Thursday, December 29, 2011

Долгионт жилүүдийн туужис

гэдэг нимгэхээн ном уншаад. Шаравын Сүрэнжавын бичсэн ном. Дурдатгал ном. Инээд хүргэсэн бөгөөд сэтгэлд үлдсэн хэсгээс орууллаа.

Б.Ренчин
Нэг үе эртний Эзоп шиг л ёгт юм бүхнийг Ренчин гуайтай холбон хэлцдэг байлаа. Нээрээ ч ёжилсон үг, бэлэн цэцэн хариугаараа хэнийг ч дийлдэг асан. Жижигхэн атлаа жинтэй шог үг нь аман цахилгаан мэт дороо тархаж Ренчин Бямбаев тэгж гэнэ, ингэж гэнэ гэж хүрээ хөдөөгүй хэлцдэг байлаа. Энэ бүхэн нь түүнийг орон даяар алдаршуулсны учир бараг л цэцэн үг болгоныг Ренчин гуайтай холбодог байсансан. Нэг удаа Ренчин гуай зохиолчдын хороогоор орж ирэв. Толгойдоо тавьсан дугуй малгайны товчлуур сиймийн буурал үс нь бултайсныг ажсан нэг нь өмнө нь гүйж очоод
-Ренчин гуай таны наад толгой дээрх чинь малгай юм уу юу юм бэ? гэсэнд дор нь хариу тавьж духайсхийн хараад ёжтой бүгтхэн дуугаар
-Миний энэ ч их эрдэмтний гэгээн тэргүүн дээр тавиастай байгаа юм болохоороо малгай нь ч малгай л даа. Харин таны энэ ганган бүрхний доорх чинь толгой юм уу юу юм бэ гэж билээ.
Энэ нь яг л нөгөө циркийн шидэх банзны үзүүрт гишгэхэд нөгөө үзүүр нь ойдог шиг бэлэн цэцэн үг юм.Хэл сэтгэхүй хоёр ч холбоотой нь ч үүнээс илт байна. Оюутны танхимд лекц унших гэж орж ирээд гэнэт
-Хар хүн гэж юу болохыг мэдэх үү? гэсэнд сонин юм хэлүүлэх хүсэлдээ автан
-Мэдэхгүй ээ багш аа, лав л хар царайтай гээгүй байх гэж шуугилдахад духаа сэжисхийн буландаж хараад
-Хар мах идлээ гэвэл өөхгүй махыг хэлнэ. Хар салхи гэвэл цасгүй салхийг хэлнэ. Хар хүчээрээ хийлээ гэвэл хүрз зээтүү, тэрэг техник хэрэглэлгүй биеийн хар хүчээрээ хийснийг хэлнэ. Миний хар хүн гэвэл миний юм дангаараа гэснийг хэлнэ гээд нэг гарынхаа хурууг хумин, нөгөө гарынхаа алган доогуур шудран үзүүлж билээ. (Энэ хэсэг гэхдээ утгын жаахан алдаатай байгааз, дунд бичигдэлгүй орхигдсон байх, хэвлэлийн алдаа гэж хэцүүм дөө) Үгийн гарлын тухай ярихдаа нарийн юм руугаа орохын өмнө анхаарал татах юмыг шогтойгоор ярина.
-Хүй нэгдлийн үед чинь хүмүүс гэдэг чинь нүцгэн шалдан юмнууд явдаг байж шүү дээ.
-За тийм ээ багш аа.
-Тэгэхлээр өнөө нүцгэн юмнууд чинь зөрөөд өнгөрөхдөө нэг нь өдөөд байдаг байж. Тэгэхлээр нөгөөдөх нь халдаад авдаг байж. Ингээд өддөг юм гэдгээс этүгэ байгаад өтөг, халддаг юм гэдгээс халдуга байгаад халдага үүсчээ гэж ярихад танхимд инээлдэв. Өөрөө бол ер инээхгүй, тамхиа л ойр ойрхон угсруулж татна. Хэрвээ шуугивал дуугаа өндөрсгөх биш улам намсгана. Тэгэхлээр нь сонсох гэсэн хүмүүс нэг нэгнээ чимээгүй болгосоор танхим нам гүм болж гагцхүү багшийн яриа л дуулдана. Туваан сайдыг Ренчин гуайн хүргэн болсны дараа ийм нэгэн яриа дэлгэрсэн юм. Нэг өдөр Ренчин гуай элбэг дээлээ хэлхэлзүүлж ханцуйгаа намилзуулан хүрч ирээд нарийн бичгийн дарга хүүхэнд
-Би сайдад нэг албатай явна гэжээ. Сайддаа дуулгавал нэлээд халширч төвөгшөөсөн янзтай
-Чи намайг ажилтай байна гээд аргалж үз. Дараа л нэг авъя гэсэнд
-Сайд их ажилтай байна. Таныг нэг сайхан зав гаргаад дараа нь хүлээж авмаар байна гээд хэлээтэхсэн чинь
Албан газарт бол
Тарах гэж нэг цаг байдаг
Ард сайд хоёрт бол
Уулзах цаг гэж байдаг гээд дээлнийхээ ханцуйг сэгсрээд тухлан суув гэнэ.
-Явахгүй нь ээ, бараг ажил тартал хүлээх ухааны юм ярьж байна гэсэнд сайд
-За за оруулчих, одоо л уулзъя гэжээ. Ороод ирэхлээр нь өрөөний голд тосч очоод
-За аав та юу гэж явна даа гэсэнд алга дэлгэн бөхөлзөж
-Та бид хоёр
Ар гэртээ бол
Аав хүргэн хоёр
Албан газрын өрөөнд бол
Ард сайд хоёр гээд ширээний нь ар руу зааж гэнэ. Нэгэнт албаны юм ярих нь гэж ухаараад сайдынхаа ширээний ард суусны сүүлээр
-Та надад нэг бичил дуран хайрлавал болохсон болов уу гэхэд
-Юун бичил дуран, тэр чинь одоо юу сан билээ. гэтэл
-Манайхны хэлээр бол бичил дуран, танайхны хэлээр бол микроскоп гэдэг сэн билээ гэжээ.
-Та тэгээд микроскопоор яах нь вэ гэхэд нь
-Яахав, танайхны эрүүлийг хамгаалахынхны эрээнтэй бараантай явдлыг нэг дуранддаг юм уу гэж явна гэжээ.
Түүнчлэн нэг удаа С.Удвал гуайн өрөөнд хэрэг болгон орж ирээд
-Даргаа би танаар нэг оньсого таалгая гэхэд нь
-Юу юм бол доо гэсэнд
Төөгийн хэртэй биетэй
Төдүүл дээрээ үстэй
Хоёр махны хооронд холхиулдаг
Цагаан хөөсөөр цахруулдаг тэр юу вэ гэжээ.
-Ренчин гуай та настай хүн байж дандаа нэг ийм балай юм ярьж явах юм гэсэнд
-Дарга бас та дандаа нэг тийм балай юм бодож суух юм. Шүдний сойз гэж нэг тийм юм байдаг юм шүү дээ гээд гараад явчихжээ.
Бас нэг удаа
-Одоо энэ улсууд зарим нь намайг гэхийг "над"-ыг гээд байна. Тэгвэл чамайг гэхийг "чад"-ыг гэж байя л даа гэж ёжилсон билээ. Үүнийг өнөөдөр ч олон хүн санаж явууштай. Ер нь үгийг асар их мэдэрдэг, ямар ч юманд авташгүй хүн байж дээ.
-Ренчин гуай та зохиолч юм уу? орчуулагч юм уу? гэхэд
Бух хөгшрөхөөрөө
Хоршоонд очдог
Буриад хөгшрөхөөрөө
Хэлмэрч болдог. Тэгвэл орчуулагч юм байлгүй дээ гэсэн гэдэг.
Улсын нэр томъёоны комисс хуралдаад энэ "дэнлүү" гэдэг хятад үгийг хэрэглэхээ боьё. Дэлхийн нийтийн чанартай машин, комбинат гэсэн үгийг хэрэглээд байгаа шигээ "лампа" гэдэг үгээр сольё гэлцээд олонхийн хүчээр түрээ бариад баталж лампа гэж байхаар тогтжээ. Тэгэхлээр нь Ренчин гуай
-Би нэг дуу дуулбал болох уу гэжээ. Үг хэлж маргая гээгүй дуулъя гэсэн болохоор нь зөвшөөрч гэнэ. Тэгсэн чинь босё зогсоод
Арван тавны сар нь
Агаар тэнгэртээ лаампаг даа
Арван тавтай шоожуу нь
Аав ээждээ лаампаг даа гэж дуулсанд
-Өө дэмий юм байна. Дэмий юм байна. Дэнлүүгээрээ үлдэг гэсэн гэдэг.

ККК хөөрхөн байгаа биз дээ

No comments:

Post a Comment