Tuesday, January 06, 2015

Шинэ жилийн ил захидал

Энэ тухай бичиж байсан эсэхээ санахгүй байна. Бичсэн ч билүү гэж санагдаад байгаа ч дахин бичлээ.

Нэнгажо гэнэ японоор. 12 сар гараад л хүмүүс ийм ил захидал бичих ажилдаа ханцуй шамлан орно. 12 сарын 25 гэхэд амжаад шууданд хийвэл 1 сарын 1-нд эзэндээ яс хүрнэ. Зураг нь янз бүр байна. Хар цагаан ч байна, зураг дээрх шиг өнгө алагласан нь ч байна. Шинэ онд гарах 12 жилийнхээ амьтаныг есөн жороор нь л зурсан байна шүү дээ. Энэ жил хонь жил гарах тул элдэв янзын хонь харагдсан. Монголтой холбоотой, монгол явж байсан хүмүүс монгол хонь тал нутгийн минь фото зургаа өгч тусгайлан захиалж хийлгэсэн байсан. Зарим нь дан ямааны зураг ч байх шиг. Ямаа жил юм уу хаашайн хэхэ.
Ийм ил захидлаа өнгөрсөн жилд тохиолдсон өвөрмөц содон зүйлийнхээ зураг хөргийг оруулаад хийлгэх нь ч бий. Заавал 12 жил гэхгүйгээр.
Би болохоор бэлэнчлээд худалдааны мэндчилгээ аваад биччихдэг юм. Тэгэхгүй бол бас л хөөрхан ажил болно шүү дээ. Явуулах хүнийхээ дүр төрхийг нүдэндээ буулган, хэзээ хаана яах гэж уулзаж байсан, хэдэн удаа уулзсан, сэтгэлд хоногшсон зүйл юу билээ гэх мэт бодон бодон бичдэг тул миний хувьд цаг их зарцуулна. Харин энэ жил том зулзага бид хоёр рекорд тогтоогоод 12 сарын 25-нд ихэнхи ил захидлаа шууданд хийчихсэн. Ганц нэгийг л 26, 27, 28 болгож хийсэн. Их урамтай, сэтгэл санаа тайван байдаг юм билээ. Ирэх 12 сард бас амжиж бичихийг хичээнээ.

Хэдий өөрөө бичиж явуулах нь ажиллагаа шаарддаг ч эргээд хүмүүсээс мэндчилгээ ирэхийг нь хүлээнэ гэж бас л сэтгэл хөдлөөд сайхан зүйлийн нэг. Хэ хэ. Хэн хэн юу гэж бичсэн байна гээд л чанга дуугаар уншина шүү дээ. "Дахин уулзаж гарын чинь монгол хоолыг идмээр байна", "Энэ жил ч бүгдээрээ уулзан буу халж шуугилдацгаая", "Охид нь том болж байна уу, монгол хэлийг нь зааж өгөөрэй" гээд л намайгаа урмаар тэтгэсэн, зөвлөгөө хайрласан олон сайхан мэндчилгээ хүлээн авч буй хүн чинь нэг хэсэгтээ л сэтгэл тэнэгэр байна шүү дээ.

2 сарын дундуур сугалаа явагдана. Энэ ил захидлын ар талд тоо байна. Тэр тооны сүүлийн тэдэн тугаар таарвал марк, бүгд таарвал мэдээж томоохон бэлэг авна. Би марк хожиж байсан юм байна. Энэ жил ч гэсэн азын тэнгэр ивээгээсэй...

3 comments:

Delgermaa Erka said...

энэ их гоё юмаа бие би?ндээ ийм шуудан явуулаад л..
шуудангийн компани нь бас маркетинг сайтаймаа

Delgermaa Erka said...

нээрээ шинэ жилийн мэндийг өөд өөд нь өргөн өргөн дэвшүүляаа

byambaa said...

shine onii mend. bainga manaihaar orj gardagt ih bayarladag shuu.

shuudan sain hugjsun gazaar end.