Thursday, December 01, 2011

Гэрээр хүмүүжүүлэгч Төгсгөл

Юу болов гэж хоёр охин айжээ. Эгч нь
-Би ээж рүү очъё. гэж эрс хэллээ.
тэр өчүүхэн ч эмээх шинжгүй ээжийгээ шийдэмгий харж багш хаачсан бэ? гэж шууд тулган асуулаа. Эх нь охиноо гайхан хараад
-Өрөөндөө байгаа байлгүй дээ гэж хариулав.
-Ор дэвсгэр нь хураалттай хэвээрээ, өөрөө алга. Манайхаас бүр өчигдөр орой явсан бололтой байна. Яагаад бидэнд хэлдэггүй юм бэ?
Эх нь охиныхоо хичнээн их ууртай асууж байгааг сайн анзаарсангүй. Охины царай цав цагаан болж аав руугаа гүйлээ. Аав нь багш хүүхний байсан унтлагын өрөөнд гүйж ороод гарч ирэхгүй зөндөө уджээ.
Эх нь сандарч байга бололтой. Охиныхоо уур хилэн бадарсан харцнаас нүүр бууруулна.
Эцэг нь царай зэвхийрчихсэн, захиа барьсаар гарч ирээд ээжийг нь дагуулан багш хүүхний өрөөнд дахин орлоо. Аав ээж хоёр нь ороод ямар нэгэн юм шивнэлдэв. Хүүхдүүд хаалганы цаанаас чагнах санаатай очсон боловч зориг хүрсэнгүй. Урьд нь аавыгаа тийм байхыг огт үзээгүй болохоор нэг л аймаар харагдав.
Эх нь уйлсаар тавгүй гарч ирэв. Айж гөлөрсөн хүүхдүүд өөрийн эрхгүй ээжийгээ шалгаав. Гэвч ээж нь хүүхдүүдээ сургуульдаа явцгаа, та нар хожигдлоо шүү гэж аашлав. Охидууд нь сургуульдаа дуулгавартай явсан боловч тэр өдрийн дөрөв таван цагийн хичээлийг зүүд шиг өнгөрүүлж юу ч ойлгосонгүй, хичээл тармагц гэртээ ааг амьсгаагүй гүйж ирлээ.
Гэрийн байдал хуучин хэвдээ байгаа мөртлөө хүн бүр нэгэн аймшигт бодолд автсан нь илт байлаа. Дуугарах хүн гэж огт байхгүй, зарц шивэгчингүүд хүртэл нэг л янзын болчихсон байлаа. Сургуулиас ирэхэд нь ээж нь яриагаа урьдаас зэхчихсэн бололтой тосож аваад
-Хүүхдүүд ээ, танай багш дахиж ирэхгүй болжээ. Тэр... гэж хэлээд таг дуугүй боллоо. Хэлэх гэсэн үг нь хоолойд нь тээглээд гарч өгсөнгүй. Охидын уур омгоор дүүрэн харц нүүр өөд нь цоргих мэт ширтэх учир худал хэлж зүрхэлсэнгүй. Дэмий л нүүрээ буруулан өрөөндөө бушуухан гүйж орлоо. Үдийн хоолноос хойш Отто гэнэт тэднийд иржээ. Түүнийг багш хүүхний үлдээсэн захидлын учир дуудсан хэрэг байж. Отто царай нь цонхийчихсон дэмий л ийш тийшээ гөлөлзөнө. Түүнтэй хэн ч дуугарахгүй зайдуу тойрч өнгөрнө. Отто байшингийн буланд шигдсэн хоёр охиныг үзээд мэндлэх санаатай дөхтөл нэг нь
-Надад бүү ойрт. гэж зэвүүн хэллээ. Нөгөө нь Оттогийн өөдөөс нулимав. Айж ичсэн Отто толгойгоо унжуулан тасалгаан дотуур холхиж байгаад алга болжээ.
Тэр өдөр хүүхдүүдтэй хэн ч дуугарсангүй. Хүүхдүүд ч дуугаа хурааж чаджээ. Сэтгэл нь түгшиж, царай нь цонхийсон тэр хоёр дуу шуугүй уйлж бүлцийсэн нүдээрээбие биеэ сэмхэн харж өрөөн дотуураа холхиж байв. Тэр хоёр бүхнийг мэджээ. Хүн бүхэн тэднийг хууран мэхэлж, хүн бүхэн бузар булай юм хийхээсээ буцдаггүй юм байна гэдгийг ойлгож авлаа. Үүнээс хойш эх эцгээ ч итгэж хүндэтгэхээ болив. Хэнд ч итгэх хэрэггүй юм байна гэж бодох болов. Амьдралын тэр аймшигт хэцүү бүхнийг тэр хоёр энхрий булбарай нуруундаа үүрч гарах ёстой билээ. Хүүхэд ахуйн таатай хөгжөөнт амьдралаасаа харанхуй нүх рүү нүдэн балай унах мэт боллоо. Өнгөрсөн аймшигт явдлын бүх хор уршгийг тэр хоёр бүрэн ойлгоогүй боловч оюун ухаан нь түүнд хадагдаж бүр залгихаар заналхийлнэ. Хацарт нь улаан толбо тогтон, харц нь ууртай болгоомжтой болжээ. Даарсан юм шиг ч биеэ хавчиж тогтож суух газраа олж ядна. Хүн бүхнийг тэгж ууртай хардаг болсон учир эх эцэг нь хүртэл тэр хоёр луу ойртохоо байжээ. Тасалгаан дотуураа дандаа холхидог болсон нь тэр хоёрын сэтгэл санаа эвдэрч сарнисных билээ. Хоорондоо үг сольдоггүй боловч тэр хоёрын чухам юу зовоон тарчилгаж байгаа нь хэн хэнд нь тодорхой байв. Тэр хоёрын энэ нулимс ч үгүй, үг дуу ч үгүй дотоод сэтгэлийн их шаналгаа аймшиг төрүүлж бусдаас тусгаарлана. Тэр хоёрт хэн ч үл ойртон, дотоод сэтгэл нь магадгүй олон жилээр цоожлогджээ. Орчныхондоо тэр хоёр үл өршөөгч дайсан болж хувирсныг бүгд мэдлээ. Өчигдрөөс хүүхэд биш болжээ.
Тэр хоёр ганцхан өдөр том хүмүүс болчихлоо. Өчигдөр орой харин харанхуй тасалгаанд хоёулхнаа байхдаа ганцаардал, талийгаачийн хоосон дүрс, тодорхойгүй ирээдүйгээсээ айх сэтгэл төрж байлаа. Нийтийг хамарсан энэ хэрэг түйвээнээс болоод өрөөг нь галлахыг мартсан учир тэр хоёр ямар нэгэн аюул заналаас хамгаалалт эрэх мэт ганц орон дээрээ даарч шахцалдан, хөгжиж амжаагүй хэврэг туранхай мөрөө бие биедээ нааж, бяцхан туягүй гараараа чанга гэгч тэврэлдэн унтжээ. Тэр хоёр ярьж үл зүрхэлнэ. Дүүгээ уйлахаар эгч нь тэссэнгүй уйлж эхэллээ. Тэр хоёрын хацар дээгүүр эхлээд нулимс дуслаар урсаж байснаа сүүл сүүлдээ бүр нарийхан горхи мэт хурдан урслаа. Тэврэлдэн хэвтээ тэр хоёрын мэгшин уйлахад хамаг бие нь доргин чичрэх бас харанхуй тасалгаанд нэг зовлонд учирсан нэг хүн уйлж байгаа юм шиг санагдана. Тэр хоёр ганцхан багш хүүхнийг өрөвдсөндөө ч биш ээ. Тэр хоёрт итгэлээ алдсан эцэг эхдээ гомдсондоо ч биш, харин өнөөдөр анх удаа аймхай нүдээр харсан, тэдний ирээдүйд хүлээж байгаа танихгүй аймшигт тэр ертөнц бие сэтгэлийг нь эзэмдэн авснаас ийнхүү гашуудан уйлжээ. Туулж гарах амьдрал нь тэдэнд зэрлэг догшин, балар харанхуй ой шиг аймшигтай санагдав.
Айх сэтгэл нь аажимдаа бүдэгрэн багассаар мэгшин уйлах чимээ намжиж, аяархан хурхирч эхлэв. Тэр хоёрын жигдхэн амьсгаа саяхан горхи шиг урсаж асан нулимстай нь адил улам улам нэгдэн нягтарч байв.

Төгсөв

2 comments:

Rhea said...

баярлалаа. сая л уншаад дуусгачихлаа яасан аймар юм бэ. ммммммм юу ч гэмээр юм. би лав хүүхдүүдээ худал хуурмагаас аль болох айхааргүй, жижигхэн ертөнцөд нь аймаар бишээр бага багаар ойлгуулж байх хэрэгтэй ч гэж бодох шиг. мэдэхгүй юм да. би хүүхэд байхдаа өөрийгөө ээж ааваасаа илүү ухаантай юм бн гэж боддог байсан. миний хүүхдүүд харин тэгж бодохгүй өсвөл их л сайн юмса да. зөндөө их юм бодогдоод бүр холилдчихлоо.

byambaa said...

Rhea: harin tiimee, aimar bgaaz, huuhdiin ertonts...