Sunday, December 31, 2017

Энэ жилийн хуанли

За 2018 оны хуанлигаа олоод авчихсан. Хамгийн түрүүнд улаан өдөр буюу амралтын өдрөө харна. Хэдэн сард хэд хоног амралт таарах нь уу гэж. Амрах үнэн дуртай. Хэ хэ.

Шуналтай хүн чинь хэд хэдэн газар хуанли өлгөсөн. Хамгийн эхэнд жорлондоо. Би бол тоо нь том, элдэв зүйлсээ тэмдэглэж болохоорыг сонгож авдаг юм. Том өрөөнд маань харин бэлгэдэл болгож сүмогийн хуанли өлгөөтэй байдаг. Хэдэн сүмочдын зургийг л харна уу гэхээс, жаахан хараа муутай хүнд бол сар өдөр нь харагдахааргүй шахуу жижиг байдаг л даа.

Тийм болохоор том гал тогоондоо бас том тоотойг өлгөнө. Японд чинь бүхий л зүйл цаг нартай, минут секундээр л яригддаг болохоор хуанли ч бас олон төрлөөрөө гарна. Худалдаалагдана. Том том албан газрууд өөрсдийн байгууллагаа сурталчихсан хуанли гаргана.

Шинэ оноо угтах бэлтгэл хангагдаад л байна бага багаар.

Дэлхийн газрын зурагтай, японы газрын зурагтай хаунли бас олж ирсэн. Түүнийгээ ширээнийхээ бүтээлэг дор дэвсэнэ. Энэ жил ч бас хоол идэнгээ дэлхийгээр, японоор аялаад л явах нь.

Их зүгээр шүү, гэрээрээ тэр улс хаана байдаг билээ? хаана байдаг юм бол? гэж ярилцаад. Юмыг яаж мэдэхэв хэзээ нэгэн цагт хаа нэгтээ аялах ч юм билүү тэ? Амны билгээс ашдын билэг...

Ирэх ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе. Өөртөө ч бас блогоо тасралтгүй бичихийн ерөөл өргөн барина аа.

Saturday, December 30, 2017

Ирэх оны найз

Шинэ оныг хамтаа үдэх найз минь. Одоохондоо нимгэн, шинээрээ л байна. Яваандаа зузаараад, элэгдээд, олон наалт наагдаад, олон  ч үйл явдал тэмдэглэгдээд явна даа. Эргээд сөхөж байхад ч тухайн жилийн үйл явдлууд ар араасаа нүдний өмнүүр жирэлзээд л сайхан байдаг юм.

Голцуу үр зулзагуудын минь элдэв арга хэмжээ тэмдэглэгдсэн байдаг л даа. Түүнийх нь үр шимийг мэдрээд, суух ч бас айдаа мөн жаргал шүү дээ. Эцэг эх байна гэдэг ч тэгээд үр хүүхдээрээ бахархаж л кайф авдаг юм байна шд. Миний муу ээж аав бас л тэгдэг байх даа гэж.

Ээжийн хувьд ихэвчлэн тэр өвөөгийнд тэгж бууз хуушуур хийж идэх, тэр эмээтэй тэнд тэгж цайлах гэсэн зүйлүүд голцуу.

Бодоод байхад айл гэрийн эзэгтэй, ээж байх чинь алдаа гаргах эрхгүй л болдог юм шиг байна. Тэр дундаа мартаж болохгүй. Ээж нэг л зүйлийг мартвал гэрийн бусад гишүүдийн зүйл бас мартагдана гэсэн үг. Хэ хэ.

Гэсэн ч ээж бол гандан буурахгүй алдаа гаргана л дээ. Харин энэ тэмдэглэлийн дэвтэр найзынхаа ачаар мартах нь арай гайгүй. Бичихээ мартчихвал харин мартана шүү дээ. Хи хи

За та нар минь ч бас шинэ оноо шинэхэн дэвтэртэйгээ сайхан угтаарай. Хуучин дэвтрээ хаяж болохгүй шүү. Хэ хэ. Эргэж харах хэрэг гараад байдаг юм. Ккк

Ажлын шинэ жил

Бас л уламжлалт бичлэг.

Өглөө нь ажилдаа угааж хатаасан хувцсаа өмсөөд л, машиндаа нүүрээ будаад л ажил дээрээ очив. Яагаад машиндаа нүүрээ будав гэхээр охид амарчихсан, цугтаа гарах гэж мунгинасаар байтал цаг болчихож байгаа юм.

За тэгээд л өглөө яарч сандарч гарсан хэвээрээ л ажлынхаа шинэ жилд оров шд. Би үүндээ асар ихээр дасаад, монголд байгаа та нарын үнэтэй цайтай даашинзыг харахаараа л үүнийг авах мөнгөөр тэдэн кг самар авна даа гэж боддог болсон байна лээ. Хэ хэ.

За тэгээд ажлын шинэ жил яахав дээ, болдгоороо л боллоо. Уулаа, идлээ.

Мэдээж томоохон, хүн ихтэй албан газрууд өөрөөр тэмдэглэдэг байх л даа. Манайх чинь жижигхээн газар шүү дээ. 9 хүн ирсэн. Түүнээс 5 нь гадагад.

Хүүхнүүдээс би ганцаараа ууна. Мундаг уу? Ха ха.

Гэснээс энд тэнд харчууд олонтой газар пивоны шил гартаа барихгүй байхыг сануулъя, ахтай захтай, ёс жудагтай байна шүү гэж шинэ оныхоо үгийг эхэлдэг болсон байна.

Манай ажлынхан надаасаа айгаад тэгж хэлж зүрхлэхгүй л дээ. Хэ хэ.

Шинэ оноор харлаад, жаахан онцгүй л байх шинжтэй. Өнөөх айлгаад байсан цас ахайтан сураггүй л байна. Оройтсон бороо гэдэг шиг оройтсон цас гэж орох байх шүү энэ.

Wednesday, December 27, 2017

Өвлийн өвөөдөө баярлалаа

Уламжлалт бичлэг.

Жил бүр л хүрэлцэн ирэх юм, хөөрхий муу өвлийн өвөө.

Том зулзага хэн гэдэг өвөө ирдгийг мэддэг болсон тул наана нь хүссэн зүйлээ авахуулчихсан. Харин яг ирдэг өдөр нь жижигхээн зүйл бэлдэхээр тохиролцсон. Тэгэхгүй бол өнөөх бага зулзага гайхал чинь хардаад давхичихна шүү дээ.

За хамгийн эгдүүтэй нь бага зулзага. Хайр хүргэнэ ч гэж юүхэв.
За энэ захиа нь. Захиагаа төгсгөхдөө дуусаа, гүйцээ гэж төгсгөөд, инээд хүргээд хаячихаж байгаа юм.

Эртхэн бичиж илгээсэн энэ захианых нь ачаар яар сандарч гүйлгүй бэлгээ бэлдсэн.

Бэлгээ хүсэн хүлээсэн зулзага чинь байхуу цай, жигнэмэг бэлдэж тавив. Шөнөжигнөө сэрвэлзээд унтаагүй ээ, зайлуул. Санта ирж байгаа болов уу? гээд л.

Өглөө нь ердийнхөөсөө 1 цагийн өмнө сэрэв. Яг толгой дээр нь бэлэг нь байдаггүй, уйлаан майлаан болов. Хань ижил сандарч, сэмээрхэн гарч машиныхаа араас бэлдсэн бэлгээ оруулж ирэн, хөшигний ард нуув. Ха ха.

Урд орой нь унтахаар нь оруулж ирнэ дээ гэж байсан чинь унтчихаж, энэ санта эмгэн гуай. Ккк.

Бэлгээ хайгаад, эхэндээ олоогүй хүн чинь уруул ам нь дөрвөлжилж ирээд л уйлав. Цуг хайлцаад, олсныхоо дараагаар задалж үзээд л нүд нь сэргээд ирж байгаа юм. Хи хи.

Сүүлд том зулзагад загнуулсан. Яг дэрнийх нь хажууд тавихгүй бол болохгүй шдээ, гэж. Ирэх жил л марталгүй, унтчихалгүй яг дэрэн дээр нь тавих юм шүү. Ккк

Нэг ийм хөгжилтэйгөөр өвлийн өвөөгөөсөө бэлгээ авлаа бид.

Том зулзага өөрийхөө бэлгийг авчихаад жуумалзаж харагдсан.

Уншигч өвлийн өвөө нар минь бэлэг тараах ажлаа амжилттай давсан биз дээ?

Tuesday, December 26, 2017

Мундаг

Өө энэ хүмүүс чинь яасан ч мундаг юм.
Ажлын газрын нэг хятад хүүхэн байна. Үе үе ингэж жигнэмэг хийж тараана. Нарийн боовчны? үнэмлэхтэй гэсэн. Мундаг байгаа биз.

Хятад хүмүүсийг ажаад байхад ямар нэгэн илүү үнэмлэх энэ тэртэй байх нь элбэг юм билээ.

Зүгээр л мундагийг нь гайхаад суух би... Энэ хүүхнийг дуурайж жигнэмэг, бялуу хийж сурмаар л байгаа. Олон юм руу үсчиж чадахгүй л явна.
Охидынхоо төгөлдөр хуурын багшид бэлэглэх гээд нэхэж буй оймс. Хажуугийн  гонзгой нь юу вэ гэхээр өнөөх дугуй аяга угаагчаа ийм хэлбэртэй болгосон. Яагаад гэдэг шалтгааныг нь дараа хэлнэ ээ.

Бүх мундаг уншигчдадаа улам өндөр амжилтыг хүсье.

Sunday, December 24, 2017

Гоёмсог 2

Гоёмсог санагдсан зүйлсийнхээ зургийг оруулж ухаалаг утсаа жаахан хөнгөлөхгүй бол эвдрэх шинжтэй.
Эртээд ууж идсэн айлын жорлонгийн өрөөн дэх цэцэг. Эд нар жорлонгийнхоло ариун цэвэр, тав тухад их анхаардаг улс шүү дээ. Цэвэрхэн ч гэж юүхэв.

Ресторан, уушны газруудыг жорлонгоор нь үнэлчих гээд байдаг болсон байна билээ.

Мөн гэрийнхээ жорлонд ганц нэг зүйл тавьж дуурайдаг болсон. Хэ хэ.
За энэ охидын төгөлдөр хуурын багшийн гэрийнх нь үүд. Ваар, цэцэг байгаа тавиур бол гутлын шүүгээ.
Ингээд цэцгээ үе үе солино. Цэцгээ л сольсон байхад ваар нь бас солигдсон мэт харагддаг юм билээ.
Хуучин байшингаа нурааж, шинээр гэр барьсан айл. Настай хүмүүс л дээ. Хүүхдүүд нь томроод тусдаа гараад явчихсан. 90 хэдтэй ээжтэйгээ цуг амьдардаг. 2 давхар хаусаа нураагаад 1 давхар хаус барьсан. Яагаад нэг л давхар болгосон бэ гэхээр, нас яваад ирэхээр хөл гар муудаад, шатаар өгсөж уруудахад төвөгтэй болж эхэлдэг гэнэ.

Ажаад байхад ихэнх таньдаг айлууд 2 давхартаа тэр  бүр ашиглахгүй. Тусдаа гараад явчихсан хүүхдүүдийнх нь элдэв новш хураалттай байдаг юм билээ.

Юу ярьж байлаа? Аан тийм, энэ зуух. Сайхан халуу дүүгээд, дэргэдээс нь холдмооргүй байсаан.

Бага зулзага хүртэл хөөрөөд нэгэн монгол дууг хэд ч дахив. Үнэн сэтгэлээсээ дуулаад, бид өхөөрдөөд. Монгол хэлээрээ дуулсан шүү, журмын олон нөхдөө. Хэ хэ. Ямар дуу дуулсныг тэгж байгаад дараа хэлэмз...

Monday, December 18, 2017

Зураач охин

За бага зулзагынхаа бүтээлээс оруулчих уу?
Аяга угааж буй ээж.
-Ээж ээ, би таныг зурах уу?
-За, гоёор зурна шүү. Яг энэ үед аяга угааж байсан юм.

Юм нэхэж буй ээж.  Аягаа угааж дууссаныхаа дараагаар хальт нэхмэлээ хийж байх үед.
За энэ өөрөө зохиолоо бичээд, ээждээ ярьж өгөхдөө зурсан зураг.

Ганц нэг мундаг зурснаас нь ханандаа хадаад л яваа. Том зулзага харчихаад
-Манайх ямар үзэсгэлэн үү? гэсэн.
-Хүүе, монголд бол өч төчнөөн өргөмжлөл энэ тэр өлгөөд бүр ч эрээн мяраан болно шд. Харин ч би чиний элдэв шагнал урамшууллыг чимээгүйхэн далд хийчихээд л байгаа болохоос.
-Тийм үү? За за дандаа л таны зөв байдаг даа.

Том зулзагын бүтээлээс оруулах гэхээр уурлаад, ичээд байдаг болсоон. Гэртээ өлгөе гэхээр -Надаас мундаг хүн зөндөө байхад, шараа шд.
-Ямар нийтэд харуулах гэж байгаа биш, ээж аав нь л харж баясана шдээ.
-Гэхдээ л...

За уншигч олныхоо үрсэд нь бас урлагийн өндөр амжилт хүсье...

Friday, December 15, 2017

Жүжиг үзсээн

Бага насны болон ахлах ангийнхны гэж 2 болсон. Бага зулзага бид хоёр шуналтай юм болохоороо хоёуланг нь үзсэн.

Эхний удаагийнх нь бага настангуудад зориулсан хүүхэлдэйн жүжиг. Агуулга нь ч их хөөрхөн. Гарын дорх зүйлсээр л хүүхэлдэйгээ хийгээд, тайзаа засаад, хувцаслаад явчих юм. Арван жилд байхдаа урлагийн үзлэгээр хальт жүжиглэх гэж аяддаг байснаа санан санан үзэв.

Хоёр дахь удаагийнх нь ахлах ангийханд зориулсан хөгжимт жүжиг. Дуулаад л явчихна. Хальт атаархсаан шиг л суув. Бурхан яахлээрээ ингэж ад үздэг байна аа, ямар ч хөгжмийн авъяас заяагаагүй гэж бодон бодон үзэв. Дуулдаг байсан бол өдийн СТА лав авчихсаан. Хи хи.

Охидынхоо дунд эргэлдэж, элдэв арга хэмжээнд оролцож, номын сангаас ном хашрааж, элдэв дугуйлан секцэнд нь зөөж, нэг үглэж, нэг аргадаж гүйсээр байтал заримдаа ч ядардаг шүү.

Хийх ажил зөндөө байсаар байтал түрээлээд л давсандаа явах нь их болжээ. Ирэх 3 дахь өдрөөс өмнө нэг хүнд оймс нэхэж өгмөөр байдаг. Эртээд нэгийг нэхсэн л дээ, хоёр хүний нэгийг нь ямар үлдээлтэй биш, тийм ээ. Хагас бүтэн сайны амралтаар гялалзуулна аа.

Хагас сайн гэснээс, нэг өвөөгийнд очиж бууз хийж идэх ажилтай юм байна аа. Буузны ачаар их олон уулзалтыг давж гарч байна даа.

За гарчигнаасаа жаахан хөндлөн зүйл бичээд явчихаж. Халбага пиявны нөлөө шүү, таминь ээ.

Түр баяртай, амралтаа сайхан өнгөрөөгөөрэй...

Wednesday, December 13, 2017

Гоёмсог

Энд тэнд явахдаа гоёмсог зүйлд нүдээ унагадаг нь эмэгтэй хүний зан юм дагуу даа хө.
Нэгэн бага сургуульд очиж эх орноо танилцуулахдаа авсан зураг. Захирал багшийн өрөөнд цайлахад ийм гоё поднус дээр цайгаа тавьж өгсөн. 12 сар тул шинэ жилийн уур амьсгал оруулсан.

Иймэрхүү зүйлд дуртай нэг багш байдаг гэсэн. Улирлын чанартай агуулгыг нь солиод явдаг гэнэ.

Орж гарсан зочид над шиг ингээд л дуу алдаад л гайхцгаадаг гэнэ.

Гэртээ бол ингэж тавихгүй л дээ. Бөөн залхуу биз дээ? Тэгсэнд орох нээ, номоо уншаад, нэг бол оймсоо нэхээд сууж байсан нь дээр.

Гэснээс оймс нэхэж байгаа, ганц нэг өгөх хүн байна.
Сүүлийн хэд хоног занималдсан зүйл гэвэл энэ. Ягааных нь өрөөснийг өчигдөр дууссан. Их том нэхсэн байлаа гэж. Гэхдээ эзнээ олсон. Хурдан ч юм дөө, нэхээд тавьчихсан байхад.

Ягаан өнгөтэй жижгийг нэхсэн. Бэлэгний уутанд хийгээд бэлдэв. Ирэх долоо хоногт ууж идэх арга хэмжээн дээр нэг хүнд бэлэглэнэ. Дахин хэд хэдийг нэхэх гээд толгойдоо бол зөндөөг нэхчихсэн л байна. Хэ хэ.

За бүгдэд нь амжилт, өөртөө мөн амжилт...

Tuesday, December 12, 2017

Хөвсгөр болох шалтаг

Зөөз хөвсгөр болоход ийм л амархан гэж байгаа юм даа.
Нэгэн мужик хятад найз, түүний гэр бүлийнхтэй бага зулзага бид хоёр жүжиг үзсэнийхээ дараагаар тансагласан байдал. Аниа нь жүжиг үзээгүй мөртлөө тансаглах болсон чинь ээждээ учиргүй хайртай хүн болж энэ тэр. Хэ хэ. Хүүхэд томрох чинь ээж аавтайгаа орж гарах нь илт багасдаг юм байна. Бодоод байсан би ч томроод юун ээж аав, найз нөхөдтэйгөө л хэлхэлддэг байлаа шд. 
Үүнийг ээж захиалж идсэн. Хулууны кекс. Дээрхийг болохоор охид захиалж идсэн. Гурил хэрэглээгүй бялуу? байсан. Амттай гэж юүхэв байсан, би дараа орж захиална гээд занасан байгаа. Хи хи. 

Ингэж амттан идэхдээ мэдээж эхлээд өдрийн хоолоо иднэ. Дараа нь амттан авч өгнө гэсэн бичигдээгүй хуультай. Ногоо цагаагаа сайн иддэг юм. Зарим найз нөхдийг хараад байхад хоолноос нь өмнө амттанг нь идүүлчихээд байдаг, нэг бол ундаа өгчихөөд байдаг юм билээ. Тэгэхээр хүүхэд яаж хоолоо идэхэв дээ. Тийм ээ? 

Хань ижил бид хоёр эхлээд цай уулгадаг, бүр дараа нь л ундаа ууж болно оо гэдэг, тэгэхээр гэдэс нь цадсан хүн чинь тэр бүр амттан, ундаа гэх мэт зүйлийг хэтрүүлэн хэрэглээд байдаггүй. 
Монголоос ирсэн дадлагажигчтай хамт цайлахдаа. Өөрсдөө борголоо бутлаж? уусан. Үнэр гэж салахын аргагүй байсөөн. 
 За өнөөх боргол чинь энэ. Хажуугийнх нь буурцагны чанамал. Элсэн чихрийн оронд хийнэ. Цаад талд байгаа нь кекс. Лимонтой.

Хөвсгөр болоход энэ мэт ууж идэх шалтаг мундахгүй их.

Гэснээс хүйтрээд, цаанаасаа л бие хаа халуун хоол цай нэхээд байна, нас ахиж байгаагийн шинжүү дэ хө.

Monday, December 11, 2017

Хмас өдөрлөг

Хорооны хүүхдийн тасаг Хмас өдөрлөгөө зохиож, бага зулзага явчихаад ирсэн. Яагаад ганц бага зулзага явсан бэ гэхээр дунд ангид орохоор иймэрхүү тоглосон, зугаацсан зүйлээс автоматаар хасагдаад явна, хичээл ном чухал учраас.

Өглөө гэрийн гадаах цэцэрлэгт хүрээлэнд цуглаад л, хариуцсан ээж аав дагуулаад явсан. Ингээд л биеэ даагаад, нийгэмшээд ирж байгаа юм. Нэг бодлын сайхан...

Хөгжилтэй сайхан болсон гэсэн. Хөгжөөнт тоглоом тоглосон л гэнэ, таавар таалгасан л гэнэ. Бага зулзага тааж шагнал авсан гэсээр хөөрсөн хүн орж ирсэн.

Нэг сэнжтэй аяга, 3 ширхэг гарын алчуур, хоёр ширхэг жигнэмэг, нэг бохьтой орж ирсэн. Нэг алчуураа аниадаа бэлэглэж харагдсан.

Тарж ирэхдээ мөн гадаах цэцэрлэгт бултаараа ирж, гэр гэртээ харьцгаана. Гэр ойрхон учир өөрөө л гүйгээд ороод ирнэ. Амар байгаа биз? Мэдээж заримдаа аймаар зүйл сонсогддог л юм. Охин хүүхдийг сайн харж хандаж, далай сувдаа нуудаг шиг нууж хааж байхгүй бол ч тэ.

За за хадуурах нь. Ирэх хагас сайнд дүүргийнх. Олон хүүхэд хамардаг тул, сайн дурынхны бяцхаан үзүүлэн тоглолт л болдог. Мөн багахаан хэмжээний бэлэгтэй. Яаж хоосон байхав.

Ээжийн шинэ жилийн баярууд ихэвчлэн ажлын өдөр, оройн цагаар. Бага шиг гостоод явчих юм шүү. Хэ хэ.

Бүгдэд нь Хмас үдэшлэгүүдээ сайхан тэмдэглээрэй гэж хүсье...

Sunday, December 10, 2017

PTAバザー буюу ЭЭБЗ-н худалдаа

Бага сургуулийн эцэг эх багшийн зөвлөл нь жил бүр 12 сард базаар буюу худалдаа явуулна.

Есон жорын зүйл зарна. 1-р ангийнхан гахайн махтай шөл, 2-р ангийхан ундаа, 3-р ангийнхан карритай будаа, 4-р ангийхан жигнэмэг, 5-р ангийнхан халуун цай, коофе, 6-р ангийнхан лавшаа гэх мэт.

Зорилго нь сургуулийн элдэв зардалд хэрэглэнэ, орлогоо. Учир нь сургуулийн төсөв иргэдийнхээ татвараас бүрддэг тул, ийм зүйлд мөнгө зараад байхдаа яадаг юм гээд батлагдахгүй тохиолдол ч байдаг гэсэн.

Тухайн жилийн хариуцсан эцэг эхүүд багш нартай хамтраад юу юу хийж зарахаа шийднэ. Мөн хүмүүсээ ажилд хуваарьлана. Урд өдөр нь материалаа худалдаж авах, базаар болох өдрөө өглөө эрт бэлтгэлээ базаах хүмүүс, хоолоо хийх хүмүүс, зарах хүмүүс, дараагийн угаах, хураах гэх мэт ажлыг хариуцсан хүмүүс гээд л цаг цагаар нь хуваарьлаад гаргачихна.

Хямд байдаг тул тухайн өдөр бараг ихэнх айлууд өдрийн хоолоо тэндээсээ аваад идчихнэ. Хорооны бусад оршин суугчид ч үйлчлүүлнэ.

Би энэ жил зарах ажилд хуваарьлагдсан. Бүх хүүхдийн эцэг эхийг оролцуулах тул хүн хангалттай хүрэлцээтэй. 30 минут л зогсож зарсан. Ганцаараа биш, 2 ч ээж хамт зарсан болохоор түүртсэнгүй. Би ер нь худалдагч болбол таарах хүн байна лээ шд. Бас л дуугай байхгүй, шөлөндөө гэж орилж энэ тэр. Ккк

Зарим нэг япон хүмүүсийг хараад байхаар мэланхолик? хүмүүс байна аа байна. Яаж зүгээр байхав, энэ олон хүн дотор. Дуу нь ч гарахгүй, тэгээд худадагч хийх гээд зогсохоор яаж шөл нь зарагдах вэ дээ? Тэ...

Амралтын өдөр нэг иймэрхүү л өнгөрч байна дөө. Он гартал бүх амралтын өдөр плантай. Амралтын өдөр нь хүрэлцэхгүй, зарим нэг ажлын өдөр орой амжуулна. Алкохолын илүүдэлд орчих вий дээ, бурхан минь...

Saturday, December 09, 2017

Бас нэгэн ном

Охидыг минь унш гэж хамаатан садангууд ном өгөх л юм. Өнөөдүүл нь уншиж байгаа зүйл алга, гэхдээ хэзээ нэгэн өдөр дуржиганатал уншина гэдэгт ээж миний бие итгэлтэй байгаа.

Сургамжит үлгэр. Зарим нэгийг нь бол уншаад ойлгохгүй юм билээ. Яг ямар санаатай, юуг ойлгуулах гээд байгааг нь нэлээд ухаж төнхөж байж л за нэг иймэрхүүй санааг л өгөх гээд байгаа болов уу даа гэж бодсон.

Дэлхийд алдартай хүний зохиолыг ингээд хэлчихдэг бас ч бас овоо гар уу? би. Хэ хэ. Эх хэл дээр нь уншвал бас өөрөөр тусах байх тийм ээ?

Өсвөр насны хүүхэд багачууд уншаад, эргээд энэ талаараа хоорондоо ч юм уу, ээж аавтайгаа ярилцаж уншвал харин цаад хэлэх гээд байгаа санааг нь ойлгох байх.

Одоо ч номтой өглөө гэх мэт сайхан цуглаанууд их байдаг болжээ. Нүүр номоор үйл ажиллагааг нь хараад атаархаж суудаг юм.

Ямартай ч гэрийнхээ номын тавиур дээрх номыг дарааллан уншиж дуусгах санаатай. Нимгэнээс нь эхэлж байгаа нь энэ. Одоо цаана нь зузаан хэд хэдэн ном бий. Өвлийн амралтаараа уншина гэж төлөвлөсөн.

Дахин ганц нэг ном Монголоос наддаан ирэх гээд хоногоо тоолж байгаа. Хэ хэ.

Гэснээс ойрд тувт монгол ном уншиж байна аа би. Дундуур нь ганц нэг япон ном уншиж байгаа шүү. Удахгүй танилцуулна аа.

Бүгдийнх нь ажил үйлсэд амжилт хүсье. Мөн өөртөө ч бас амжилт хүсэв.

Tuesday, December 05, 2017

Явсан газрын зураг

Дандаа л идэш уушны зураг оруулахаасаа санаа зовоод оо.
Буудлын цонхоор амьдрал сайхан харагдана аа гэдэг зураг. 15 давхарт байрлаад, өндрөөс хотыг тольдоод, сайхан байсөөн. 
Эргүүлэг. 7 сард бас бичиж байсан даа. Токүшима мужийн Нарүто хоттой хиллэх номхон далай, Сэтонай тэнгис хоёр уулзахдаа үүсгэдэг эргүүлэг. 3 дахиа очиж байж, ийм жижиг эргүүлэг олж харлаа. 
Зочид буудлын лобигийн таазны гэрэл. Сүлд мод засчихсан ч байсныг хэлэх үү? Гоё харагдаад байхаар нь зураг дарлаа шд.
Дэлгүүрийн сүлд мод. Хүүхнүүд л болсон хойно дэлгүүр нүүлгэж байгаа юм. Би дагаж баяссан. Ганц нэг худалдаа хийсээн хийсэн. Яаж зүгээр байхав, дэлгүүр гомдчихно гээд.
15 давхрын цонхоор. Өглөө дарсан зураг. 
Суугуул нутгийн галт тэрэгний буудлын гадаах элсэн бүтээл. Покэмонго? ч билүү нэг юмнаас болоод хөл хөдөлгөөнтэй угтсан намайгаа. Гар утсаа шагайсан л улс. Би энэний учрыг одоо болтол сайн ухаж ойлгоогүй л яваа. Хэ хэ.

Monday, December 04, 2017

Идэш уушны зураг

Ганц нэг зураг оруулъяөө.
Сая ажлаар явахдаа буудалласан зочид буудлын өглөөний хоол. Өөр зөндөө зүйл байсан л даа. Албаар нэг иймэрхүү зүйл сонгож идээд байсан хэрэг. Гэхдээ яг энэ зургийг авдаг өглөөний урд орой нь бид мах шарж идсэн юм аа. Нэлээд идээд уучихсан байсан болохоор, хөнгөн өглөөний цай уух санаатай л...
Урдны ажлын үеэр. Ажлаа дууссаны баяр. Хэ хэ. Сашими буюу түүхий загас. 
За энэ бага зулзагын хүсэлтээр пицца идэхээр орсон газрын хоол. Хайлуулсан бяслаганд дүрж иднэ. 
Шарсан махаа дарсаар даруулсан нь. Монголчууд бид үнэхээр л махандаа хайртай дуртай юм аа. Би зочид буудлын гадаах шарсан? махны зургийг санаандгүй гөлөрч байгаад онигоонд орохоо шахсан шд. За бараг орсоон орсон. Хэ хэ. 
За энэ хэддэх даруулга нь юм бүү мэд. Хэ хэ

За ингээд ажлаар яваад байна уу, аялалаар идэж уухаар яваад байна уу гэж хардахаар л ууж идсэн байна уу? 

12 сарыг бага шиг бондойж өнгөрөөх юмсан. Ар араасаа бөөн паарти...

Sunday, December 03, 2017

Харьж ирсэн ч

Ээжийг харьж ирсэн ч хол ойрын хөршүүд минь юм юм л зөөгөөстэй. Сурснаараа хоёр гараа тосож авдгаараа аваастай.
Авчирсан идээгээ өгөх гээд орсон чинь өөдөөс ингээд л дөнгөж сая хийсэн юм, болсон идээнээс бүү зугт гээд л өгөхөөр нь аваад л гараад ирсэн.
Ажил дээр минь ирээд, намайг сууж байсан чинь өө хариад ирээ юу? Цагаан лууван байгаа юу? гэж асуусан найз өвөө гэрийн гадаа үлдээсэн ногоо. Би нэг цагаан лууванг нь таллаад мисо шөлөндөө хийчихсэн, зураг авахаасаа өмнө. Луувангийн навчыг нээрээ иддэг шд, тэнпүра хийж идээд байдаг юм. Би гэртээ тэнпүра хийдэггүй болохоор ийм ногооныхоо навчыг татаад бууз хуушуурныхаа маханд хольчихдог. 

Өөр юу өглөө, заримых нь зургийг авахаасаа өмнө идчихээд байх юм. Хэ хэ. 

Saturday, December 02, 2017

Тэнгэрийн таван нүд төгсгөл

"Таван нүд" энэ утга төгөлдөр хээ монгол хүний ширгэж дундаршгүй ухааны өлзий болохын учир аль ч төрийн өнгөнд олон бүгдээр дээдэлж иржээ. Бүр Богд эзэнт монгол улсын ноёд түшмэдийн зэрэг дэвийг энэ ухааны хээгээр тодорхойлон олгож асан түүхтэй. Хожим хойно манай ардын засаг мандаж улс төрөө хөгжүүлж дэвжихдээ анхны мөнгө төгрөгөндөө "Таван нүдэн"-г талбисан юм шүү дээ гэвээс хүмүүс Баясахын насан туршаа өмчлөн дээдэлсэн тэхүү тамганы учрыг сая гадарлажээ.

-Нэг үе Богд дээдсийн тухай цухуйлгавал үстэй толгой харладаг байлаа. Тийм цагт ийм үг дуугарвал яана гэж санана. Та нарт байтугай үр хүүхэддээ ч элдэв эсийг ярилгүй амаа хамхиж явлаа. Энэ багас манай монгол улс Өндөр дээд хаан Чингис, Өгөөдэй, Мөнх, Гүюг хаан, их Юань гүрнийг жолоодсон Хубилай сэцэн хаантай байсан гэж сонсон чихээ онгойлголгүй өссөн. Муу хүн завагтаа нууснаа олдоггүй гэдэг үгтэй. Улс гүрнээрээ мэддэг түүх шастираа мэдэхгүй амьдрах муухай. Энэ "Таван нүдэн" тэр цагаас л монгол хүн болгоны чимэг болж явсан юм даа гэсээр Баясах чимээгүй болов. Түүний духны гүн үрчлээ улам сүүдэртэн бодол болно.

Баясах энэ тухай олон жил сэтгэлдээ чандлан хадгалжээ. Учир юу гэвээс мэргэд дээдэс бодож олсон ухааны утгыг мэдэж тайлах хүнгүй, эцэг дээдсэн хэдэн үе дамжиж ирснийг ч мэдэхгүй, тэр бүү хэл хүний өөрийнхийг ч  ялгахгүй болсонд харуусдаг байлаа. Аливаа улс гүрэнд өөрийн гэх оюун санааны өмч байдаг. Тэр нь их бага ялгалгүй өөрийн юм өөрийнх л байдаг болохоор ухаантан болгон мэдэж хайрлах учиртай.

Өгөдэй их хааны тэртээгээс эхлэн Хубилай сэцэн хаанаар үе уламжлагдсан энэ таван нүдэн хээ хүмүүний гар ухаан дамжин хэдэн зууныг өртөөлөхдөө элэгдэж хуучралгүй, морьтон монгол хүнд унааны нь хазаар ногт, эмээл ташуур мэт яван явсаар нас талийж ухаан молхидсон надад ирсэн хэргээ гэж Баясах элдвийг бодно.

Зөөлөн бороо намиран, зунжин зэл бараадсан адуу бэлчээртээ туриглан алслана. Эзэн дээдсийн "Таван нүдэн" тамгаар ташаагаа гоёсон энэ жилийн унага зэлнээс тавигдсаны баяр мэт тоглож тонгочин өвс ногоо үнэрлэн ганц нэг хазлаж, бас эхийнхээ цавинд хошуу шургуулган хөхийг нь үлгэнэ.

Монголын минь энэ их сайхан хээр талын хөрсөн дээр ч, хэвлий дотор нь ч хүний мэргэн ухаанаар бүтсэн ямар лугаа эрдэнэс нуугдаа бол гэхээс Баясахад тэр бүхнийг олж мэдэн, энэ хойчист нэг дуулгахсан гэсэн хорхой асна. Хүнд мэдсэн далай, мэдээгүй балай гэсэн үг байдаг.  Тэгвэл Баясах өөрийгээ дэндүү багыг мэдэж байна даа гэж голж ач үрсдээ үлдээх юмтай, дурсагдах нэртэй явахсандаа гэх бодол өвөртлөнө.

Адуу туриглан алслана. Бэлчээр эзэгнэн налайх тэнгэрийн түмэн сүрэг алслах биш эзэндээ улам ойртох лугаа санагдан Баясах араас нь хараа бэлчээж сэтгэлээ баясган хэсэг суулаа. Адуу холдсон хойно Баясах тэнгэрийн таван нүдэн хэмээн нэгэн насаар шүтсэн тамгаа оруулж хоймрын авдартаа заллаа. Дээсдсийн эрдэнэс үр хойчдаа үнэтэй.

Гачуурт 2017

За ингээд дууслаа. Гэснээс надад хөө хуяг байдаг юм. Багадаа түүгээр шагай шүүрэхдээ тоглодог байлаа. Тэртээх олон жилийн өмнө нутгаасаа гарахдаа хэдэн шагайтайгаа хамт аваад л энэ арлын оронд ирж билээ. Түүнийгээ гаргаж ирэн хээг нь нэг харъя байз. Таван нүдэн хээ гэдэг байх нь. Сэнпай-нхаа өгсөн гого сэтгүүлээс гого зүйл мэдэж авлаа. Баярлалаа.

Friday, December 01, 2017

Тэнгэрийн таван нүдэн үргэлжлэл

Баясах амьдралдаа өөрийн чойр номтой, үзэж туулсан хийгээд дуулж сонссон юм арвинтай тул эрхэмлэн дээдлэх, өвлүүлэн үлдээх ухааны улагтай хүн. Түүнээс нутаг усныхан амыг нь дагадаг бичигдээгүй хуультай. Баясахын хаяаг бараадан жилийн жилд ханьсдаг бөгтөр Бадам гэх хижээл эр дагзан дээрээ хаясан хуучин бүрхээ засан
-Манай Амбаа ч тэвхэлзэж байна аа... хэмээн бахадвал Баясах хариу сануулах аятай хэг хэг хөхөрч
-Бадаам... Уг нь би чамайг ерөөл айлтгахсан болов уу гэсэн, харалмар чинь балга тагш юманд халамцдаг болоо юу даа? гэв.

-Амбаа би ерөөл хэлэлгүй яахав. Унагаа тамгалсны дараа айлдах юм уу гэж санаад... гэвэл Баясах
-Тэгээ тэг. Одоо ч хүн бүхэн л өөртөө таарсан дэг жаяг тогтоодог хойно... хэмээн жирийн боловч цаанаа жаахан чимхсэн аялгаар хэллээ.

Тэр өдрийн ихэнх унагаа тамгалан бужигнасны эцэст Бадам дээл хувцсаа засч журамлан, зэлний эхэнд зассан идээ цагаа, уугиулсан арц хүжний ард тухлан цээл яруухнаар ерөөл айлтгаж, Баясах ч тэр арц хүжинд дээд тэнгэрээс зарлигдсан гэх эцэг дээдсийн "Таван нүдэн" эрдэнэ лугаа тамгаа ариулан хадганд ороолоо.

Баясах энэ тамгаа мал сүрэг өсгөдөг, чоно нохой халдаадгүй гэж сайшаах дуртай. Дээд тэнгэрийн зарлигтай хойно тэгэлгүй яахав гэж өөрөө ч түүндээ бат итгэдэг хүн. Тэр энэ "таван нүдэн" гэх өлзийгөө өгсөн хээний үүх түүхийн тухай дуулж сонссоноо хэдэн зууны тэртээгээс нь улбаалан ухаж ярих дуртай. Түүнийгээ мэдэхдээ ч гаргууд. Бүүр эзэн богд Чингис хааны алтан ураг, түүнээс хойшхи Өгөөдэй хаан хийгээд Цагаадайн улс, Бага хаадын үеийн зоос чимэглэлээс эхлээд урьд өмнө дуулж сонсоогүйг хөөрнө.

Энэ түүх, домог ч "Таван нүдэн" тамгатай хамт дээд тэнгэрээс эцэг дээдсээр уламжлан өнөөдөртэй золгосон. Аав нь түүнд "Юмыг хайрлаж хамгаалъя гэвэл үүх түүхийг нь мэдэж яв." гэдэг байв. Одоо Баясах тэр үгийг хүүдээ хэлдэг болж. Хүн мэдэхгүй юмандаа халгаатай гэдэг. Мэдэхгүй юм аа яаж ч хайрлаа билээ.

Хүмүүний амьдралд мартаж гээхийн аргагүй өөрийн гэх юм олон, түүний нэг нь энэ "Таван нүдэн" гэж тэр батлана. Халхын Өндөр гэгээн Занабазар хутагтын адуу малын энэ өлзийт тамга удам судраар нь дамжин Баясахад өвлөгдсөн тул тэр түүнийгээ тэнгэрийн тамга гэж ихэд бэлэгшээнэ.

-Энэ эрдэнийн "Таван нүдэн"хээ чинь хэзээнээс манай монголын бэлгэдэл болж эд өлөг, дайчин баатар эрчүүдийн зэр зэвсэг, эмс охидын өмсгөл зүүсгэлийг чимж ирсэн түүхтэй юм. Монгол хүний ухаанаас гарсан энэ тэнгэрийн хээгээ эцэг дээдэс маань манз цавынхаа тогоо, ариун сангийн бойпор, эрдмийн их судар номын шогол, лам хуврагын дамрын даржинд дээдлэн бүтээн нандигнаж ирсэн юм. Энэ өөр хэний ч биш зөвхөн манай монголын дээд тэнгэрийн зарлигдсан бэлгэдэл юм.

Тэр бүү хэл эр цэрэг амь насаа хамгаалах хөө хуягаа энэ бат бөх хээгээр сүлжиж дархлан дайн тулаанд ордог байсан. Нэг цагирагт дөрвөн цагираг холбож ширээсэн эр цэргийн хөө хуягт харь дайсны харвасан сум шантарч, далайсан илд мохно. Энэ таван нүдэнгээр эмээл хазаараа чимж, эмс охид ууж, унжлага зүүлтээ хэдэн зуунаар гоёж ирсэн.

Таван нүдэнг хэн дуртай нь эдэлдэг юм биш, тун их ёс дэгтэй. Юань гүрний үеэс зөвхөн Хубилай хааны ордны Алтан ургийн ихэс дээдэс л хэрэглэх эрхтэй нандин бэлгэдэл юм гэж ярихыг нь анх сонссон нутгийнхан гайхацгаалаа.

Баясах тэдэнд эзэн богд Чингис хааны алтан ургийн залгамж Өндөр гэгээнтэн Занабазар Богдын тухай үлгэр домог лугаа олон сонин сайхныг хуучилна. Эрхэм дээд Өндөр гэгээнтэн зөвхөн монгол хүний уран ухаанаа шингээсэн "Таван нүдэн" хээг сан сүргийнхээ тамга болгон дээдэлсэн учрыг хүртэл айлдав.

Өндөр гэгээнтнээс харъяат албад нь сан сүргийн тамга нь ямар хэлбэр дүрстэй байхыг болгоовол Богд гэгээнтэн "Бат бөхийн бэлгэдэл болгон найши хийтүгэй. Найши гэдэг нь нэг дугуй дотор дөрвөн арвай талбиваас таван нүдэн болох буй. Үржиж оршихуйн бэлгэдэл таван нүд, дөрвөн аймгийн дунд тахигдахын учир сан сүрэгт тохирох буюу" гэж айлдсан гэдэг. Уран ухаан, уужуу доторт хүн ямагт юмны цаад утгыг бодож билэгшээнэ.

Үргэлжилнэ...