Sunday, February 10, 2019

Номын дуу

Үе үе ингэж номын дуу сонсох сайхан шүү. Чих, нүд онгойгоод.

Сургалт болсон газар нь мужийн нэгдсэн эмнэлэг. Энэ эмнэлэг маань шинээр баригдаад, шил толь болжээ.
Амбульторын хүлээн авах. Ийм хүлэээн авах нь 2 болон 3 давхарт байрлана. Мөн баруун зүүн жигүүр лүүгээ их урт, нөгөө талынх нь цонхоор япон тэнгис харагдана.

Энд чинь нэг их айхтайр хүнд төрлийн өвчин биш л бол ийм том, 3-р шатлалын эмнэлэгтээ тэр бүр үзүүлээд байдаггүй юм. Аль болох хувийн жижиг жижиг эмнэлгүүдэд үзүүлнэ.

Нарийн шинжилгээ энэ тэр хэрэгтэй бол төв нэгдсэн эмнэлэг рүүгээ эмчийн бичиг хийлгээд очно. Хэрэв бичиггүй бол нэмэлт төлбөр төлөхөөс гадна, их удаан хүлээлгэнэ ээ. Учир нь захиалгат өвчтөнөө үзэж байж урилгагүй өвчтнөө үзнэ гэсэн бичигдээгүй дүрэмтэй. Яаралтай биш бол шүү дээ.

Тийм болохоор шил толь болсоных нь дараагаар гаднаас нь л хараад яваад байсан болохоос дотогш орж үзээгүй л байлаа.

Дам яриагаар эмч, сувилагч ажилтнууд нь одоохондоо төөрөөд байгаа сурагтай. Хи хи. Тэгж бодохоор бас л хэр том нь ойлгомжтой.
Автомат төлбөр төлөгч. Ирээдүйд олон л зүйлийг автомат төхөөрөмжүүд, роботууд хийдэг болно гэж үнэн шүү тийм ээ. Ажилгүй хүмүүс олшрох байх даа, нэг бол өөр төрлийн ажил гарч ирэх байх даа.
Сургалтын агуулга нь гадаад хүмүүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад нь хэл усны бэрхшээл гарвал манай ажлын газраас дэмжлэг үзүүлдэг тогтолцоо байдаг юм. Бүртгэлтэй хүмүүсийнхээ цаг завыг асууж байгаад л явуулна. Мэдээж тэр бүртгэлтэй хүмүүс нь цалин энэ тэр авахгүй, сайн дурын хүмүүс байдаг. Яахав огт хоосон байхгүй, унааных нь зардлыг гаргаж өгдөг юм.

Тэдгээр орчуулагч хүмүүстээ зориулж сургалт зохион байгуулна. Учир нь мэргэжлийн орчуулагч нар биш тул. Мэргэжлийн үг хэллэгээс авахуулаад мэдэхгүй зүйл их гарна шүү дээ. Тэр талыг нь сайжруулах, хөгжүүлэх зорилготой сургалт.

Энд тэр бүр монгол хүн ирээд үзүүлж харуулаад яваад байхгүй ч би бас бүртгүүлээд амжчихсан. Хааяадаа шинээр ирсэн оюутан хүмүүсийн ар гэрийнхний орчуулганд явдаг болохоороо сургалтанд нь алгасахгүй суухыг эрмэлзэнэ гэж байгаа.

Үнэ төлбөргүй ч юм байгаа юм. Үнэгүй зүйлд нугасгүй хүн чинь, хэхэ.
Хаана ч байсан хогны асуудлыг маш сайн зохицуулж чаддаг нь эдний томоохон соёлын нэг. Ойлгомжтой, цэвэрхэн, үйлчлүүлэгчид нь ч соёлтой гээд л эх орондээ нэвтрүүлмээр зүйлийн нэг тийм ээ?
За нэг иймэрхүү л амралтын өдрийг өнгөрөөж байна.

Та нартаа ч бас амжилт хүсье. Цагаан сараараа их олон бэлэг цуглуулсан биз дээ?

Wednesday, February 06, 2019

Бяцхан тархи

Бяцхан тархи? гэдэг билүү? Нэг толь бичиг байдаг даа.

Би оюутан болоод анх түүнтэй танилцаж билээ. Боломжтой айлын ганц нэг ангийн охид барьдаг байсан юм. Тухайн үед бол их үнэтэй, олдоц муутай байсан.

Ээж ааваасаа юун тийм тоь бичиг авч өгөөч гэж гуйх. Өдрийн унааныхаа мөнгийг л олж авбал их юм байлаа.

Гэхдээ ижий аав хоёр минь охиндоо сурах бичиг, толь бичиг авч өгөхөөс гар татдагүй л байсан. Тэрнийх нь ачаар толь бичиг сөхөж харж чаддаг болсон.

Яагаад чаддаг болсон гэхээр, толь бичиг сөхөж харж мэддэггүй хүмүүс зөндөө байдаг юм билээ шд. Ккк

Тэгээд сая том зулзагатаа ийм толь бичиг авч өгөөд. Санта өвөөгийн бэлэг л дээ. Хи хи. Наана нь жижиг зүйл бэлэглэсэн, учир нь дүү нь Санта өвөө байдаг гэдэгт бүрэн итгэлтэй байгаа учраас эгчид нь хоосон байж болохгүй...

Амазоноос захиалж авсан. Ингэхийнхээ өмнө цахилгаан барааны дэлгүүрээс үзэж харна, чанарыг нь шалгана. Тэгээд нетээс хайгаад хямд байвал захиалчихна. Дэлгүүрээс хямд байх нь олонтаа шүү, энэ нет гээч зүйл чинь.

Өөрөө зураг авч оруулах гэсэн том зулзагатайгаа тухтай ярих зав гарахгүй л гүйгээд байна, тэгэхээр нь нетээс зураг хуулаад оруулчихлаа.

Уг нь би цаасан толь бичигт дуртай л даа. Тэгээд авч өгөхгүй л яваад байсан юм. Тэгсэн түрүү жил яагаав машинд мөргүүлэх үед дугуйныхаа урд баахан толь бичиг гээд номоо хийчихсэн, өрөвдөлтэй харагдаад зулзага минь.

Өнөөх нь газраар нэг тарж байгаа юм чинь. Тэгээд л ээж ерөөсөө цалингаа бууж баяжихаараа бяцхан тархи авч өгнө гээд өөртөө амласан байсныгаа биелүүллээ.

Анги дээрээ мэдэхгүй зүйлээ шалгахад их амар байна гэсэн. Мэдээж гэртээ бол номоо харна. Ихэнх хүмүүс ном сөхөх нь илүү үлдэцтэй, сайн гэж хэлээд байгаа учраас бас номоо орхиж чадахгүй л байх шиг...

...Эхийн санаа үрд, үрийн санаа хаана яваа бол одоогоор. Хэ хэ.

Томоос том хүүхэдтэй ээж аавуудад амжилт хүсье ээ...

Tuesday, February 05, 2019

Сар шинийн мэнд ээ

Жил бүр ийм мэндчилгээ оруулдаг юм байна. Энэ жил ч бас мэнд мэдэж золгох гээд та нартайгаа.

Нүүр номоор нэг мэндчилгээ, идээний зураг, дээлтэй хүүхдийн зураг байна лээ. Хэ хэ. Би бас хоцорчих юм шиг санагдаад эндээ л зураг оруулъя лөө. Арай даруухан нь юм, муу блог минь. Аавын эзгүй битүүний орой нэг иймэрхүү. Маргааш аав ирэхээр арай өргөн дэлгэр шинийн нэгэн болох байх.

Ёс ёмбогор, буузаа жигнэж идлээ. Бэрээс хийлээ. Зулзагууд ямар идэх биш дээ? Хань ижилтэйгээ л багынхаа цагаан сарын дурсамжийг хүүрнэнхэн суугаад л цагаалга амслаа.

Ангийн махаа татаж байгаад л бууз хийлээ. Зулзагууд минь чимхэж өгсөн ээждээ. Ангийн мах бичлэгний хариу болгоод хэлье өө. Энд зэрлэг гахайн мах, бугын мах зардаггүй юм өө. Бас хонины мах ч тоотой харагдана.

Эндэх хүмүүс нетээр захиалж авч идээд байдаг юм. Австрали, Бразил гэх мэт орноос ирсэн мах байдаг юм билээ голцуу.

Жил жилийн цагаан сараар эмээгийнхээ хайлдаг байсан тосыг санадаг болсон байна. Нас минь явж буйгийнх уу? Энэ чинь одоо. Эдүгээ ингээд санахаар амтагдаад байдаг юм. Ижий минь ч гоё хийнэ л дээ. Дээхэн би өөрөө хийж идсэн дажгүй л болсон.

За бүгдэд нь гахай жилдээ амар амгалан, эрүүл саруул, ажил сурлагын өндөр амжилттай байхыг хүсэн ерөөе өө.

Мөрөө гаргасан уу? Би мөрөө гаргаагүй олон жил болж байна өө. Хүүхдийн цэцэрлэг, одоо ихэвчлэн дунд сургууль руу зүглэж байгаа тул, нэг их тоохгүй л байна. Хүүхдийн гэгээн цагаахан ертөнц рүү явж байгаа юм чинь гэж дотроо сүсэглээд, мэддэг ганц нэг мааниа уншчидаг юм.

Өглөөд гараад орой ажлаасаа ирэхдээ гэрээ нар зөв тойрч орж ирдэг. Орж ирдэг гэдэг нь машинаараа ирж очих замаа тэгж тааруулдаг юм.

Гол нь сэтгэл санаа хиргүй зөв, үйлдэл ариун зөв байх ёстой юм болов уу? гэж л боддог доо.

Мөн эх орны минь төр засаг эвтэй найртай, зүрх нь, сэтгэл нь эх орныхоо төлөө байгаасай гэж залбирнам зэ.

Sunday, February 03, 2019

Нэг суурин нэг бүтээгдэхүүн

За японд байдаг хүмүүс бол бүгд мэднэ дээ.

Энд чинь нэг суурин нэг бүтээгдэхүүн гэдэг хөдөлгөөн олон жилийн өмнөөс хэрэгжээд, одоо бүр аймаг сум болгон л өөрийн гэсэн брэндтэй гэхэд хилсдэхгүй. Заримдаа ч төвөгтэй. Брэнд гэдэг утгаараа үнэ нь нэмэгдээд явчихна. Хэ хэ.

Саяхан манайд ирсэн нэг өвөө мужийнхаа брэнд гээд кофе өгсөн. Манай мужид ч бас кофений брэнд байна аа. Би бас хааяа хүмүүст бэлгэнд өгдөг гэж байгаа. Япон хүмүүс дунд кофе уудаггүй хүн ховор ч юм байгаам.

Бас кофе буюу борголыг тааруулж уувал хорт хавдар тусах магадлал багасдаг гэсэн судалгаа гараад, хүмүүс ч ам уралдан шуугисан хэсэг. Уудаггүй хүмүүс хүртэл бага багаар ууж сурч байгаа сурагтай байсан.

Би ч угийн дуртай байсан болохоор ашгүй дээ л гэж бодоод өнгөрсөн.

За энэ өнөөх нутгийн брэнд боргол чинь. Шиманэ мужийн Мацүэ хотынх. Амт бол нэг их гоц гойд юмгүй л санагдлаа. Хэ хэ. Мэдээж инстант борголыг бодвол гоё л доо. Хайрцгандаа 5 ширхэгтэй, 4 хайрцагийг бэлгэнд авсан. Ойрд боргол уухаа багасгасан байгаа, тэгж байгаад ажил энэ ундраад ирэхээр уухыг үзүүлж өгнө өө. Хи хи.

Сүүлийн үед манайд ч бас тэр аймгийн тийм архи, дарс, цай гэж гарах болсон байна лээ тийм ээ? Бас нэг дэвшил юм даа. Одоо гол нь амт чанар, савалгаа зэрэгт жаахан санаачлага гаргачихвал тийм ээ?

Эх орны минь жижиг дунд үйлдвэрлэл мандан бадраг ээ...

Friday, February 01, 2019

Эргэлт

Байсгээд л намайгаа эргэдэг нэг эмээтэй болсон. Хэ хэ.

Яагаав, хамт монгол явж байсан, үе үе биднийг цуглуулж монгол япон хийж идэцгээдэг, өөрсдийгөө консулын ажилтангууд, соёлын аташше гэж хөөргөдөг нэг эмээгийн тухай бичдэг дээ.

Тэр эмээ минь 80 гарчихсан гэхэд бас л цоглог шүү дээ. Ам хуурай байна гэж огтоос байхгүй.
Яриа гэж юүхэв.

Саяхан өдөр ажил дээр минь ирж намайгаа хоолонд оруулчихаад явсан. Ингэж ирэхдээ хоосон ирнэ гэж байхгүй ээ. Байнга нэг бэлэгтэй ирнэ.
Энэ удаагийн бэлэг нь ийм хөөрхөн. Бүгд нэг суурин нэг бүтээгдэхүүн хөдөлгөөний ногоо, хиам, сосискнууд. 

Би ч эндхийнхээ ногоог авч идэх сонирхолтой л  доо. Хааяа яалт ч үгүй өөр мужид тариалсан ногоо авна аа авна. Бас хөөрхөн өвөө нарынхаа ачаар химийн элдэв бодисгүй, ориг ногоо иддэг гэж байгаа. Гайхуулчихав уу? Яав? Яахав ээ яахав, тэгж л байг цаадах чинь...
Үндсэн хоол ирэхээс өмнө шарсан хясаа захиалав. Далайн бүтээгдэхүүн дотроо бас доторх эсийн бүтэц, шим тэжээл нь өөр байдаг гэж байна шүү. Аргагүй л хоол зүйч эмээ. Чамд минь хэрэгтэй, та нар ямар гэртээ тэр бүр загас энэ тэр байнга идэх биш гэж ирээд л захиалу өгсөн. Би ч үүнд их дуртай гэж юүхэв...
За үндсэн хоол. Сашими. Түүхий загасны доор цагаан будаа байгаа. 

2 сардаа багтаж дахин цуглаж идэж уухаар тохиролцов. Намайгаа завгүй болохоос өмнө гэсэн. 

Монголын минь төлөө зүрх нь цохилдог хэсэг хүмүүс бий. Тэдэнтэйгээ уулзаж буу хална гэхээр сайхан л байна...

Та бүхнийхээ, ялангуяа гадаадад байдаг уншигч олныхоо соёлын аташше-гийн ажилд амжилт хүсч байна өө...

Thursday, January 31, 2019

Ан-гийн мах

Гэснээс би энд ирснээр есөн жорын ангийн мах иддэг болсон шд. 

Монголд байхад ээж аав минь надад тарваганы мах идүүлдэггүй байлаа. Шарласан энэ тэр гэдэг шалтгаанаар. 

Харин 5 хошуу малынхаа махыг бол голохгүй иднэ ээ. Тэмээний мах идэж байснаа бол огт санадаггүй юм өө. 
Тэгэхэд зарим нэг хүмүүс ялангуяа хүүхнүүд дунд адууны мах иддэггүй, цувдаа иддэггүй, хярамцаг иддэггүй гээд л маягтай хүмүүс байх юм билээ. 

Хамгийн сонирхолтой нь хэлэхгүй өгөхөөр идчихдэг явдал нь. Ха ха. 

За тэр яахав. Суугуул нутагт, биш ээ суугуул мужид сүүлийн хэдэн жил ангийн мах моодонд орж байгаа. Үүнд бугын мах, зэрлэг гахайн мах. 

Бид сайхан улсуудын буянд зэрлэг гахайн махыг өвөлдөө идэш болгоод идчихээд байгаа. Сүүлийн үед бас бугын махыг ч ангийн юм гэсэндээ амттай байна гээд л зооглоод байгаа. 

Янз бүрийн амт, үнэр байхгүй л юм билээ. Аятайхан амтлаад, тэр дундаа монгол бууз хуушуур гэсэн хоолонд тохироод байгаа юм шиг санагддаг. 
Юу билээ энэ зургийг оруулсан ч билүү? Хэ хэ.. 

Бас нэг онцлог нь энэ жилээс хань ижил өөрөө ан агнадаг болсоон. Ямартай ч энэ жил хавханд нь хоёр тоорой, нэг буга орсон. Бид монголд байгаа юм шиг л идэш хийв шд. Одоо түүгээрээ цагаан сарынхаа буузыг хийх гээд л сууж байна. Хи хи. 

Би л мэддэггүй болохоос монголд энэ зэрлэг гахайн мах чинь бас л овоо хийморотой андаа ордог гэнэ үү. Ангийн хорхойтнууд хэлэх юм билээ. 

Нүүр номд бас тийм эрчүүд цугласан бүлэг байна, тэд нар аймар аймар зураг хөрөг оруулаад, хутга шөвөг, буу зууны зураг оруулаад хэлэлцээд байдаг юм билээ. Мэддэггүй хүнд эрээн цоохор л зураг голцуу байсан. 

Манайд ирвэл ан-гийн махаар дайлна шүү. Хи хи. 

Гэснээс би нэг хэсэг их махсаад, адууны хошного л идмээр санагдаад байж билээ. Дараа нэг монгол харьж ирэхээрээ гэдэс чануулаад, умс идэж, айраг уусаар байгаад л ирэх юм шүү. 

Wednesday, January 30, 2019

Хариад ирсэн...

Их олон шавьтай хөөн би. Хэ хэ. 

Канбож явсан шавь минь хариад ирсэн. Яагаав ЖАЙКА-н шугамаар монголд 2 жил ажиллаж байгаад ирсэн нэг өвөө байдаг даа. Дахин шалгалт өгөөд Канбож явж 2 жил ажиллаж байгаад ирсэн. 

Тэнд байх хугацаанд нь бид хоёр мэйлээр л харилцдаг байлаа. Дунд нь нэг ирэхдээ яагаав гого бэлэгтэй ирж уулзаагүй юу. 

Харьж ирснээ дуулгангаа утсаар ярьсан. Удахгүй уулзаж буу хална гэсэн. Тэмүжин өвөө мэдээж хамт явна. Бид хоёр чинь тэр шавийг минь харьж ирэхийг тэсэн ядан хүлээсэн нь байхгүй юу. Хи хи. 

За тэгээд би чинь өвөө эмээ найз олонтой юм болохоор тэд нарын мундагийг гайхна. Монгол настан хүмүүстэйгээ харьцуулна. Нийгэм, цаг ууртаа буруу өгнө. Сүүлдээ боловсролын системд буруу өгнө. 

Одоо бол харин өөрийгөө л хичээх минь гэж боддог болсон. Тэтгэвэрт гарахдаа ямар нэгэн хоббитой, түүгээрээ дамжуулаад найз нөхдийн хүрээлэлтэй байх юм сан гэж боддог болсон. 

Та нар минь ч бас тэгээрэй. 

Юу ярьж байлаа? Аан тийм шавь. Ямартай манай ажил дээр ирж ЖАЙКА-н ажилтанд бага зэргийн тайлангаа тавингаа, би харьж ирсэн шүү болгоогоорой гэж мэнд мэдэхээр ирсэн.

Явсан сонин сайхнаасаа бага зэрэг хуучилсан. Диваажин л байсан гэнэ. Дулаахан л гэнэ, хоол унд нь амттай л гэнэ, хүмүүс нь найрсаг л гэнэ.

Харьж ирээд ханиад хүрсэн гэсэн. Япон ямар муухай хүйтэн байна аа гэж байна лээ. Би харин ч дулаахан байна, энэ жил цас ерөөсөө орсонгүй шд гээд олзуурхаад байхад.

Гэснээс цасны орон суугуул нутагт минь энэ жил хүний урманд цас орсонгүй ээ. Бас огт цасгүй байх чинь онцгүй юм аа. Эморох боломжгүй хэхэ. Бага зулзага бас цасан өвгөн хийнэ гэсэн төлөвлөгөө будаа. Мөн энэ жил тэгж ингэсээр байгаад уул хад явж цана чаргаар гулгах зав ч гарсангүй дээ гэж.

Юу ярьж явлаа? Өө тийм, шавь. Ажлынханд минь гого жигнэмэгтэй ирсэн. Бутарч унасан, манго жимсний амттай аятайхан жигнэмэг байсан. Би ч 100-гийнхаа жигнэмэгтэй харьцуулж энэ тэр. Манайх жаахан л амтанд нь анхаарал хандуулчихвал тийм ээ?

Дараа би болон гэрийнхэнтэй минь, Тэмүжин өвөөтэй хувьдаа булагнаж уулзалдахаар болоод л салцгаалаа. Тэр үеэрээ илүү их сонин сайхан сонсох байх аа. Канбож явахаар санагдтал л ярьж байна лээ шүү, нээрээ. Бяцхан атаархаад л суулаа. Эдний зарим нэг өвөө эмээ нарын хаанаас нь ийм их эрч хүч гараад байдаг байна аа л гэж.

Тэгэхэд монголд минь эд нараас залуухан ижий аав минь жил ирэх тусам хөгшрөөд л, чилээрхлээ гэдэг болоод байхад.

Түр баяртай, цагаан ногоон сараа боломжоороо л тэмдэглээрэй, битгий байдгаа барж баярлаарай даа, манайхаан. 

Thursday, January 24, 2019

Шалгалтын хариу

Өнгөрдөг оны 12 сарын шалгалтын хариу гарсан. Интернэтээр бүртгүүлсэн тул нэтеээр хариугаа түрүүлээд сонсчихлоо.

Эцсийн дүн тэнцсэн. Гэхдээ оноо бол сэтгэлд хүрээгүй ээ. Доккай буюу уншиж ойлгоод асуултад хариулах гэдэг дээр маш муу оноо авч. Бусад нь бол яахав ээ.

Ингээд би өөрийнхөө сул талыг олоод мэдчихлээ. Мэдэж байсан ч давтаагүй л дээ, үнэндээ.

Гэхдээ одооноос тэр төрлийн номыг зээлж хичээл хийх. Их биш, бага биш, өдөр бүр хийх гэсэн том зорилт өөртөө тавьлаа.

Юмыг яаж мэдэхэв хэдэн жилийн дараа дахин өгөх ч юм билүү? Хэ хэ.

Тэнцсэн гэж өөрийгөө баярлуулж байгаа байдал. Хо хо. Тархи луугаа амттан хийж аваад л хичээл хийхийг үзүүлж өгнө гэж байгаа... Хи хи.

Ажлынхаа газрын хүнээс ямар ном харах, яаж давтбал зүгээр вэ гээд асуугаад амжсан. Учир нь тэр хүн дунд, ахлах сургуулийн хүүхдүүдтэй ажиллаж байсан туршлагатай юм л даа. Гэх мэтчилэн эрч хүчтэй эхэлж байна, энэ долоо хоног. Яваандаа суларчихгүй л бол...

Одоо бас нэг шалгалтын хариуг хүлээх. Тэр бол гэхдээ огтхон ч найдлага тавихгүй байгаа. Үнэхээрийн мэдэхгүй сэдэв, үг хэллэг таарсан тул.

Харин хойшид ямар чиглэлээр уншиж байхаа мэдэж авсан. Энэ л их том амжилт.

Бүгдийх нь сурлагын их ажил үйлсэд амжилт хүснэм зэ.

Tuesday, January 22, 2019

Хонин зам

Бага зулзага бид хоёр ээлжит номын сан хэсэлтээрээ нэг хөөрхөн ном зээлж ирсэн.

Бага зулзагын нүд их соргог, Монгол гэсэн үг үсэг, зураг хөрөг гарвал нүд нь гялалзаж ирээд л ээждээ хэлдэг юм. Хайр хүрнэ гэж юүхэв. Шууд л зээлэхээр сагсандаа хийдэг гэж байгаа.
Нэр нь "Хонин зам". Яг оносон орчуулга олж чадахгүй л байна л даа. Эхний өдөр аавдаа уншиж өгсөн. Дараагийн өдөр ээждээ уншиж өгсөн. 

Маргааш нь би шавьдаа уншуулахаар авч явсан. Шавь минь хөдөө өссөн сумын хүүхэд юм болохоор их олзуурхан уншсан. 

Далимд нь багынх нь гэх юм уу? хөдөөх амьдралынх нь тухай жаал сонсов. 4 хүүтэй айлын бага. Ах нартайгаа хонио хяргадаг, хониндоо явдаг байснаа яриад л хөөрхөн. 

-Та мэднэ биз дээ? тэрийг энийг гээд л асууна. Аминдаа намайг хотод өссөн юм болохоор мэдэхгүй гэж боддог байх. Үнэндээ мэдэхгүй, чадахгүй юм их л дээ. Мах идэхдээ л сайн болохоос малчдын амьдралын хүнд хүчрийг тэр бүр сайн мэдэхгүй шүү дээ. 

Гэснээс шавь бид хоёр хичээлээ хийсээр л байгаа. Хэл усандаа сайжирч байгаа л гэж найдаж сууна. Заримдаа бид хоёр ингэж монголынхоо тухай, ээж аавынхаа тухай буу хална. Тэгэхдээ мэдээж дан монголоор ярихгүй, аль болох япон үг оруулж яриулахыг хичээнэ. Ойрд ханз нэлээд түлхүү зааж байгаа. Үзсэн ханзны минь тоо цөөхөн л дөө. 

Нэлээд хэдэн жилийн өмнө хагас жил гаран заасан шавийнхаа дайтай авааччих санаатай. Тэр шавь минь нэлээд сэргэлэн толгой л доо. Хэ хэ. Бас монголд хальт үзэж байсан болохоор нэлээд сайн сурсан. 

Хэл заахад тухайн хүүхдийн унаган зан гэж бас их нөлөөлөх юм тэ. Багш нарын алдрыг биширмуй. Нэг ангийн олон янзын ааш араншинтай хүүхдийн арга эвийг олж сургана гэдэг ч бас л хэцүү ажлын нэг юм. 

Над шиг нэг л хүүхдэд заах гэж нэлээд чармайж байхад за тэр анги даасан, олон хүүхдэд заадаг багш нар бол мундаг мундаг. 

Нэг хөөрхөн номыг тойрон, нэг хөөрхөн номын ачаар эх нутгаасаа хол суугаа бидний хэдэн монголчууд хоорондоо одооны хэллэгээр бол амьд харилцаа үүсгэн, халуун дулаан яриа хөөрөө өрнүүлж, эх нутгаа санагалзан, дурсанхан сайхан байлаа. 

Япон улсад ажиллаж амьдардаг хүмүүс байвал зээлж аваад уншаарай. Хүүхдүүддээ ч бас уншуулаарай. 

Номын цагаан буян дэлгэрэг. 

Sunday, January 20, 2019

Кобэ хот

Кобэ хотоор жилдээ нэг орох ажил яаж ийгээд гардаг гэж байгаа.

Цаг агаар ч аятайхан байлаа. Ажлаа гялс амжуулчихаад, сайхан зугааллаа. Сайхан ч идлээ. Ккк.

Уг нь таньдаг ганц монголтойгоо уулзана гэсэн чинь хамт байдаг хүүхэн нь томуу тусаад. Халдаж халдварлахаас нь айгаад уулзаж чадсангүй ээ. Дараа нэг нартай сайхан өдөр уулзана аа.

Гэснээс энэ Кобэ хот одоогоос 24 жилийн өмнө 1 сарын 17-нд ихээ том газар хөдлөлтөд өртөөд, сүйд болсон. Тэрнээс хойш сайн дурын үйлс, орон сууцны газар хөдлөлтийн үеийн тэсвэртэй байдал зэргээс авахуулаад их олон зүйл дээр өөрчлөлт шинэчлэлт гарсан. Сургалтыг сайн, зохион байгуулалттайгаар хийдэг болсон.

Өнгөрсөн алдаанаасаа маш суралцаад явдгийг нь бас их таална аа. Бидэнд ийм зан суугаасай, монголчууд бид энэ занг нь суралцах юмсан гэж их бодно оо.

За тэгээд явсан газрын сонин сайхан гээд ганц нэг зураг оруулж байна өө.
Энэ эгдүүтэй  шар амьтны нэрийг Хабатан гэнэ. Хёого мужийн бэлэгдэл. Эмбелем гэх юм уу? Энд муж бүр өөрсдийн онцлогийг бэлэгдсэн ийм амьтадтай. Ихэвчлэн амьтны дүрс голцуу байдаг юм. 

Суугуул муж минь ч адил. Дараа зураг оруулна аа. 
Мужийн захиргааны байр. 3 байр байсан. Дахин нэг ийм бор байсан байсан. Би залхуураад зураг дараагүй байна. Нэг айхтар нь ойртоод харахаар цонх бүрийн доор? нарны энерги хуримтлуулагч байрлуулсан байсан. Бодвол тогоо гаргаж авдаг байх. 

Манай нутгийн захиргааны байрыг бодвол хамаагүй том юм билээ. Аргагүй л том хот юм даа гэж бодсон.
Мужийн цагдаагийн ерөнхий газар. Ихээ өндөр барилга байна билээ. 
Мужийн иргэдийн улаан булан гэх юм уу даа. Би энд нэг чухал ажил амжуулсан. Өөрийнхөө чадварыг мэдрээд ирсэн. Юу ч мэдэхгүйгээ мэдсэн. Хэ хэ. Хичээнэ ээ гэж бодсоор л гарч ирсэн. Сэтгэлээр бага зэрэг унаснаа, ирэх дахина аа гэж тайтгарсан. Хи хи. 

Үүний дараагаар Осака хот орохоор явцгаасан. Хань ижил, бага зулзагатайгаа. Том зулзага шалгалт шүүлэг гээд яваагүй ээ. 

Осакагийн сонин сайханг дараагийн бичлэгт. Түр баяртай...

Friday, January 18, 2019

Охидын дурлал

Охин хүүхэд томрох ч бас л сонирхол татаж байна шүү.

Охидын дурлал маш эрт ирэх юм. Жишээ нь бага зулзага 2-3 настайдаа аавтайгаа гэрлэнэ гэж аавыгаа хуга хошгоруулдаг байлаа. Охидын хувьд анхных нь ханхүү нь аав гэдэг хүн байдаг бололтой.

Жаахан томроод ирэхээрээ аав биш, ангийн нэгэн хөвгүүнд дурлана. Бага анги, дунд анги, ахлах анги гээд л ангийнх нь хөвгүүн. нэг бол нөгөө ангийн хөвгүүнийг харж явна.

Том зулзага Окада Жюничи гээд жүжигчин залууд одоогоор дурлаастай байгаа. Дажгүй залуу л даа. Хэ хэ. Ээж бас дуртай тэрэнд нь.

Хамгийн инээдтэй, хайр хүргэсэн нь бага зулзага. Одоогоор 4 хөвгүүнд дурлаастай. 1,2,3,4-т гэж дугаарлаастай. Ха ха.
Саяхан хотын номын сангаас ийм ном зээлж ирээд, түүнээсээ салахаа байлаа. "Хайр дурлалын зурхай" гэдэг ном. Яг л насанд нь таарсан хөөрхөн ном л доо. Тэгсэн эгч нь харчихаад би ч бас уншиж байсан гэж авдаг юм даа. Би санадаггүй ээ. Нууцаар уншсан юм болов уу? Хи хи. 

Төгсгөл хэсэгт нь нэг хуудсыг хувилж аваад кармаалж явбал дурлал нь бүтнэ гэж байна. Тэр хуудсыг хувилах ажлыг би дааж авч, 1 хувь хувилж ирлээ. Ккк. 

Ажлын газрын хүүхэн сонсчихоод "Маш зөв өсөж бойжиж байгаа юм байна" гээд инээсэн. Охидын туулах ёстой хөгжил дэвшлийн нэг шат юм даа тийм ээ?

Дээрээс нь дэлгүүр хоршоонууд гайхал Валентинийн өдрийг угтаад баахан чоко өрөөд тавьчихсан. Охид минь өгөх хүнээ товлоод эхэлчихсэн. Ээж бол түрийвчээ бэлдээд л сууж байх ёстой юм шиг байна. 

Ингэхэд ээж багадаа хэнийг харж явдаг байлаа даа. Санадаггүй ээ. Хи хи. Оюутан болчихоод Том Крузийн зургийг хэдэн жил нандигнан авч явдаг байлаа гэж. Ккк

Том зулзагын хувьд шилжилтийн нас, боловсорч байгаа нас тул ихээхэн анзаарч, анхаарч байх хэрэгтэй юм шиг. Нэг л өдөр найз залуу гээд дагуулаад ороод байх даа тийм ээ?

Томоос том охидтой ээж аав нарт амжилт хүсье өө.

Tuesday, January 15, 2019

2018 оны сүүлчийн бүтээл

Нэг жижиг цонхны тавцан дээр дэвсэх гэж нэхсэн юм. Тэгээд үүн дээрээ ганц нэг дурсгалын зүйл тавьсан. Монгол япон холилдсон. Үнэндээ сирвант гэж байхгүй болохоор иймэрхүү дурсгалын зүйл авахаар хаана тавихаа мэдэхээ байчихдаг юм.

Тийм болохоор л оронд нь ном захьдаг юм шүү дээ, монголоос бол. Энд хүмүүс хоорондоо нэг их тийм дурсгалын зүйл солилцоод байдаггүй болохоор амар.
Энэ шар бүтээлэг шүү. Цаанаасаа ийм өөр өнгийн утас холилдсон. Тэр нь нэхсэний дараа харахаар хөөрхөн энд тэнд хатгачихсан юм шиг харагдана. Урамтай байгаа. 

Гэснээс энэ эрэгтэй эмэгтэй хоёрын дурсгалын зүйлийг хаячихсан. Учир нь эмэгтэйнх нь гар тасраад алга болчихсон байна лээ. Бага зулзагын ажил байх гэж хардсан. Хэ хэ. 

Оронд нь арай өөр монгол эмэгтэй хүүхэлдэй тавьчихсан байгаа. 

Он гарснаас хойш уран бүтээл туурвиагүй байна өө. Утас бол байгаад байдаг, яг юу нэхэхээ мэдэхгүй л байна. Тэгж байгаад онгод минь мууж ирэх байх өө. Тэвчээртэй хүлээнэ гэж байгаа. 

Та нартаа бас үйл уран байг гэж ерөөе өө.

Sunday, January 13, 2019

Шинэ оны эхний ном

Уг нь 2018 оны сүүлчийн ном болгочих санаатай байсан чинь гэртээ амрахаар гэр орны ажил, орж гарах ажил гээд анхаарал төвлөрч өгөхгүй, унших зав гарахгүй явсаар он гарчихсан.

Ажил эхлээд, хичээл эхлээд, цайныхаа цагийг өөртөө зориулж эхлэснийх, номнуудаа уншиж дуусгах санаатай, эхнээс нь барьж аваад явж л байна. Цаана нь одоо зөндөө ном бий. Дөнгөж саяхан бас нэг номыг бэлгэнд авсан. Баярлалаа.

Гэх мэт миний ном ихсээд л, түүнийг унших би ганцаардаад л. Хи хи. Гайхуулчихсан уу? Өршөөгтий.

За энэ номыг шавиасаа зээлж авсан юм. Ямартай ч хүнээс зээлсэн номоо түрүүлж уншихгүй бол тийм ээ.
Номны минь зураг жижигхэн гарчихжээ. Идэх юмных нь зураг юун ч том гараа вэ дээ. муу хүн идсэн ээ гэж. Энэ гэхдээ амьдарч буй газрын минь нэг онцлог. Эд нар чинь идсэн ууснаа л их ярьдаг улс шүү дээ. 

Тэр газрын тэр нь  амттай, энэ нь ч амттай гээд л. 

Үг олдож үхэр холдох нь, ном маань гурван туужаас бүрдэнэ. Бүгд л тусгаар тогтнолтой холбоотой сэдэв. 

Уншиж байх явцад нэлээд хэдэн сонин содон үгтэй таарсан. Сонсож байгаагүй ч гэх юм уу? Нэг их хэрэглээд байдаггүй ч гэх юм уу?  Ганц нэгийг нь толилуулах уу?

Олны үг далайг ч ширгээдэг. 

Өрмөөр занчихад уурлаж, үгээр зүлгэхэд уйлна.

Зааны хүзүү богино
Заргын хүзүү урт.

Тэнэг зориг тэнэсэн сумтай адил. 

Нүүр холдовч нүнжиг холдохгүй. 

Шавир? Утгыг нь сайн мэдсэнгүй. Бодвол муу хүн, тагнуул гэдэг утгаар болов уу гэж таасан.

...Эртнээс нааш эвлэж сураагүй , мөр мөрөө цавчиж ирсэн монголчуудыг  хооронд нь зогсоо зайгүй бух шиг мөргөлдүүлж байх учиртай...
Энэ их зэвүүн үг байгаа биз? 

Гэх мэт. Зарим нэгийг та бүхэн мэдэх байх аа. Санаж байх гэж тэмдэглэж авсан нь ч бий. Тэмдэглэлийн дэвтэртээ нарийхаан гардаг балаараа бичсэн гэж байгаа. Хи хи.

Friday, January 11, 2019

Цагаан ногоон сарын эргэн тойронд

Шинэ жилийн үдэшлэгүүд дуусаад шууд л цагаан ногоон сар. Ямар ч амсхийх цаг зав гаралгүй шүү.

Би энд нэг их тоохгүй, холуур байгаа ч...

Эх оронд минь буй ижий аав минь шууд л ханцуй шамлан орж байна. Хэдэн хүүхдүүд нь гадагадад. Туслах хүн байдаггүй. Гэхдээ ах дүү, хамаатан садан олонтой, аав минь өөрөө хүнд тусархаг тулдаа олны хүчээр бууз баншныхаа ард гарчээ.

Дашрамд байнга орж гардаг, туслаж байдаг хэдэн төрөл садандаа баярлалаа. Буян нь дэлгэрэг ээ.

...Эндхийн цагаан сарын авсаархан болдгийг би их гайхна аа. Яаж тэгж чаддаг байна аа гээд л. Уг нь уулзалгүй удсан хүмүүс уулзаад л, ярьж хөөрөөд л халуун дотно сайхан уулзалт өрнөөд л, сайхан баяр тийм ээ?

Эндхийнхэн цагаан сараараа хол байдаг садан төрлүүд, найз нөхөд хоорондоо ил захидлаар л мэнд мэдээд өнгөрнө. Өнөөгийн бидний хэлдгээр амьд харилцаа байхгүй шүү.

Харин давуу тал нь эдийн засгийн хувьд их энгийн, хэмнэлттэй тэмдэглэж чадаад байгаад оршино. Мөн томчууд хоорондоо бэлэг солилцохгүй. Уулзалдсан хүүхдүүддээ л дугтуйтай мөнгө бэлэглэдэг. Энэ тухай бараг жил бүр л бичиж байна дөө.

Монгол дахь ээж аавдаа та 2 минь өөрчлөлт хийгээд, энэ жилдээ бэлэггүй шинэл гэж үглээд л, жил бүр. За гэсэн мөртлөө л бэлэг барьж гүйгээд л.

Нүүр номоор ч шуугиад л байх хэрнээ хэрэгжүүлж байгаа хүмүүс нэг ч алга нь жаахан тийм. Харамч, нарийн, хүүхдүүд нь гадаадад байдаг байж царай алдсын энэ тэр гэсэн олны үгэнд санаа нь зовдог юм шиг байгаа юм.

-Би ч хэлдэг л дээ. Энд ирээд удчихсан бидний нэр нүүрийг бодоод яахав ээ? Их л сайндаа нарийн юмнууд, мөнгө зураад сууж байдгийн байж ээж аавыгаа харж үздэггүй гэж хэлэх биз? 
Монголчуудаа, төрөл садандаа, найз нөхөддөө муу хэлэгдэх яахав ээ? Энд хүний газар л эх орныхоо нэрийг мандуулж гийгүүлдэггүй юм аа гэхэд ядаж гутаалгүй явахад болно шүү дээ гэж их үглэнэ ээ. Сонсохгүй нь сайхан л даа. Хэ хэ. 

Тийм биз дээ. Та нар ямар бодолтой байна. Мэдээж бэлгэдлээ бодож бид эндээ ч сайхан шинэлнэ л дээ.
Энэ япончууд цагаан сараараа айл гэрийн үүд, дэлгүүр хоршооны үүд, сүм хийдийн үүд гээд л чимэглэдэг чимэглэл нь. Тус бүрдээ утга агуулгатай, учир жанцантай. Энэ тухай нетэд зөндөө байдаг байх аа, сонирхсон нэг нь хайж үзнэ биз ээ.

Нэг л төрлийн хоолыг орсон айл бүртээ идэх бас л мэдрэмж, сонин баяр шүү гэж нэгэн танил япон өвөө хэлж билээ. Хи хи. Бодоод байсан чинь бас л тийм байгаа биз? Орсон айл бүрт өөр өөр хоол иддэг бол гоё тээ. Нэг бол хаа нэгтээ бөөнөөрөө цуглаад, гэр гэрээсээ өөр өөр хоол хийж ирээсд идэцгээвэл сонирхолтой байж магад л юм тийм ээ?

Ямартай ч өрөнд оролгүй, ядралгүй, эрүүл саруул баяраа тэмдэглэцгээнэ шүү манайхаан.

Би ч эндээ гэрээсээ хол хэдэн хүүхдүүдэд бууз бэлдэж хөлдөөнө даа. Яг шинийн нэгэндээ ирж амждаггүй ч шинийн 8-ндаа багтаад ороод л ирдэг юм. Ямар ул боов, ууц энэ тэр гэх биш. Нэг бодлын амар, шинэлж дуусаад идэж барахгүй хаяад байдаг сурагтай хэвийн боов энэ тэр гэж мөнгөө үрэхгүй хэхэ.

Хадуурахаасаа өмнө өндөрлөе дөө. Ганц нэг хүн олж уншчихаад бэлэггүй зүйл ярьлаа энэ тэр гээд загнаад унана. Хо хо.

Wednesday, January 09, 2019

2019 оныг хамтдаа

За энэ 2019 оныг хамтдаа туулах дэвтэр минь. Их л олон зүйл өрнөж, түүх бичигдэх байх даа. Ажлын хөтөлбөр, хувийн хөтөлбөр гээд л.

Уг нь товчтой дэвтэр хайсан боловч би их оройтож дэлгүүр хэссэн тул дууссан юм уу? Олдоогүй. Хөдөө газар чинь хэдхээн дэлгүүрээр ороод л байхгүй бол дуусаа гэсэн үг.

Нэг кайфтай нь шинэ он гарчихсан хойно авсан тул 50 хувийн хямдралаар худалдаж авсан гэж байгаа. Хи хи. Энд чинь монголыг бодвол их урамтай хямдрана шүү дээ. Яг л хямдарч байгаа юм.

Хар баасан гараг ч билүү нэг өдөр болоод байсан даа. Түүгээр манайхан чинь үнээ нэмээд зараад байна гээ биз дээ. Энд бас шуугиад л байх шиг байсан. Би тоож дэлгүүр хэсээгүй ээ. Хямдарсан гээд шаал хэрэггүй юм худалдаад авчихгүй гэж тэр.

Аан энэ хар үзэгний уутыг нэгэн мундаг сэнпай-саа бэлгэнд авсан юм. Талим? гэдэг брэнд шүү. Та бүхэн бас сонирхоорой, бас бус зүйл ч байдаг юм билээ. Блогтоо танилцуулна гэж бодож явсаар нэлээд оройтчихлоо.

Балыг хань ижлээсээ зул сарын бэлгэнд авсан. Оюутан байхыг ийм нарийхан гардаг 0.25-ын хошуутай үзгэн баланд луртай гэдгийг минь мэддэг юм. Ханз бичихэд амар байдаг байлаа. Ийм нарийн хошуутай балны нэг гэм нь үзүүр нь их амархан муудна аа. Оюутан байхад түрийвч нимгэн байлаа. Тийм болохоор баландаа бяцхан опе хийчихдэг байсан гэж байгаа. Хэ хэ. Энэ тухайгаа охиддоо хэлж залуу зандан насаа дурсав шд. Ккк

Энэ бал зөвхөн тэмдэглэлийн дэвтэрт минь л зориулагдсан. Олон олон ажлыг минь нэгд нэгэнгүй тэмдэглэхэд хувь нэмрээ оруулна гэж байгаа.

За тэгээд ойрын хэдэн өдрийнхөө өөрийн болон гэр бүлийнхнийхээ хөтөлбөрийг биччихлээ. Уншиж буй номноосоо ганц нэг үг түүгээд биччихлээ. Бас бус санхүүтэй холбоотой зүйлээ биччихлээ.

Энэ нэг жилд намайгаа байдгаараа дэмжиж ажиллаарай балхан минь дэвтэрхэн минь. Хэ хэ. Нэг иймэрхүү агуулгын мэндчилгээ он гарсны дараагаар ажил эхлэх үед, он гараад анх уулзсан хүмүүстэйгээ хийдэг юм. Яг л түүн шиг оны эхний худалдааны минь эзэн намайгаа болгоогоорой...

Уншигч олондоо ч ажлын амжилт. Тэмдэглэлийн дэвтэр нь өрнөлөөр дүүрэн байх болтугай.

Tuesday, January 08, 2019

Цэцэгс

Шинийн 2-нд сүм мөргөчихөөд, нутгийн гурвалжин будааны гоймон олоод идчих санаатай жаал алхав. Ингэж алхангаа нэгэн жижигхэн гоймонгийн газрын үүдний зургийиг дарсан нь. Өвөл ч цэцэг ургаад байх юм энд, атаархмаар. Шороо, утаа байхгүй.
Нэг иймэрхүү торхонд тариад байх нь элбэг шүү. Шавар эдлэлд дуртай гэж эд нар. 
Ийм жижиг саванд тариад, түүнийгээ их арчилна аа. Би нэг жижиг цэцэг тарьж үзсэн. Ажилтай гэж нэг шалтаг хэлээд, залхуу хүрээд гэж нэг шалтаг хэлээд олигтой аричлж чадаагүй. Тэтгэвэрт гарахдаа нэгэн хоббигоо болгож цэцэг тарина гэж мөрөөдөж байгаа. 
Нэгэн жижигхээн гуанзны гадаах үүд гэхэд л нэг иймэрхүү. 

Гэснээс нэг өвөө бидэнд ботан цэцэг өгсөн. Ботаныг юу гэж орчуулаад байлаа даа? Аан тийм, цээнэ цэцэг. Одоогоор цэцэглээгүй байгаа. Цэцэглэхээр нь зураг оруулна аа. 

Шинэ оны анхны цэцгийн зураг нэг иймэрхүү байлаа. Ваар савных нь хөөрхнийг, санаа оноо болчихоор зүйл гэж байна уу? гэж өлөн нүдлэх юм даа гэж. Хэ хэ. Ирээдүйд тэтгэвэрт гарахдаа блогоо эргэн сөхөж зураг хөрөг хараад санаа авах юм шүү. Хо хо. 

Их л холын мөрөөдөл байна уу? Яахав ээ яахав цаадах чинь мөөрөдөж л байг, ямар мөнгө төлөх биш тийм ээ?

Бүгдэд нь амжилт хүсье.

Monday, January 07, 2019

Энэ жилийн зорилт

Хүмүүс зорилт, дүгнэлт энэ тэрээ хийгээд байх юм. Дүгнэх гэсэн юу хийснээ сайн мэддэггүй. Хэ хэ.

Юутай ч зорилтоо орууллаа.
  • Уншаагүй олон номоо унших. Монголоос захиж авчруулаад, номын тавуир дээрээ зүгээр л тавиад байгаа номнуудаа уншиж дуусгах. Ер нь маш эрч хүчгүй болсон байна. Ном унших тал дээр. 

  • Ухаалаг утсаа бага маажих гэдэг зорилтыг өнгөрдөг жилийн сүүлийн хагаст тавьсан минь 50 хувьтай байсан. Энэ жил 70 хувьтай болгоно оо. 100 гээд хэлчихэж бас болохгүй юм. Учир нь яаж ийгээд л тэр утсыг маажих хэрэг гараад байх юм тэ. 

  • Аливаа ажлыг хойшлуулахгүй байх. Би их ажил төлөвлөчихөөд түүнийгээ их хойшлуулна. Жижиг ч бай, том ч бай, хувийн ч бай, хувьсгалын ажлуудаа хойш тавилгүй хийж байх. 

  • Хөдөлгөөнтөй байх.  Ахлах ч юм уу нэг тийм биед нэг их ачаалал өгөөд байхааргүй, хэрэгжүүлж болоод байхаар хөдөлгөөнийг сонгох. Цагаан гурилан хүнсээ багасгах. Мөн амттан идэхээ багасгах. Ажлын газрынхны авчирч өгсэн бэлгийг ганцаараа идэлгүй, гэрийнхэнтэйгээ хувааж идэж байх. Хи хи. 
Өөр амлалт, зорилт бичихгүй ээ. Биелүүлж чадахгүй, өөрөө түүндээ стрессдэхийн нэмэр. Бага багаар л урагшилна аа.

Saturday, January 05, 2019

Ажил эхэлсээн

Хэд хоног сайхан амарлаа. Ажил эхлээд, эвшээлгээд сууна. Ядаж байхад баасан гарагт ажил эхэлж энэ тэр.

Хагас, бүтэнд дахин хоёр хоног амраад, ажил, хичээл албан ёсоор эхэлнэ дээ. Дараагийн урт амралт хэзээ билээ гэж яриастай. Үнэн даврааск. Хүний шуналаа гэж.

Амралтаараа хажуугийн мужийн сүм орж мөргөл үйлдэв. Их хол явж мөргөл үйлдсэн байна уу? Шиманэ мужийн Изүмо хотын Изүмо гэдэг сүм. Нетээс хайвал гараад ирнэ шүү. Сонирхож байвал уншиж үзээрэй.

Наана нь ганц нэг хүмүүстэй уулзсан. Охид л их баяртай байсан. Учир нь цагаан сарын бэлгээ авна. Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө. Урд жилүүдийн бичлэгт оруулж байсан даа. Жижигхэн дугтуйнд хийж өгдөг гээд. Том хүүхдэд ариа ахиухан, бага насны хүүхдэд арай багахан тоотойг өгнө.

Аниа нь шууд л хэрэгтэй гэсэн ганц нэг зүйлээ худалдаж авч харагдана лээ. Бага зулзага хав дараастай. Одоохондоо нас нь ч бага, элдэв шунал нь ч бага байна л даа. Түрүү жилийнхээ цагаан сарын мөнгийг бас хав дараастай байгаа тул нийлүүлээд овоо хэдэн цаас болсон. Түүгээр хавар болохоор дугуй авч унана гэж яриад байгаа.

Хангалттай авч хүрнэ. Үлдсэнийг нь бас л хадгалах байх даа. Нэг ахицтай нь мөнгийг нь бүхэлдээд өгье гэхийг ойлгодог болсон. Урд нь задгай мөнгийг нь бүхэл болгоод өгөх үү гэхээр уурлаад, миний мөнгийг цөөхөн болгочихлоо гээд байсан юм.

Энэ жил шууд л бүхэлдээд өг гэдэг болсон байна лээ. Гэр орноор минь нэг иймэрхүү сонинтой.

Ажлаар гэвэл онц сонингүй. Гэхдээ шинэ жилийн нийллэгт оролцоогүй хүмүүс явсан газрынхаа бэлэг гээд авчирч өгсөн.
Африкийн нэг орон явсан хүүхэн өгсөн бэлэг. Орных нь нэрийг би тогтоосонгүй. Нэлээд өвөрмөц нэр байсан. Амт таалагдсан. 
Ногоон цаастай нь Киотогийнх, хүрэн ууттай нь Ёкохамагийнх гэсэн. Хүрэн ууттайг нь идсэн. Амт таалагдсан. Ногооныг нь идээгүй. Нэг их дуртай биш болохоор. 

Нэг иймэрхүү идэж уусан амралт байсан тул хэдэн кг нэмснийг хэлж мэдэхгүй байна. Жин дээр зогсохоос айгаад, жингийнхээ хажуугаар нүдээ аниад өнгөрч байна. 

Та нар бас л миний адил жингээ үзэхээс халшраад гүйнэ үү? Болохгүй шүү, хавар айсуй айн...

Friday, January 04, 2019

Ажлын сүүлчийн өдөр ба шинэ жил

Сүүлд дурсаж суух гэж зураг хөрөгтэй орууллаа.

За ажлын сүүлчийн өдөр. Орой нь нийллэгтэй. Нэгэн газар орж идэж уусан. Хүн цөөхөн ирсэн. Цөөхөн дээрээ цөөхөн.

Нэг хүүхэн африкийн хаашаа ч билээ нэг найзтайгаа явахаар аль хэдэн сарын өдөр товлосон байсан тул ирж чадахгүй. Бусад оролцож чадахгүй хүмүүсийн шалтгааныг мэдэхгүй. Яасан ийсэн гэж шалаад байж болдоггүй юм шдээ, энэ японд чинь.

Тухайн хүн ормооргүй байвал орохгүй, явмааргүй байвал явахгүй. Нэг хятад залуу докторын шалгалт нь ойрхон гээд толгой өндийх завгүй л хичээл хийж байгаа гээд ирэхгүй. Нэг хятад хүүхэн Осака явна гээд ирээгүй.
Хундаганы уух зүйлээ хүлээх зуур шийр зугаа гэж орчноо ажсан шиг суув. Энэ савхны тавиур? их хөөрхөн санагдав. Хонь шиг л харагдаад байсан. Бусад хүмүүсийнх бас арай өөр хэлбэртэй.
Дарга хундаганы үг хэлсний дараагаар ирсэн салат. 
Зурагнуудаа дандаа далий авчихсан юм уу хаашай юм. Хи хи. За энэ болохоор 4 төрлийн вандуйн зууш. Хажуугийн бор нь хясаа. Би дуртай гэж юүхэв. 
Бас нэг төрлийн салат. Нэр усыг нь мартсан байна. 

За энэ хооронд шарсан сам хорхой гарсан. Бас нэг ороомог гарсан. Би зураг дарахаа мартаад идчихсэн байна лээ. 
Хоолны хамгийн сүүлд ирсэн мөөгтэй будаа. Нялцгайдуу агшаасан. Амт бол их дажгүй. 
Сүүлд ирсэн амттан. Байхуу цайны хандтай бялуу. Таваг нь өвөрмөц байгаа биз? Би ч таваг, хундага гэх мэтэд нь нүд яваад л байлаа. Хэ хэ. Худалдаж бол авахгүй л дээ. Зүгээр л нүдээ баясгаж байгаа нь тэр. 

Тарахдаа бүгд нэг нэг уут бэлэг аваад л тарцгаалаа. Дараа жилийн 1 сарын 3 хүртэл сайхан амарна даа. 

Тэрнээс өмнө гэр орноо нэг сайхан цэвэрлэх хэрэгтэй, учир нь эндхийн цагаан сар нь шүү дээ. Бүгд л гэрээ цэвэрлэсэн үү гэж асуугаад л байна лээ. Би ч үгүй ээ, нэг мөсөн амрахаараа ханцуй шамлан орно доо гэж хариулаад л яваа. 

Тэгсэн яг амралт эхэлсэн чинь ном, блог хоёр минь нүдэнд харагдаад. Яалтай...

Thursday, January 03, 2019

Шинэ оны мэнд ээ

Оройтож мэнд мэдэж байгаад уучлаарай. ПС-ний ард суух боломж бага  байлаа.

Энэ жилийн зорилго тодорхой байгаа. Цаг нь болохоор хэлнэ ээ та бүхэндээ.

Ямартай ч 2019 ондоо та бүхэн минь амжилт бүтээлээр дүүрэн, олз омгоор бялхах болтугай.

За тэгээд хамгийн гол нь эрүүл мэнд гэж хэн бүхэн мэдэх биз ээ? Эрүүл мэнддээ ч маш сайн анхаарал тавьдаг юм шдээ.

Миний бие ч блогоо идэвхитэй сайн хөтлөнө гэж амлаж байна өө.
Зулзагуудын хийсэн бялуу. Санасныг бодоход хөөж өгсөнгүй гээд аниа нь жаахан голонгуй байсан. 

Бид жил бүр хөдөө ууланд он гаргадаг юм. Энэ жил тэр хэд маань ханиад ихтэй гээд бид гэртээ он гаргалаа. Тэгээд л бялуу хийхээр болсон юм. 

Өдөр нь гадуур хооллож, нэг сайн цадаж аваад, орой нь амттан идэж, дарс ууж он гарахыг хүлээв. Хүлээх зуураа морь уралдуулав. Бага зулзагын морь түрүүлсэн. 
Сүүлд харсан чинь ингээд гэр өрж тоглож харагдсан.  Суугуул нутаг, эх орондоо он гарахыг давхар давхар тэмдэглэж, их л урт орой болсон. 

Ерөнхийлөгч мэндчилгээнийхээ үгийг ёстой гялалзуулах шиг болсон тэ. Хэ хэ. Би тухтай сонсож чадаагүй. Хи хи. 

Дараагийн бичлэг хүртэл түр баяртай...