Thursday, November 24, 2011

Гэрээр хүмүүжүүлэгч Үргэлжлэл

-Чи юу ч ажиглаагүй гэж үү?
-Оттод дурласан хэрэг үү?
Тэгэхгүй яах юм бэ? Отто ч багшид бас дурласан.Отто 3 жил манайд суухдаа чи бидэнтэй нэг ч хамт явдаггүй байсан шүү дээ. Гэтэл сүүлийн үед өдөрболгон зугаалдаг болсныг мэдэж байна уу? Энэ багшийг ирэхийн өмнө Отто чи бид 2-ыг хүн гэж тоодог байсан уу? Үгүй шүү дээ. Одоо харин аргамжаатай юм шиг өдөржингөө л бидний дэргэд эргэлдээд байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, үзвэрийн газруудад хаа л бол хаана энэ хүүхэнтэй явна, Оттотой заавал тааралддаг шүү дээ. Чи үүнийг ер анзаараагүй гэж үү?
-Тийм нь ч тийм л дээ, тэгэхдээ би зүгээр л дүү нь айсан янзтай шивнэлээ.
Дүүгийн хоолой хачин болж дахин нэг ч үг дуугарсангүй.
-Би ч бас л тэгж боддог байсан. Бид тйм л тэнэг улс шүү дээ. Сүүлд нь би сайндаа ч биш, харин чи бид хоёроор бамбай барьдаг юм байна гэж мэдсэн.
Ярих юмаа дууссан шиг тэр хоёр чив чимээгүй боллоо. Тэр 2 дор дороо юм бодож, эсвэл нойрондоо дийлдэн унтжээ гэж бодогдох боллоо. Гэтэл:
-Тэгээд уйлдаг нь юу вэ? Отто түүнд хайртай шүү дээ. Хүнд хайртай байх ямар сайхан байдаг бод гэж би дандаа боддог юм гэж дүүгийх нь гайхширсан дуу бүдэг харанхуйн дундаас сонсогдов.
-Аа, мэдэхгүй. Би ч бас сайхан байх л гэж боддог байсан юм гэж эгч нь нойрмог дуугаар өгүүллээ.
-Хөөрхий амьтан. гэж унтах зуураа дүү охин нь өрөвдөн шивнээд өрөөнд анир чимээ тасарлаа.
Маргааш өглөө нь босоод тэр хоёр энэ тухай огт дурсаагүй боловч бодол санаа нь ганцхан өчигдрийн ярьсан зүйлд уяатай байгааг аль аль нь мэдэж байв. Эгч дүү хоёр бие биенээсээ дөлж нүд бууруулах авч багш хүүхнийг сэм ажиглах болгондоо өөрийн эрхгүй харц нь тулгарна. Хоолоо идэхээр сууж байхдаа ч тэр хоёр аль эртнээс тэднийд хүний хүн шиг суух болсон ах Оттогийг хөдлөх бүрийг алдалгүй ажиглана. Тэр хоёр Оттотой үг солиогүй ч багш хүүхэнд нүдээрээ дохио өгөх эсэхийг сэмхэн хянана. Энэ хэргийн нууц хоёр охины сэтгэлийг ихэд догдлуулжээ. Үдийн хоолныхоо дараа ердийнхөөрөө тоглож наадсангүй, энэ ч юмыг барьж, тэр ч юмыг шүүрч тавиад ер бүтэмжгүйхэн байв. Харин оройхон хэрд нэг нь нөгөөгөөсөө энэ явдлыг хачирхаагүй юм шиг
-Чи ажиглав уу? гэж хүйтнээр асуухад нөгөө нь
-Үгүй гэж хариулаад, энэ тухай ярихаасаа айсан юм шиг хоёулаа нүүр буурууллаа.
Ийнхүү хэдэн өдөр өнгөрчээ. Хоёр охин эс дуугарах авч учир нь үл олдох энэ түгшүүрт автан уг явдлын нууцыг тайлах гэж оролдсоор байв. Тэгж тэгж нэг өдөр хоол идэж суугаад дүү нь багш хүүхнийгээ Оттод нүд ирмэн дохио өгөхийг ажиглав.Отто хариуд нь толгой дохижээ. Үүнийг олж хараад охины сэтгэл зүрх догдолсноос бие нь чичирч, ширээний доогуур эгчийнхээ гарт сэмхэн хүрч, эгчийгээ эргэн харахад нүд гялалзуулан ширтжээ.Тэр дор нь цөмийг эгч нь ойлгож дүүгийнх нь догдлол түүнд дамжиж нөлөөллөө.

No comments: