгчихсөн. Хагас сайнд хааяадаа нэг өгч болдог. Үндсэн төлбөрт багтсан  байдаг тул амар. Энэ мэт зүйл дээр японы цэцэрлэгийн тогтолцоо сайхан л даа. Эртээдийн маргааныг эс тооцвол ч.

Ажлаа тарж ирээд хуушуур хайрна гэхээр халшраад. 12-нд л хийнэ шүү та минь ээ гэж би нь нүхээ эрт малтсан. Хэхэ. Гэхдээ л монгол хүн байна даа монгол хоолоо хийж иднэ. Цуйван.

Дугуй хуушуур хийж сурмаар л байгаа юм. Нар сар гэрэлтсэн хэхэ.

Monday, May 25, 2015

Удахгүй баяр болно 2

Эртээд хогны талаар бичсэн дээ. Энэ удаад бэлэгний талаар. Уг нь бол хүмүүс луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй л дээ. Гэхдээ л лаа идээд байхаар нь зүгээр хараад ч юм уу, сонсоод ч юм уу сууж чадахгүй байна. Лууван бол ч яахав, сайн ид л гэхээс. Хэ хэ

Саяхан нүүр номд хүүхдэдээ өгөх бэлэгний талаар бичсэн байсан. Мэдээж шүүмжлэлтэй хандсан нийтлэл. Хүүхдийн нүдийг хуурч "өвчин" худалдаж авч өгөх үү? гэсэн гарчигтай нийтлэл. http://news.gogo.mn/r/162523 Орж уншаарай. Би ч зөв гэж бодож байгаа. Бэлэгний санаанууд бас байсан.

Гаднаас нь харахад нэг л их гял цал, шажигнасан гоё бэлэг. Доторх нь бол яаая бас л нил хор. Хор гэдэг нь чихэр, амттанг хэлж байгаа юм шүү. Би хүүхэддээ тоож авч өгдөггүй зүйлс л харагдаж байна лээ.

Таргалуулдаг, шүд хорхойтуулдаг. Идчихээд хөдөлгөөнтэй байхад л болно шд, шүдээ угаахад л болно шд гэж хэлэх хүн байх байх л даа. Гэхдээ л тэр бүр шүдээ угаагаад байдаг нь хэр вэ? Тэр бүр идсэн ууснаа шингээгээд гүйж харайгаад хөдлөөд байдаг нь хэр вэ? гээд бодоод үзэхэд л...

Мэдээж охид минь амттанд дуртай, хүүхэд л болсон хойно. Гэхдээ ээж авахгүй бол нэхээд байхгүй. Ундаа бол бүр уухгүй. Би ундаа авч тавьдаггүй. Ус л ууна. Хааяа нэг цай ууна. Хань ижил хааяа цай цай гээд сүүтэй цай ууна. Би нь өөрөө кофегоо ууна. Бага зулзага сүү ууна.

Ээжүүд бид л янз бүрийн зүйл авахгүй бол гэртээ хүүхэд янз бүрийн зүйл нэхэж уйлахгүй, уурлахгүй байх тийм үү. Харин гадуур явж байхад  ээж аав яав л гэж гээд хүүхэд янз бүрийн амттан нэхэх гээд байдаг даа. Бага зулзага ч гэнэт гэдэс нь өлсөнө, ам нь цангана. Усных нь саванд ус хийгээд л авч явна. Ам цангаад гэнгүүт нь усаа уу гээд л хэлчихнэ.

Мэдээж байнга ийм хатуу ширүүн биш л дээ. Хааяадаа зайрмаг авч өгнө. Ундаа авч өгнө.

Манайх гэхдээ аниа нь тестнийх нь оноо өндөр байвал шагнаад зайрмаг авч иддэг. Хэ хэ. Дүү нь далимдуулж ам хамар нь нил зайрмаг болоод л идэж өгнө. Өөрөө гавъяа байгуулчихсан юм шиг л.

Хөөрхөн хөөрхөн бэлэгний санаа зөндөө байгаа даа. Би нь энэ жил монголын хүүхдийн баяраар юу авч өгдөг билээ? гэж бодоод л байгаа.

1. Эмээ өвөө нь монголд  төрсөн өдрөөр нь хадгаламжинд нь мөнгө хийж өгсөн. Энэ бас том бэлэг шүү. Хүн ер нь бага ч байсан хамаагүй мөнгөн хуримтлалтай байх нь зөв. Ийш тийшээ аялахдаа, ямар нэгэн томоохон худалдаа хийхэд гээд л мөнгө дутна уу гэхээс илүүдэхгүй тийм үү?

2. Ном. Хүүхэд номонд нэг номонд дурлахаараа ном авч өгөх тоолонд баярладаг юм билээ. Сүүлийн үед авч өгөх нь цөөрсөн л дөө. Учир нь номын сангаас зээлээд уншчихдаг тул.

3. ДВД. Энэ жил нэлээд хэдийг худалдаж авч бэлэглэсэн юм байна. Өөрсдийнх нь дуртай Walt Disney-гийн  Big Hero, Beaty and the Beast хоёрыг л лав авсан.

Одоо 101 гөлөг-ийг үзэх юмсан, авах юмсан гээд л байна лээ, аниа нь. Бага зулзага ч яахав одоохондоо аниагаа дуурайсгээд л явж байдаг болохоор дуртай байх байх. Авч өгвөл дунд нь л аваад өгчихнө. Яагаад вэ гэвэл энд баярын уур амьсгал байхгүй байх учир, эргэн тойрныхны нөлөөлөлд автахгүй гэсэн үг.
Харин ч монголын баяр, японы баяр гээд хоёр зэрэг баярлачих гээд байдаг улс.

4. Үсний боолт, хавчаар, кошлок, оймс, хөөрхөн хэлбэр дүрстэй бал, саатай бал, гоё зурагтай дэвтэр, жааз, альбом, уруул өнгөлөгч гэх мэт зөндөө л байна. Өдөр тутам хэрэглэдэг бал дэвтрээс нь арай өөр, өвөрмөц байхад л тэд чинь баярлаад л явчихна.

 Би нь өөрөө охидтой болохоор дан охидын л бэлэг санал болгодог гэнэ ээ.  Охин хүүхэд жижиг сажиг зүйлд дуртай байдаг даа. Тэдний нүдийг хуурах амархан шүү дээ. Хэ хэ

Хөвгүүд жаахан хэцүү юм билээ шүү. Хэ хэ. Машин, буу, өрдөг тоглоом...

Wednesday, May 20, 2015

Удахгүй баяр болно

Хэдхэн хоноод л эх үрсийн баяр болно. Баяр болох сайхан ч...

Талбайгаар дүүрэн хог болох байх даа гэж эмзэглээд. Гялгар уут кармаалж гараад идэж уусан хогоо хийхэд болохгүй юм байхгүй дээ. Гол нь хувь хүмүүсийн ухамсар.

Энд цэцэрлэгт байхаас нь ийш тийшээ зугаалгаар явахдаа хог хийх гялгар уут авч ирэхийг хүүхдүүдэд хэлж, заадаг, шаарддаг. Манай бага 4 настай. Эртээд зугаалганд явахдаа
-Ээж ээ, хогны уут хийсэн үү?
гэж байхав дээ.
Ингэж эд нар багаасаа хоггүй орчинг бүрдүүлэх тал дээр ухамсар сууж ирдэг. Үүнийг томчууд нь зааж сургаад, үлгэрлэдэг.

Гэтэл манайд томчууд нь өөрсдөө хогоо хээв нэг хаяад явчихлаар яалтай ч билээ. Томчуудыг бас багад нь зааж сургаагүй, тэдгээр томчуудыг бас багад нь сургаагүй?

Соц нийгмийн үед бас ч замбараатай байсан юм шиг ээ. Адаглаад хогоо хаядаггүй байсан санагдах юм.

Ардчилал гэдгээ арай д өөрөөл хүлээж аваад, шууд эмх замбараагүй байдал үүсгэчихсэн тэ...

Нэлээд дээр монголд олон жил үйл ажиллагаа явуулсан мундаг газрын нэг хүн хэлж байсан юм. Өөрийнх нь судалгааны үр дүнд олж авсан монголчуудын тухай:

-Монголчууд хашаа хороо, гэр доторхоо л гоёод байдаг. Гэрээсээ нэг алхам, хашаанаасаа гараа л бол шууд минийх биш гэсэн үзэлтэйгээр бохирдуулж ирдэг. Орцоор нь ороход аймар үнэр танартай, хогтой байранд ороод л за энд ч ядруухан, хэцүүхэн, нэг бодлын боловсрол хүмүүжил муутай л хүмүүс амьдардаг байх гэж боддог. Гэтэл эсрэгээрээ хачин тансаг айл, их дээд сургууль төгссөн боловсролтой, ганган хүмүүс угтаж авдаг.
Гэр хорооллын хашааны гаднах бас л аймар. Харанхуй шөнө явахад хэцүү.

Нус цэрээ их хаяна. Бүр сэжиг хүрмээр. Хуурай сэрүүн орон болохоороо л болдог байх даа, манайх шиг халуун оронд бол хэзээний янз бүрийн халдварт өвчин гараад хэцүүеэ.

Нэгэндээ шаардлага тавихгүй, зүгээр л харж байдаг. Бла бла.

Өөр юу гээд байлаа даа. Миний дэргэд миний монголчуудыг өнөө хэдэн япончууддаа муулаад л байсан. Өмөөрөх гэхээр бас болохгүй, хэцүү байсөөн.

Тэгээд л янз бүрийн хог могтой сэдэв гарахаар эмзэг гэж юүхэв, миний энэ сэтгэл.

Бяцхаан уриалга шүү. Монголд байгаа уншигчид минь хогоо гадаа ил задгай хаяхаа больцгооё тэгэх үү. Та нар минь хаядаггүй байж магад, хаяж байгаа нэгэн байвал шаардлага тавиарай. Дор бүрнээ л хэрэгжүүлээд байвал тийм ээ.  Надаар л дутав гэж биш, надаар дутна, би хогоо хаяхгүй байвал намайг дуурайгаад хаяхгүй хүн гарч ирнэ шүү дээ гэж бодон бодон хогоо л хаяхгүй байцгаая.

Хол байдаг болохоор гараад хогноос түүлцээд цэвэрлээд байж чадахгүй ч ингээд чаддагаар нь блогтоо бичвэл нэг ч гэсэн хүн уншаад цааш нь түгээх байхдаа л гэж бодов.

Sunday, May 17, 2015

Алмааз эрдэнээс илүү

"Алмааз эрдэнээс илүү
Энх тайвныг л хүснэм"
гэдэг ном уншиж дуусав. Ёоо хэлэх үг үнэхээр олдохгүй байна. Агуулга бол үнэн сэтгэл эмзэглүүлэм. Уншиж эхлээд л шууд монголд төрсөндөө баярлана.

Дэлхийд хамгийн үнэтэй, чанартай, гоёмсог  алмааз эрдэнэ олборлодог баруун африкийн баруун өмнөд хэсэгт Атлантын далайтай хиллэдэг Republic of Sierra Leone гэдэг улс. Английн колони байсан. 1961 онд тусгаар тогтносон. 10 гаруй жил үргэлжилсэн дотоодын дайны улмаас дэлхийд хүн амын наслалт нь хамгийн бага. Дундаж наслалт 46.
1992 оноос дотоодын зөрчил нь эхэлж 10 гаран жил нэг улсын нэг үндэстэй хоорондоо дайтсан. Ингэж дайтахдаа засгаа эсэргүүцдэг нэг ёсондоо дайсны тал яасан гэхээр хүүхдүүдийг барьж аваачин цэрэг болгон дайчлана. 10-16 насны голцуу хүүхдүүд гэнэт гэрээсээ баригдаж яваад цэрэг болно. Ээж аав нь явуулахгүй гэвэл нүдэн дээр нь ээж аавыг нь алчихаад л чирээд явчихдаг. Тэгээд л шууд буу бариулаад хээрийн сургууль гээч юманд гаргаад хүн алах сургуулилалтаа хийж эхлэнэ. Энэхүү хээрийн сургууль нь маш хүнд. Гэхдээ хүүхдүүд хурдан сурдаг, алуулахгүйн тулд. За тэгээд бэлтгэгдсэн хүүхэд цэрэгүүд алан хядах ажиллагаандаа орно. Яагаад хүүхдийг цэрэг болгон дайчилдаг вэ гэхээр хэд хэдэн давуу талтай. Тэдгээрийг бууг нь нуугаад явуулчихад хэн ч сэжиглэдэггүй. Тиймээс дайснаа? амархан олзолдог, алдаг. Мөн томчуудыг бодвол хөнгөн шаламгай тул дайсны суманд өртөх нь бага. Тагнуулчаар ажиллуулах нь их. Гэх мэт.

За ингээд энэ сөрөг бүлэглэл нь өөрсдийгөө санхүүжүүлэх хэрэг гарнаа даа. Тэгээд алмааз эрдэнийн ашгаар бүлэглэлийнхээ эрч хүчийг зузаатгах. Засгийн газрын мэдэлд байдаг алмааз эрдэнийн уурхай?-д ажилладаг байсан ажилчдыг ар гэрийнх нь хамт алан хядаад, нэг бол тахир дутуу болгоод хаячихдаг байсан. Бүлэглэлийн нэр нь Revolutionary United Front буюу товчлоод RUF. Нетээс хайхад гараад ирэх байх. Сонирхвол олж уншина биз дээ.

Яаж тахир дутуу болгодог вэ гэхээр гар хөлийг нь тасдаад тасдаад, хэрчээд хэрчээд явчихдаг. Бүр 3, 4-хөн настай жаахан хүүхдүүдийг хүртэл шүү.

Аймар байгаа биз дээ. Байгалийн баялаг нэг бодлын ашигтай ч дээр нь сууж байгаа дарга нар ухаантайхан шиг байхгүй бол ард иргэдийн дунд иймэрхүү хөдөлгөөн өрнөөд байдал яаж ч эргэж мэдэхээр.

За тэгээд энэ номд гардаг гол баатрын нэгэн хөвгүүн. Айлын ганц хүү. Ногоо тарин аж төрдөг байж. Нэг л өдөр өнөөх RUF-хөн орж ирээд л хүүг аваад явна гэсэн. Мэдээж ээж аав нь хүүг минь битгий авч яв л даа гэж амь тэмцэн гуйна. Тэгсэн өнөөдүүл нь хүүгийн нүдэн дээр алчихаад хүүг авч яван цэрэг болно. Хүү нэг л өдөр сиймхий хайн тэднээс зугтана. Хэдэн тосгон луу дайрч хэдэн хүн алсан нь тоолоод баршгүй. Тэгэхгүй л бол өөрөө алуулах учраас. Номын хавтсны зураг дээрх хүү. Нүднийх нь доорх сорви байна шүү дээ. Өөрөө сахал хусагчаар зүсч арьсан дороо хар тамхи хийн мансуурдаг байсан. Тэгж мансуурахаар шууд л хүн алмаар болоод ирдэг. Ер нь бүх цэрэг хүүхдүүд тэгж л цэргийнхээ үүргийг гүйцэтгэдэг.

Зугатааж гараад янз бүрийн тусламжийн төвүүдэд ирдэг. Энэ үеээс бас л тэднийг том шалгуур хүлээж байдаг. Хар тамхинд донтсон байх нь элбэг тул, тэрнээс нь ангижруулах гэдэг маш чухал бөгөөд цаг, хүч хөдөлмөр шаарддаг. Ийм үед нь 24 цагийн турш хянаж байхгүй  бол болдоггүй. Хүүхдээсээ болоод хурдан эдгэдэг нь ч байна, маш удаан эдгэх нь ч байна. Тэд хааяа нууцаар зүгээр тамхи татдаг. Гэхдээ тэднийг хорьдоггүй. Тэр айхтар зүйлээс ангижрах гэж тэмцэж байгаа тэдэнд бага зэргийг хугацаа л өгөх шаардлагатай гэж үздэг.

Сургуульд яван, хоорондоо тоглон, зурагт үзэн, ном уншин, хоорондоо чөлөөтэй ярилцах гэх мэт өдөр тутмын энгийн үйлдэл л маш чухал. Төвдөө янз бүрийн арга хэмжээ зохиох нь их. Учир нь тэдэнд цэрэг явсан, хүн алсан гэсэн айдаст мөчүүдийг нь мартагнуулж, ирээдүйгээ шинээр харах хүсэл эрмэлзлэл төрүүлэх нь чухал.

Төвөөс зугатаад буцаад цэрэг болчих хүүхэд ч мэр сэр байдаг. Учир нь мэдээ орох цагаас нь эхлээд л буу бариулчихсан учир тэд буунаас өөр зүйл мэдэхгүй, хүн алахаас өөр зүйл мэдэхгүй болчихсон байдаг.

За энэ номыг бичсэн хүн нь Готоо Кэнжи гэдэг хүн. Сэтгүүлч. Африкийн олон орноор явж бидний мэдэхгүй олон зүйлийг дэлхий нийтэд таниулах гэсэн эрмэлзлэлтэй байсан. Байсан гэдэг нь 2014 оны 10 сарын сүүлээр Ислам улс японы 2 иргэнийг барьцаалаад, маш их хэмжээний доллар нэхэж байснаа эцсийн шатандаа энэ оны 1 сард алчихсан. Тэрний нэг нь Готоо Кэнжи. Хэд хэдэн ном гаргасан. Манай ажилд тэдгээрээс нь мэр сэр бий. Уншина гээд товлочихсон байгаа.

Эцэст нь алмааз эрдэнэ худалдаж авахгүй ээ. Хэ хэ. Би нь авчихвал тэнд африкийн хаа нэгтээ хэн нэгэн жаал, бүсгүйчүүд миний тэр худалдаад авчихсан өчүүхэн алмаазыг нөхөх гээд бас л хүнд хэцүү байдалд орно шүү дээ. Миний авах гэснийг хэн нэг нь аваг. Өчүүхэн гэдэг нь би нь мэдээж том үнэтэйгээс нь авч чадахгүй шүү дээ, хэмжээндээ таарсан хөөрхөн жижигхэн бөгж ч юм уу, ээмэг ч юм уу, хүзүүний зүүлт ч юм уу авна даа гэж боддог байсан юм.

Хань ижил бэлэг гээд худалдаад аваад өгчихвөл авнаа, дуртай нь аргагүй, Өөрөө бол худалдаж авахгүй ээ. Хэ хэ.

Та нар минь ч гэсэн ямарваа нэгэн үнэт эрдэнэ авахдаа тэдний цаана ямар их бэрхшээл зовлон нуугдаж байдаг бол гэж бодож байгаарай. Худалдаж аваад хэрэггүй гэж бол хэлэхгүй л дээ. Хэ хэ