...Ном нь төгс төгөлдөр байснаар тус болохгүй, хүн нь төгс төгөлдөр болох хэрэгтэй.
Соён гэгээрүүлэгч Жанцанбал
...Хубилай хаан 1260 онд гүрний хэмжээнд хэрэглэх нийтлэг үсэг зохиох зарлиг буулгажээ. Уг зарлигт: "Би санаваас үсгээр үгийг бичнэ, үгээр хэргийг тэмдэглэнэ. Энэ нь эрт ба эдүгээгийн нэвтэрхий хууль. Бидний улс гэх умарт газарт тулгар байгуулсан тул суртал нь хэмжээтэй. ...Ляо улс, Алтан улс ба жич холхи олон улсын дүрмийг хянаваас тус тусдаа үсэг буй амуй. Эдүгээ бичгийн засаг улмаар хөгжих бөгөөд бичиг үсгийг тогтоох нь дутуу, бүрдээгүй тул тийнхүү туслгайлан улсын багш Пагвад тушааж, Монгол шинэ үсгийг үүсгэн бичүүлэв" гэжээ. Ийнхүү Хубилай хаанаас "Пагва лам үсэг зохиох зарлиг хүлээснээс хойш Есөн хэмээх цолтой, Ну гэгч нэртэй уйгар бичээч түвэд, энэтхэг үсгийн суурин дээр монгол хэлний авиаг үндэслэж дөрвөлжин хэлбэр бүхий нэгэн зүйлийн шинэ үсгийг зохиов. Энэхүү үсгийг ер нь Пагвын үсэг гэдэг болно. Энэ бол санскрит ба түвэд үсгийн цагаан толгойноос хувирч иржээ. Түүнд нийт 42 үсэгтэй эх авиа 10, үүсвэр авиа 32 буй. Авиа нийлж үсэг бүтэх тул авиа зохицолдох дүрмийг гаргажээ". Болор эрхид тэмдэглэснээр бол Хубилай хаан "Үүнээс хойш аливаа явуулах бичгийг Монгол дөрвөлжин үсгээр бичээд, бус улсын үсгийг зэрэгцүүлэн хадтугай хэмээлээ" гэснээр бол дөрвөлжин үсэг нь олон улс хоорондын харилцааны бичиг байсан бөгөөд харин монголчууд уйгаржин, нанхиад нар ханз, түвэд өөрийн бичгийг хэрэглэсээр байсан юм. Хубилай хаан "Монгол үсэг гэдэг бол олон үсгийн дээр буй"хэмээн цохон онцолсноос үзвэл эзэнт гүрний төрийн бичиг гэж тогтоосон хэрэг юм. Шинэ монгол бичиг эзэнт гүрний төрийн бичиг хэмээн тунхаглагдсан хэдий ч үндэстнүүдийн өөр өөрийн төрийн бичгийг хэрэглэх эрхзүйн боломж нээлттэй үлдсэн байна. Энэ нь монгол хаадын төрийн дипломат бодлогын нэгэн илэрхийлэл гэж үзвэл зохилтой...
...Дөрвөлжин бичгийн гол дурсгалын нэг бол Сажа Бандида Гунгаажалцангийн "Субашид" гэдэг шүлэг зохиол бөгөөд түүнийг Сономгара гэдэг хүн монгол хэлнээ хөрвүүлж, 13 зууны эцэс 14 зууны эхээр Монголд дөрвөлжин үсгээр хэвлэн гаргаж байжээ.
Дөрвөлжин бичгийг олон үндэстний их улс болсон Монголын Юань гүрэн 1269-1368 оны хооронд 99 жил төрийн бичиг болгон хэрэглэж байсан байна. 1368 оноос Мин улс ч, бусад улс ч хэрэглэхээ зогсоосон байна. Харин энэхүү монгол бичгийн үндсэн дээр зохиосон бичгийг Солонгосчууд одоо хүртэл хэрэглэж байгаа тухай гадаадын зарим судлаачид анзааран тэмдэглэж байгаа билээ.
Монголчууд төрийн аливаа хэрэгтээ хос бичиг хэрэглэдэг байсан, Согдоос уйгаржин бичгийг өөриймшүүлсэн, Чингис хаан Монгол төрийн албан бичгээр уйгаржин бичгийг тунхагласан, Хубилай хаан 1269 онд Монголын "дөрвөлжин" хэмээх шинэ үсгийг зарласан...
No comments:
Post a Comment