Sunday, November 30, 2014

Дурсамж сэдрээд

Нэлээд хэдэн жилийн өмнө хамт ажиллаж байсан найз хүүхнийдээ очоод. Тэгсэн нэг их танил зүйл нүдэнд тусав. Олоон жилийн өмнө хамт ажиллладаг байсан гадаад хүүхнүүддээ нэхэж өгч байсан зүйл. Би өөрөө бол данх гэх мэт халуун зүйл барихад жийрэг гэж нэхэж байсан санаад байгаа юм. Гэхдээ дундаа ийм нүхтэй байсан болохоор жийрэг болгон барихад жаахан тохиромжгүй байлаа. Найз хүүхэн болохоор гэрийнхээ утсыг тоос дарахаас сэргийлээд бүтээгээд тавьчихсан байсан. Хэ хэ.
Сүүлийн үед иймэрхүү зүйл нэхээгүй юм байна. Сэргээж нэхэж үзнээ.
Бид хоёр энэ нэхмэлээс аваад л тухайн үед цуг ажиллаж байх үеийнхээ тухай сайхан буу халлаа.  Сайн сайхнаас нь эхлээд д муу муухайг нь хүртэл ам уралдан ярьсан гэж байгаа. Хоёулаа л харь орноос арлын японд ирж ажиллаж амьдарч байгаагынх санал их нийлдэг юм.

Боулинг тоглосон нь

За энэ удаад хорооноос зохион байгуулдаг боулингийн тэмцээн. Насны ангилалаар том зулзага л оролцсон гэрээсээ. Тэр олон хүүхдүүд дундаас охиныг минь оролцохгүй биз гэж ирээд л гуйсэн тэр нэгэн өвөөд баярлаж байна өө. Том зулзага томроод, аливаа зүйлд жаахан хойрго хандаад байгаа ч аавтай нь нийлж шахаж байгаад оруулчихлаа. Хэ хэ.
Сүүлд дурсгалтай юм даа л гэж бодох юм. Мөн жаахан ч гэсэн хөдөлгөөн болно шүү дээ.
3-р байранд оров. Түрүү жил түрүүлж байсан юм. Дандаа түрүүлнэ ч гэж юу байхав.
Шагнал нэг нь нээх инээдтэй. Оршин суугчдын төлбөрөөс бүрдэж байдаг тул төсөв нь цөөхөн. Ямар ч байсан дэлгүүрээс худалдаа хийх эрхийн бичиг. Тэр нь 500 иенийх. Мөн ганц нэг амттан. Чамлахаар чанга атгаад л авсан. Том зулзага
-Юу авах уу? ээжээ
гээд л байгаа. Нэг завтай өдөрөө дагуулж дэлгүүр хоршоо хэсэхээс.

Нээрээ томроод багынх шигээ ном авна гэдэг байснаа болиод хувцаслалтдаа анхаарал тавьдаг болсон. Ээжийн минь хэлдэг санаанд ордог юм. "Багад нь нэг их гоёж олон хувцас авч өгөөд дэмий, тэртээ тэргүй томроод та нарын авч өгсөн чинь таалагдахаа больно. Сонирхол нь өөрчлөгдөнө. Тэр үед нь л дуртай хувцсыг нь авч өгч бай" гэж. Их үнэн санагддаг юм.

Saturday, November 29, 2014

Ув улаан намар

гэдэг дууг дуулж өгсөн нэгэн бага сургуулийхан. 1-6 ангийн сурагчдын тоо нийлээд 9хөн. Учир нь уулын мухарт байдаг алслагдсан сургууль. Хүн амынх нь тоо цөөрөн цөөрсөөр ийм байдалд хүрсэн. Гэхдээ алслагдсан гээд орхигдоогүй. Харин ч гадаад оронтой танилцах, тэдний соёлтой танилцах гээд хичээлийн агуулга үнэн сайн. Ямар сайндаа монгол хүн намайг дуудаж цуг шагай няслаж байхав.
Төгсгөлд нь бүгд хоороороо энэ Ув улаан намар гэдэг дууг дуулж өгсөн. Нээх хөөрхөн. Нээрээ л навчис нь улаараад уулын мухрын байгалийн үзэсгэлэн үнэн гайхамшигтай байсан.

Friday, November 28, 2014

Ганц нэг зураг

Бага сургууль явахдаа авсан ганц нэг зураг оруулав.

Сурагчдын гутлын тавиур
Бага, дунд, ахлах сургуулиуд сургуульдаа орохдоо гадны гутлаа тайлж тусгай углааш өмсөнө.Үүдэндээ мөн сурагчдын бүтээл, сургуулийн зорилго зэргийг өлгөсөн байх нь элбэг.
Гаднах тохижилтондоо их анхаарна. Сурагчид сургуульдаа орохдоо сэтгэл санаа тайван, өөдрөг байлгах зорилготой. Цэцэгний цаана харагдаж байгаа борооны шүхэр. Үүнээс японд хэр их бороо ордог болохыг харж болно.

Гадаах талбай
Сургуулиудын гадаах талбай үнэн атаархмаар. Монголоос минь 4 дахин бага газар нутагтай гэж байгаа. Сургуулийн гадаах талбай дээр хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй нь байшин барилга барина гэсэн ойлголт байхгүй. Тэгтэл манайх яаж байна. Хотын дарга нь нүдэн балай, чихэн дүлий л яваад байна. Өөрөө бараг авилга авчихсан байдаг биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрнө. За тэгээд монгол дахь олон асуудлын талаар ярихаар дуусахгүй дөө. Ингэсгээд зогсохгүй бол...


Сурагчдын бэлэг

Нэгэн бага сургуулийн сурагчид өөрсдөө хийсэн бүтээлээсээ бэлэглээд.
Харандааны сав
Шилийг ганднаас цаасан баримлаар бүрээд энд тэнд нь пластик наагаад л болоо. 2-р ангийнхан хийсэн гэсэн байх аа.
Календарь
Зураг буруу хараад орчихлоо. 5-р ангийнхны хийсэн 2015 оны календарь. Ханандаа өлгөх гэсэн чинь тоо нь их жижигхэн бичигдсэн дээрээс нь балын харандаагаар бичсэн байсан болохоор жаахан тиймхэн. Санаа нь их хөөрхөн.
Номын хавчуурга
Сурагчид ийм номын хавчуурга хийж хүмүүст бэлэглэхдээ дуртай юм билээ. Би ч бас нэлээд дээхэн монгол гэр, далбаатай хавчуурга хийж хүмүүст тарааж байсныг санаж байгаа биз дээ.
Гацуур
Улирал нь болчихлоо доо. Дор нь өлгөчихсөн. Нэг жил гэж ямар хурдан байна аа.
Зулзагууд минь Санта өвөөгөөс юу хүсэхээ бодоод эхэлцэн. Гадуур дэлгүүр хоршоо аль хэдийн ёолкоо засчихсан. Бид хэзээ засах уу болоод л байна. Охидууд минь л тэсэн ядан хүлээж байх шив.

Thursday, November 27, 2014

Зугаалга

Монголоос зочидтой байсан бас хэд хоног. Мэдээж олон гоё номтой болсон. Үзүүлэхгүй мэдэв үү... Ккк
Ажилд минь хэрэг болно гэж бодоод 2 ширхэг толь бичигтэй болсон. Нэг орчуулгын уран зохиолын номтой болсон. 3 боть байдаг гэнэ ээ. Дараа ирэх зочиддоо захинаа. Хэн ирэх бол? Хэ хэ
Завтай болохоороо уншиж эхлэнэ ээ.
Тэгээд ганц нэг зураг оруулав.
Япон тэнгисийн эрэг.
Жаахан салхитай өдөр таараад. Давалгаа ч сүрдмээр байсан. Бага зулзага найз аниатайгаа жаал элсээр тоглож, буцах замдаа уралдаад. 2-лаа шартай хоёр чинь нэг нь түрүүлэхээр нөгөөх нь уурлаад элсэн дээр нурж унаад уйлна. Нөгөөх нь түрүүлэхээр өнөөх нь уурлаад уйлна гээд жаахан онигоотой явсан. Хэ хэ. Энэ охидууд багын ийм өрсөлдөөнч.
Чянко
За энэ болохоор бидний хэдэн монголчууд эндхийн сумо ертөнцөд монголчууд доргиож байгааг тэмдэглээд сумочдын иддэг чянко тогооны хоол идсэн. Хэ хэ
Баахан ногоо, мах ингэж овоолоостой ирээд, хажууд нь байгаа годгор модон дотор байгаа махтай хамт тогоотой буцалж буй шөлөнд хийж чанаж иддэг.
Чянко
За энэ ногоо махаа тогоондоо хийгээд чанаж байгаа байдал. Зочдод ихэд таалагдсан. Түрүү жил ирсэн зочидтойгоо бас орж билээ. Би ч хувьдаа дуртай. Нил ногоо учраас хэхэ.
Орой нь халуун рашаанд ороод, харьж ирээд бүгд нам.

Зүгээр суугаагүй шүү би нь

Хувь хувьсгалын ажил ихтэй байгаа ч амжуулаад л байна. Хэ хэ
Угладаг ороолт
За энэ угладаг ороолтыг орой дээрээ бөмбөлөгтэй малгайны хамтаар нэхсэн. Улбар шар өнгөтэй том утасны зураг оруулж байсан даа. Тэр утас чинь жижгэрчихсэн. Үлдсэнээр нь юу нэхэхээ мэдэхгүй л байна.
Малгайны бөмбөлөг
За энэ их инээдтэй түүхтэй. Яасан гэхээр? Том зулзагаараа хийлгэсэн юм малгайныхаа бөмбөлөгийг. Тэр хооронд ээж 60 чавганцын ажлаа хийж байгаад л нэг амсхийгээд суух зуураа
-За гялс бөмбөлөгөө малгайтай нь холбоодхоё, ээжийн зулзагаа. Хийсэн бөмбөлөгөө өгдөө.
-За ээж ээ, май.
-Юу вэ? Холбодог хоёр урт утас нь хайччихав аа. Хайчилчихсан байна шүү дээ.
-Өө, тэгсэн байна уу? Уучлаарай даа.
гээд л том зулзага, хань ижил инээгээд болдоггүй. Дагаж бага зулзага бас инээгээстэй. Би нь уурлаж ч чаддаггүй, инээж ч болдоггүй. Янз нь мань хоёр хайчилсан хойноо гэнэт санасан юм шиг байгаа юм. Тэгээд аавтайгаа хуувилдаж намайгаа уурлахаас өмнө инээлдэж байхгүй юу. Золигнууд чинь.
-За за, баларсан юм. Маргааш дахиж хийж өгөөрэй.
-За
Одоо ингээд нэг бөмбөлөг гэрт яваад байдаг. Хаях гэхээр бас хайран санагдаад. Бага зулзагын тоглоомон дунд яваа. Санахаараа гаргаж ирж тоглоод байх шиг байна лээ. Хэ хэ

600 калори

Бага сургуулийн өдрийн хоол буудаад. Үдээс өмнө нь улс эх орноо танилцуулчихаад, цугтаа шагай няслачихаад, өдрийн хоолны цагаар хоол буудчихаад ирсэн. Хэ хэ.
Угтаа бол өдрийн хоол буудчих цагаар л ихэвчилэн явдаг ч энд чинь бүх зүйл учир жанцантай. Манайх шиг болсон идээнээс бүү зайл гээд болж байгаа идээ ундаанаасаа амсуулна гэсэн заншил байхгүй.
Хэрэв ингэж гадны хүн хооллох бол их л олон хүнээс зөвшөөрөл авна. Тусгай цаасан дээр бичиж байгаад л хүн болгоны ширээгээр дамжуулж тамга даруулна шүү дээ.
За ийм л нарийн ширийн дүрэм журамтай газар өдрийн хоол буудсандаа баяртай байгаа. Хэ хэ. Яахав та нар ууж идсэнээ бичлээ гэж бодож магад л даа. Гэхдээ байна шүү дээ, ингэж хоол буудсанаар эдний бага сургуулийн сурагчид ямар хоол иддэгийг, миний том зулзага нь ч бас ямар хоол иддэгийг мэдэж авна.
Коридорт хүнсний технологичтой нь таараад, калорийг нь асуугаад амжив. 600 орчим байгаа. Будааны хэмжээгээр тогтоодог. 100 хувь өөсрдийн муждаа тариалсан хүнсний ногоо хэрэглэсэн гэж надад их л дэлгэрэнгүй тайлбарлав.

За 2-р ангийнхантай цуг хооллов. Бүх хүүхэд нэг хэмжээгээр иднэ гэж байхгүй тул эхлээд бага иддэг хүүхдүүд хасмаар байгаа зүйлээ хасдаг юм байна лээ. Дараагаар нь их иддэг хүүхдүүд очиж нэмнэ. Ангийн хойно тогоонууд нь тавиастай байдаг. Цайны цаг болохоор жижүүр хүүхдүүд гал тогооны өрөөнөөс зөөж авчирна. Жижүүрүүд цагаан халаад, малгай, маск зүүнэ. Нэг инээдтэй нь загас 3-хан ширхэг байна. Нэммээр байгаа хүүхэд байвал газар тэнгэрээ үзээд хожсон 3 нь л иднэ гэсэн.
-Та бас газар тэнгэрээ үзэж оролцох уу ?
-Өө, үгүй үгүй, та нар л хоорондоо үз. 
Том хүнд бол жаахан л санагдсан. Үнэнийг хэлэхэд, загас нэммээр л байсан. Хэ хэ. Ангийн багш нь гээд өндөр залуу лав цаддаггүй байх аа.

Гэх мэтчилэн 11 сард хөгжилтэй өдөр олон байлаа. 12 сард яаж ийгээд бага сургууль явах ажил олдохгүй юм байх даа гэж...

Хөх хөвчийн домог

гэдэг ном. Зохиогч нь Төмөрбаатарын Нямдэндэв.
Нэлээд дээхэн уншиж дууссан ч зургийг нь блогтоо оруулах зав гардаггүй.

Үсэг жижиг тул уншихад жаахан хэцүү байлаа. Ойрын хараа муу биш ч цаанаа нэг тийм нүд ядраад байх шиг санагдаад. Магадгүй сүүлийн үеийн ном зохиолууд харьцангуй томоор бичигдээд, түүнд нь дассан байж магад.
Ном бэлэглэсэн хүнд нь маш их баярлалаа.
Зохиогчийн товч танилцуулга: МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч яруу найрагч хүн гэнэ. Их л олон жил ажлын хажуугаар ийнхүү уран бүтээл туурвисан байна. Гол нь тэр бүр олонд танигдаагүй, бодвол ажлын хажуугаар оролддог байсан болохоор тэр байх. Би лав анх удаагаа л танилцаж байна.
Бүтээлийн агуулгын хувьд дахин дахин барьж аваад байхааргүй л юм. Зохиолчоос хүлцэл өчье.

Бага ангийнх нь сүүлчийн

Урлагийн үзлэг нь болов. Том зулзагын. 6-р анги болохоор үүрэг хариуцлага өндөртэй байлаа. Хүрэлцэн ирсэн үзэгч эцэг эхийг суудалд нь газарчилна. Мөн хорооны зарим нэг том дарга гэх мэт зочдод газарчилна.  Бие засах өрөө зааж өгнө. 1-6 ангийнхаа номерт нь шаардлагатай хөгжмийн зэмсэг, тайзны чимэглэл зэргийг дор бүр нь бэлдэж өгнө, дуусахаар нь хураана.

Нээлт, хаайлтын дуугаа бүх сурагчид найрал дуулна. Дунд нь захирал багш үг хэлнэ. Сурагчид өөрсдөө тоглолтоо хөтлөнө.

Хувцаслалт их энгийн байна. Зүгээр л жирийн хувцастайгаа оролцоно. Жүжигчилсэн тоглолт байвал ах эгч, эмээ өвөө, ээж аавынхаа хувцаснаас дүрдээ тохирсныг нь өмсчихнө. Томдсон байна уу, багадсан байна уу огт хамаагүй. Гол нь дүрдээ ороод, үгээ тод хэлж байхад л болно. Ийнхүү заавал ижилсээд, шинэ хувцас авахуулаад байдаггүйд нь би хувьдаа дуртай. Тэртээ тэргүй хүүхдийнхээ боловсролд хангалттай мөнгө зарж байхад нь сургууль нь бас мөнгө татаад, шаардаад байвал хэцүү шүү дээ. Сургуулиас гадна дор хаяж нэгээс хоёр дугуйланд зэрэг  явдаг хүүхдүүд их. Том зулзагын найзууд бүгд л завгүй байдаг. Мэдээж  төлбөр нь ч өндөр. Газар газраасаа хамаараад төлбөр нь харилцан адилгүй.
Энэ хувцаслалтын талаар япончууд ямар ч гоо сайхны мэдрэмж байхгүй энэ тэр гээд ярих байх л даа. Гэхдээ эд нар байна шүү дээ, юунд илүү мөнгө зарахаа мэдээд байдаг юм. Тийм болохоороо хөгжлийн өдий зэрэгт хүрсэн биз?

Бага сургуулийнхаа сүүлчийн урлагийн үзлэгт оролцож байна гэдэг утгаараа ганц нэг хүүхэд уйлж харагдсан. Манай том зулзага цоглог байсан. Яг ч төгсөлтийн баяр нь биш болохоор тэр байх даа. Төгсөлтийн арга хэмжээгээр ээж аав, хүүхэдгүй л уйлдаг гэсэн. Би нь яахын байгаа юм, хань ижил бол уйлна гарцаагүй. Цэцэрлэгээ төгссөн чинь уйлаад, анх хэл мэдэхгүй жаахан юм японд ирээд цэцэрлэгт ороход анги даасан багштай нь гарын алчуур дундаа барьчихсан л уйлж харагдсан хүн шүү дээ. Хэ хэ.

Wednesday, November 19, 2014

Найрал дуулсан мөн найрал хөгжимдсөн

"Хотын бага сургуулиудын дунд зохиогддог 86 дахь удаагийн найрал дууны наадам" гэсэн нэртэй арга хэмжээ болсон.
Хотын захаар байдаг, нийт сурагчдын тоо нь цөөхөн сургууль бол 1-6 ангийнх нь нийт сурагчид оролцдог юм билээ. Сурагчдын тоо нь олон бол зөвхөн нэг л үеийнхэн ордог юм байна. Том зулзагынх болохоор 6-р ангийн нийт сурагчид оролцлоо.
Зохион байгуулалт бол асар өндөр болно. Хүүхдүүдээ үзэх гэж ирсэн эцэг эхчүүд 2, 3 давхарт л гарч үзнэ. 1 давхрын хойд хэсгийн суудалд хотын иргэд сууж үзнэ. Урдуур хэсгээр наадамд оролцож байгаа сурагчид сууж бусад сургуулийнхныхаа тоглолтыг үзнэ.
За тоглолтын хувьд муухан мэргэжлийн хүмүүсээс мундаг тоглож байна. Ганцхан найрал дуу дуулдаггүй юм байна. Бас хөгжим дарж байна. Бүх хүүхдүүд ямар нэгэн хөгжим тоглоно. Төгөлдөр хуур, лимбэ, царгил хөгжим гэх мэт. Өөр хэд хэдэн төрлийн хөгжим байсан. Хэлж мэдэхгүй байна.
Би нь ч мундагийг нь гайхаад л авч явсан бүх л техникээрээ зураг дарах гэж, бичлэг хийх гэж хамаг хөлс цувсан. Хэ хэ. Ухаалаг утас, видео камер, аппарат гээд. Хань ижлийнхээ зовлонг жаахан ч болов мэдэрлээ. Учир нь ийшээ тийшээ явахаараа бүгдийг нь даалгачихдаг байхгүй юу.
Энэ бол Хаясэ Таро гэдэг хийлчний тоглодог ая. Том зулзага ангиараа тоглосон.

Tuesday, November 11, 2014

Хороогоороо зугаалсан нь

Энэ жилийн зугаалга бүтэн сайнд болов. Гэм нь өглөөнөөс орой хүртэл бороотой. Орж гарахад шүхэр нэг дэлгээд л, нэг эвхээд л явах гэж ядаргаатай байлаа.
Нэг том автобусанд хүүхэд хөгшид нийлсэн 40-д хүн байсан байх. Таньдаг ч хүн байлаа, таньдаггүй нь ч байлаа. 2 цаг явж байж нэг газар хүрэв. Уг нь бол бяцхан амьтны хүрээлэнтэй юм билээ. Бороотойд гялс тойрч бага зулзагатаа ганц хоёр амьтан үзүүлэв. Дараагаар завтай зайтай үедээ гэрээрээ ирэхээр болов. Хэдийд явах юм бүү мэд.
Yodel-ын ой гэдэр газар. Хёого мужид байдаг гэсэн.
 Мөн 1200 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэж яригддаг Икүно мөнгөний уурхайгаар аялав. 1973 онд үйл ажиллагаагаа зогсоосон.  Гол нь түүнийгээ аялал жуулчлалын цөм болгоод ажиллуулаад байна. Дотор нь орж үзэв. Нэг хаалгаар ороод өөр нэг хаалгаар гарч ирэв. Тусгай тайлбарлагчтай, нэг хөөрхөн өвөө бидэнд ёстой ойлгомжтой гэгч нь тайлбарлаж өгсөн. Гар аргаар, тэгж тэгж ухдаг байв гээд л. Дээр үеийнх нь хүмүүс бас л аргагүй л хөдөлмөрч байжээ гэж бахадмаар. Бас нэгэн бахархмаар зүйл байсан нь ухсан газраа буцааж шороогоор нь булдаг байсан гэнэ. Ухаад л орхичих биш, алт мөнгө гээд авах гэсэн зүйлээ авсныхаа дараагаар шороог нь эргээд ухсан газраа буцаадаг байсан гэнэ. Монголд яг яадгийг би нь сайн мэдэхгүй, нөхөн сэргээгдэхээ болилоо гээд шуугиад байдгийг бодоход буцаадаггүй юм болов уу гэж...
Гарч ирсэн хаалга.
Өдрийн хоол идсэн газрын цонхоор. Өөрийн эрхгүй зураг дарав.
Yodel-ын ой доторх ресторанын цонхоор.
Ийнхүү Хёого мужийн нэгээхэн хэсгээр аялаад ядарсан хэдэн улс гэртээ ирлээ.
Дараа жилийн зугаалга даанч хол байна даа...

Wednesday, November 05, 2014

Алаг намар

Шаргал намар гэдэг дээ, энд бол алаг? улаан? намар болдог юм.

Уул нь ногооноороо намар, дотор нь ингэж улаардаг моднууд байна.
Алхахад сэтгэл тэнэгэр гэж юүхэв.

Найрал дуулна

Том зулзагын сургуулийн нийт 6-р ангийн сурагчид хотынхоо урлагийн наадамд энэ дуугаар найрал дуулж оролцоно. Гэм нь ажлын өдөр. Миний бага сургууль явах өдөртэй давхцаад. Цаг нь зөрөөсэй гэж залбираад л байж байна. Видео болон зургийн аппаратаа бариад л хөгжөөн дэмжинэ дээ...
Том зулзагын минь бага сургуулийн 6 жил дэх дурсгалт өдөр нэгээр нэмэгдэнэ. Өдөр бүр бэлддэг гэсэн.


Жич: Багадаа 5-р сургууль дахь найрал дууны дугуйланд бүртгүүлээд 2 өдөр явсан юм даг. Л.Галмандах багшийн. Тэгсэн солгой хоолойтой байж найрал дуунд явлаа гэж гэрийнхэн шоолоод, би нь ичээд гарчихсан. Явж л байдаг байж гэж харамсдаг. Учир нь солгой хоолой гэж байдаггүй гэсэн шүү, ээжүүдээ. Багаас нь зааж өгдөг гэсэн. Дуучнаа байг гэхэд эвлэгхэн дуулдаг болчихсон байхгүй юу?