Sunday, January 15, 2017

Үдэх

Хүн үдэж гаргаж өгөх бас л сэтгэл сонин болгодог эд байна шүү.

Тэртээ олон жилийн өмнө ижий аав, дүү нараараа үдээлээд л нисч байхдаа үдээд үлдэж буй хүмүүсийн сэтгэлийг яахан мэдрэх билээ.

Энэ сард хоёр ч хүн үдлээ.

Нэг нь яагаав өнөөх шавь маань. Канбож улс руу ниссэн. 2 жил ажиллаад ирнэ. ЖАЙКА-н сайн дурын ахмад ажилтнаар. Энэ удаад эхнэртэйгээ хоёулаа явсан.

Монгол явахад нь оймс нэхээд л өгч байлаа. Энэ удаад юу өгөхөө мэдэхгүй л яваад л байлаа. Тэгсэн ашгүй сүмо хуанли гартаа оруулж аваад, энэ хуанлиг л өгье. Очоод бас эх орноо санагалзахаараа хэдэн сүмо бөхөө харж эрч хүч аваг гэж бодоод.

Эх орноо санахдаа харна гэснээс талыг нь шахуу гадаад бөх, тэгээд дийлэнх нь монгол бөхчүүд эзэлчихээр ямар олиг байхав. Хэ хэ.

Ядаж монголд байсан үеэ дурсан санаад одоо байгаа улсдаа хичээж ажиллах байх тэ. Хи хи

Нөгөөх нэг үдэж гаргаж өгсөн хүн нь ажлын газрын маань Морокко нөхөртэй хүүхэн. Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэгчээр нөхрийнхөө нутгийг зорихоор одсон.

Гэрээс нь аваад галт тэрэгний буудал хүргэж өгөх ёстой байв. Лалын шашинт хүмүүс бас их хэцүү юм аа л гэж бодогдож байгаа юм. Хүүхнүүд нь уртаа гонжролдсон юбка өмсөхөөр шатаар бууж өгсөхөд нэлээд төвөгтэй юм. Нүүж суухад, ачаа бараагаа зөөхөд хэрэггүй эдийн нэг шиг санагдах.

Толгойдоо заавал нэг даавуу зүүх юм. Хүүхдүүдээ эхнэрүүд нь л харах юм. Аав нь бараг тэврэхгүй юм. Тэвэрдэг л байх л даа, яг тэр өдөр ганц нэг шашин нэгт улсууд нь ирж үлдээж буй гал тогооны хэрэгсэл энэ тэрээс нь авахаа аваад, үлдсэнийг нь бусад хэрэгтэй гэсэн оюутнуудад өгнө гээд ачсан юм. Тэр хооронд миний ажигласан зүйл энэ.

Идэж уух зүйл нь ч хязгаартай. Уг нь үдэж өгөнгөө гэртээ урьж монгол хоол хийж өгөх санаатай байсан ч амжсангүй. Бидний иддэг үхэр гахайн махыг идэхгүй, заавал тусгай мөргөл үйлдэж махалсан үхрийн мах иддэг гээд. Дээрээс нь бидний цаг зав таарч өгсөнгүй.

Загас, тахианы мах бол иддэг л юм байна. Гэм нь монгол хоолонд би тахианы татсан мах ашиглаж үзээгүй тул, зориглон хийж зүрхэлсэнгүй.

За тэгээд л буудалд нь хүргэж өгөөд автобусанд нь суулгаад, хөдөлтөл нь бага зулзага хань ижил бид гурав хүлээгээд, гараа даллаад зогссон. Хөөрхий минь ажлын газрын бүсгүй уйлаад л. Тэдний охин нь манай багатай чацуу тул тэр хоёр жаал тоглож амжсан. Охин нь тоож байгаа ч зүйл алга. Нөхөр нь гэж өндөөр залуу бушуухан шиг л нутаг буцахын түүс байсан байх. Хэ хэ.

Мороккод ирээрэй гэсэн. Би хэзээ нэгэн цагт очно оо, бас Франц очиж үзнэ ээ гэсэн. Учир нь нөхрийнх нь ах францад байдаг гэсэн. Өөрсдөө ч хойшид Мороккодоо амьдрах уу? Францад амьдрах уу? сайн шийдээгүй байгаа гэсэн.

Нэг нартай сайхан өдөр Францад хэдэн өдөр амрангаа далимд нь Морокко орчихоод явж байна гээд блогтоо бичиж суухын ерөөл дэвшүүлье.

Бас шавийгаа Канбожид байх хугацаанд очоод үзчих юмсаан гэж мөрөөдөөд л сууж байна.

No comments:

Post a Comment