Sunday, September 30, 2018

Зохион бичлэгийн хичээл ордог биз дээ?

Сүүлийн үед эмзэглэдэг болсон нэг зүйлийнхээ тухай хэдэн үг сараачихаас...

Ерөнхий боловсролын хичээлд зохион бичлэгийн хичээл гэж ордог биз дээ? Энэ чинь одоо.

Суугуул нутагт минь 2 жилд нэг удаа эх орноос минь арван жилийн сурагчид ирж, олон л арга хэмжээнд оролцоод буцдаг юм. Овоо ч хэд хононо.

Айлд байрлана, далайн усанд шумбана, цэцгийн хүрээлэн үзнэ, сургуульд явна, сургуулиас болон хорооноос зохиож буй элдэв арга хэмжээнд оролцоно. Хоорондоо япон хэлээр илтгэлийн тэмцээн зохиож, байр эзлэнэ.

Эндэх арга хэмжээ яахав, япончууд зохион байгуулдгийнхаа ачаар зохион байгуулалт сайтай болж өнгөрнө.

Харин иртлээ, буцсаны дараах ажлууд үнэн хайнга, хойрго явагдана. Иртлээ яах вэ гэхээр, онгоцны тийзээ оройтож захиалсны уршгаар хөтөлбөрт саад учрана. Энэ жил бүр том паагталсан. Насанд хүрээгүй хүүхдүүдийг авч явах гэж байж эцэг эхээс нь итгэмжлэл аваагүйн улмаас онгоцондоо сууж чадаагүй, бөөн л юм болсон. Эцэг эхүүд муугаар нь дагаж явах гэж байгаа багшийг харааж, загнасан сурагтай. Хүүхдийн байгууллагын дарга нарыг загнасан эсэхийг мэдэхгүй л байна. Өөрсдөө ч эрх танхи хүүхдээ явуулах гэж байж энэ талаар судалсан байх ёстой юм байгаа юм.

Буцсаны дараагийн ажил гэхээр? Гэртээ байлгасан, арга хэмжээг зохиосон япон ээж аавдаа, сургуульдаа, найзууддаа захиа бичих. За энэ бол үнэн сэтгэл эмзэглүүлсэн зүйлийн минь нэг.

Эртнээсээ бид хоорондоо захиа занаа бичээд байдаг уламжлал ховор болохоор ч тэр юм үү? Худалч хүнд уртаас урт мөртлөө хоёрхон өгүүлбэр л биччихнэ. Япон хэл сурч байж тухайн хэлээрээ биччихгүй, аминдаа л мундаг өгүүлбэр бичих гээд тэр юм уу? Монгол хэлээрээ биччихнэ. Түүнийг нь би орчуулах гэж хөөрхөн цаг зав зарцуулна.

Хоёрхон өгүүлбэр юм бол юунд нь цаг зардаг юм? гэж үү? Өмнөөс нь ичээд байдаг юм. Бүгд шахуу нэг утгатай өгүүлбэр биччихсэн байдаг тул.

Зохион байгуулдаг нэгэн ааштай эмээ үгээ хэлнэ бас.
-Жаахан дэлгэрэнгүй бичиж болдоггүй юм байх даа? Жишээ нь анх удаа далайн усанд шумбаж үзсэн юм бол ядаж ус хүйтэн байлаа ч гэдэг юм уу?, шорвог байсан ч гэдэг юм уу?
-Харин тийм ээ. Манайхан чинь тэр бүр та нар шиг захидлаар харилцаад байдаггүй тул, захидал бичих гэхээр тэвдээд санаанд нь орж ирдэггүй байх л даа...
гэж би өмөөрнө.

Эмээ дуугүй байхгүй шүү дээ.
-Хичээлд нь ядаж зохион бичлэгийн хичээл ордог биз дээ? Энэ чинь одоо.
-Ордог л байсан даа, одоо ч бий гэж бодож байна.
-Тэгээд? Юу заадаг юм? Бла бла

Энд ирснээс хойшхи арван хэдэн жилд нэлээд хэдэн хүүхдийн захиа занаа, сэтгэгдлийг орчуулсан. Дээрдсэн зүйл нэгээхэн ч үгүй. Шилдэг сурагч энэ тэр гэсэн тодотголтой хүүхэд ч байна. Зөв бичгийн дүрэм энэ тэр бас л...

За яахав эд нар монгол мэдэх биш, ядаж агуулга нь арвин дэлгэрэнгүй байгаасай гэж их горьдоно.

Заримдаа захиа авах хүний сэтгэлийг бодоод ганц нэг үг, өгүүлбэр нэмж орчуулна. Хэцүү хэцүү.

Яг одоо өмнөө хэдэн захианы дэлгээд тавьчихсан сууж байна л даа. Биенээсээ хуулчихсан гэмээр адилхан өгүүлбэрүүдийг яалтай ч билээ.

...Япон явж үзсэндээ баяртай байна. Японы соёлоос танилцсандаа баяртай байна. Танайд байрлахад хөгжилтэй байлаа. Сургууль нь их том байлаа...

Ингээд л болоо. Сургуулийн яг юу нь сонирхолтой байсан? Япон айлд байрлаад юу нь хөгжилтэй байсан? Ямар соёлтой нь танилцсан? Гээд л бичээд л байвал хэдэн хуудас ч дүүрэхээр сэдэв.

Үг ч олдлоо, ажлаа хийе дээ...

Өө тийм, гадаад хэл сургаж болно оо хүүхдэдээ. Хажуугаар нь эх хэл дээр ном сайн уншуулаачээ, зохион бичлэг сайн бичүүлээч ээ...

5 comments:

  1. chemka10:49 PM

    Өө хэлээд яахав. Томчуул нь бол бүүр яриад ч хэрэггүй. Тэгээд бас зөв бичгийн дүрэм маниусын үеэс шаал өөр болсон байна лээ шүү. Буруу биччиж гээд загнаад байсан чинь эргээд багшид нь амаа таглуулсан.

    Танай энэ арга хэмжээний талаар сонирхож болох уу. Хэдэн насны хүүхдүүдийг ямар шалгуураар авдаг гэх мэтчилэн мэдээлэл авч болох уу.

    ReplyDelete
    Replies
    1. Сэтгэгдэл бичсэнд баярлалаа.

      Уншдаггүй, бичдэггүй болж байгаа шиг ээ, бүгд л ухаалаг утас маажаад, тийм ээ?

      За бас тэр зөв бичгийн дүрмийн өөрчлөлт ч хэцүү дээ, би ч хуучнаараа л биччих гээд байгаа. Ер нь бичээд л яваа.

      Нэгэн аймагт япон хэлний дугуйлан ажиллуулаад, тэндээсээ хүүхдээ шалгаруулж авдаг. Мөн онгоцны зардлаа өөрсдөө гаргах чадвартай хүүхэд байна. Сүүлийн үед нэлээд бага насны хүүхэд, 10-16 насны хооронд авдаг болсон.

      Delete
    2. chemka10:12 PM

      Хариу бичсэнд баярлалаа. Хотоос бол оролцох боломжгүй юу. Аль аймгаас оролцвол болох вэ. Өвөрхангай аймагт байгаа юу.

      Delete
    3. Зүгээр ээ. Хотоос болохгүй байхаа. Төв аймагтай харилцаатай байдаг юм. Эндхийн хэдэн өвө эмээ нар тэнд аймгийн төв дээр дугуйлан ажиллуулууд, идэвхитэй байсан хүүхдүүдээсээ авчирна.

      Delete
    4. chemka12:24 AM

      ойлголоо, баярлалаа

      Delete