Thursday, July 10, 2014

Баярын мэнд

Юуны өмнө наадмын мэнд шүү. Энд тэнд ах дүү, хамаатан садан, найз нөхөд бөөнөөрөө зугаалаад байхаар бяцхан атаархал төрөөд байна аа. Дунд нь ороод л шаагимаар байх юм. Нэг найзыгаа "жийчихийн байна дөө" гэж жаахан үгээр идэв. Хэ хэ.
Энд тэгтэл ямар ч баярын уур амьсгал алга. Халж байна гэдэг ч жигтэйхэн. 50 жилд нэг тохиолддог хар салхи ирэх гэж байна гээд айлгаад байсан, биднийг холуур тойрлоо. Том зулзага харин сургууль нь амраагүй гээд жаахан гонсгор байх шиг байна.
Гэхдээ яаж зүв зүгээр суухав, хэдэн хүн цуглаж хуушуур хийж иднэ. 13-ны бүтэн сайнд. Гадаад оюутан, хүмүүст зориулж үнэ төлбөргүйгээр зээлдэг гал тогоог эзэмшинхэн хуушуур хайрна даа, бөөнөөрөө.

Бас нэг сонин гэвэл монголоос хэдэн хүүхэд ирсэн. Нэлээд хэд хононо. Япон айлд байрлана. 2 өдөр эндхийн бага, дунд, ахлах сургуулиудад очиж, хичээлд сууна. Энэ жил дан охидууд, хэлэндээ ч сайн байна. Унаагаар үйлчилж буй өвөө "Нэг дуугүй байхгүй, шаагилдаж өгөх юм" гэсэн.
Цаг агаар нь өөрчлөгдөөд насаар арай бага нэг нь машинд суухаар дотор нь эвгүйрхээд, мөн цахилгаан шатанд хүртэл дотор нь муухайраад л хэцүү байх шиг байсан. Халуунд ам нь цангаад автоматыг өнөөгийн хэллэгээр хашрааж байна гэж.
Нэг ажигласан зүйл гэвэл ганган гэж юүхэв. Үнэтэй үнэтэй гар утастай явна лээ. Өөрийнхөө охинтой харьцуулж хараад л явав би нь. Энд гар утсыг ахлах анги хүртлээ барьж болохгүй гэж бага дунд сургуульд дүрэмддэг болохоор амар ч юм дөө гэж бодсон шиг.
Хариуцаж буй япон эмээ сургуульд явахдаа ээмэг, зүүлтээ тайлж гэртээ орхино шүү гэсэн охидууд "өө яасан сонин юм бэ?" гэж гайхаад л.
Айлдаа хонож ирчихээд л маргааш нь айлынхаа тухай хоорондоо ам булаацалдаад ярьж гарна. Манайх тийм хоол хийгээд, би идэж чадсан, чадаагүй гээд л. Халуун рашаан явсан, аалзтай байсан аймаар, нэг өрөөнд ганцаараа унтсан чинь айгаад гээд л.
Япон сүнс ихтэй гэсэн, та таарч байсан уу? гэж ирсэн хүн болгон асуух юм. Яагаад тийм цуурхал тарсан юм бол? Томчууд хүртэл тэгж асуудаг.
Одоогоор ирээд 3 л хонож байна. Сургууль соёлд нь яваад ирэхээрээ шаагиж гарах зүйл их л гарна даа. Тэрийг нь олоод сонсчих юмсан хэхэ. Байнга цугтаа явахгүй тул тэдэнд сонин содон санагдсан зүйлсийг бүгдийг нь сонсож чадахгүй. Уг нь өдөр бүр уулзаад чагнаад явбал хүүхэд болсон хойно хөгжөөнтэй зүйл их ярих юм.

2 comments:

Piglet said...

Сайхан наадаарай! Би ч маргааш хуушуур хийх санаатай л сууж байна. Хар халуунд яаж хайрна даа гээд жоохон халшраад л.

byambaa said...

Bayarlalaa. chamd ch gesen bayariin mend.
hariug jaahan oroitoj bichlee, sorry :)