Monday, September 22, 2014

Тамирын өдөрлөг

Жил бүр бичдэг уламжлалтай даа энэ сэдвийг. Энэ жил нэг шинэлэг зүйл олж харсан.  Тэр нь юу вэ гэхээр талбайн чимэглэл болгож улс улсын далбаа өлгөдөг байсныгаа болиод энэ жилээс хүүхдүүдийн уран бүтээлээр чимдэг болж. Бүх насны бүх ангийн хүүхдүүд өөрсдийгөө зурсан байна лээ. Тэрэн дээр нь нэр усыг нь томоор бичээд хадсан байсан. Өдөрлөг дуусахад ээж аавууд хүүхдийнхээ зурсан зургийг хайгаад л гүйлдээд байсан. Олчихоод зарим нь татаж унаж байна лээ. Хэ хэ. Бид бас бага зулзагынхаа зурсан зургийг хайв. Олов. Зураг авав. Яаж ч харсан аавыгаа л зурсан байгаа юм, тэгсэн үгүй би өөрийгөө зурсан гэж гүрийгээд байсан.
Ингэж олон улсын далбаа хадаагүй нь болж гэж бодоод байгаа. Учир нь тэр далбаа дотор нь монгол байдаггүй юм. Бид анхандаа их идэвхитэй далбаагаа хайдаг байлаа. Байдаггүйг нь мэдээд нэг их тоохоо больчихсон. Бараг л багш нарыг нь буруутгах гээд байдаг юм. Монгол хүүхэд байхад чинь монголын далбааг оруулчихад яадаг байна аа гээд л. Гэм нь тэрийг нь тусгай газар хийж зардаг юм билээ. Манай ажил дээр ч бий. Байсгээд л шинэчилдэг л гэсэн. Гэхдээ л нутгийн минь далбаа нэмэгдэхгүй л байгаа юм даа гэж.

Бага зулзага энэ жил хүн шиг оролцов. Түрүү жил надаас зүүгдээд, газар хөлөө ч хүргээгүй хүн. 1 жилийн дотор хүүхдийн өсөлт, хүмүүжил, бие даалт гээд л бидний нүдэнд үзэгдэж харагддаггүй хэрнээ асар ихээр өөрчлөгдөөд л явах юм. Өглөө нь олон хүн цугласныг хараад би оролцмооргүй байна гэж уйлагнаж байснаа багшид нь тэврүүлж орхичихоод  би алсаас харж зогслоо. Жаахан уйллаа. Нээлтийн ажиллагаа эхэлж, бултаараа өглөөний дасгал хийх болж, бүх хүүхдүүд анги ангиараа гарч ирж зогсоход манай хүн жаахан урвагар, гараараа нүдээ нухаад л нэг юм алхаж харагдсаан. Ая ч эхлэв. Бүгд хөдлөөд дасгал хийгээд ирэхээр манай хүн юунаас нь дутахав гэсэн янзтай эгдүүтэй гэгч нь хөдөлж харагдсан. Биднийг олж харчихаад гараа даллаж байна аа. Тэгээд л ер нь ойлгосон байх, хүүхдүүд ингэж дасгал уралдаанд оролцоод, ээж аав, эмээ өвөө нар нь хараад, хөгжөөн дэмжээд байдаг юм байна гэж. Тэгсгээд гайгүй болчихсон, 3 настангуудын гүйлтийн тэмцээнд дөрөв дөрвөөрөө уралдахад бага зулзага биднийг харж маяглаж байгаад гараа нь жаахан оройтоод 4-т гүйж ирсэн. Хэ хэ. Түрүүлж хоцрох нь хамаа алга өө, хөлөө газарт хүргээд оролцож байгаа нь их юм.

Хамгийн инээдтэй нь, эцэг эх, багш нарын хооронд болсон буухиа гүйлт байлаа. Учир нь цэцэрлэгийн талбай жижигхэн, ээж аавууд хурдтай гүйгээд эргэлтэн дээр өнхөрч унаад байх юм. Хань ижил бас гүйсэн. Хамгийн сүүлд гүйв ээ. Чухам түрүү жил их хурдан байсан, энэ жил хамгийн сүүлд хамгийн хурдан гүйгээд түрүүлээд ороод ир гэж бусад эцэг эхчүүд нь хошгоруулаад хамгийн сүүлд гүйхээр болж л дээ. Сүүлийн тамирчин 2 тойрно. Буухиа ч эхлэв. Урд хойноо орж явсаар манай хүний ээлж ирэв. Эхний тойргоо дажгүй гүйчихлээ. Хоёр дахь тойрог дээрээ хурдаа нэмж харагдав. Тэгсэн яг эргэдэг эргэлтэн дээр өнхрөөд уначихдаг юм даа. Ха ха. Барьж явсан модоо холоо шидээд уначихдаг гэнэ. Тэрийгээ олж аваад буцаад гүйх гэсээр байтал бусад тамирчид түрүүлээд талийж орхихгүй яахав. Бичлэг хийж байсан би, зураг авч байсан том зулзага бидэн хоёр нь савж унатлаа хөхөрлөө шд.
Тухайн үед тохой нь л жаахан шалбарсан байсан чинь маргааш нь бугуйгаараа хөдлөхгүй хөндүүр оргиж хэд хоног болов. Хэ хэ.

Гэх мэтчилэн жил бүр оролцдог хэрнээ жил бүр шинэ зүйл олж хараад, жил бүр ямар нэгэн байдлаар дурсамж үлдээдэг энэхүү тамирын өдөрлөгт би өөрөө гүйж харайгаад тамирчинаар оролцохгүй ч хүмүүсийг харж баясдаг тул их дуртай гэж. Зохион байгуулалт ч их сайтай болох юм. Эцэг эхийн зөвлөлийг тун ашигтайгаар, амжилттайгаар ашиглаж чадах юм даа гэж. Бүр багаасаа иймэрхүү олон нийтийн ажилд оролцоод сурчихсан томчууд ч үүргээ сайн ухамсарлаад, дараагийн дугаарын тэмцээнд нь бэлдээд , өмнөх тэмцээнийх нь элдэв хэрэгслийг хурдан шаламгай гэгч нь хураагаад л гүйлдэж байгаа зэргийг нь хараад өөрийн эрхгүй мундагийг нь гайхна аа.

2 comments:

chuups said...

zurag bval buur goe nudend haragdah gd bn kk

byambaa said...

hehe.daraa oruulya.