Wednesday, February 24, 2010

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ: НОЁДЫН ТӨГСГӨЛ

Үргэлжлэл

Энэ үед түүний тулах түшмэлээр ажиллаж байсан Г.Наваанамжил
"...да лам Цэрэнчимэдийг зарлигаар тохоон явуулжээ. Энэ нь наагуураа баруун хязгаарыг тохинуулах хэргийг чухал болгосон хэрэг мэт боловч, цаагуураа Сайн ноён ханы зэрэг хар сайдууд нь улс төрийн ажил дээрээ ямагт алдагдлыг гаргах учир да ламаас элдэвт залруулах, ятгах, эсэргүүцэх, зөрөлдөх зэргийн нийлэмжгүй явдлаас түр зуур ч болов баруун хязгаарт түлхэж зайлуулахыг бодсон ажээ." хэмээсэн байна.
Үнэхээр ч сайн ноён хан Намнансүрэн, да лам Цэрэнчимэдийн хооронд бага сага зөрчил байсан юм. Тэр нь сайн ноён хан, ерөнхий сайд Намнансүрэн хаант Оросод 1913 онд айлчлахдаа Оросын санхүүгийн зөвлөхийг монголд ажиллуулахыг зөвшөөрсөн нь хэзээнээс улс төр, эдийн засгийн хувьд биеэ даан орших замыг баригч да ламд илт таалагдаагүй нь лавтай. Гэхдээ ерөнхий сайд Намнансүрэн хүн хороох огтоос биш гэсэн саналыг зарим эрдэмтэд хийсэн нь бий. Энэ нь үнэний хувьтай. Харин Да ламын үхэл үнэхээр сэжигтэй санагдвал ёстой гадаад хүчин зүйлээс хайх нь зөв. Ялангуяа тэр Хаант Оростой эдийн засгийн асуудал дээр эрс сөргөлдөж байв. Оросын төлөөлөгч И.Я.Коростовиц гадаад яамны сайд С.Д.Сазановт:
"...да лам оростой ойртохыг эсэргүүцдэг манай хамгийн том дайсан бөгөөд биднийг Монголыг боолчлохыг эрмэлзсэн хэмээн буруутгаж байна, түүнийг засгаас зайлуулах хэрэгтэй. " гэж 1912 оны эцэст мэдэгдсэн байна.
Да ламын дараагийн ээлжинд тухайн үеийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн чин ван Ханддорж байв. Чин ван Ханддорж 1915 оны хавар шинийн зургаанд Богд хаанд золгохоор очсоны маргааш дунд голын мөсөн дээр харамсалтайгаар бусдад хорлогдсоныг архивын баримтанд "мориноос унаж нас барсан" гэдэг юм. Мөн л хааны ордонд зочилсны дараа далд аллагын суманд өртсөн байна. Түүний үхлийн тухай эрдэмтэд үзэхдээ Богд Жибзундамба болон Бадамдорж нарын хамт алсан гэсэн байхад, хятадын судлаачид оросод үнэнч ноход түүнийг алсан гэж үзэцгээсэн нь магадлал багатай юм. Тухайлбал Богд хаан түүнийг нас барсныг сонсоод асар их гашуудан эмгэнэж байсан ба түүнтэй анхнаасаа хамтран тэмцэж, зүтгэж явсан ба хорлох үндэслэл бага юм, хоёрдугаарт Ханддорж бол Оросын талыг хамгийн ихээр баригч зүтгэлтний нэг. Тиймээс энэ хоёр дүгнэлт баталгаа багатай.
Тухайн үеийн улс төрийн зүтгэлтнүүдээс ихээхэн сэжиг бүхий хороогдсон хүний нэг нь Түшээт гүн сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайд Г.Чагдаржав юм. Г.Чагдаржав нь Монгол улсын хувь заяаг шийдэх хамгийн эгзэгтэй, ээдрээтэй нөхцөл байдалд Орос , Хятад хоёр улстай тууштай есөн сар гаруй чи бидээ тулж, сөрж сөргөлдөж, эвлэж зөвлөлдсөний эцэст Монгол улс өөртөө засах эрхтэй үлдсэн нь томоохон амжилт байсан юм. Г.Чагдаржав Хиагтын хэлэлцээрээс ирсний ердөө сарын дараа дээш өргөсөн нэгэн бичигт:"...Шавь боол Чагдаржав миний биед энэ зуны сүүл сараас эхлэн дээш хөөрч амьсгал давчих ба хүчтэй ханиалгах зэрэг өвчин тохиолдсон нь элдвээр шавдан засуулсаар боловч илаарших төлөв үгүй нэн дордон маш зовиур бүхий хэвтэж буй ану. ....өвчнийг чөлөө чагнан олгоно уу" хэмээн гуйж чөлөө аваад 11 хоногийн дараа "...Чагдаржав өвчнийг шаардан засуулсан боловч илаар болон чадсангүй улам хүндэдсээр энэ долоон сарын 16-ны хулгана цагт нэгэнт наснаас нөгчив" гэжээ.
Ийнхүү тэргүүн сайдууд болох Ханддорж, Цэрэнчимэд, Гомбосүрэн, Чагдаржав, Гончигсүрэн болон Содномравдан, Дашням зэрэг хануудыг хөнөөсөн аллага эцсийн сум Монгол улсын ерөнхий сайд, сайн ноён хан Намнансүрэнд тусах нь гарцаагүй болсон гэж үзэх бүрэн үндэслэл байна. Намнансүрэнг хэдийвээр архивын баримтанд өвчнөөр нас эцэслэсэн гэж бичсэн ч үнэн байдал тийм биш бололтой. Бодохул, Монгол улсын төрд үлдээд байсан хамгийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн энэ хүн бараг ганцаардаад байлаа. Энэ үед Монгол Улсын төрийн тусгаар тогтнол орших уу, эс орших уу гэдэг хамгийн эгзэгтэй үед Хятадын эрхэнд орохыг эсэргүүцэх хамгийн гол саад болох хүн нь Намнансүрэн байсан юм. Түүний учир битүүлэг байдлаар нас барсан гэдгийг батлах өөр нэгэн баримт болох Буриад зоны нэгэн бичигт "...Богд Чингис хааны язгуур үндэсний үр, маш ариун тунгалаг оюунт ерөнхий сайд сайн ноён ханыг хорлосон нь даан ч өнгөргүй, муу хоронд хамаг бие нь шарлаж хилсээр өөд болсон" гэсэн ба Д.Бодоо, Д.Догсом нараас 1920 онд Коминтерний Алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газарт өргөсөн бичигт:
"...Бээжин засгийн газрын ховдог харгис эзэлт эрх баригчид сайн ноён хан мэтийн үнэнхүү сайдуудыг хороор алж арилгав" гэж бичсэн хоёр баримтаас үзвэл гадаад хүчин зүйлээс хамааралтай мэт байна.
Эцэст нь тэмдэглэхэд:
  1. Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн зүтгэлтнүүдийн дунд эрх ашиг, нэр төр, албан тушаалын зөрчил ямар нэг байдлаар илэрхий байсан нь архивын эх хэрэглэгдэхүүн, баримт сэлтээс тодорхой байна.
  2. Тухайн үеийн тэргүүлэх ноёд, лам нарын хооронд гарсан эдгээр зөрчил нь гадаадын элдэв хүчин зүйл болон дотоодын зүгээс олзлон ашиглагдаж улмаар тэдний амь насыг нь элдэв нууц байдалтайгаар хороох явдал байсан бололтой.
  3. Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө нэгэн биеийг зориулан хамтран тэмцэж байсан нэгэн үеийн улс төрчид маань учир битүүлгээр таалал төгссөн нь Монгол орны цаашдын хувь заяанд нь нөлөөлөхгүй байж чадаагүй юм. Үүнийг илэрхийлэх зарим архивын баримт бичгүүд нь шинжлэх ухааны эргэлтэнд анх орж буйгаараа сонирхол татаж болохуйц юм.
  4. Цаашид тухайн асуудлыг олон шинжлэх ухааны нарийн онол арга зүй, зарчмаар баримтыг уялдуулан буйлуулж судалвал ХХ зууны эхэн үеийн монголын улс төрийн амьдралын нэн сонин дүр зураг гаргаж чадах бөгөөд энэ бүгд нь Монгол орны ирээдүйн түүхэнд түүхэн сургамжийн ач холбогдолтой асуудал байж болно.
Жич: За ингээд та бүгдийгээ чилээсэн бичлэг маань өндөрлөвөө гэж.

2 comments:

  1. Өөртөө төвөг удан байж бусдад хэрэгтэй бичлэг оруулсанд тань талархаж сууна аа.
    Хуулаад авсан шүү, баярлалаа.

    ReplyDelete
  2. Соронзон: өө зүгээрээ

    ReplyDelete