Wednesday, February 27, 2013

Хааяа нэг

хичээлээр бөмбөгдөхгүй, дуу ч юм уу заахаар дуртай байдаг байж билээ. Тэгж бодоод шавьтайгаа хамт оригамигаар хийсэн бүтээлүүд. Ямар ч байсан том төлөөлөл болох тогоруу, нинжагийн од хийсэн. Бас энд тэнд явж байхад бэлэн хоолныхоо савхыг эд нар нээх хөөрхөн гараар хийсэн цаасан уутанд хийгээд тавьчихсан байдаг юм. Тухайн үед зураг хөргийг нь аваад л байсан чинь хайгаад олддоггүй. Өөрийнхөө хийснийг л орууллаа. Уг нь зориулалтынх нь япон цаас гээд барзгардуу хатуу цаасаар хийвэл илүү гоёмсог болно. Мөн япон хүүхдүүд ийм оригамигийн цаасаар туйлна гэж юүхэв.  Өмнөөс нь би хайран цаас гэж бодно оо өөрийн эрхгүй хэхэ.
Нинжагийн одонд эрэгтэй хүүхдүүд их дуртай байдаг юм. Хийгээд өг гээд шалаад байна. Япон хүн байж монгол хүн надаас асуугаад байхыг нь яана. Хамраа сөхөв хэхэ.
 Энэ тогоруу нь их олох төрөл байдаг юм билээ. Хоорондоо нийлсэн том жижиг гээд л. Хирошима хотод очсон хүмүүс мянга мянгаар нь хийж очдог гэсэн. Монгол хүүхдүүд маань хүртэл хийж очиж байсан байх шүү. Тэр нь тусгай газар хадгалагддаг. Ихээр цуглараад хотын захиргаа нь яахаа мэдэхээ болиод иргэдээсээ санал асуулга явуулсан санагдаад байна. Ямар шийдвэрт хүрсэн юм бол оо нээрээ.
Энийг би саяхан хүнээр заалгасан. Бие дааж хийж үзээгүй л байна. Жаахан хэцүү юм билээ. Их олноор хийгээд хооронд нь холбоод хөөрхөн бөмбөлөг хийсэн харагддаг юм. Тэгээд л алив энийгээ зааж өг гээд шалаад, заалгаж байж санаа амарсан. Хэ хэ. Миний нугалж чаддаг зүйл дээрх 2 л байдаг юм. Нэг шинэ юм сурчих санаатай. Тэгж байгаад нугалж үзнэ ээ. Санахгүй бол заалгасан багш дээрээ давхиж очихоос, гэм нь тэр хүн Киотогийх, яадаг юм билээ. Энд ирэхийг нь амдах хэрэг гарч дээ.

Monday, February 25, 2013

Хүүхдийн ертөнц3

Энэ бас их хөөрхөн дуу. Өнгийн харандааны тухай. Том зулзагыг цэцэрлэгт байхад л дуулдаг байсан дуунуудыг нь бид эргэж санаад л, өө нээрээ ийм дуу байдаг шүү дээ гэж баяссан улсууд байна ойрдоо. Дуу болгон дээр том минь үүнийг ингэж дуулдаг байж билээ, гээд өөрт нь хэлэхээр өнөөх нь их л дуртай тийм үү гээд л ичимхийрнэ ээ. Эмээ нь багын минь дуулахыг сонсчихоод өхөөрдөөд, дуучин болох нь гэсэн хэхэ. Ерөөл бат оршиг.

Sunday, February 24, 2013

Хүүхдийн ертөнц2

Бага минь мундаг дуулдаг болоод байгаа. Жаахан байхдаа дууны үгийн сүүлийн үсэг, авиаг дуурайж дуулдаг байсан бол одоо үг болгоныг нь хэлээд байна, өөрийнхөө хэмжээнд.
Оройд унтахдаа энэ дууг дуулж байж унтдаг болсон хэхэ. Хуруундаа бүгдийг нь гозойлгож чадахгүй. Эрхий хуруу, долоовор хуруугаа сайн гаргаад бусад хуруугаа гозойлгох болохоор бүгдийг нь гозойлгоод л эгдүүтэй.
Энэ дууных нь утга, эрхий хуруу-аав хуруу, долоовор хуруу-ээж хуруу, дунд хуруу-хуруу, ядам хуруу-эгч хуруу, чигчий хуруу-нялх маамаа хуруу гээд бүгдийх нь онцлогийг хэлдэг юм. Охин минь бүгдийг нь эелдэг хуруу гээд л дуулаад байгаа. Бусад үгийг нь хэлэхэд хэцүү байгаа юм шиг байна лээ.

Tuesday, February 19, 2013

Барцадтай байна өө

хэхэ. Шинийн 2-нд ажилдаа явах гээд гарахдаа гэрийнхээ хажууханд байдаг шонг ухарч байгаад мөргөөд. Бас энэнээс 2 хоногийн өмнө яндан хагарчихсан, паржиганаад л яваа. Хань ижил янзалж өгөх байх. Би тийм юмны талаар ямар ч мэдлэг байхгүй хэхэ. Хурдан янзалж өгөөсэй...
Заслаа хийлгэхгүй бол, юун дээр сууснаа ч мэдэхгүй ээ. Монголд бурхад минь л заслыг минь хийлгэж ном уншуулдаг юм. Бурхад аа, гялс уншуулаарай, барцад минь арилаг.

Бие дааж

үзэж байгаа ханзны ном. Ганц нэг хүмүүс гайхаад л байгаам. Бүгдийг нь мэднэ биз дээ гээд. Үгүй шүү дээ, юу гэж тийм юм байхав. Мэддэгүй ханз, үг зөндөө байна цаана чинь. Үзэж барахгүй. Гэхдээ өө ямар барахын биш гэж биш, ганц нэгээр нь ч гэсэн цээжлэх гэж оролдоод л... Гэм нь толгойд үлдэх нь ховор юм дөө хэхэ. Ханз нь олон дуудлагатайгаас гадна шаал өөрөөр уншигдах тохиолдол их. Токиод амьдардаг хүмүүс их олон өвөрмөц ханз мэддэг байх гэж боддог юм. Буудлуудын нэр цээжлээд л явахад овоо хэдэн ханз мэддэг болно шүү хэхэ.
Саяхан ийм үг олж уншаад:
Их битгий хий
Бага битгий хий
Өдөр бүр хий
Күнз
Үнэнээс үнэн үг байна гэж бодоод байгаа...

Sunday, February 17, 2013

Амралтын өдрөөр

ер нь гэртээ байх нь ховор шүү дээ бид. 4 зүг 8 зовхис руу гараад алга болж өгнө. Шинэ он, цагаан сараар ихэвчлэн найз нөхөд, ах эгчийндээ гаргадаг болохоор тэр ч юм уу, тэр жилжингээ хэсээд байдаг байх хэхэ. Хэсээд биш ээ аялаад гэж хэлбэл арай эвтэйхэн юм.
Саяын бүтэн сайнаар цанын бааз ороод. Жилдээ хэд хэд явдаг л даа. Сүүлийн 2 жилд л би яваагүй болохоос. Гэхдээ том зулзага хань ижил 2 надтай надгүй явчихдаг юм, гомдмоор хэхэ. Бага минь ханиад энэ тэр хүрээд бид 2 гэртээ л байж байдаг юм, хурдан харьж ирээсэй гээд л...
Энэ удаад бага бид 2 хошуугаа дэвсэж дэвсэж цуг явсан. Бага минь цас хараад бөөн баяр. 2 том ч яахав гулгаад алга болж өгсөн.  Би багыгаа чаргаар чирж цугтаа гулсаж энэ тэр. Ойрын хэдэн жил хичээллээгүй биеийн тамираар хичээллэв шд. Бага минь цас идэж нэг үзэн, долоож нэг үзээд л хөөрхөн байлаа. Жижигхээн цасан өвгөн хийсэн. Бас цасаа бөөрөнхийлж байгаад дээр дээрээс нь давхарлаад бялуу хийж тоглосон. Төрсөн өдрийн дуу дуулж лаа ч үлээв хэхэ. Нэг гэм нь пэндийтлээ хувцасласан багынхаа шээс баасыг нь солих гэж жаахан хэцүү байлаа. Бусдаар бол ёстой сайхан, цэвэр агаарт...
Энэ япончуудыг хараад байх нээ, нээрээ үнэн эртэч улсууд шүү. Бид япон найз гэр бүлтэйгээ хамт явсан юм. Аминдаа эрт л ирлээ гэсэн чинь юу вэ? Цанын бааз түм түжигнэж бум бужигнаж байдаг гэнэ ээ.
Манай багаас жаахан хүүхдээ тэвэрчихсэн хүмүүс зөндөө байна лээ. Үнэн дуртай гарууд юм даа л гэж бодов. Тэгээд л 3-4 настай байрын хүүхдээ сургаад л үнэн хөдөлмөрч юм аа. Таньдаг хүмүүс ч зөндөө байна лээ. Хань ижил намайг гулга гээд, би зугатаагаад хэхэ. Би тэр лифтнээс нь айгаад байдаг юм. Суучихаад явж байхад гоё л доо. Гэм нь буухад аймар. Нэг хөлдөө snow board-аа угласан чигээрээ суудаг болохоор нээх эвгүй яг буух үед хальтарч уначихаад. Гэхдээ сүүлийн үед заавал хөлдөө углаад биш бариад сууж болдог болсон байна гэсэн. Том зулзага тэгж бариад суудаг гэнэ ээ. Гэхдээ л би айгаад яваагүй ээ. Хэ хэ.

Thursday, February 14, 2013

Гарчигггүй

Хичээл заахдаа ашигласан номныхоо зургийг орууллаа. Эхний 2 зураг. Дээд дэвтэр, доод дэвтэртэй. Доод дэвтрийг нь үзэж амжилгүй бидний хугацаа дууслаа. Цаашид шавь өөрөө бие дааж үзнэ. Үзээсэй ч гэж хүсч байна . Тэгвэл өөрт нь л хэрэгтэйм.
Анхан шатны хүмүүст зүгээр. Гэм нь жаахан хуучных. Мэдээлэл нь хуучин гэх юм уу даа. Одоо нээх хэрэглэгдэхээ байсан техник энэ тэрийн нэр томъёо тууж авна лээ. Одоо бол шинээр их олон ном гарсан байна лээ. Номын сангаасаа үзэж үзэж сонгосон юм. Агуулгых нь дараалал нь их зүгээр санагдаад.  Бас тестний номтой тусдаа. Хэр ойлгож байгааг нь тест аваад л шалгачихна.Гэхдээ жишээний дагуу хийнэ үү гэж байсан болохоор будаа идэхэд их амархан байсан. Хэ хэ. 
2 дахь нь ханзных. Уг нь бол өдөрт 15 минут ханзны дасгал хийх гэж байгаа боловч бид долоо хоногт тэдэн ханз гэж үзсэн. Эхэндаа арай багыг, яваандаа тоог нь арай ихэсгэх гэх мэт. Хэл нь овоо зүгшрээд ирэхээр тоог нь ихэсгэх гэх мэт.
Ингэж хүнд заах их зүгээр байдаг юм. Мартагдсан юм аа сэргээгээд, шинээр юм олж мэдээд. Жишээ нь нэлээд олон ханз үсэгний бичих дарааллыг буруу тогтоосон байдаг юм билээ. Багш нар минь буруу заачихав уу, би гэж мулгуу толгой нь буруу цээжилэв үү хэхэ.
За даа би л буруу тогтоосон байх тийм үү, багш нар минь үнэн мундаг шүү дээ. Бахархдаг юм. Тухайн үед ханз заадаг байсан багш минь их хөгжилтэй хүн байдаг юм. Дурлаж мурлаад байсан уу яасан тухайн үед ганц нэг хүмүүс гээд л үү. Хэ хэ хадуурах гэж байна. Багшийг таньж мэддэг хүмүүс үүнийг уншвал яг жуумалзана би бүр мэдээд байна ккк. Багш олоод уншчихвал одоо яана аа, уншихгүй байх гэж найднам...
Ханзныхаа номыг бас хугацаандаа дуусахгүй юм шиг байна лээ. Копидоод өгчихнө дөө. Гэртээ бие дааж үзнэ шүү нөхөөр гээд даалгавар өгчихөөс. Багш нь бас аймаар залхуу гэнэ ээ. Заахаасаа залхуурсан уу яасан.

Wednesday, February 13, 2013

Сар шинийн мэнд болон Цасан дэнлүү

Бултаараа амар байна уу? Тарган тавтай орсон биз дээ?
Бид тарган тавтай.

Уулан дахь байнга очдог айлдаа шинэлсэн. Битүүнд орой нь иднэ гээд бууз хийснийг минь айлынхан маань зарчихсан. Яагаад гэхээр тэнд зохиогдоод 5 дахь жилтэйгээ золгож буй нэг арга хэмжээгээр ямар нэгэн хоол хийж зардаг юм байна л даа. Орой хүйтэн байх тул бодон гахайн махтай, ногоотой шөл зарахаар бэлтгэсэн байсан. Монголын цагаан сар болж байгаам чинь бууз хийж идэцгээх үү гээд л намайгаа онгироогоод л бууз хийцгээлээ. Нэлээд олон ширхэг болоод ирсэн чинь ерөөсөө зарна аа гэж авдаг гэсэн. Тэгээд л хийсэн буузыг минь зарчихсан. Гэхдээ ашгаасаа өгсөн л дөө. Буянаар нь би хойшид бууз хийж зарахаар бол цэцгэн бууз чимхэх хэрэгтэй юм байна гэж мэдэж авлаа. Учир нь би элдээд япон хүмүүс чимхсэн тул амсар дээр нэг тийм бөөгнөрсөн  л зузаан гурил болоод, зарахаар болчихоор нь та нар өөрсдөө хийсэн гэж хэлээрэй, тэхгүй бол монголчууд ийм хачин зузаан гурилтай юм иддэг гээд буруугаар ойлгочихно шүү гээд л тэрүүхэндээ бас томроод л байлаа. За энэ зузаан гурилыг ч идэх хүн ховор доо гэж таасан минь яг л байна лээ. Сүүлд хогийн уутанд хаячихсан яг тэр амсрых нь гурил нэлээд харагдсан. Үнэ нь байна ш дээ, 4 ширхэг нь 300 иен гэж зарсан. Үнийг ч би тогтоогоогүй л дээ. Гэхдээ л хүмүүс их авсан. 2_ 3 зэрэг жигнэвэл их зүгээр юм билээ. Тэгэхгүй бол хүлээлгээд, хүмүүс хүлээж тэвчихгүй өөр юм авч идээд, нэг бол авахгүй явчихаад байх юм билээ. Бас нэг удаагийн жигнэлтээр жигнүүр нь 3 давхар бөгөөд олон тооны бууз гарч байвал их сайн. Энд жигнүүртэй айл ховор, байсан ч хариугүй жижигхэн жигнүүр байдаг юм.

Дараа жил дахин хийж зарна шүү гэж би амташсан хэхэ.
Мөн энэ жил цас багатай байлаа. Ирэх жил цас ихтэй байгаасай, тэгвэл илүү гоё санагдсан...

Шиманэ мужийн Оота хотод орших Ивами гинзан (Эдогийн эхэн үеийг хүртэл дэлхийд дээгүүрт ордог байсан мөнгөний уурхай байсан газар) гэдэг газрыг дэлхийн өвд бүртгэгдсэнийг тэмдэглэж нутгийн иргэд санаачлан зохиодог болсон нэг ёсны цасны баяр. Цасан дэнлүү гэх юм уу даа. Нээх хөөрхөн хувин дотор цас хийж байгаад хөмрөөд, хажуу талд нь ухаж нүх гаргаад, нүхэн дотроо цаасан аяга тавьснаа, цаасан аяган дотроо лаа асааж хийгээд л ийм хөөрхөн цасан дэнлүү хийчихэж байгаам. Сэтгэсэн байна уу?  Түрүү жил цас ихтэй үед их сүрлэг болсон гэсэн. Энэ жил цас бага болохоор хальтаргаа багатай байсан нь авууштай зүйл байлаа гэж сүүлд ажлын хэсэг ажлаа дүгнэж байхыг сонсов.
Зохион байгуулалт сайтай нь бид тэднээс суралцах юмны нэг шүү гэж иймэрхүү баяр ёслолыг үзэх болгондоо л боддог юм. Хэрэгжүүлэх гэхээр...

Wednesday, February 06, 2013

Анпанман

гэс бас хүүхэлдэй байна аа. Цэцэрлэг, дэлгүүр хоршоо бол дүүрэн л энэ хүүхэлдэйн киноны баатрууд харагддаг юм. 

Tuesday, February 05, 2013

Атаархал 2

Бас нэг атаархдаг зүйл нь энэ номын сан. Үнэн тасархай, хүмүүс нь ч соёлтой үйлчлүүлнэ.
Мужийн харъяа номын сан, хотын харъяа гэж байна. Би 2 номын сангаар үйлчлүүлдэг. Ажлынхаа номын сантай нийлээд 3 ч номын сангийн байнгын үйлчлүүлэгч юм байна. Атаархмаар байгаа биз дээ. Хэ хэ. Тэгэхээр миний амьдарч буй газрын япон хүмүүс бас дор хаяж 3 номын сангийн үйлчлүүлэгч. Дээрээс нь бага, дунд, ахлах сургуулийн сурагчид бүгд тус бүрдээ бас сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлнэ. Үнэн атаархуулж чадаж байгаа байхгүй юу энэ япон улс. Тэр байтугай цэцэрлэг нь хүртэл нил ном шүү дээ. 5 дахь өдөр харихдаа нэг нэг ном зээлж харьдаг юм. Нэг дэх өдөр нь буцаана. 
Иргэдээ багаас нь номтой нөхөрлүүлж чадаж байгаа улс.
Эхний зурган дээрх бол хүүхдийн номын тасаг нь. Хүүхдүүд бол тэнд жаргалаа эдэлдэг  юм. 
Энэ тасаг руу орсон л бол хар хурдаараа гүйж очоод л дуртай номоо шүүрээд авна. Манай 2 лав тэгдэг. Цэцэрлэгтээ харж байсан номоо нэрээр нь нэрлээд л тэврээд ирж байсан. 
Тэгээд л ээж ааваараа уншуулчихаад л дараагийнхаа ном руу гүйнэ гэх мэтчилэн. Ээжүү д нь ч үнэн уйгагүй юм билээ. Би бол заримдаа аниагаараа уншуул гэж гуйдаг юм хэхэ.
2 дахь зурган дээрх ногоон цэнхэр дугуй сандал дээр хүүхдүүд тэгнэж хэвтчихээд л ном дэлгэсэн харагддаг юм. Номын санчид нь юм хэлэхгүй ээ. Аав ээжүүд л зүгээр суу гэж загнаж байгаа харагдана. Бага насны хүүхдүүд чинь ер нь бол зүгээр явахгүй шүү дээ. Бага зулзага бас гүйж очоод л тэгнэчихэж байна лээ, би наана нь уналаа барилаа гэж үглээд л. Цаахан талд нь арай том аниа агаа нарт зориулсан ширээ сандал бий. Номнууд ч төрөл төрлөөр ангилаастай.
Нэг удаагийн зээллэлтээр 8 ном зээлнэ. өөр нэг номын сан нь 10 ном зээлдэг юм. 14 хоногийн хугаццтай. Урж юм уу гээгдүүдсэн тохиолдолд яг ижил номоор төлж өгөх ёстой. Та бүхэн минь санаж байна уу, хэдэн жилийн өмнө том зулзага яг энэ номын сангийн нэг номыг гадаа 7 хоног хонуулаад, өнөөх нь бороонд шалба нороод, бид 2 шинэ ном авч гэмээ цайлгаж байсан тухай бичиж байсан даа. 
Амараа ахын хэлснээр улс маань баяжиж байгаа гэсэн. Удахгүй ийм номын сантай болох байх аа...

Sunday, February 03, 2013

Атаархал 1

 Дунд сургуулийн нэг бандид япон хэл заагаад хагас жилийг үдэж байгаам. Бид 2 хичээлээ сургуулийн номын санд хийдэг юм. Орох бүртээ атаархдаг. Эх орны минь нэг ч гэсэн сургууль ийм номын сантай бол гоё оо гэж... Энэ их номон дээр бас долоо хоногт заалттай нэг хайрцаг дүүрэн ном тэвэрсэн номын дэлгүүрийн ажилтан ирнэ. Сүүлийн үед гарсан, тэдний насанд тохирсон номнууд орж ирдэг гэсэн

Энэ өдөр тутмын сонингоос онцлох мэдээлэлтэй хэсгийг танилцуулдаг буланЦаад талд нь бас сонин тавиастай бий.

Нэг номын санч байна. Ажил нь мэдээж ойлгомжтой. Шинэ ирсэн номоо дугаарлаж, ангилна, хавтаслана. Ном зээлэхээр ирсэн сурагчдад хүссэн номыг нь түргэн шуурхай олж өгнө.
Гар нь их хуурайшдаг гэсэн. Байнга хэвлэлээс гараад удаагүй шинэхэн номнуудыг барьсаар байгаад бараг мэргэжлийн өвчин шиг гар нь дорхноо хуурайшаад, аймаар хагардаг гэсэн. Байнга л тос түрхэж арчилж байхгүй бол хэцүү гэсэн.

Энэ зөвхөн нэг л булан нь. Дахиад цаана гурав дөрвөн иймэрхүү булан бий. Дүүрэн ном. Японы түүх,  дэлхийн түүх, хайр дурлал, танин мэдэхүй, гадаадын уран зохиол, гээд ангилчихсан.  БҮр шүлс гоожоод байдаг юм хэхэ. Болдог бол өдөржингөө суугаад уншихгүй юу. Сүүлийн үед япон хүүхдүүд бас ном уншихаа байсан гэсөөн.

Saturday, February 02, 2013

Понё

гэдэг хүүхэлдэйн кино байна. Энийг бас үзнэ гэж дайраад байдаг болсон. Хааяа бүр дийлдэхээ байгаад шалаад зогсохгүй үеэр нь үзүүлдэг юм. Тэрийг нь бусад гишүүд цугтаа үзэхээс өөр аргагүй болчихно. Уг нь мянга үзсэн юм чинь тэр хооронд гэрийхээ ажлаа амжуулъя гэснээ нэг мэдсэн зурагт таг ширтээд л бие биенийгээ шоолоод л. Бараг үгийг нь цээжлэчихсэн хэхэ.

Нонтан

гэдэг хүүхэлдэйн кино байна аа. Бага минь энийг үзнэ гээд шалаад байдаг болсон. Их олон ангитай юм шиг байна лээ.

Friday, February 01, 2013

Нэг хобби

Нэг хоббигоо танилцах уу?  Яг хэдэн наснаас эхэлснийг мэдэхгүйм. Ээжийн минь нөлөө их байдаг байх. Сонингийн хайчилбар цуглуулж том зузаан дэвтэрт наадаг байсан юм. Хэрэгтэй гэсэн зөвөлгөө, суут үгс гэсэн зүйл байсан санадаг юм. Энэ л их нөлөөлсөн болов уу?. Одоо бол өөрт таалагдсан суут үгс, 4 мөрт гээд л олж уншвал хуулж бичдэг юм. 2008 онд нээсэн энэ дэвтэр сая дуусч шинээр нээлээ. Том зулзага ээжийнхээ дэвтрийг ингэж гоёхдоо дуртай. Ээж нь бас охиноо цаашлуулж аль гоёоноос нь наагаарай гэж  ирээд л хошуугаа унжуулна, өнөөх нь харамлана хэхэ. 
Харин сүүлийн үед facebook -т их гоё гоё үгс явдаг болсон байна лээ тээ.  Би нь тэрийг нь шаре хийгээд л, хуулж бичээд л яваа.

Явах ёстой замаа урагш харсан чинь
Яасан урт юм бэ?
Яваад ирсэн замаа эргээд харсан чинь
Яасан богинохон юм бэ?
Р.Чойном "Хүн"  шүлгийн хэсгээс

Даруухан бай гэхдээ хулчгар биш
Шүүмжилж бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай гэхдээ тэнэглэж биш
Эргэцүүлж бай гэхдээ залхуу биш
Итгэлтэй бай гэхдээ их зантай биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш
Хайрлаж бай гэхдээ хуурамч биш