Showing posts with label Dursamj. Show all posts
Showing posts with label Dursamj. Show all posts

Sunday, June 17, 2018

Олоорой

Эхний удаагийн жимс түүлтээр бага зулзага өвөөгийн амьжиргаа цагааны тэвшин дээр гарч мод хүртлээ явсан. Их л хөгжилтэй байх шиг байсан. Арзайтлаа инээгээд л...

Жимс түүж нэг их гийгүүлээгүй ээ. Ээж л шуналтаж зөндөө түүсэн. Бага зулгага юу хийж өөрийгөө баясгасан бэ гэхээр
Барьж гүйгээд, авч харина гэж гайхуулсан зүйлийг нь энэ зурагнаас олоорой. 

-Хошуун дээр нь нэг үнсчих. Тэгвэл цайралаг хан хүү гарч ирээд л
-Но шүү дээ, юу гэж тийм юм байдаг юм?

Ямар амьтан олохоо мэдсэн биз? Манайхаан. 

Хөөрхий минь уул уснаа холдоод хот газар оччихвол удахгүй л үхчихнэ шдээ, буцаагаад тавьчихаа гэж байж горхи луу чулуудууллаа. Энэ хүүхдүүдийн гар хөл заримдаа их ширүүн байх юм аа тэ. Хэ хэ. 

Олоон жилийн өмнө энэ өвөөгийнд том зулзагатайгаа бас жимс түүхээр ирж байсан юм. Тэр үед том зулзага бас яг л дүү шигээ элдэв хорхой шавьж барьж гүйгээд л, амьжиргаа цагааны дэвшин дээр гарч суучихаад л баясаад л хөөрхөн байж билээ. Хүүхдүүдийн үйлдэл бас ижил байх юм тэ.

Бодоод байх нь ээ хүүхдүүдтэйгээ цуг л том болж байна даа. Хи хи.

Бүгдэд нь амжилт хүсье...

Friday, March 03, 2017

Ум ма ни бад мэ хум

Насан өндөр болсон шавь өвөө минь таалал төгсчихлөө. 2 сарын эхээр.

Айхтар цаснаар ажил явдал нь таараад бидний хэсэг нөхдүүд очиж чадаагүй. Сүүлд гэрт нь очиж хүж өргөж, маань уншлаа.

Маш гоёмсог цэцгийн баглааг хөрөгнийх нь хоёр талд байрлуулсан байв. Идэх дуртай байсан япон амттанг нь өргөсөн байв.

Хараад байхад япончууд талийгаачийнхаа зураг хөргийг амьд цэцгийн баглаагаар хүрээлүүлэх дуртай юм билээ. Зурагтаар ч харж байхад тэр. Тэр минь дуртай байсан юм гээд л.

Залуухан зураг харагдсан. Залуу ч гэж дээ 88 настай үеийнх нь зураг гэсэн. Өөрөө энэ зургийг минь тавиарай гэж захьсан гэсэн.

Сүүлийн үед наслалт уртсаад, хөгшчүүл нь ингэж өөрсдөө хойдхынхоо ажил явдалд хэрэгцээтэй гэсэн зүйлээ бэлддэг болж байгаа гэсэн. Чандарлах газраа захиалж мөнгийг төлөх, газар дээрх чулуугаа захиалах гэх мэт. Тэр чулуу нь ихээ үнэтэй эд шиг байна лээ.

Үлдэж буй үр хүүхдэдээ төвөг удахгүй гэж бодсоны үүднээс, эсвэл ганц бие хөгшчүүл, огт гэрлээгүй өтөлсөн хүмүүс ингэж бэлдэх нь их гэсэн.

Буяны юм гээд мөнгө өгдөг. Хар зангилаатай дугтуйнд хийнэ. Зургийг нь аваагүй байх юм. Нетээс хуулчихлаа.

Ийм дугтуй. Бас ийм эрхтэй очдог юм билээ. Би эрхээ мартчихсан байсан. Уг нь үүнтэй төстэй эрх байдаг юм. За энэ бичиг бас 2 янз байдаг юм билээ. Аль нэгэн дээр нь нэрээ бичээд яг энэ зурган дээрх шиг наана. Талийгаач хүн нь ямар шашинтай байснаас хамаараад ханз бүхий бичиг нь хоёр янз байдаг юм байна.

Ажил явдал гарсан ар гэрийнхэн нь хүж өргөн маань уншсан хүмүүст буяны юм гээд ихэвчлэн ногоон цай эсвэл кофе, заримдаа ийм хар зангилаатай дугтуйны цуглуулга гэх мэт өгдөг юм билээ.
Энэ их гоёмосг хайрцагтай цай, кофе байсан.

Нээгээд харахад ийм. Ногоон ууттай нь япон цай. Нэг амралтын өдөр гэртээ амрахаараа ууна даа.

Маань унших гэж цуг очсон хоёр самган маань уйлж барилгүй, сайхан инээгээд л сайхан сайхан дурсамжуудаа ярьсар л гарсан. Би яг хүж өргөхдөө нэг их сонин болж нулимс минь цийлэлзэж ирснээ дотогш нь залгив.

Энэ 3 сард 96 нас сүүдэртэйгээ золгох байж. Охин нь гээд 60 гарчихсан эмээ л үйлчлээд гүйх.

Их өөдрөг өвөө байж билээ, залуухан найз олонтой, намайгаа их тоодог, байсгээд л дуудаж хоолонд даадаг, монголоос ирсэн захианд хариу бичдэг, франц хүнтэй захидлаар харилцдаг гээд л мундаг өвөө.

Гэх мэтээр дурсаад байвал зөндөө сайхан дурсамж байна аа. Нүд нь харахаа байсан ч оюун санаа нь маш саруулханаараа өөд болсон гэсэн.

Та минь тэнгэрийн орноосоо хүний газар улсынхаа, ээж аавынхаа нэрийг өндөрт өргөөд явах юмсан гэж хичээж яваа жижигхэн намайгаа харж хандаж яваарай.

УМ МА НИ БАД МЭ ХУМ

Friday, February 05, 2016

Оюутан ахуй цагийн минь амт

Оюутан ахуй цагтаа 100-гийн печень-р гол зогоодог байлаа. Өглөөд мэдээж гэрээсээ цайгаа уугаад гарна. Ингэхдээ цэвэр ус авч явна.  Тэгээд хичээл тараад номын санд сууж хооллоно. Тэр нь ихэвчлэн 100-гийн печень.

Нэлээд сүүлд пирошки авч иддэг болж билээ. Тухайн үед чинь оюутнуудад зориулсан гуанз бас ховор байсан ч юм уу, миний чадал муу ч байлаа.

Ер нь их гүргэр, өлөн зэлмэндүү, гэхдээ түүндээ гутардаггүй, ээж ааваасаа их юм шалдаггүй, хэрэглээ багатай, хамгийн гол нь сэтгэлээрээ баян, аз жаргалтай цаг үед байж дээ.

Гар утасгүй байлаа, нөөтбүүк ч мэдэхгүй, ээжийнхээ ажил дээр очиж бичгийн машинаар нь дипломын ажлаа шивж байлаа.

Тэгэхэд одооны оюутнуудыг хар? Жаргацан мангар бацаанууд. Хэ хэ. Боломж их байна, ганцхан өөрсдөөс нь шалтгаалах л үлдсэн.

За за хадуурахаасаа өмнө бичлэгээ дуусгая. Ойрын хэдэн жил идээгүй монгол печень идээд сайхан байлаа. Ажлаар ирсэн хүмүүс бэлэглэсэн юм. Би нь харьж явах галт тэргэнд үүнийг идсэн шигээ оюутан ахуй цагаа дурсав.

Wednesday, October 28, 2015

Дурсамж дүүрэн майк

За бага зулзагын зуны хувцсыг далд хийж өвлийн хувцсыг гаргав. Дунд нь энэ шар майк явж байна. Бага зулзага харчихаад
-Хөөх, хэнийх вэ ээж ээ?
-Аниа нь өмсөж байсан юм аа.
-Энэ гэхдээ одоо надад л таарах юм шиг байна даа.
Ингэж хэлэхдээ нүд нь галалзаастай. Хэ хэ

http://saruul-uhaan.blogspot.jp/2010/05/blog-post_27.html Энд ийм бичлэг оруулж байж. Уг нь аниа нь нэлээд том үедээ л өмсдөг байсан байх юм. Угаагаад агшсан юм бол уу? Ямартай ч дүү нь өмсөөд албандаа явав. Мөр нь унжаад жаахан том байгаа ч өмсөнө гэж зүтгэсээр байгаад л өмссөн. Багшдаа гайхуулсан сурагтай. Хацар нь ягаараад улаа бутарчихаад байхад л тайлахгүй гүйгээд байсан гэнэ. Хэ хэ.

Юу нь дурсамжтай вэ? гэхээр байна шүү дээ. Энгэр дээрээ 3 ширхэг товчтой юм л даа. Би нь залхуураад өөрийнхөө дүүгээр товчыг нь хадуулсан юм. Тэгсэн буруу харуулаад хадчихсан байсан гэж байгаа. Ккк. Зөв болгоо гээд байхад болгохгүй яваад байсан чинь нэг өдөр хань ижил би л зөв болгохоос гээд зөв харуулж хадаж байлаа.

Харах болгондоо л яаж ч харсан энэ тал нь зөв байхад яагаад буруу харуулаад хадчихдаг байна аа гэж дүүгээ шоолдог гэж байгаа.

Нэг нээлт хийсэн. Ижил хүйсний хүүхдүүд бас зүгээр байдаг юм байна шүү. Томын багадсаныг дүү нь өмсөнө. Хямралтай үед хэмнэлт болоод. Ирээдүйд хоёр хүү төрүүлнэ ээ. Хэ хэ.

Friday, July 17, 2015

Санаандгүй бас нэг ном

Үүнийг бас Гуталчин-с авсан. Баярлаж байгаа шүү. Шууд би нь санаанд ороод намайг ном авах уу гэж асуусанд нь хэд хоног хөөрсөн гэж. Блогийнхоо ачаар хүний санаанд шууд бууна гэдэг өчүүхэн надад их хувь зохиолоо. Хуланг уншсан тул яруу сайхнаар ярьж эхлэх нь энэ. Хэ хэ.

Амайтай оюутан ахуйдаа хальт хамт сурч байлаа. Сүүлдээ аялаад алга болсон уу? яасан,  лав цуг төгсөөгүй шиг санаад байх юм. Төгссөн ч билүү, андуурч байж магад шүү.

Ангийн хамгийн хойно суучихаад л өнөөх юу гэдэг билээ? Гараа аман дээрээ барьж байгаад л нулимаад ч байгаа юм шиг урлагийн төрөл чинь? Ха ха. Тэр мэрийг хийгээд л сууж байдаг байсан. За би нь эгэл ноомой байсан юм болохоороо юм ярьж үзээгүй байхаа? Амайтай. Худлаа, ганц нэг үг сольж үзсэн юм байна. Нэг явцын шалгалтан дээр яг ард ирж сууснаа, ганц нэг ханз асуугаад... Жирийн үед дуугардаггүй хүн чинь шалгалтан дээр аягүй найзаа гэж ирснээ ханз асууж энэ тэр. Тухайн үедээ уур хүрч л байлаа.

Түүний нийлдэг байсан хүүхдүүд ч цаанаа нэг тийм өөр ертөнц байлаа, миний нүдээр.

Зарим нь энгийн үед хүүе хаая байснаа шалгалтны өдөр тоохоо байчихдаг нөхдүүд бас байдаг тээ. Тэр нь ихэвчлэн онц сурлагатангууд.

Би өөрөө алтан дундаж байсан болохоор алинд нь ч хамрагдахгүй энэ тэр. Ккк

Ном танилцуулах гэж яваад бурж өгч.

Хааяа блогийг нь уншдаг байлаа. Сүүлд уншаагүй уджээ. Номыг нь уншиж байна. Залууст санаа оноо өгөхөөр зүйл ихийг бичжээ.

Олон мундаг докторуудаар зөвлүүлээд, хянуулаад явсан гэдэг нь илт мэдэгдэж, уншихад урамтай байлаа. Агуулга талаасаа биш, зөв бичгийн дүрэм талд маш их анхаарсан байна. Ямар ч байсан алдаа олж харсангүй. Хэ хэ. Түүнээс зарим нэг номд олж хараагүй байхад харагдаад байдаг юм.

Бяцхан шүүмжлэл: Гөлгөр цаасан дээр хэвлэсэн болохоор заримдаа гэрэлд гялбаад. Номынхоо байрлалыг солих, нэг бол толгойгоо гилжийлгэж тусах гэрлийг тааруулж уншиж байна.

Ямар ч байсан жаахан тоодоггүй байсан хүнээ тоож эхлэх гэж байна. Нийгмийн элдэв асуудлыг адилхан бухимдуу хүлээн авч, засч залруулах юмсан гэж боддог нь сайхан. Тодорхой хүрээний дэмжигчтэй болсон тул дуу хоолойгоо цаашид ч гаргаарай, тэмцээрэй гэж амжилт хүснэм...

Thursday, July 16, 2015

Соёмбо

Бага зулзагын минь зурсан соёмбо. Нэг өглөө сэрчихээд хэвтэж байснаа гэнэт босоод, нэг юм зураад байв аа. Дараа нь албандаа явсан хойгуур нь юу зурж гэж харангаа зурсан цаасыг нь хаяхаар дэлгээд харсан чинь их хөөрхөн зурчихаж ээ. Өхөөрдөөд шууд зургийг нь дарлаа. Бас шууд нүүр номдоо орууллаа. Лайкийг бол  цуглуулж өгч байна лээ. Ха ха

Хананд минь томоос том далбаа өлгөөтэй байдаг юм. Эх орноосоо хол байгаа ихэнх залуус ингэж өрөөндөө далбаагаа хаддаг байх аа. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс. Эмэгтэй хүмүүс нэг их тоодоггүй байж магад. Би лав гэрийнхнээсээ түрүүлж ирчихээд 4 сар болохдоо далбаа энэ тэрээ ханандаа өлгөнө гэж зүүдлээгүй л юм дааэ Тэгсэн хань ижил ирээд нэг их удалгүй далбаа минь байраа олсон доо. Нэг өдөр ажлаасаа тараад ирсэн чинь гэр нэг л өөрөө. Юу билээ? гээд гайхаж хэсэг зогсож орчноо тойруулж харж байснаа санадаг юм. Хэ хэ.

Нэг удаа угаалгын машинд хийж угаагаад жаахан онцгүй болгочихсон. Гараараа угааж баймаар юм билээ.

Бага сургуульд очиж улсаа танилцуулах, энд тэндхийн улсаа сурталчлах арга хэмжээнд далбаагаа байнга авч явна шүү дээ. Гэхдээ гэрийнхээ далбааг биш, ажлаасаа зээлж аваад явна. Учир нь манай ажилд олон улсын далбаа байдаг юм. Тоог нь санадаггүй ээ. Монгол гэхэд 3 ширхэг бий. Тэгэхээр хэр хэрэгцээ ихтэй байгаа нь мэдэгдэж байгаа биз? Зарим нэг улсын далбаа нэг л ширхэг байдаг юм.

Нэг онцгүй нь, энд тэнд арга хэмжээнд ихээхэн хэрэглэдэг хэлхээтэй жижиг далбаан дунд монгол байдаггүй нь харамсалтай. Энд тэнд тийм хэлхээтэй далбаа өлгөсөнтэй таарвал байхгүйг нь мэдсээр байж зулзагуудаараа хайлгана аа, аминдаа тогтоож уу гэдгийг нь шалгаж байгаа нь тэр. Хэ хэ.
-Өө, байхгүй байна шдээ, ээж ээ.
-Харин тийм байна шдээ, гомдол мэдүүлэхээс...

Төрийн минь далбаа бас тайлбараад танилцуулахад овоо хөөрхөн цаг авна. Агуулгаар баялаг.

Thursday, April 16, 2015

Цэцгэнд төөрсөн нь

Найзтайгаа цэцгэнд төөрсөн нь гэдэг зураг их даруулсан даа. Эргээд зургаа харж байхад сайхан байна аа. Ганц нэг цэцгийн зураг оруулав.
Алтанзул цэцэг
За энэ алтанзул цэцэг ёстой төрөл төрлөөрөө, өнгө өнгөөрөө ургасан байсан даа. Ургуулсан, тарьсан гэж хэлэх нь онох байх.
Европ цахирмаа цэцэг
Цахирмаа цэцэг бас л өнгө өнгөөрөө байсан.
Японд муж болгонд цэцгийн хүрээлэн гэж байдаг. Амралтын өдрөөр пиг хүнтэй. Хүмүүс нь улирал улиралын цэцэг харж баясан алжаалаа тайлдаг. Настай голцуу хүмүүс их ирнэ. Мэдээж гэр бүлээрээ зугаалж буй хүмүүс ч их. Мөн гадаад иргэнд такс нь 50 хувь болж хямдрана. Байнга орж гардаг бидэнд энэ нь бас их ээлтэй.
Цаг агаар ч их аятайхан өдөр таараад, бид их удаан зугаалсан. Цэцэг болгон дээр очиж зургаа татуулсан. Хэдэн жилийн дараа зургаа хараад залуухан сайхан явснаа дурсах байх даа. Хэ хэ

Tuesday, April 14, 2015

Энэ жилийн сакүра

Жаахан сэрүүхэн байсан. Сакүра цэцгийг харж баясах үеэр. Жинхэнэ утгаар нь цэцэгний модон дор сууж идэж ууж баясаж амжсангүй.
Гэхдээ монголоос найз минь хүрэлцэн ирж, бид орж гаран сайхан байлаа.
Найзтайгаа шөнө дөл болтол буу халж суусан шиг, бас зүгээр ч үгүй дуниарталттай. Сурагч ахуй нас, идэр нас зэргээ дурсаад л. Хэн хэн нь жаахан л ядарсан байх. Одоо ядаргаагаа тайлж хэдэн өдөр жаахан унтах байх даа, хоёр талд. Хэ хэ.
Гого бэлэг өгсөн найздаа баярлалаа. Дахин ирээрэй.
Мөн ийш тийш орж гарахдаа гоё гоё шинэ газар нээсэн. Ирэх жил сакүра үзэхээр явна аа. Олж нээж амжаагүй, явж үзээгүй газар зөндөө байдаг юм билээ, амьдарч буй газарт минь.

Wednesday, March 11, 2015

Цуйван

Нэгэн шавь минь айлчлан ирээд ээ. Би чинь монгол япон шавьтай мундаг багш хөөн. Ккк

Тээр жил монголоос арван жилийн сурагчид, оюутнууд гээд л 100 гаран хүн ирж байлаа. 4 бүлэгт хуваагдаад, нэг монгол нэг япон орчуулагч хуваарилаад японы 4 бүс нутагт аялсан юм. Хүүхдүүд биднийг багш аа гэж дуудаад л, бид нарт хальт загнуулаад л. Гэхдээ их сайхан дурсамжтай явсан юм даг. Бүгд харьсныхаа дараа багшаа таныг монголд ирэхэд чинь бид үлээвэр найрал хөгжимтэй угтана гээд л, нээх хөөрхөн.

Тэд нар маань эхнээсээ их сургуульд орох нь ороод, төгсөх нь төгсөөд амьдралын их далайд хөл тавьцгааж байна. Нэг хэсэг нь одоо ч багшаа багшаа гээд л холбоотой, үнэн хөөрхөн. Зарим нь сурлагадаа шамдаад, залуу насныхаа мартагдашгүй сайхан дурсамжаа бүтээх гэж шамдаад одоохондоо холбоо барьж амжихгүй байгаа нь ч бий. Тэгж байгаад бүгд холбогдох байгаа. Хэ хэ
Хүсэл мөрөөдөл, зорилгодоо хөтлөгдөөд япон улсад ирж суралцаж буй шавь нараас минь эхнээсээ манайд айлчлан ирээд. Би нь хоёр өдөр шавьдаа үйлчилж монгол хоол хийж дайлав. Аминдаа шинэ соргог зүйлээр дайлчих санаатай. Бууцайтай гурил зуурч цуйван хийж өгөв. Ийм ногоон өнгөтэй болно. Хэ хэ.
Жигнээд гаргаад ирэхэд нэг иймэрхүү.
Зуураад элдэж байхад нэг иймэрхүү.
Болсны дараах зургийг харахад байцаа зэрэг ногоо нь сайн ялгагдахгүй байсан. Аминдаа амтат чинжүү, мөөг гээд л ногоотой цуйван шүү. Хэ хэ
Тэгсэн шавь охин 20 хүрээгүй гээд уусангүй ээ, насанд хүрээгүй юм чинь одоо шахаад байлтай биш. Ккк.Өөрөө л дарс шимж улаа бутраад л суув. Тэр үеийн сайхан дурсамжаа сэдрээж, манарсгээд л...

Thursday, December 18, 2014

Цасаа цасаа ороорой

Тэнгэр хангай хилэгнээд хэцүү л байна. Хэдэн өдөр цасаар шуурав. Хэмийн хувьд шалихгүй ч жиндүү гэж жигтэйхэн. Голдоо ортол даарна гэдэг л энэ байх. Манай энд энэ жил их эрт цас оров. Өмнөх жилүүдэд бол шинэ жил болоод байхад цасгүй хараараа байгаад л японд ирсний анхны жил мил бол нээх настаргүй байдаг байлаа шүү дээ. Одоо бол эсрэгээрээ хэт дасчихаад монголд шинэ жил тэмдэглэж байгаа хүмүүсийг шүүмжлээд байдаг болсон шүү дээ. За тэр ч яахав, яриад байвал дуусахгүй.
Нэг өдөр нээх гоё яг л Улаанбаатарт хуучнаар Ялалт кино театрын тэр л тойрогт өнгөрүүлсэн хүүхэд насыг минь өөрийн эрхгүй бодогдуулсан цас оров. Гадаа гарч алхаж цасны чихрах дууг сонсоод баярлаад байгаа юм бишүү.
За нэг шөнө ороод л ийм. Өглөө нь хүмүүс машиныхаа цасыг унагаах гэж бөөн ажил. Зураг 2-т бол машин барьж явахад их хэцүү байсан яг шуурч байх үедээ бол.
За тэгээд цас орсны маргааш ч юм уу, хэд хоног жаахан нар ээчихвэл өнөөх цас нь хайлаад нил усан шалбааг. Гоё гутал мутал өмсөлтгүй. Уртаа гэгч түрийтэй усны гуталтай л явна. Сүүлийн үед усны гутал хүртэл их загварлаг болсон. Өнгөц харахад гоёмсог түрийтэй гутал л гэсэн үг. Гэхдээ бас анх ирчихээд эднийг гуталны соёл, мэдрэмж гэж үнэн байхгүй улсаа гэж хардаг байсан бол одоо өөрөө дунд нь орчихсон. Углахад амар, бороо, нойтон цасанд өмсөхөд миарсан ч яахав гэсэн гутал өмсдөг болсон. Их үнэтэй гоё гутал авчихбал тэрийгээ арчилж маллах гэж үнэн төвөгтэй юм билээ. Хаширсан хөөн гэж.

Уг нь нээх гоё цасны тухай бичих гэж байсан чинь. Хэ хэ.

Бага байхдаа өмднийхөө бөгсийг хөлдтөл, нэхий бээлий шалба нортол уулын уруу гулгаж тоглодог байж билээ. Чарга тэр бүр олдохгүй ээ. Цаасан хайрцагны хэлтэрхий олж түүгээр гулгана. Бас байрны шатны бариулны хаймрыг чарганыхаа хөлд углахаар үнэн урамтай гулгадаг байж билээ. Одоо бодоход улсын өмчинд үнэн найр хайргүй ханддаг байж дээ.
Бас нүүрээ их ч олон удаа цасаар угаалгасан даа.
Гулсуурны төмөр долоож хэлнийхээ арьсыг нэг хуулж байж билээ. Үнэн тэнэг ээ. Ккк
Цас орохоор л дээшээ хараад амаа ангайна. Цас идэх гэж тэр. Одоо охидууд минь бас яг тийм үйлдэл хийхээр хүүхэд болгоны гэм биш зан юм шиг байгаа юм. Бага зулзага бол үнэхээрийн дурлаж байна аа энэ цасанд. Нууцаар идээд л байгаа. Нууцалж чадсан гэж бодож байгаа байх дээ. Хэ хэ. Ээж нь үнэн гатнуул юм болохоороо дор нь барьна шдээ. Хэ хэ.
Хүүхэд нас гэж үнэхээрийн дурсамжтэй гоё шүү...

Wednesday, June 18, 2014

Монгол хоол

Дэлхийн бэнто гэдэг ном. Монгол хоол байна уу гээд хайсан чинь байсан шүү манайхаан.
Гэрэл зураг дарах дуртай Хаттори Наоми нь анх Мянмад явж байхдаа тэндхийн сурагчдын авч явсан төмөр хайрцганд нүд нь тусна. Өнөөх нь гялалзаад л сонирхлыг нь татсан байгаа юм. Юу болохыг нь асуугаад гайхсан гэж. Хоолны сав байж л дээ. Тэрнээс хойш аялсан улс орныхоо хоолны савыг сонирхож худалдан авдаг. Мэдээж дотор нь ямар хоол хийж авч явдгийг нь судлан гэрэл зурганд буулгахаас гадна хийх аргыг нь хүртэл заалгадаг болсон.
Улс орон бүр газар нутаг, цаг уурын онцлогоосоо хамаараад идэж уух нь ч өөр. Гэрээсээ авч явдаг өдрийн хоол нь ч ондоо. Энэ номонд 22 орны бэнтоны тухай, хоолны савны тухай, 2 хүний порцоор тухайн хоолны хийх аргыг нь тайлбарлан бичсэн байсан.

За одоо монгол хоол ямар хоол байсан нь сонин байна уу? Юу гээч хэлэхгүй ээ, ерөөсөө. За за тоглосон юм. Чанасан мах, хэдэн ширхэг боорцог, халуун савтай сүүтэй цай. 2009 онд хэвлэж гаргасан ном байна. Гэхдээ ингэж гэрээсээ хоол авч явах хүн хэр их билээ. Байнга гадуур хоол иднэ гэвэл 1-т санхүү талаасаа 2-т эрүүл мэнд талаасаа ч тэр эрсдэл ихтэй. Японд байсан найз нөхдөөс, таньдаг хүмүүс гэрээсээ хоолоо авч явах хүн ч бий.
 Орчин цагт харьцангуй амьдрал сайжраад идэж буй хоолны материалын агуулга баяжсан. Хэдий ч орлого багатай иргэд сүүтэй цай, боорцгоор өдрийн хоол хийдэг нь дөнгүүр хооллодогоосоо тооны хувьд илүү л гэж бодоод байгаа шүү.

Гэснээс би нь оюутан байхдаа гамбир, 100-гийн печень, буцалсан ус, номын сан. Дээрээс нь охидын шивнээ. Ийм дүр зураг бууж байна. Хийсэн гамбир маань амттай гэж жигтэйхэн, одоо ч хааяа ганц нэг найзууд минь дурсаж ярьдаг юм. Хэ хэ

Жич: Бэнто гэж өдөр идэх гэж өглөө нь бэлдэж хийж авч явдаг хоолыг хэлнэ. Өөрсдийн идэх хэмжээгээрээ хоолны саванд хийнэ. Японд заавал халуунаар нь идэх гэсэн ойлголт байхгүй тул хөрсөн ч хамаагүй хүйтнээр нь иднэ. Зарим нэг албан байгууллагад халаагч байна. Мөн ийм бэнто хийж, захиалга аваад хүргэж өгдөг газрууд байна. Хүнсний дэлгүүрүүдээр ч зарна. Энд тэнд орж хооллосноос харьцангуй хямд гэдгээрээ давуу талтай.

Friday, June 06, 2014

Ятга

10 жилийнхээ урлагийн үзлэгээр нэг удаа ангийнхаа нэг охинтой ятга тоглоод, бас нэг охин дуулж байж билээ хэхэ. Гэхдээ бүр бага ангидаа шүү. Авъяастайдаа биш, нийгмийн идэвхи сайтай, би би гэдэг дээр нь тавьчихсан үе минь  байлаа. Хуруу цэврүүтээд л хэцүү байдаг юм билээ эхэндээ.

Monday, March 10, 2014

Маргааш

өнөө айхтар цүнамигийн 3 жилийн ой.
Бага зулзагын минь төрсөн өдөр үүнээс хэдхэн өдрийн дараа. Энд мэдээллийн хэрэгслээр гамшгийн талаар дурсаж бичээд л. Одоо хүртэл олдоогүй хүмүүсийн ар гэрийнхний тухай гарахаар өөрийн эрхгүй сэтгэл сонин болж байгаам.
Тухайн үедээ харьж ир гээд санаа тавьсан ээж аав, дүү нар, хамаатан садныгаа сүртэй шд гэж бодож байснаа нуух юун. Эргээд бодох нээ, хэрэв тэр айхтар цүнами миний амьдарч буй хотод тохиолдсон бол? Хэрэв, хэрэв гээд л зөндөө олон хэрвээ гэж бодохоор аймшигтай.
Дөнгөж сая, цүнамид багш сурагч нийлээд 80 хэдэн хүн үрэгдсэн бага сургуулийн эцэг эхчүүд хотын захиргаандаа гомдолтой гэдгээ шүүхэд мэдэгдэж хохирлыг барагдуулахыг шаардаж буй тухай мэдээ үзээд, хэцүү ч юм даа гэж бодов. Хэнийх нь зөв бурууг хэлж мэдэхгүй ч, шүүхэд хандаж буй эцэг эхийн холбоо нь сургуулийн удирдлага хоргодох шийдвэрийг буруу? оройтож? гаргасан гэж үзэж буй бололтой юм.
Гэх мэт олон шийдэгдээгүй асуудал байна энд. Өнгөц харахад сэргээн байгуулалт өрнөөд, ямар ч асуудалгүй мэт харагдаж болох ч...
Ямартай ч цүнамид өртсөн олон олон иргэдэд, тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна аа.

Friday, December 20, 2013

Тэвэг

За одооны хүүхдүүд тоглодог эсэхийг бүү мэд. Бага байхад ангийн банди нар, байрны хөвгүүд их тоглодог байж. Хичээлдээ тааруу нь бүр ч мундаг. Хэ хэ. За тэр ч яахав.
Энэ нь хятад, солонгост бас байна аа байна. Өдтэй нь хятад, гялгар саглагар нь солонгос. Би бага сургуульд эх орноо танилцуулахдаа шагайгаа авч явдаг шиг эдгээр орны хүмүүс энэ тэвгээ бас авч явна. Манайд бас байдаг наадах чинь, гэхдээ хонины нэхийгээр хийдэг гээд л ярина. Аль ч улсад өдгөө тоглодог хүүхдүүд цөөрсөн гэсэн. Цагийн урсгалаар.
Дандаа шагай авч явахаар, тэвэг захьдаг юм билүү гэж бодлоо бас. Гэхдээ чийглэг газар монголоос ирсэн эсгий гэх мэт эдлэл үнэр танар ихтэй байдаг юм. Тэрий нь бодохоор ярьшиг ч юм уу эргэлзээд л байна.
 Нээрээ бага сургуулийн хүүхдүүдэд ямар тоглоом байвал зүгээр талаар санал байвал хэлээрэй. Анги эсвэл зааландаа тоглочихоор шүү. Гадаа бол дэмий. Цаг бага байдаг учраас эхлээд яриа хийнэ. Дараа нь орж гарч байх цаггүй тул. Хэдэн жилийн өмнө шүү дээ, гагнасан гинжийг таслагтун гэдгийг тоглосон чинь туяхан согоонууд чинь уйлж энэ тэр. Яасан? гэсэн чинь гар нь өвдсөн гэнэ ээ. Хэ хэ. Тэрнээс хойш больсон. Төвөг зүгээр. Эцэг эх нь ирээд бла бла болно зүгээр.
Дундаа орох, муур хулгана болох гээд тоглоом бусад оронд ч байдаг юм билээ.
Резин хятадад бас байна аа байна. Одоо би нь өөрөө үсэрч заах болохоор бас түнтэгнээд нас намба тохирохгүй болчих гээд ккк.
Тийм болохоор бусдаас тэс ондоо шагай маань л шалгарч үлдээд байгаа биз?

Tuesday, July 23, 2013

Буянт үйлс

Хараад л шууд монгол гэж танив.
Номын сангаар үйлчлүүлж амждаггүй алслагдмал бүс нутагт амьдардаг хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны тухай. Яг ямар буянт үйлс вэ гэвэл "Нүүдлийн номын сан". Дэлхийн өнцөг булан бүрт ийм үйл ажиллагаа явуулдаг сайн санаат хүмүүс байдаг юм байна. Энд манай хажуугийн цэцэрлэгт автобусаар ном авчирч хүүхдүүдэд зээлдүүлдэг гэж хэлж байсан даа. Тэрэн шиг л тухайн орныхоо онцлогт тохирсон тээврийн хэрэгслээр номоо зөөдөг гэнэ. Жишээ нь заан, тэмээ, автобус гээд л.
Эх орныг минь төлөөлж хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуайн тухай бичсэн байна. Оюутан байхдаа ангийнхан маань нэг хүүхэд дор хаяж 5 билүү дээ хүүхдийн зурагт ном орчуулж, криллээр бичсэнийгээ уг номон дээрээ наагаад Дашдондог гуайд аваачиж өгдөг байсан санаанд оров. Бидний орчуулсан ном явж л байгаа байхдаа... Сайхан санагдлаа...
Дашдондог гуай Монголын хүүхдийн соёлын сантай хамтран 10 мянган ном бүхий нүүдлийн номын сантай гэнэ. Тэдгээр номны ихэнхи нь япон улсаас хандивлагдсан байдаг гэнэ. Үйл ажиллагааны нэр "Чихэртэй ном". Ном оо тараахаас өмнө хүүхдүүдэд чихэр тараадаг гэнэ.
-Ном чихэр хоёрын аль нь амттай байв?
-Мэдээж ном нь илүү амттай байлаа.

Sunday, May 12, 2013

Аялалын сонин 3

Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэсэн шиг хаа ч явсан цэцэг цэцэг бас дахин цэцэг шүү дээ. Цэцэг таарахгүй бол дотроо дурамжхан энэ тэр хэхэ. Ажигласнаар бол муж болгон цэцгийн хүрээлэнтэй. Газар нутгийнхаа онцлогт тохируулаад тарих цэцгээ жилийн 4 улирлаар нь сонгоод байна. Аялал жуулчлалых нь бас л томоохон зэвсэг. Яаж жуулчдыг татах уу?  Юугаар нь онцлог байлгах уу гээд л их л ухаанаа уралдуулдаг юм шиг байгаан. Угаасаа муж бүр нь цэцгийн хүрээлэнтэй учраас хоорондоо өрсөлдөж, ухаанаа зарахгүй бол жуулчдыг татахгүй л дээ. Тэгэхэд манайд бүхэл бүтэн улс байж ганц ч цэцгийн хүрээлэн байхгүй... Байдаг бол хэлээрэй, хүмүүст ч пр хийе.

Заавал хүрээлэн энэ тэр гэхгүй гудамжиндаа хүртэл гоё гоё цэцэг тарьчих юм. Алхаж яваа бидэнд сэтгэл хүртэл сэргээд сайхан гэж юүхэв. Хөтлөлцөөд л алхаад баймаар.

Saturday, May 11, 2013

Аялалын сонин 2

Энэ элсэн музейн бүтээл. Санаж байгаа байх. 1 сард арай өөр элсээр хийсэн зураг оруулж байсан санаад байна. Энэ удаад өмнөд ази гэсэн сэдэвтэй. Ирэх оны 1 сарын 5 хүртэл нээлттэй. Бид азтай, хүн цөөтэй үеэр нь очсон байна лээ. Хэдэн жилийн өмнө манайхаас 10-хан минутын зайтай хэрнээ 2 цаг зарцуулж байсан юм даг. Энэ жил бас хүн ихтэй бөөн юм болсон гэсэн. Нил машин, зогсоол нь хүрэлцэхгүй, бүр хэдэн км-ын цаана машинаа зогсоож алхаж ирж үзэж байна гэсэн шүү.
Их олон бүтээл байсан ч ганц л зураг оруулъя. Уран бүтээлчийн хөдөлмөрийг үнэлээд хэхэ.
Хэдэн орны уран бүтээлчид хамтран оролцсон байлаа даа.
Бидний амьдардаг газарт нэг элсэн манхан байдаг юм. Тэр нь эндээ жуулчдыг татдаг гол цэг нь. Дотоодын жуулчдаас гадна гадныхан их ирнэ ээ. Солонгос, хятад, тайвань хүмүүс их ирдэг юм билээ. Урд нь бол зөвхөн элсэн манхан л байдаг байсан бол нэлээд хэдэн жилийн өмнөөс ийнхүү музей байгуулаад, мөнгийг хүүлээд байгаа улс даа. Анх бүтээлүүд нь гадаа байсан бол 3 жилийн өмнөөс байгууламж бариад, хөөрхөн тохижуулчихаж байгаам. Мундаг улс аа.
Эндээ тэмээтэй. Унаж зураг авахуулах, хажууд нь зогсож зураг авахуулах гээд л тусдаа ханштай. Дээр нэг ахтай очиход унаж зургаа авахуулъя гэсэн чинь тэмээ минь ядарчихсан байна. Та зүгээр урд нь зогсоод авахуулчих тэгэх үү гэсэн. Хэ хэ. Тэмээн дээр мордохдоо шатаар өгсөж сууна. Тэгэхгүй бол анх унаж байгаа хүмүүст аймар байдаг гэсэн. Нэгэн япон жуулчин монголд тэмээ унаж үзсэн сэтгэгдэл нь ёстой аймар, үнхэлцэг хагарахаа шахсан гэж байсан. Бид өөрсдөө анзаардаггүй юм билээ. Түүнээс амьдралдаа анх удаагаа морь тэмээ унаж үзэх гэж буй жуулчдад үйлчлэхдээ анхаарах л хэрэгтэй юм билээ. Жишээ нь анх удаагаа юу? гэдгийг нь асууж байх. Ер нь бол энгийн жаахан хэрнээ жуулчдыг татах их олон авууштай санаа оноонууд энд тэнд явж байхад их тааралдана аа.
Бас морин тэрэг байдаг. Хөл муутай ч юм уу, жаахан хүүхэдтэй жуулчид үйлчлүүлдэг юм билээ. Мэдээж энгийн хүн ч сууж болно.
Усны гутал үнэгүй түрээслүүлдэг. Машин тэргэндээ элс оруулчихна ч гэдэг юм уу, сайн мэдэхгүй л байна л дээ. Ямар ч байсан усны гутал өмсөх хүмүүс байдаг юм. Зуны халуунд бол хөл нүцгэн явалтгүй шүү дээ, хална гэж жигтэйхэн.
За байз өөр чинь юу билээ, яг ингээд бичихээрээ мартчихаад байх юм...

Friday, May 10, 2013

Аялалын сонин 1

Найзууд минь буцчихсан л даа. Одоо зургаа хараад л, эргэн дурсаад л, ийнхүү бичээд суух нь кайфтай л байна. Жуумалзаастай зарим нэг газарт нь.
Их л олон газар төлөвлөсөн ч цагтаа баригдаад бүгдийг нь амжаагүй. За дараа ирэхээрээ л гээд яваад байсан. Амны билгээс ашдын билиг...

Энэ манайд дуу нь хүртэл байдаг Садако охины хөшөө.  2 настайд нь Хирошима хот атмын бөмбөгдөлтөд өртсөн. 12 настайдаа цусны хорт хавдраар өвдсөн. Удалгүй тэнгэрт хальсан. 1000 шувуу хийвэл эдгэрнэ гэж итгээд шувуу хийгээд л...
Одоо ч жуулчид мянга мянгаар нь шувуу хийж очдог. Миний мэдэхийн Төв аймгийн япон хэлний дугуйлангийн хүүхдүүд хийж очиж байсан.
Бидний хэдэн нөхөд музейг нь маш идэвхитэй үзсэн. Бага зулзага ээж илүү гэж тувт тэврүүлээстэй, ээж нь ч өөрийгөө илүү гэж хошгироостой хэхэ. Дараа бие биенийдээ зочлохоороо харан баясаж, дурсаж байхаар дурсгалын зүйлс худалдаж авсан.
Хэдийд ч очсон хүн ихтэй байдаг газар. Гадны жуулчид мэдээж. Хамт олноороо яваа япон хүмүүс ч их. Ялангуяа ойр хавийнх нь мужийн бага сургуулийн 6 дугаар ангийхан дадлага аялалаар их очдог.
Атмын бөмбөгийг эсэргүүцсэн, энх тайвныг сурталчилсан дотоодын болон олон улсын хурал чуулган байнга зохиогддог юм билээ...

Thursday, May 09, 2013

Бэлэг 3

За энэ нь миний бэлэг. Ээж яльгүй их бэлэг авсан уу? хэхэ
Багадаа энэ номоор амьсгалсан үе байдаг юм. Гадаадын уран зохиолоос Монте-Кристо гүн, Морь унасан толгойгүй хүн, Цагаан бээлий гэх мэт. Монголоосоо энэхүү цуврал, Минжийн хангай гээд л. Гоё гоё зохиолын гол дүрд нь өөрийгөө тавьж ирээд л уншдаг байлаа.
Энэ 3 цуврал манайд эхний хэдэн хуудас нь, нэг бол арын хэдэн хуудас нь урагдчихсан, яг ид сонирхолтой хэсэг дээр нь хэн ураад хаячихав аа гээд уурладаг байлаа.
Ямартай ч дахин учирсан даа ихэд баяртай байгаа. Удахгүй уншиж эхлэнэ дээ. Дуусчихаас нь айгаад барьж авахгүй л тойроод байгаа.

Бэлэг 2

 Том зулзагын бэлэг. Уншдаг, бичдэг болгочих гээд аргаа нэг л олохгүй л байсан юм. Ийм юм байдаг гэж сонсоод, хараад баярласан гэж юүхэв. Үр өгөөжтэй байна гэж найдаж байгаа. Ээж ч хичээх болно хэхэ. Сонирхолтой санагдсан нь Ф, К, П гэсэн үсэгнүүд. Ф-фламинго. К-киви шувуу. П-панда гэж байсан. Бага байхад пионер, Карл гэж байсан даа. Ф үсгэн дээр харин юу байдаг билээ санадаггүй ээ.
Бага байхад ийм үсэг байдаг байсан шүү дээ нээрээ. Бидний багадаа хэрэглэж байсан ийм үсэг одоо хадгалагдаагүй л байх даа. Үүнийг хараад л саналаа. Байсан ч үсэг нь дутуу байх даа, аль бидний багын юм юм чинь. Хөргөгчин дээрээ наачихсан. Оройд нэг үсэг зааж өгөөд, түүнийгээ дараа нь эндээс олуулах.