"Таван нүд" энэ утга төгөлдөр хээ монгол хүний ширгэж дундаршгүй ухааны өлзий болохын учир аль ч төрийн өнгөнд олон бүгдээр дээдэлж иржээ. Бүр Богд эзэнт монгол улсын ноёд түшмэдийн зэрэг дэвийг энэ ухааны хээгээр тодорхойлон олгож асан түүхтэй. Хожим хойно манай ардын засаг мандаж улс төрөө хөгжүүлж дэвжихдээ анхны мөнгө төгрөгөндөө "Таван нүдэн"-г талбисан юм шүү дээ гэвээс хүмүүс Баясахын насан туршаа өмчлөн дээдэлсэн тэхүү тамганы учрыг сая гадарлажээ.
-Нэг үе Богд дээдсийн тухай цухуйлгавал үстэй толгой харладаг байлаа. Тийм цагт ийм үг дуугарвал яана гэж санана. Та нарт байтугай үр хүүхэддээ ч элдэв эсийг ярилгүй амаа хамхиж явлаа. Энэ багас манай монгол улс Өндөр дээд хаан Чингис, Өгөөдэй, Мөнх, Гүюг хаан, их Юань гүрнийг жолоодсон Хубилай сэцэн хаантай байсан гэж сонсон чихээ онгойлголгүй өссөн. Муу хүн завагтаа нууснаа олдоггүй гэдэг үгтэй. Улс гүрнээрээ мэддэг түүх шастираа мэдэхгүй амьдрах муухай. Энэ "Таван нүдэн" тэр цагаас л монгол хүн болгоны чимэг болж явсан юм даа гэсээр Баясах чимээгүй болов. Түүний духны гүн үрчлээ улам сүүдэртэн бодол болно.
Баясах энэ тухай олон жил сэтгэлдээ чандлан хадгалжээ. Учир юу гэвээс мэргэд дээдэс бодож олсон ухааны утгыг мэдэж тайлах хүнгүй, эцэг дээдсэн хэдэн үе дамжиж ирснийг ч мэдэхгүй, тэр бүү хэл хүний өөрийнхийг ч ялгахгүй болсонд харуусдаг байлаа. Аливаа улс гүрэнд өөрийн гэх оюун санааны өмч байдаг. Тэр нь их бага ялгалгүй өөрийн юм өөрийнх л байдаг болохоор ухаантан болгон мэдэж хайрлах учиртай.
Өгөдэй их хааны тэртээгээс эхлэн Хубилай сэцэн хаанаар үе уламжлагдсан энэ таван нүдэн хээ хүмүүний гар ухаан дамжин хэдэн зууныг өртөөлөхдөө элэгдэж хуучралгүй, морьтон монгол хүнд унааны нь хазаар ногт, эмээл ташуур мэт яван явсаар нас талийж ухаан молхидсон надад ирсэн хэргээ гэж Баясах элдвийг бодно.
Зөөлөн бороо намиран, зунжин зэл бараадсан адуу бэлчээртээ туриглан алслана. Эзэн дээдсийн "Таван нүдэн" тамгаар ташаагаа гоёсон энэ жилийн унага зэлнээс тавигдсаны баяр мэт тоглож тонгочин өвс ногоо үнэрлэн ганц нэг хазлаж, бас эхийнхээ цавинд хошуу шургуулган хөхийг нь үлгэнэ.
Монголын минь энэ их сайхан хээр талын хөрсөн дээр ч, хэвлий дотор нь ч хүний мэргэн ухаанаар бүтсэн ямар лугаа эрдэнэс нуугдаа бол гэхээс Баясахад тэр бүхнийг олж мэдэн, энэ хойчист нэг дуулгахсан гэсэн хорхой асна. Хүнд мэдсэн далай, мэдээгүй балай гэсэн үг байдаг. Тэгвэл Баясах өөрийгээ дэндүү багыг мэдэж байна даа гэж голж ач үрсдээ үлдээх юмтай, дурсагдах нэртэй явахсандаа гэх бодол өвөртлөнө.
Адуу туриглан алслана. Бэлчээр эзэгнэн налайх тэнгэрийн түмэн сүрэг алслах биш эзэндээ улам ойртох лугаа санагдан Баясах араас нь хараа бэлчээж сэтгэлээ баясган хэсэг суулаа. Адуу холдсон хойно Баясах тэнгэрийн таван нүдэн хэмээн нэгэн насаар шүтсэн тамгаа оруулж хоймрын авдартаа заллаа. Дээсдсийн эрдэнэс үр хойчдаа үнэтэй.
Гачуурт 2017
За ингээд дууслаа. Гэснээс надад хөө хуяг байдаг юм. Багадаа түүгээр шагай шүүрэхдээ тоглодог байлаа. Тэртээх олон жилийн өмнө нутгаасаа гарахдаа хэдэн шагайтайгаа хамт аваад л энэ арлын оронд ирж билээ. Түүнийгээ гаргаж ирэн хээг нь нэг харъя байз. Таван нүдэн хээ гэдэг байх нь. Сэнпай-нхаа өгсөн гого сэтгүүлээс гого зүйл мэдэж авлаа. Баярлалаа.
No comments:
Post a Comment