Friday, November 25, 2011

Гэрээр хүмүүжүүлэгч Үргэлжлэл3

-Надад чиний хүүхэд байгаа шүү дээ гэж багш хэллээ.
Энэ үгийг дуулаад дүү нь "Хүүхэд ий? Хүүхэд ий?" Хаанаас даа гэж дуу алдан хашгирлаа.
-Багш яг л тэгж хэлсэн.
-Чи буруу дуулсан байх аа.
-Үгүй, үгүй. Багшийг хэлэхээр Отто яг л чам шиг "Хүүхэд ий?" гэж дуу алдсан юм чинь. Багш дуугүй байснаа "Одоо тэгээд яах вэ?" гэлээ. Тэгээд
-Тэгээд л чамайг ханиалгахаар нь би гүйчихсэн. Дүү нь
-Хүүхэд?... Яалаа гэж дээ. Хүүхэд нь тэгээд хаана байгаа юм бэ? гэж гайхаш барагдан урагш гөлөрч асуулаа.
-Мэдэхгүй, чухам үүнийг л ойлгохгүй юм.
Манайд ирэхээсээ өмнө гэртээ орхиод ирсэн юм болов уу? Биднээс болоод хүүхдээ авчрахыг нь ээж зөвшөөрөөгүй нь мэдээж. Тэгээд л уйтгартай байдаг юм байлгүй.
-Тэр дэмий. Манайд ирэхээсээ өмнө Оттог танихгүй байсан юм чинь. Тэр хоёр дув дуугүй болж энэ хэргийг учрыг бодоод бодоод тайлж чадсангүй бүр ч зовлоо.
-Хүүхэд гэнээ? Баймааргүй л юм даа. Багшид юун хүүхэд байх билээ. Нөхөр байхгүй байж. Ганцхан нөхөртэй хүүхнүүд л хүүхэдтэй байдаг шүү дээ. Би үүнийг сайн мэднэ гэж дүү нь эхэлж яриа өдлөө.
-Нөхөртэй ч байсан юм бил үү.
-Битгий тэнэгтээд байгаач. Отто л биш юм бол.
-Тэгээд өөр хаанаас байх юм бэ?
Хоёр охин бие биеэ гайхан ширтлээ.
Хөөрхий муу багш минь гэж нэг нь сүүрс алдан гунигтайяа өгүүлэв. Тэр хоёр ярианыхаа завсар энэ үгийг байн байн хэлж зовуурьтайгаар санаа алдах ажээ. Тэгтэл дахиад сонирхох хүслэн бадарч,
-Чи юу гэж бодож байна? Хүү бол уу? Охин бол уу?
-Би яаж мэдэх юм бэ?
-Хэрвээ... хэрвээ өөрөөс нь аятайхан асуувал...
-Галзуурав уу чи.
-Яадаг юм бэ? Багш их сайн хүн шүү дээ.
-Тэгж яаж болно гэж бодов? Бидэнд тийм юм ярих байтугай цөм л үхтлээ нуудаг юм чинь. Өрөөндөө биднийг ороход л ярьж байсан юмаа больчихоод юу ч мэдэхгүй жаахан хүүхэд байгаа юм шиг л шал дэмий юм яриад эхэлдэг шүү дээ. Тэгэхэд би одоо арван гуравтай хүн шүү дээ. Тэгэхээр асуугаад яах юм бэ? Ялгаа байхгүй шал худлаа хэлнэ биз.
-Би бас мэдэхсэн гэж бодож байна.
-Хүүшээ, Отто яагаад мэдэхгүй байдаг юм бэ? Би бүр ойлгохгүй юм. Хэн ч гэсэн эх эцэгтэйгээ мэддэг шигээ хүүхэдтэй гэдгээ мэдэх ёстой биз дээ?
-Отто мэдэж байгаа, бүр сайн мэдэж байгаа. Дандаа тэгж байдаг өөдгүй амьтан...
-Ийм юман дээр тэгэх ёсгүй. Зөвхөн биднийг мэхлэх гэвэл ондоо...
Багшаа орж ирэхэд тэр хоёр ярьж байснаа болиод хичээл хийж байгаа дүр үзүүлэв. Багшийгаа нүднийхээ булангаар сэмхэн харцгаахад нүд нь бүлцийж улайсан харагдав. Үг хэлэхдээ хоолой нь чичрээд ердийнхөөсөө аяархан болсон байв. Томоотой болсон хоёр охин багшийгаа тэсгэлгүй энхрийлэн байлаа... Багш маань хүүхэдтэй. Тэгээд л ийм уйтгартай байгаа юм шүү дээ гэдэг бодол тэр хоёрын санаанаас огт үл гарна. Багшийнх нь уйтгар гуниг тэр хоёрт бага багаар дамжин халдсаар байжээ.
Маргааш нь үдийн хоолноор Отто тэднийхээс гэнэт явах болсон гэдэг шинэ мэдээг хоёр охин олж сонслоо. Отто нагац ахдаа
-Шалгалт бүр хаяанд тулчихлаа. Сайн сууж бэлтгэхгүй бол горьгүй. Энд хичээл давтаж болохгүй байна гэж хэлсэн байв. Шалгалт дуустал нэг хоёр сар ч болсон байшин хөлсөлж сууя гэсэн хэрэг байжээ. Охид үүнийг мэдээд сэтгэл улам ч зовжээ. Оттогийн ингэж гэнэт явах болсон нь өчигдөрийн яриатай ямар нэг далдын холбоотой болохыг тааварлажээ.

Жич: Уг нь их богинохон өгүүллэг байгаамаа. Миний цаг зав ингэж бага багаар оруулахыг шаардаад байгаамаа.

No comments:

Post a Comment