Thursday, September 24, 2009

Би монгол эр хүн

Сүүлийн үед хань ижилтэйгээ сонсоод уяраад байгаа дуу

Thursday, September 17, 2009

Шүрэн бугуйвч

Зохиол нь хөөрхөн. Нэг тийм дэврүүн, мөрөөдөмтгий, гэнэн хонгор залуу нас.

Sunday, September 13, 2009

ROOKIES キセキ

Ахлах ангийн хүүхдүүдийн тухай кино. Дуу нь сургуулиудад их дуулагдаж байгаа гэсэн. Охин минь бас амандаа аялаастай. Ээжид тэр нүдээрээ инээсэн залуу нь их "таалагдаастай".

Monday, September 07, 2009

Зуны даалгавар

Эндхийн сургуульд ямар ямар зуны даалгавар өгдгийг хальт бичнээ. Дараа мартсан үедээ санаж байх гэж.
1. Хираганагийнхаа бүх үсгээр эхэлсэн үг түүж, нэг нүүр бичнэ. Энэ гэхдээ нэгдүгээр ангийн хүүхдүүдэд хамаарна. Зарим үсгээр эхэлсэн үг олдохгүй, охин бид 2 толь бичгээс будаа идэж энэ тэр. Хамаагүй хүнд үг бичиж болохгүй, учир нь ангийнх нь бусад хүүхдүүд мэддэг үг байх ёстой гэсэн. も( мо) үсгээр эхэлсэн үгний хамгийн эхэнд Монгол гэж бичсэн байна лээ. Хэ хэ
2. Зурагт өдрийн тэмдэглэл 2 нүүрийг бичнэ. Мэдээж зургийн тайлбар ч бичигдэнэ. Энэ нь бага сургуулийнхаа бүх хүүхдийг хамарч олгоддог эсэхийг хэлж мэдэхгүй байна.
3. Чөлөөт судалгаа. 1-6 ангийн бүх хүүхдийг хамарна. Хүүхэд бүр нэг зүйл судална. Охин маань хорхой шавьжны ажиглалт хийсэн. Анги ангидаа нэг нэг хүүхэд шалгаруулж, бүх багш сурагчдадаа тайлагнана. Биеийн тамирынхаа зааланд бүгд цуглаад, шалгарсан хүүхэд урд гарч зогсоод яаж судалсан, юу юу ашигласнаа ярьдаг гэсэн. Энэхүү шалгарсан бүтээлээ эцэг эхчүүдэд танилцуулж коридорт хадсан харагдана лээ. Бусад хичээл зүтгэл гаргасан хүүхдүүдийн бүтээл анги ангидаа хадаастай. Шалгарсан нэг хүүхдийн судалгаа нь японы устаж алга болсон амьтад, хойшид мөхлийн ирмэг дээр байгаа амьтад гэсэн юм байсан. Зураг хөрөгтэй нь хадаад, их хөөрхөн өөрийн үгээр тайлбар хийсэн байна лээ.
4. Уран бүтээл. Үүнд зураг зурж болно. Гарын доорх ямар нэгэн зүйл ашиглаад бүтээл хийх. Янз бүрийн л юм хийсэн харагдана лээ. Даавууны өөдөс ашиглаад загас хийж ватум цаасан дээр наасан ч байх шиг. Нэхмэлийн утас, цаасан хайрцаг, бөглөө, товч, шүр гээд л ашиглаагүй юм байхгүй байна лээ.
5. Цэцэг услах. Хавар ангидаа хүүхдүүд нэг нэг үр суулгаад цэцэг тарьсым. Нэр нь өглөөний царай, японоороо アサガオ(асагао). Тэрийгээ зуны амралтаараа гэртээ авчирч усалж арчилна. Өглөөд л их хөөрхөн хөөрхөн, гоё гоё өнгөтэй цэцэг дэлбээлчихсэн байна. Ээж охин 2 баярлаад л зургийг нь авна. Өглөөд цэцэглэдэг учраас өглөөний царай гэсэн юм шиг байна лээ. Оройны царай гэж байдаг гэсэн. Юүгао (ユウガオ)гээд.
6. Өглөөний дасгал. Өдөр бүр гарч хийхдээ тусгай бэлдсэн карт авч гараад ахлах ангийн хүүхдүүд нь хөөрхөн хөөрхөн дүрстэй тамга дардгийн. Нэг ёсондоо ирц бүртгэж. Хамгийн сүүлийн өдөр 500 иений ном худалдаж авах эрх бүхий карт бэлэглэдэг юм билээ. Охин бид 2 нэг өдөр явж ном худалдаж авна даа. Монголдоо харьсан ч хэрэг болохуйц гоё ном авнаа гээд л яриад байгаа. Хэ хэ
7. Сургуулийн номын сан нь тодорхой хуваарь гаргаад ажилладаг юм билээ. Нэг зээлэхдээ 3 ном зээлнэ. Охин минь зузаан зузаан ном авчраад аавыгаа айлгачихсан. Аав нь доторхи агуулга, хэмжээ зэргийг нь хараагүй гаднаас нь л харчаад -Яанаа хар багаасаа роман уншаад эхэлчиж байгаамуу? гэж уулга алдаж хальт онигоонд орсон. Хэ хэ. Мэдээж тэр ном нь дотроо зурагтай, үсэг нь томоор бичигдсэн байгаа шүү дээ.
8. Гэрийнхээ ажлаас заавал нэг зүйл хийж гэрийнхэндээ туслах. Охины минь хувьд ногоо арилгах, крант угаах, будаа угаах гэх мэт. Сүүлийн үед японд гэрийн ажлаас хийж тусалдаг хүүхдүүд байхгүй энэ тэр зэргээс болоод ийм даалгавар өгсөн байж магад юм. Сайн мэдэхгүй. Хүүхдийг тодорхой хэмжээгээр гэрийн ажилд туслалцуулж байх нь зүйтэй шүү. Эр эм гэлтгүй.
За нэг иймэрхүү. Цэцэгний зургийг дараа оруулнаа.

Tuesday, September 01, 2009

Хэнхэг ээж

Манай эндхийн бага сургуульд 3 анги хүртэл нь завтай болон сонирхсон ээж нар хүүхдийнхээ сурдаг сургуульд очиж зурагт ном уншиж өгдөг юм байна. Сард нэг удаа нэлээд хэдэн ээж нар цуглаад нэг нэг ангид орж бэлдсэн номоо уншдаг юм байна. 2 ном уншихаар бэлдэнэ. Ингэхдээ ихэвчлэн номын сангаас зээлдэг гэсэн. Унших номоо сурагчдын насанд тохируулж агуулгыг нь сонгоно. Нэг удаагийн уншлага ердөө 10 минут гэсэн. Ингэхдээ цагтаа тааруулаад заавал 2 ном гэхгүй, урт бол нэг ном ч уншиж болно.
Би өнөөдөр очоод бүртгүүлээд авсан. Монгол үлгэр, монголын тухай зурагт ном хэд байдгийн, тэрийгээ уншиж өгмөөр санагдаад. Хэд ч гэж дээ миний мэдэхийн, гарын дор байгаа нь 3 л байна. Өөртөө ажил нэмчив үү гэж нэг бодсон оо өө яадаг юм гээд зориг гаргаад. Охин минь
-Ээж ээ, сайн бэлдэж очдог юм ш дээ.
Хальт ээжээсээ ичиж байж магад л юм. Гэхдээ яахав хичээнэ дээ. Дараа сарын эхний долоо хоногийн мягмар гарагт охиныхоо ангиас эхлэнэ. Эхний 5 минутанд би уншаад дараагийн 5 минутанд өөр нэг ээж уншина.
Өнөөдөр очоод бүртгүүлсэн чинь ээж нар
-Монголын тухай гэсэн үү? Сонсох юм сан
энэ тэр гээд л ам амандаа шаагилдаад байна лээ. Ямар ном уншиж өгснөө дараа бичнээ.
Байгаа 3 номоо дуусахаар заавал монголын тухай гэлтгүйгээр номын сангаас ном зээлээд л явна даа, та нарт санал болгох ном байвал хэлээрэй, хамгийн гол нь япон хэл дээр хэвлэгдсэн хөөрхөн зурагтай байх хэрэгтэй шүү. Хичээнгүйлэн хүсье!