Ажлын газар нүүснээр хэд хэдэн давуу тал байгаа. Олзуурхууштай.
1-рт ойрхон банкны салбартай. 10 минут алхаад л төв шуудантай. 5 минут алхаад л хотын захиргаа. Мөн тав алхаад л галт тэрэгний буудалтай. Би хааяа эндээс билет авах шаардлага гардаг тул ойртоод амар болсон. Элдэв ажил хөөцөлдөхөд тун амар болсон шүү.
Өнөөдөр л гэхэд төв шуудан орж төлбөр тооцоо хийчихээд ирсэн.
Хотын захиргааны байрны 2 давхарт хотын номын сан байдаг. Явуулын номын сан буюу автобус ирдэг дээ, тэрний төв нь. Заавал тэр автобусыг хүлээлгүйгээр ном зээлж авдаг болсон. Машиныхаа зогсоол руу ирж очиж байна гээд өдөрт заавал түүгээр хоёр ч удаа дайрдаг болсоных зүгээр байхгүй цүнх дүүрэн номыг бага зулзагатаа зээлж харьдаг болсон.
Гуалиг болох үйл ажиллагаанд минь бага ч атугай нэмэр болох болтугай. Хи хи.
Энд тэндгүй жижиг худалдаа үйлчилгээний газартай. Мөнгө нь л байвал халаасыг минь тэмтэрч өгөхөөр. 10 минут алхаад л хүнсний дэлгүүртэй. Хааяадаа хүнсээ цуглуулчихаад байгаа. Даавуун тор барьчихаад л гүйгээд байна шүү дээ. Ажил хийх гэж ирсэн үү? Хүнс цуглуулах гэж ирсэн үү? Бүү мэд заримдаа ч. Ккк
Сул тал нь гэхээр машины зогсоол жаахан хол. Заавал карт энэ тэр уншуулж байж орж гарна. Тэгэхээр өдрийн цагаар залхуураад машин луугаа явахгүй, ойр хавиар эргэлдээд л, алхаад л байж байна.
Мөн урдныхаасаа талбайн хувьд асар багассан тул орж гарахад үнэн төвөгтэй, гэдэс мэдсээ татаж байж юмны хажуугаар өнгөрөх жишээний. Миний пс-г хэн нэг нь тээр дээд тавцан дээр тавьж энэ тэр. Хагас бүтэн сайнд нь өөр хүн суудаг болохоор. Бас өмчилчихөж болохгүй. Дээр байгаа дэлгэц рүү өнгийж харах гэж хүзүү чилээстэй, нүд гялбаастай. Босоогоороо ажлаа хийх юм уу хаашаа юм? Би ч гандан буурахгүй өглөө ажилдаа ирэхдээ доош нь буулгачихаад л байгаа л даа. Намайг явсны дараагаар хэн нэг нь буцаачихаад байгаа. Хэн гэдгийг нь мэдээд л байгаа.
Хоёрын хооронд тун удахгүй тэтгэвэртээ гарах гэж байгаа хүнтэй муудаад яахав гээд асар уужим дотор гаргаад л явж байна. Миний таамгаар тун л удахгүй тэтгэвэртээ суух ёстой. Аавтай минь чацуу юм билээ, тэгэхээр ээж шигээ хүнтэй эвтэй найртай байж байгаад л явуулчих санаатай.
Жаахан ааштайгаараа манай ажилд нэртэй л дээ. Иймэрхүү ааштай хүн байж байж л ажил бас урагштай явдаг тийм ээ. Энэ хүний хүчээр би чинь ажлын цагаар нүүр номоо шагайхгүй байгаа шүү дээ. Хэ хэ.
Давчуу тул урд нь талаар нэг тарж байсан бичгийн хэрэгсэл, цаас гэх мэт элдэв зүйлсээ Конмари-дах шаардлага гарч байгаа. Гэрээ тэгж Конмари-даж амжихгүй яваа би ажлынхаа өөрт оногдсон умгар зайгаа яаж ийгээд эвтэйхэн болгочих гээд л үзэж тарж байна.
Хэрэгтэй хэрэггүй олон зүйлсээ ажлынхаа ганц нэг хүмүүст өгчихсөн. Ха ха. Тэд яаж ашиглана дурын асуудал биз дээ. Хаяна уу, байна уу? Хамаа алга.
Одоо шкафаа нэг янзалчихвал ч. Тэрэн дотор бас их зүйл байна лээ. Тэр чигээр нь хамаад ирсэн болохоор. Дээл, хантааз, оньсон тоглоом, элдэв үг бичсэн цаас гээд л юм юм л харагдана лээ.
Шинэ, "давчуу" газар ирсэн гэж хүмүүс баяр хүргээд. Лол. Гэхдээ цэцэгнүүд нь гоё, сэтгэл баясгаад л. Зураг дарж л хаврын синдромоо гэхүү шинэ газар ирээд дасахгүй байгаа стрессээ гэх үү, тайлж байх шив дээ...
Бүгдэд нь амжилт...
No comments:
Post a Comment