Friday, December 01, 2017

Тэнгэрийн таван нүдэн үргэлжлэл

Баясах амьдралдаа өөрийн чойр номтой, үзэж туулсан хийгээд дуулж сонссон юм арвинтай тул эрхэмлэн дээдлэх, өвлүүлэн үлдээх ухааны улагтай хүн. Түүнээс нутаг усныхан амыг нь дагадаг бичигдээгүй хуультай. Баясахын хаяаг бараадан жилийн жилд ханьсдаг бөгтөр Бадам гэх хижээл эр дагзан дээрээ хаясан хуучин бүрхээ засан
-Манай Амбаа ч тэвхэлзэж байна аа... хэмээн бахадвал Баясах хариу сануулах аятай хэг хэг хөхөрч
-Бадаам... Уг нь би чамайг ерөөл айлтгахсан болов уу гэсэн, харалмар чинь балга тагш юманд халамцдаг болоо юу даа? гэв.

-Амбаа би ерөөл хэлэлгүй яахав. Унагаа тамгалсны дараа айлдах юм уу гэж санаад... гэвэл Баясах
-Тэгээ тэг. Одоо ч хүн бүхэн л өөртөө таарсан дэг жаяг тогтоодог хойно... хэмээн жирийн боловч цаанаа жаахан чимхсэн аялгаар хэллээ.

Тэр өдрийн ихэнх унагаа тамгалан бужигнасны эцэст Бадам дээл хувцсаа засч журамлан, зэлний эхэнд зассан идээ цагаа, уугиулсан арц хүжний ард тухлан цээл яруухнаар ерөөл айлтгаж, Баясах ч тэр арц хүжинд дээд тэнгэрээс зарлигдсан гэх эцэг дээдсийн "Таван нүдэн" эрдэнэ лугаа тамгаа ариулан хадганд ороолоо.

Баясах энэ тамгаа мал сүрэг өсгөдөг, чоно нохой халдаадгүй гэж сайшаах дуртай. Дээд тэнгэрийн зарлигтай хойно тэгэлгүй яахав гэж өөрөө ч түүндээ бат итгэдэг хүн. Тэр энэ "таван нүдэн" гэх өлзийгөө өгсөн хээний үүх түүхийн тухай дуулж сонссоноо хэдэн зууны тэртээгээс нь улбаалан ухаж ярих дуртай. Түүнийгээ мэдэхдээ ч гаргууд. Бүүр эзэн богд Чингис хааны алтан ураг, түүнээс хойшхи Өгөөдэй хаан хийгээд Цагаадайн улс, Бага хаадын үеийн зоос чимэглэлээс эхлээд урьд өмнө дуулж сонсоогүйг хөөрнө.

Энэ түүх, домог ч "Таван нүдэн" тамгатай хамт дээд тэнгэрээс эцэг дээдсээр уламжлан өнөөдөртэй золгосон. Аав нь түүнд "Юмыг хайрлаж хамгаалъя гэвэл үүх түүхийг нь мэдэж яв." гэдэг байв. Одоо Баясах тэр үгийг хүүдээ хэлдэг болж. Хүн мэдэхгүй юмандаа халгаатай гэдэг. Мэдэхгүй юм аа яаж ч хайрлаа билээ.

Хүмүүний амьдралд мартаж гээхийн аргагүй өөрийн гэх юм олон, түүний нэг нь энэ "Таван нүдэн" гэж тэр батлана. Халхын Өндөр гэгээн Занабазар хутагтын адуу малын энэ өлзийт тамга удам судраар нь дамжин Баясахад өвлөгдсөн тул тэр түүнийгээ тэнгэрийн тамга гэж ихэд бэлэгшээнэ.

-Энэ эрдэнийн "Таван нүдэн"хээ чинь хэзээнээс манай монголын бэлгэдэл болж эд өлөг, дайчин баатар эрчүүдийн зэр зэвсэг, эмс охидын өмсгөл зүүсгэлийг чимж ирсэн түүхтэй юм. Монгол хүний ухаанаас гарсан энэ тэнгэрийн хээгээ эцэг дээдэс маань манз цавынхаа тогоо, ариун сангийн бойпор, эрдмийн их судар номын шогол, лам хуврагын дамрын даржинд дээдлэн бүтээн нандигнаж ирсэн юм. Энэ өөр хэний ч биш зөвхөн манай монголын дээд тэнгэрийн зарлигдсан бэлгэдэл юм.

Тэр бүү хэл эр цэрэг амь насаа хамгаалах хөө хуягаа энэ бат бөх хээгээр сүлжиж дархлан дайн тулаанд ордог байсан. Нэг цагирагт дөрвөн цагираг холбож ширээсэн эр цэргийн хөө хуягт харь дайсны харвасан сум шантарч, далайсан илд мохно. Энэ таван нүдэнгээр эмээл хазаараа чимж, эмс охид ууж, унжлага зүүлтээ хэдэн зуунаар гоёж ирсэн.

Таван нүдэнг хэн дуртай нь эдэлдэг юм биш, тун их ёс дэгтэй. Юань гүрний үеэс зөвхөн Хубилай хааны ордны Алтан ургийн ихэс дээдэс л хэрэглэх эрхтэй нандин бэлгэдэл юм гэж ярихыг нь анх сонссон нутгийнхан гайхацгаалаа.

Баясах тэдэнд эзэн богд Чингис хааны алтан ургийн залгамж Өндөр гэгээнтэн Занабазар Богдын тухай үлгэр домог лугаа олон сонин сайхныг хуучилна. Эрхэм дээд Өндөр гэгээнтэн зөвхөн монгол хүний уран ухаанаа шингээсэн "Таван нүдэн" хээг сан сүргийнхээ тамга болгон дээдэлсэн учрыг хүртэл айлдав.

Өндөр гэгээнтнээс харъяат албад нь сан сүргийн тамга нь ямар хэлбэр дүрстэй байхыг болгоовол Богд гэгээнтэн "Бат бөхийн бэлгэдэл болгон найши хийтүгэй. Найши гэдэг нь нэг дугуй дотор дөрвөн арвай талбиваас таван нүдэн болох буй. Үржиж оршихуйн бэлгэдэл таван нүд, дөрвөн аймгийн дунд тахигдахын учир сан сүрэгт тохирох буюу" гэж айлдсан гэдэг. Уран ухаан, уужуу доторт хүн ямагт юмны цаад утгыг бодож билэгшээнэ.

Үргэлжилнэ...

No comments:

Post a Comment