Saturday, August 31, 2013

Яана даа

Африк гэж өрөвдмөөр орон байх юм аа. Унших тусам л сонин мэдрэмж төрөөд байна...
Ямар ч буруугүй хүүхдүүдэд өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлууд асар хүндээр тусаад байх юм. Яалтай ч билээ.
ДОХ гэдэг арслан гарч ирээд тосгоных нь,  улсынх нь хүүхдүүдийг хамж идээд явна. Тэрхүү арсланд гэр бүлийнхээ хэн нэгийг идүүлсэн айл. Элэг бүтэн байна гэсэн ойлголт байхгүй.
Эмнэлэгт хэвтэнэ гэдэг маш их дараалалтэй.  Ор хүрэлцэхгүй газар хэвтэнэ. Сувилагч хүрэлцэхгүй гэрийнх нь хэн нэгэн өөрсдөө өвчтнөө асрана.
Хамгийн эмгэнэлтэй нь өвчин нь эдгэхгүй. 
"Авсны дэлгүүр" номонд энэ тухай гарна. Зохиолч нь Deborah Ellis. Араатны хаан арслантай зүйрлэнэ Африктаа л хамгийн хүчтэй зүйлтэйгээ зүйрлэсэн нь аргаа барсан хэрэг байх даа гэж. 
Эдгэшгүй өвчин туссан нь тэдний буруу биш. Нийгэм нь буруутай. Өнөө үе нь буруутай...
Гол нь тэднийг нийгмийн хог шаар гэж харьцах биш, ойлгож харьцахыг нэг ч гэсэн хүн мэдэж аваасай гэж зохиогчхүссэн нь илт.


Thursday, August 29, 2013

...

Бүх өгүүллэгийг нь уншчихсан байх юм. Бодвол интернэт хэсч яваад л уншсан байх. Дахин уншихад таатай байлаа. Нэг тийм хөнгөн мэдрэмж. Хүч шаардахгүй. Зарим нэг ном агуулга нь хүнд, асар тэвчээр хатуужил шаардаад байдаг юм. Хэхэ
Хааяадаа ингэж хөнгөхөн мэдрэмж авах зүгээр шүү.
  • "180 хэм" нь их хөөрхөн. Эрчүүд уншаасай гэж бодож билээ, тухайн үед.
  • "Архичны эхнэрийн хүүрнэл" бодит амьдралд их л тохиолддог зүйлийн нэг. 
  • "Хүнийх" хүний хүнд сэтгэлээ алдсан бүсгүйчүүд уншаасай... 
  • "Муу охин" ч бас хөөрхөн.
  • "Цэнхэр" сүүлийн үед ийм залуус олшроод байгаад жаахан эмзэглэдэг.

Анхаараарай

Ялангуяа японоос ирж очиж байгаа улсууд. Яасан гэсэн, өнөө өглөө дүү нар минь буцлаа. 3-уулаа байсан тул 60 кг ачаандаа багтаж л байвал хэдэн ч бондгор цүнхтэй байсан хамаагүй гээд 4 цүнх ачаатай байлаа. Тэгсэн 1 хүн 1 л бондгор ачаатай байх гэсэн заалт гаргачихсан байна. Нэмж мөнгө төл, үгүй бол нэгийгээ бусад 3-таа шингээ гэсэн. Шингээх гээд л үзэж тарсан. Зарим нэг багтахгүй зүйлсээ орхисон. Гар тээш нь ч их байсныг хэлэх үү?
Энэ заалт түрүү жил гараад, хэрэгжиж байгаа гэнэ. 1 чемодан ачаа 23 кг байж болно гэж өөрчлөгдсөн байна. Японы АНА, Солонгосын Дайкан лав ингэж өөрчлөгдсөн сурагтай. Шууд нислэгийг сайн мэдэхгүй байна. Манай хэд Инчёноор дайрч ниссэн.
Гэхдээ бодлоо, билет зардаг газрууд нь хэлээд өгч болно шүү дээ. Билетэн дээр нь бичсэн байж магадгүй ч тэр бүр англи хэлтэй хүн хэд билээ?

Friday, August 23, 2013

Монголоос даллагатай


Зочидтой байгаа. Тэд нартайгаа орж гараад сайхан л байна. Хэд хоногийн халуун таарчихсан. Танай япон халуун юм аа гэцгээгээд л.
2 охин монгол хэлээр бөмбөгдүүлээд, ганц нэг үг тогтоогоод зүгээр юм. Том зулзага хааяа орчуулга хийнэ, монгол үг нь орж ирэхгүй "аан нөгөө "гээд гацчихдаг гэсэн.
Оройдоо бөөнөөрөө сууж ууж идсээр байтал 1 кг жин нэмсэн. Яаж буцаж хасна даа гэсэн хүн би. Бэр маань бас хариад нормондоо орохгүй бол ч гээд л. Газар дээрх ганц эрэгтэй дүү минь бас л жин нэмсэн байна гэсэн.Тэрсхэн 2 үеэл уулзалдаад сайхан байх шиг байна. Бага зулзага багадаад л байна хажууд нь хэхэ.
Маш халуун тул сайхан сэрүүхэн хүрхрээний зураг орууллаа. Амэдаки гэдэг хүрхрээ. Японы 100 хүрхрээний нэгээр шалгарсан. 4 метрийн өргөнтэй. 40 метрийн урттай.

Sunday, August 11, 2013

Уучлаарай Зулаа

Үүнийг бас сонсдог байж билээ.

Saturday, August 10, 2013

Өнчин тогоруу

Хань ижил гитар сонирхогчийн хэмжээнд дарах гэж оролддог юм. Намайгаа бодвол дарна. Би нь а ч байхгүй. Тэгсэн том зулзага одоо бас шилжилтийн нас энэ тэр нь юм уу, гитар сонирхоод байна. Даралт заалгаад, гитар тэврээд суудаг болчихлоо.
Аав энд дээр үеийн хэд хэдэн дууг гитардаад л, ээж сонсож уяраад л, дурсаад л...

Friday, August 09, 2013

Хөгжиж буй орны нүдээр Япон орон

гэдэг ном. Сонирхолтой санагдаад уншиж байна. Хараахан дуусаагүй. Дуусаад бичлэг хийх гэхээр заримдаа тохироо нь бүрддэггүй юм. Ямар ч байсан мартахгүйн тулд оруулав. 
Зохиогч Комори Такэши 1973 оноос ЖАЙКА-н сайн дурын ажилтан болж явснаар нийтдээ 38 жил тус байгууллагад ажилласан.  Түүнээс 28 жилийг нь гадаадад. 70 орчим улсад очиж үзсэн.
Түүнийг оюутан байхад японд оюутнууд цагийн ажил хийн мөнгөө цуглуулан гадаадаар аялах нь ид моод болж байж.
Дэлхийгээр аялахын нэгэн нууц бол
1. Юу ч хамаагүй идэж чаддаг байх.
2. Хаана ч, юун дээр ч хамаагүй унтаж чаддаг байх.
3. Хаана ч хамаагүй бие засаж чаддаг байх гэнэ шүү хэхэ.
Ихэвчлэн Африкийн орнуудад ажилласан тэрээр тэдэнтэй ажиллахын онцлог, анхаарвал зохих зүйл гээд зөндөө л зүйл бичсэн байсан.
Ер нь хүн гадаад оронд аялснаар, тэнд ажилласнаар эх орныхоо сайн сайхан чанарыг, мөн дутагдлыг  нь олж хардаг юм шиг.
Дуусгаад өөр бусад хүнд хүртээлтэй санааг нь танилцуулна аа.

Monday, August 05, 2013

Санаандгүй "Шүгдэн"-г

олж уншлаа, хэхэ. Хүнд бэлгэнд хүн өгч явуулсныг эзэндээ хүрэхээс нь өмнө хэлэлгүй түрүүлээд уншчихсан. Интернэт ертөнцөөр хэсэж явахдаа өнөөх diary -даа тэмдэглээд авсан байсан юм. Ерөнхийдөө таалагдсан. Зохиогчийн эрхийг хатуу хамгаална гэсэн тул бичиж төвдсөнгүй. Ер нь сүүлийн үед хатуу хориглоно гэсэн тохиолдол их байж болжээ. Түүнээс ганц нэг жишээ дурдмаар л байсан шүү.
Та нар минь өөрсдөө олоод уншина биз дээ.  Эсвэл уншчихсан ч байж мэднэ.
Шүгдэн гэж Доржшүгдэн гэдэг бурханы нэр юм гэнэ.  Дарамбалын сүнс тамд очдог хэсэг ёстой аймар. Буян л үйлдэж байх минь. Хэ хэ.  Мянган жилийн тарчлаан...
Хүн зөв явахад сүсэг бишрэл хамаагүй.
Өдөр алгасалгүй бурханд мөргөдөг хэрнээ мууг сэддэг сүсэгтэн олон гэж ээ.

Friday, August 02, 2013

Гоё дуу

Киног нь үзэж амжаагүй ч дуу нь таалагдав. 

Thursday, August 01, 2013

Англиар diary хөтлөх

гэдэг ном. Англи хэлээ сайжруулах, мартахгүй байх гэсэн зорилготой хүмүүст зориулсан. Би нь уншаад хөтлөх санаатай. Өдрийн тэмдэглэл биш, өдрийн, сарын, жилийн төлөвлөгөөгөө бичнэ. Мэдээж би нь анхан шатных тул ганц нэг үгээр л бичнэ. Ингэх явцдаа үг цээжилж үгсийн сангаа баяжуулах.
Жишээ нь шүдний эмчид очих бол dentist,  үдэлтийн паартитай бол farewell party, банк орох ажилтай бол go to bank гээд маш энгийн зүйлээс эхлэнэ.
Та нар минь ч бас оролдоод үзээрэй. Ганцхан англи ч биш, бусад хэл ч байсан болно шүү дээ. Хятад, япон, орос, герман, франц гээд л хязгааргүй. Өөрсдийн сурахыг эрмэлзэж буй хэл чинь байхад болно. You can...
Сүүлийн үед ийм дэвтэр бас цаг үеээ дагаад их өөрчлөгдсөн гэнэ. Санхүү, гоо сайхан, хоолны дэглэм, ажил хэрэг, эрүүл хооллолт, биеийн тамир гээд төрөл зүйл нь олширсон гэнэ. Өөрийн хэрэгцээндээ зориулаад л хэрэглэдэг гэнэ дээ энд. Монголд хэрэглэдэг хүн ховор юм шиг билээ. Бүгдийг толгойдоо хадгалаад тэмдэглээд сурчихсан хэхэ.
Ингэж хөтөлбөрөө бичихэд хэд хэдэн төрлийн арга байдаг.
Жишээ нь зураг 2. Бүтэн жилийн хөтөлбөрөө бичнэ. Тодорхой, гарцаагүй хийх зүйл. Найз нөхөд, ах дүүсийн төрсөн өдөр гэх мэт.

Зураг 3. Сараар нь бичнэ. Өө би нь ингэж гоё өнгө алаглуулж бичихгүй л дээ. Гялс гялс л сараачаад хаяна. Хэ хэ. Одооноос жаахан ингэж эмэгтэйлэг бичнэ ээ.
Зураг 4. Долоо хоногоор нь.
 Энэ харин урт өгүүлбэрээр бичвэл зүгээр байж магад л юм. Өнгө алаглуулаад, цээжлэх гэсэн үгээ оролцуулаад бичихэд гоё болно доо.

Зураг 5. Өдрөөр нь. Цагийн тэмдэглэлтэй. Ийм төрөл нь зүгээр. Тогтмол явдаг дугуйлан секц энэ тэрээ бичээд орхино. Минийх дээр ихэвчлэн 2 зулзагын зүйл бичээстэй байдаг.
Мөн гэнэтийн зүйл гарч ирэхэд тухайн цагаа оролцуулахгүйгээр зохицуулж болдог. Одооноос англи үг оруулаад л тэмдэглээд байна аа. Аль болох шинэ, өөрийн мэддэггүй үг. Бас наадаг цаасан дээр өдрийн хэд хэдэн үг бичээд цээжлээд, цээжлснийгээ дараад, бүгдийг нь цээжлээд дуусахаар нь цаасаа аваад хаячихна. Дажгүй санаа байна уу? Санаагаа зарна аа хэ хэ. Төлбөрөө харин яаж авдаг юм билээ дээ?


 Өөрийн туршлагаас танилцуулбал. Энд тэндхийн блог, сайт шагайж явахдаа уншсан сургааль үгс, уншмаар санагдсан номын нэр зэргийг тэмдэглэж авдаг. Наадаг цаасыг их ашигладаг. Энэ нь он солигдоод, шинэ дэвтэр нээх үед шилжүүлээд наачихаж болдгоороо онцлогтой.
Гэх мэтчилэн ажил хэрэгч япон хүмүүсийн салшгүй нэгэн зүйл болох diary-ын ертөнц нэг иймэрхүү. Та нар минь ч гэсэн өөрйн diary -гаа өөрийн гэсэн онцлогтой, өвөрмөц ертөнц болгоорой.

Ууланд авирахдаа

болгоомжтой байгтун.
Энд ууланд авирдаг улсууд их байна. Сүүлийн үед солонгосоос ирдэг авирагчдын тоо өссөн. Ингэх явцдаа замаасаа төөрөөд, алга болчих тохиолдол их гарах юм. Мэдээгээр нь их гарна.Саяхан бас гарч байна. насны хувьд ахмадууд голцуу байсан.
Том зулзага бас 2 жилийн өмнө нэг япон хүүхэнтэй эндээ л өндөрт тооцогддог уулын оргил дээр гарсан. Тухайн үедээ нээх юм бодолгүй ганцааранг нь галт тэргэнд суулгаад явуулчихаж билээ. Одоо харин чадахгүй байж мэдэхээр.
Бас зөвхөн эрчүүд л гардаг гэсэн жендерийн эсрэг тодотголтой уул байна аа даа цаана чинь. Эрчүүд чухам л хийморио сэргээдэг гэж гардаг гэсэн. Авирах явцдаа болгоомжгүйгээсээ, хайнга зангаасаа болж янзан бүрийн гэмтэл авсан, гар хуруугаа хөлдөөсөн эрчүүд байдаг юм билээ шүү. Хийморио сэргээх гэсэн биш, доройтуулчихдаг... Анхааралдаа авч, болгоомжтой байгтун хүмүүс ээ...

Зуны даалгаварт

-Охидууд амарчихсан уу?
-Тэгсэн.
-Хэн харах уу, ажилтай үед чинь.
-Аниа нь надтай хамт ажил дээр даалгавраа хийнэ. Бага нь цэцэрлэгтээ.
-Өө цэцэрлэг нь амардаггүй юм уу? Аятайхан юм.

Энд цэцэрлэг 2 янз байна. 1. Сурган хүмүүжүүлэх, 2. Асран хүмүүжүүлэх. (Би нь ингэж орчуулаад байгаа.)  Эхнийх нь бага цагаар хүүхдээ өгдөг. Ажил хийдэггүй ээжүүдэд зориулсан. Тодорхой хэмжээний амралтын хугацаатай гэж дуулсан. Туршлагагүй тул сайн хэлж мэдэхгүй байна. 2 дахь нь бүтэн цагаар ажилладаг ээжүүдэд зориулсан. Бага зулзага энэ 2 дахид нь явдаг бөлгөө. Тэгэхээр амралт байхгүй. Ажилтай ээж аавуудад үнэн тааламжтай.

За том зулзага үнэн завгүй хүн байна. Энд нэгхэн сар амардаг. Монгол дахь хүмүүс сонсоод бага амардгийг нь гайхаад. Би ч бас тэгж л бодоод байгаа. Үнэн завгүй. Дагаад ээжүүд нь завгүй. Хөрш айлынхаа охидыг хараад байх нээ. Дугуйлан секц гэж асар үүрэгтэй зүйл байх юм энд. Ээжүүд нь ч уйгагүй гэж юүхэв. Гадаа тоглох завгүй хүүхдүүд л байх.

Ядаж байхад зуны даалгавар нь их. 7 төрлийн зүйл өгсөн байна. Одоогоор 2-ыг нь л хийж дуусгасан.
1. Ханз (дууссан)
2 Тоо
3. Бие даалт
4. Чөлөөт судалгаа
5. Салад хийх (гэр ахуйн хичээл)
6. Зураг, хөдөлмөр, гэр ахуйн аль нэгээр хийсэн бүтээл. Алийг нь хийх ээ эргэлзээд л байх шиг байна. Мундаг хийсэн бүтээл шат шатанд шалгарна. Ангидаа, сургуульдаа, дүүрэгтээ. Нэг шалгараад баярын бичгээр шагнуулж байсан.
7. Зуны drill (дууссан)
8 сарын 10-наас өмнө дуусгах төлөвлөгөөтэй. Шалтгааныг нь дараа хэлнэ ээ.

Ядаж байхад өглөө 6:30-с гадаах цэцэрлэгт гарч радио дасгал хийнэ. Заримдаа орж ирээд буцаад унтана. Заримдаа тэр чигтээ ном уншина.
Эмээ өвөө нь сонсоод хүүхэд амраагаачээ, ядарчихлаа гэнэ. Эндхийн дадал, хэвшлүүд тэс ондоо.