Tuesday, April 17, 2018

Ашиглаач ээ

Аав аа намайг ашиглаач ээ гэдэг шиг л номын санг ашиглаач ээ гэдэг уриатай шд, манай гэр.

Үүнийгээ бусад хүмүүст их тулгана аа. Хүлээж авах нь ч бий, огт тоохгүй нь ч бий.

Сүүлийн үед ингэж үглэхээ багасгаж байгаа. Өөрсдөө л сайн ашиглах минь. Саяын хаврын амралтаар 50 ном зээлж уншив. Ихэнх нь зулзагынх. Ээж 2 л ном уншив. Хэ хэ.

Бага зулзага зузаан ном уншдаг болов. Том зулзага сонгодог уншдаг болов. Ээж л харин бахь байдгаараа л. Сайжралыг олоогүй л байна. Гэхдээ яахав гэлдэрч л явна.

Жаран цагаан хонио хараахан дуусгаагүй байгаа. Хажуугаар нь  бас нэг япон ном бариад авсан.

Нүүр номын элдэв тэмдэглэлийг уншаад, захих ном олдоод байна. Та нарын зүгээс санал болгох ном байвал хэлээрэй. Тэрнээс өмнө бусад номоо дуусгана аа.
Ээжийн уншсан зурагт ном нэг. Чиний бодлоор энхтайван гэж юу вэ гэдэг ном. Мунхаг миний бодлоор дайн дажингүй, эрүүл энх, элэг бүтэн байвал л болох нь тэр дөө. Нэг их олон зүйл хүсээд байхын хэрэггүй ч юм шиг. Эсрэгээ их олон зүйлийг мөрөөдөөд, өөрийгөө болон хорвоог бүхэлд нь өөрчлөөд явчихмаар...
Ээжийн уншсан зурагт ном 2. Дэлхийн нийтэд анхаарлаа хандуулцгаая гэдэг ном. Бага насны хүүхдэд уншуулахад асар хэрэгтэй гэж зөвлөе. 10 орны хүүхдийн ахуй амьдралыг харьцуулсан.
Бага зулзагын нэг удаадаа зээлдэг номын тоо ерөнхийдөө нэг иймэрхүү. 2 уут болдог юм. Ажил номын сантай ойртсоныг хэлэх үү, би өдөрт хоёр ч удаа түүгээр дайраад гарч байгааг ч хэлэх үү, ачаатай тэмээ шиг л явдаг болсон. Номыг нь зөөж. Удахгүй гарын булчин шөрмөс хачин гого болох байхаа. Ерөөл бат оршиг...

Ахлах сургуульд орохоос өмнө даалгавар өгчихдөг юм байна лээ. Хичээл тус бүр дээр. Тэрнийх нь улсын хэл буюу япон хэлний хичээлийн даалгавар нь ном унших. Том зулзага номын сангаас нэг ном худалдаж аваад уншаад эхэлчихэж. Ээж түүнийг нь хэзээ нэгэн цагт уншихаар төлөвлөв.

Зулзагуудаа хараад байхад дүү нь яг л эгчийнхээ замналаар явж байна. Уншиж байгаа ном нь эгч нь багадаа уншиж байсан шиг агуулга бүхий ном. Эгч нь түүнийг харчихаад, нээрээ би уншдаг байсан шд гэж ирээд л хоёулаа яриа нийлэх.

Ээж түүнээс ганц нэгийг нь уншчихмаар санагдавч сачий хүрэхгүй л гүйх.

Энэ мэтчилэн номон дунд эргэлдээд л, номоо хураагаач ээ, дээш нь тавиачээ гэж үглээд л явж байх жишээтэй.

Гэснээс шавьтайгаа энэ хичээлийн жил ч бас хичээллэхээр болсон. Энэ жил бичгийн чадварт нь анхаарна. Сурах бичгээ олж сонгоно том ажилтай яваа юм байна шүү. Өөртөө болон шавьдаа амжилт. Мөн уншигч олондоо амжилт...

2 comments:

  1. Сайхан юм аа, хэзээ хойно уншихад өөрийн чинь хувьд өнгөрсөн амьдрал нь нүдний чинь өмнүүр жирэлзээд л байх байх даа.

    ReplyDelete
    Replies
    1. Хааяа унших үнэхээр сайхан байдаг юм. Нээрээ ингэж байл уу? гэж бодоод л. Зарим зүйлээ мартчихсан байдаг юм байна лээ шд хүн чинь...

      Delete