Sunday, November 27, 2011

Гэрээр хүмүүжүүлэгч Үргэлжлэл4

Оттогийн явж байгаа нь хулчгар бэртэгчин хүний зугталт гэж тэр хоёр сайн мэдэж байв. Отто тэдэнтэй салах ёс хийхэд хоёр охин илэрхий зэвүүрхэж буруу харлаа. Оттог багш бүсгүй рүү очих үед тэр хоёр сэмхэн ажиглав. Багшийх нь уруул чичирч байсан мөртөө нэг ч үг дуугаралгүй тайван гэгчээр Оттотой гар барьжээ. Тэр явдлаас хойш охид их өөр болжээ. Хоёр охин инээж, тоглож наадах ч үгүй, нүд нь гэрэлтэж сэргэлэн цовоо байдгаа ч болив. Тэр хоёр үймрээ сандруу болж хавь ойрынхоо хүнд итгэхийг байжээ. Тэд хүний ярьсныг огт итгэхээ байж хэлсэн үг бүрийг зориуд тэгж байгаа буюу хуурч байна гэж харддаг болов. Тэр хоёр өдөржингөө гэрийнхнийхээ юу хийж байгааг ажиглан, хөдлөх, зангахаас эхлэн дуу чимээ бүрийг анхааралтай уургалан авдаг боллоо. Тасалгаан дотуураа сүүдэр мэт холхиж, ямар нэгэн юм олж мэдэхээр хаалганы цаанаас чагнана. Тэр хоёр оньсого мэт нууц зүйлийн энэ хар торыг авч хаяад бодит ертөнцийг ганц удаа ч болов үнэн мөнөөр нь үзэхсэн гэж тэсэж ядан хүсэх болжээ. Хүүхдийн гэнэн хонгор, цайлган цагаан итгэл тэднээс салж одов. Тэд нар уг хэрэг үүгээр дуусахгүй, яаж төгсөхийг үзэх хэрэгтэй гэж бодох учир мэдэлгүй өнгөрчих вий гэж айж байжээ. Энэ явдлаас хойш хоёр охин хуудал хуурмагийн далайд живж гэдгээ ойлгож алив юмыг сэжиглэн хардаж, ов жив хэрэглэж өөрсдөө ч заль мэх гаргах болсон билээ. Эцэг эхийнхээ дэргэд хүүхэд зангаараа жигтэйхэн баяр хөөртэй байвч нөгөө тогтуухан гялалзаж байдаг нүднийх нь харц юмыг ултай суурьтай гал мэт цоргих болсон билээ. Тэр хоёрын юм бүрийг ингэж цаг ямагт ажиглан ширтэж байдаг нь хооронд нь улам ойртуулжээ. Хааяа энхрийлэн таалуулах хязгааргүй хүслэнд автаж бие биеэ тэврэн үнсэх буюу эс бол юу ч хийх чадалгүйгээ мэдрэн зүв зүгээр байснаа уйлдаг байв.Тэдний амьдралд ямар ч шалтгаангүй гэмээр өөрчлөлт гарчээ.
Тэднийг ийнхүү хурц эмзэг болгосон олон янзын хорсол гомдлоос нэг нь бүр ч их зовоож байв. Яг хэлэлцэн тохирсон юм шиг зовлонд унасан багшийгаа аль болох баяр баясгалантай байлгахыг хоёулаа хичээдэг байжээ. Бие биедээ тусалж гэрийн даалгаврыг нягт нямбай биелүүлж очдог болов. Багшийгаа гомдоох ямар ч сэв гаргалгүй, хүссэн бүхний нь урьдаас чив чимээгүй хийж гүйцэтгэдэг боллоо. Харин үүнийг нь багш хүүхэн анзаарахгүй байгаад тэд тун гоммдог байлаа. Сүүлийн үед багш нь хачин өөр болжээ. Юм асуухад унтаж байхад нь сэрээсэн юм шиг цочих, харц нь яг л алсаас ирж байгаа мэт жигтэйхэн тусдаг болжээ. Хичнээн цагаар ч хамаагүй юм бодоод суучихдаг болов. Охид юм бодоход нь саад хийхгүйг хичээн, өлмийдэн явж хөөрхий багш маань хаа нэг алсад байгаа хүүхдээ л бодож байна дээ гэж бүдэгхэн төсөөлнө. Улам улах хүчтэй болж байгаа нинжин сэтгэлийн угаас эгч дүү хоёр хатуу ширүүн байдгаа аль хэдийн болиод, уяхан хонгор зантай багшийгаа хайрлах болов.

No comments:

Post a Comment