Friday, September 05, 2014

Шагай мину

Бага сургуулийн хичээлийн хөтөлбөрт сүүлийн хэдэн жил хүч түрэн орж байгаа нэг зүйл бол, гадаад улс оронтой танилцах, гадаад хүнтэй уулзаж ярилцах гэсэн хичээл. Тухайн орон нутагт нь ажиллаж амьдардаг, суралцдаг гадаад хүмүүсийг сургуульдаа урьж яриа хийлгэх. Ихэвчлэн улсынх нь онцлог, бахархууштай зүйлийг яриулна. Дунд нь тухайн улсынх нь хүүхдүүд тоглодог тоглоом наадгай байвал  тоглуулна. Яагаад заавал тоглоом тоглуулдаг вэ гэхээр, хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа богино байдагтай холбоотой. Чилээрхэх тул биеийг нь хөдөлгөн, амраах гэсэн зорилготой.
Би бол шагайгаа аваад л явна. Жинхэнэ яс гэхээр эд нар их гайхна. Пүү паа болно. Зарим нэг охид сэжгийн, дотор муухайрчлаа гэж авна. Дор бүр нь тохирох хариуг нь хэлээд  л эвтэйхэн аваад гарчихдаг болсон. Банди нар бол хөөрхөн, сэргэлэн нэг нь нэгийг өгчих гэж гуйна. Дахиад тоглоё л доо гэнэ. 
Багш нар нь их олзуурхаж хүлээж авна. Сурагчдаасаа илүү сонирхож, няслаж үзнэ. Зүлгээд ийм гоё гөлгөр болгочихсон юм уу ч гэж асууна. 
Бага байхдаа хөрш айлынхаа ах эгч нартай их шагай нясладаг байж дээ. Тэгж их шагай нясладаг байсан минь хожим хойно ингээд алс арлын оронд аминд минь орно гэж тухайн үедээ зүүдлээ ч үгүй явж дээ. Энд ажиллах гээд ирэхдээ багадаа тоглож байсан шагайгаа бүгдийг нь чемадандаа хийж аваад, гэрийнхэндээ үнсүүлээд, охиноо үнсээд нулимс бөмбөрүүлсээр онгоцонд сууж билээ. Одоо шагайгаа харах тоолонд бага насны минь дурсамж тодроод сайхан мэдрэмж төрүүлдэг юм. 
Шагайныхаа ачаар их олон сургуульд очиж, улсаа танилцуулангаа өөртөө таван цаас олдог  доо, баярлаад баршгүй.  Хүний нутагт нутгийн бяцхан охиндоо ихээхэн хувь нэмэр болдог шүү, шагай мину. 

2 comments:

Anonymous said...

よかったですね。

byambaa said...

はい。よかったです。