Wednesday, November 28, 2012

Ойрд

Бичих юм их байгаа ч яг юунаас эхлэхээ мэдэхгүй байна. Хэ хэ
Ганц нэг зураг оруулаад, тэрийгээ тайлбарлаад явчихъя. Залхуу хүний л арга байлаа.

Токүшима гэдэг муж орж шинэ найз нөхөдтэй болсон. Эчнээ таньдаг байсан л даа, дэлгэрэнгүй танилцаж найзууд болов.
Энэ бол Токүшима мужийн алдартай Ава одори гэдэг бүжиг. Зун 8 сард их олон тооны хүн хамарсан  бүжиг болдог гэсэн. Чадвал очиж үзнэ ээ.

Дээрээс нь харахад Токүшима хот. Бидний байгаа хотыг бодвол их томоо юм билээ.










2 охины урлагийн үзлэг хоёр өдөр дарааллан болж амжилттай оролцов. Бага зулзага тайзан дээрээс аавыгаа олж харчихаад аав аа гэж сэргэлэн цовоо гэгч нь орилж эгдүү хүргээд...
Энэ хажуугийн зураг бол урлагийн үзлэгийн хөтөлбөр.
Ингэж хажуу тийшээ харчихаад болохгүй юм сүүлийн хоёр зураг.

 Бага зулзагыгаа тойрон эргэлдэж өхөөрдсөн хүмүүс л байна. Зураг зураад л, дуу дуулаад л, ном уншаад л гүйж байна.  Шулганаад л гүйгээд байгаа.
Урлагийн үзлэгийн талаар хэд хэдэн бичлэг оруулж байсан санагдаад байна, энэ удаад бичихгүй ээ.


Энэ бол аниа дүү хоёрын бүтээл. Аниа нь дүүгээ саатуулдаг нэг арга нь, ээжийгээ хоол хийж байх хооронд, түр гарсан хооронд гээд л харна. Бие биендээ тунирхах, аашлах гээд л зөндөө юм болоод байдын. Хоол хийж байхад нэг чарлаад л нэг инээгээд байгаа нь сонсогдоод хайр хүргээд байдаг юм 2 хөөрхөн зулзага минь.






Monday, November 12, 2012

Баярлалаа

Том зулзагын сургуулийн энэ удаагийн нээлттэй хичээл нь ёс суртахууны тухай байлаа. "Дотно үг" гэсэн гарчигтай бяцхан өгүүллэг уншаад, тэр талаараа ярилцсан. Ямар ч жижиг зүйл байсан хүнд баярлалаа гэж хэлж байх. Харилцагч хүнийхээ оронд өөрийгөө тавьж үзэх. Хэрэв чамд найз чинь ч юм уу хэн нэгэн баярлалаа гэж хэлээгүй бол чамд ямар санагдах уу гэж ирээд л хоорондоо ярилцаад, сэтгэгдлээ бичээд багшдаа хураалгаж байсан.

40 минутын нээлттэй хичээл дуусахаар эцэг эхчүүдэд зориулсан яриа байдаг юм. Нэгэн сэдэв сонгоод тэр чиглэлээр нь мэргэжлийн хүн урьж яриа хийлгэдэг. Би ажилтай байсан тул сонсож амжаагүй. Харин сүүлийн 30 минутанд анги ангид нь эцэг эхийн хурал шиг юм болдог, түүнд жаахан хоцрос гээд ирж оролцлоо.

Ээжүүд л ирсэн байсан, аавууд мэдээж ажилтай...
Хүүхдэдээ баярлалаа гэж хэлдэг үү? би хааяа л хэлдэг, би бол барагтай л бол хэлдэггүй, би ёс болгож л хэлдэг сэтгэлээсээ биш юм байна аа , би ч гэрийн ажилдаа түүртээд бас тэр бүр хэлдэггүй, хүүхэд юм чинь ээж аавдаа туслах л ёстой гэж ханддаг.
гэж ээжүүд дор бүрнээ хэлнэ лээ. Миний ээлж болоход хааяа л хэлдэг гэж үнэнээ  хэллээ. Угаасаа монгол сэтгэхүйгээр бол хүүхдүүд ээж аавдаа туслах нь зүйн хэрэг гэж би бодож ирсэн юм чинь.
Тэгсэн үгүй гэнэ ээ. Чамаас баярлалаа гэдэг үг сонсож байж эргээд хүүхэд чинь хүнд баярлалаа гэж хэлж  сурна гэнэ шүү. Хүүхдийнхээ яриаг анхааралтай сайн сонсож бай, эгц нүүр лүү нь харж байгаад. Хааяа элгэндээ чанга тэврээд баярлалаа гэж байх хэрэгтэй гэнэ.
Бидний монголчууд багаасаа баярлалаа гэдэг үгийг цөөн сонсож, хэлж ирсэн болохороо бие биендээ баярлалаа гэж хэлэхээсээ ичээд, санаа зовоод, харамлаад байдаг байх аа.

Ингээд миний блогоор ирж шагайдаг та бүхэндээ их баярлалаа.
Би нь нэг ном уншиж байгаа. Ээжүүдийн "үглээ"-ний тухай. Их сонирхолтой санагдаад байгаа, удахгүй хальт орууламз...


Monday, November 05, 2012

Гао тосгон гүрү гүрү

гэдэг ном. Уг нь нэлээд дээхэн уншсан юм. Ядаж зургийг нь оруулчихъя гэж бодсон боловч жаахан ч гэсэн тодотгол хийвэл дараа нь юуны тухай гардгийг нь санах байх гэж бодоод.
 Манга буюу комик хэлбэрээр бичигдсэн.

Гао тосгон нь Ветьнамдаа хамгийн ядуу тосгон бөгөөд хүүхдүүд нь их хол сургуульд явна. 2500 хүн амтай. Бороо их ордог. Газар тариалан эрхлэх боломж ховор. Бэлэн мөнгөний орлого байхгүй. Уулархаг газар бусад тосгон дахь сургууль руу нь их бэрхшээлтэй.
Гао тосгонд сургууль барих төслийн явцад гарсан бэрхшээлтэй болон хөгжилтэй
тохиолдлуудыг тэмдэглэсэн ном.
Дүүгээ үүрээд сургуульдаа явах охидууд. Сургуульд явдаг болсноор бага багаар инээмсэглэдэг болсон жаалхүү. 
Хамгийн гол нь сурах хүсэл эрмэлзлэл дүүрэн хүүхдүүд.
Мөн амьдралынх нь өдөр тутмын хэв маягт жаахан л өөрчлөлт оруулчихвал их олон зүйл зөв гольдролдоо орчихоор.
Ногоо иддэг болох, гараа угаадаг болох гээд л...

Жич: гүрү гүрү гэдэг нь эргэлдэхийг хэлж байгаам.

Sunday, November 04, 2012

Монгол улс хэзээ хөгжих вэ?

Ойрд яриагүй шавьтайгаа скайпаар ярилаа.
Монгол дахь ажил амьдралых нь талаарх гомдол саналыг нь сонсож өглөө.

Шулуухан хэлчихэж байна өө.

1. Цаг барихгүй юм аа. 30 минутаас эхлээд 3 цаг хоцордог хүн байдаг. Ядаж утсаар нөхцөл байдлаа утасдаад хэлчихдэггүй. Таг болчихдог гэнэ. Манай шавь хүлээгээд л суудаг гэнэ. Хамаг ажлаа алдаад л...

2.  Даргатайгаа бас жаахан тиймхэн харьцаатай байгаа. Дарга нь бас л ааштай юм байх аа.

3. Алба юм шиг ханддаг. Ямарваа нэг юм гуйчихаад баярлалаа гэж хэлж мэддэггүй. Албатай юм шиг л ханддаг. Манай японд бол жоохон ч юм гуйсан дараагаар нь заавал тэр тухайгаа хэлж баярласан талархсанаа илэрхийлдэг. Чи мэдэж байгаа биз дээ? гэсэн. Тийм ээ тийм.

 Монголчууд цаг бариад сурчихвал хурдан хөгжинө шүү гэнэ ээ, элэг нэгтнүүд минь ээ.

Би ч хааяа хугацаандаа очиж амждаггүй юм өө, гэхдээ ингээд тэгээд хоцорно гээд хэлчихдэг шүү ккк