Saturday, August 08, 2015

70 жил

Дайн дуусаад 70 жил.
Хирошимад атмын бөмбөг хаясны 70 жил.

Энд дайнтай холбоотой олон нэвтрүүлэг, уран сайхны болон баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэн, сонин  хэвлэлд дайнд аавыгаа, ахыгаа, дүүгээ, хань ижлээ алдсан хүмүүсийн ярилцлага, атмын бөмбөгдөлтөнд өртсөн хүмүүсийн яриа гэх мэт зүйл цувралаар гарч, хэвлэгдэж байна.

Би нь тэрийг нь үзээд хараад, уншаад угийн уян зөөлөн хүн юм болохоороо нулимс цийлэгнэж энэ тэр. Сэтгэл бүр сонин болчихож байгаа юм.

Саяхан нэг нэвтрүүлгээр дэлхийн 2-р дайн эхлэхээс 1 жилийн өмнө еврэй хүүхдүүдийн амь насыг аварсан англи хүний тухай гарсан. Аварсан хүүхдийн тоо 669. Үүнээс ч олныг аврах байсан. Даанч дайн эхлээд герман чехийн хилийг хаасан гэх мэт шалтгаанаас аварч чадаагүй.

Анх түүний гавъяаг хүмүүс мэддэггүй байж. Эхнэр нь түүний тэмдэглэл дэвтрийг олж нийтэд дэлгэснээр олон нийт, дэлхий түүнийг мэддэг болж.

Дайн дууссаны дараа олон хүүхдүүд ээж аавтайгаа эргэн уулзаж чадсан, бас олон хүүхэд эцэг эхээ дайнд алдсан. Гэхдээ ихэнхи эцэг эхчүүд нь хорих лагерт амь насаа алдсан.

Амь насыг нь аврах арга нь олон орон луу захидал илгээсэн. "Эдгээр хүүхдүүдийн амь нас дээсэн дээр байна. Та бүхэн эдгээр хүүхдүүдийг үрчилж авах хүн олж өгөөч."  Америк тэргүүтэй орон туслах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Аргаа бараад байж байтал өөрийнх нь төрсөн нутаг болох англи улсаас аль болох тусламаар байна гэдэг хариу ирж. Ингээд л ажилдаа ханцуй шамлан орсон. Зарим нэг хүүхдэд хуурамч паспорт хүртэл олгож байж.

Ийнхүү 669 хүүхэд хэд хэдэн ээлжээр англи улс руу дүрвэхэд тусалсан. Тэрхүү буян нь дэлгэрсэн англи хүнийг   Nicholas George Winton гэдэг. Урт удаан наслан энэ оны 7 сарны 1-нд бурхны оронд заларч.

Нетээс  Nicholas George Winton гээд хайвал гараад ирнэ. Дэлгэрүүлж уншаарай.

Дайн бүү болоосой, дайн сөнөөсэй гэж залбирч, дайны хор уршгийг үр хойчдоо сайтар ойлгуулж байх хэрэгтэй шүү.

Мөн цөмийн зэвсгийн хор хөнөөлийг багаас нь л ухуулж, ойлгуулж байх хэрэгтэй юм шүү.  Японы Хирошима хотод 8 сарын 6-нд олон орноос хүмүүс цуглан атмын бөгбөгний хор уршиг, амь үрэгдсэн энгийн оршин суугчдад хүндэтгэл үзүүлэн залбирцгаасан.

Бид ч хэд хэдэн удаа монголоос ирсэн зочдоо дагуулж очиж байсан. Тухайн үед ямар хохирол амссан зэргийг танилцуулаад бүхэл бүтэн музей байгуулсан байдаг тул үзсэн хүн бүрийн сэтгэл ихэд шимширдэг дээ.

Охидод минь ч сайн сургалт болдог гэж боддог тул хүүхдүүдийг дагуулж очин танилцуулахад буруудахгүй шүү.

2 жилд нэг ирдэг монгол хүүхдүүдийн хөтөлбөрт Хирошима хотын уг музейтэй танилцах тухай орсон байдагт их олзуурхдаг. Disney Land зэрэг хэт чамин газраас илүүтэйгээр хүүхдэд боловсрол, мэдлэг олгох газар гэж боддог доо.

Жич: Зураг дээрх бичгийг цаасаар нугалж хийсэн тогоруу шувуугаар бичсэн. Энд тэндхийн сурагчид, бүлэг хүмүүс ирж танилцахдаа ингэж 1000 ширхэг цаасан шувуу нугалж ирдэг. Тусгай шилэн хоргонд хийж нийтэд таниулдаг. Жил ирэх тусам тоо нь ихсээд хотын захиргаа тусгай агуухлахад хадгалдаг. Сүүлийн үед харин тоо нь хэт олшроод яахаа мэдэхээ байчихаад байгаа гэж хотын дарга нь хэлж байсан.

2 comments:

  1. Миний сэтгэл бас иймэрхүү сэдэв дээр их эмзэглэнэ ээ. Берлинд Friedrichstrasse гээд галт тэрэгний буудлаас анх тэр еврей хүүхдүүдийг явуулсан гээд хүүхдүүдийн хөшөө байдаг юм билээ. Жижиг чемоданаа бариад, хүүхэлдэйгээ тэвэрчихсэн, жаахан хүүхдүүдийн хөшөө. Тайлбарыг нь уншаад сэтгэл их өвдөж байсан.

    ReplyDelete
  2. harin nas yavaad tegeed bgaamuu alivaa zuild ih emzeg handdag boltson bnle.

    harin ih mundag buyantai hun bnale shu. hezee negen tsagt berlin orvol uznee hehe.

    ReplyDelete