Sunday, June 30, 2013

Мартсан ч биш дээ

Сэтгэл санаа бол байнга л улсдаа явж байдаг юм шүү дээ. Ээж аав 2 минь сайн л байгаа даа гээд л. Таагүй мэдээ гарвал, уншвал нэг хэсэгтээ сэтгэл санаа ч тогтворгүй болчихоод л...
 Ойрд сонсоод л сонсоод , уяраад л уяраад л яваа дуу. Клип нь бас л  сэтгэлийн эмзэг утсыг хөндөөд байх юм

Friday, June 28, 2013

Хүүхдийн дуу-5

Саяхан бага зулзагын цэцэрлэг дээр шүдний үзлэг болсон байсан. Одоогоор хорхойтой шүд алга гэсэн. Ашгүй гэж. Том зулзагынх бас болсон. Бас л хорхойтой шүд байгаагүй. Хэний ач гавъяа вэ? гээд тэрүүхэндээ ээж томроод авсан хэхэ. Оройд шүдээ угаа гэж үглэдэгийн минь гавъяа гарч л байна. Хойшид  ч үглээд л явна даа...

Monday, June 17, 2013

Багын зурсан зураг

Чаддаггүй байсан зүйлээ чаддаг болсон байна. Саяхан охинтойгоо зураг зурсан чинь дугуй дүрс зурж сурсан байна. Тэрнийгээ өндөг, шаар гэнэ ээ.
Эхний зурагт ээж охины бүтээл. Мэдээж арай гайгүй нь ээж зурсан.
Бас шулуун зураасыгаа могой гэсэн. Хэ хэ.
Банана зурсан юм байна бас.
Биднийг ажил ажил гэж гүйж байх хооронд хүүхэд их хурдан хөгжих юм даа. Үгийн сан нь асар ихээр нэмэгдсэн. Шинэ монгол үг сурсан. Мангас гэдэг үг. Ккк. Аргай аргай түг гэдэг ном байсан юм. Бодвол аниаг нь монгол хэл сураг гэж эмээ өвөө нь өгсөн байх. Тэр номыг уншуулсаар байгаад мангас гэдэг үгийг цээжилчихсэн. Гэм нь гадаад хүн хэлж байгаа юм шиг л мангаас гэж хэлдэг. Хэ хэ.

Сүүлийн үед

хуанли гээч юм чинь их өвөрмөц хэлбэрээр гардаг болсон шиг байна аа даа. Үүнийг өдөр өдрөөр нь бичсэн сургаалийг нь гүйлгэж харчихаад л ажилдаа гардаг юм.
Сургаалийг нь уншиж, сонссоноор бол өдийд энэ хүний дайтай л гэгээрсэн баймаар хэхэ.
Ганц нэгээс нь эндээ бичлээ. Он дуусаад хаашаа ч юм алга болчихоос нь өмнө.

1. Цаг хугацаа урсан одож ирээдүй ирж байна. Энэ нь ирээдүй таны гарт байна гэсэн үг бөгөөд ирээдүй одоо цагаас бүрэн хамаарах болно. Одоо цаг танд асар их хариуцлага оногдуулж байна.

2. Дотоод сэтгэлийн бурангүй буюу бидний харанхуй бүдүүлэг байдал нь зовлон зүдгүүрийн үндэс мөн. Дотоод сэтгэл ариусах тусам харанхуй арилдаг. Энэ бол гэгээрэлд хүрэх зам юм.

3. Хэрэв та өрөвч сэтгэлтэй бол энэрэл хайр бялхсан гэр бүлээ зохио, дараа нь тийм хамт олныг, эцэст нь энэрэнгүй дэлхий ертөнцийн тухай бод.

4. Өдөр хоног ээлжлэх лугаа адил хуучин анд нөхөд өнгөрөн одож шинэ найз нөхөд гарч ирдэг. Хамгийн гол нь өдөр хоног үр ашигтай, найз нөхөд үнэнч байх нь чухал.

5. Эрдэм мэдлэгээ бусадтай хуваалц. Энэ нь хутгийг олох зам юм.

Friday, June 14, 2013

Бид ингэж амьдарч чадахгүй

 Үзэж амжихгүй л яваад байсан юм. Үзээд цаанаа л нэг сонин болчихлоо.
Тусгаар тогтнолоо гэж асар их үнээр олддог юм даа гэж.
2 том гүрний дунд арай л жижигдээд байх юм даа гэж.
Толгой дээр нь сууж байгаа улсууд асар их ухаантай байх ёстой юм даа гэж.
Биднийг жаахан байхад орос ах нар л хамгаас илүү гэж тархийг минь угаасан байгаам.
Эв найрамдал гэхээсээ илүү хараат байдалд байсан байгаам.
Одоо бас л хараат, яана даа...
Үзээгүй хүмүүс заавал үзээрэй.
Бас мундаг ой тогтоолт сайтай хүн юм, он сар өдөртэй нь яриад явах юм. Мэргэжлийн өвчин гэнэ ээ хэхэ. Нэг тийм сайхан мэргэжлийн өвчтэй болох юм сан. 
Ер нь л хэлсэн ярьсан болгоныг нь сайн тогтоож үзээрэй. Даанч дунд хавьцаа бичлэг нь гацаад байсан. 

Tuesday, June 11, 2013

Гүйлсний дарс

Дээхэн найзуудыгаа дарсан дарсаараа дайлаад гэсэн чинь дарсан дарс гэж юу юэ? гэсэн байсан даа. Тэр чинь байна шүү дээ...
5 билүү жилийн өмнө танил маань гүйлс ирж ав гээд бид уухайн тас яваад очсон чинь модноос нь түү гээд, түүж байлаа. Дараа жилүүдэд нь дахиж түүлгэхгүй юм байх даа гээд шуналтаад л байсан. Тэгсэн тухайн жилээсээ болоод арвин, арвин бус жил гэж байдаг юм байна. Дуудахгүй болохоор нь худалдаанаас томыг нь аваад дарс, ундаа хийж уугаад л. Дарсаар нь найзуудыгаа дайлдаг байхгүй юу.
Тэгсэн энэ жил арвин байна, хэрэгтэй юу? гэхээр нь үнэгүй юманд нугасгүй хүн чинь мэдээж гээд л гүйгээд очсон. Амралтын өдөр гэрээрээ модноос нь түүлээ. Тэр модоо нээх хайраан. Мөчирнүүдийг нь хайр найргүй огтлоод хаячихаж байгаам чинь. Тэгэхгүй бол болдоггүйм гэнэ ээ. Хэт их ургаад яадаг яадаг ч гэнэ үү? Тэр бол нэг их сонин биш байлаа хэхэ. Би л ихийг авч байвал гэхгүй юу. Хэмжээ нь том жижиг 2 янз байдаг юм. Танилых жижиг төрлийг нь тарьдаг. Угааж цэвэрлэхэд жаахан ажиллагаа шаарддаг, бусдаар бол дажгүй. Би чинь олон жилийн өмнө ч ийм жижгээр нь хийж байсан туршлагатай хүн хэхэ.
Хэдэн өдөр л ноцолдлоо. Шил минь хүрэлцдэггүй, нэмж 2-ыг авлаа. Манайхаар дүүрэн шил хэхэ. 8 литрийнхээс нь авахуулаад. Монгол харихдаа яаж ийгээд чирнэ дээ л гэж бодож байгаа. Ккк. Монголдоо харихаараа бас ногоо даршилна. Харихаараа гэсэн юм их байна аа байна. Хэлээд байвал барахгүй...
3 сарын дараагаас эхлээд болж эхэлдэг. Бид гэхдээ хэдэн жил дамжиж уудаг юм. Олон жилийн өмнө дарсан минь одоо ч дуусаагүй л байна. 8 сард ирэх зочдоо дайлах гээд хав дарчихсан. 
Оройд бага багаар уувал эмчилгээ болдог гэж ярьдаг юм билээ. Ингэж дарс, ундаа хийхээс гадна http://saruul-uhaan.blogspot.jp/2010/07/blog-post_15.html хатаасан гүйлс (гэх юм уу даа махчилж орчуулбал) ч хийж болно. Би нь 2010 онд хийж байсан байна. Мартсан байна шүү. Блогтоо бичсэн санагдаад л байсан даа. Яг алийг нь танилцуулж байснаа мартсан байв.
Дарсаа хийхдээ зурган дээрх шиг мөсөн чихэр, цагаан лекор хийнэ. Жүүсээ хийхдээ лекор хийхгүй дан мөсөн чихэр, жимс хоёроо ээлжилж хийнэ.
Амт бол янзын шүү дээ. Худалдааных жаахан нялуун амттай санагдаад байдаг юм. Бид мөсөн чихрээ жаахан бага хийсэн. Бас нэг шилийг лекорны оронд цагаан архи хийсэн.
Би энд тэнд ууж идэхдээ энэ дарсыг л захиалдаг юм. Хэ хэ. Японд байсан улсууд андахгүй дээ, ялангуяа хүүхнүүд. Монголд сүүлийн үед зарагдаж байгаа гэсэн. Гэм нь жаахан үнэтэй...

Мундаг эмээ вэ

Нэлээд дээхэн нэг танил өвөө минь өгсөн юм. Уншиж амжилгүй яваад л байлаа. Уншаад эхэлсэн харин их хөөрхөн санагдаад.
92 наснаасаа эхэлж шүлэг бичиж эхэлсэн гэнэ. Сонинд цувралаар хэвлэгддэг байсан гэнэ. Түүвэр нь ийнхүү хэвлэгдээд уншигчдад нь баяр хөөр дүүрэн байна гэнэ.
Хүүе одоо бараг 100 талийж өгсөн юм байна, энх тунх байдаг ол.
Дөнгөж сая интернетээс харчихлаа. Энэ жилийн 1 сард 101 насандаа таалал төгссөн гэнэ. Ум маань бадми хум.
Шүлгүүд нь нээх хөөрхөн, цаанаа л нэг эмээгийн аальгүйхэн инээж байгаа нь өөрийн эрхгүй дүрслэгдэхээр. Агуулга нь асар энгийн.
Нэгэн шүлгийг нь чадан ядан орчуулав.
Багшдаа
Намайг
Эмээ гэж
Бүү дууд
"Өнөөдөр ямар гараг вэ?"
"9 дээр нэмэх нь 9 хэд вэ?"
Ийм тэнэг асуулт ч
Асуухгүй байхыг хүсэе.
Шибата гуай
Сайжёо Ясогийн шүлэгт
Дуртай юу?
Коизүмигийн засаглалыг
Хэрхэн бодож байна?
Ийм асуулт бол ч харин
Ихэд баярлана.

гэсэн байна. Мундаг уу?

Thursday, June 06, 2013

Хүсэлтийн хариу

Нэгэн уншигчийнхаа асуултанд хариуллаа.
Цэцэрлэгийн нийт багшийн дунд хүртээлтэй, олон тоотой набор ч юм уу, жигнэмэг байсан нь дээр байх. Учир нь эндхийн цэцэрлэгт нэг ангид үндсэн 2 багш хариуцаж байдаг ч өглөө оройд нь эрт ээлж, оройн ээлж гэж бүх багш нар нь ээлжилж ажилладаг тул охинтой чинь  2-хон багш биш бүх л багш нар харьцдаг гэсэн үг. Бүр эрхлэгч нь хүртэл бага ангидаа хүүхэд тэвэрчихсэн суух ч тохиолдол бий. Мөн жил бүр багш нар нь солигддог тул тэр энэ багш гээд аминчлахад жаахан хэцүү л санагддаг юм.
Тиймээс аминчлаад нэг багшид өгвөл бусад багш нар нь жиг жуг гэлцэх талтай. Яахав өгч болно л доо... Миний бодлоор тухайн багштайгаа их дотно, бие биенийхээрээ орж гардаг бол танайд зочилсон үед нь эгзгийг нь олоод өгч болно.
Бид бас дунд нь л нутгийн идээ амсаарай гээд л өгчихдөг. Эдний өөрсдийнх нь нэг сайхан заншил байдаг, би их таалдаг хэхэ. Ийш тийш явахдаа хүний тоогоор биш, дунд нь л тухайн явсан газар усных нь идээ гээд авчраад тавчихдаг явдал. 
Хэрэв зээ заавал өгмөөр байна аа гэсэн тохиолдолд тухайн хүнийхээ сонирхлоос шалтгаалах ч, номын хавчуурга их дажгүй бэлэг санагдсан. Номингийн бэлэг дурсгалын тасагт зардаг юм билээ. Монгол гэр, монгол бичиг гээд янз бүрийн хээтэй, би ихэвчлэн гэртэйгээс нь л авдаг. За байз өөр юу байж болох уу хэхэ.
Эсгий, болон арьсн таавчигийг өмсдөггүй юм билээ, ихэнх нь. Ноолууран бүтээгдэхүүн байж болох ч монголоор бол цагаан эрвээхэй идчих гээд хэцүү юм билээ. Мөнгөн эдлэл харлачихаад, байн байн зүлгэх гэж бас төвөгтэй гэсэн.
За өөрийн чинь зүгээс иймэрхүү юм зүгээр болов уу гэсэн юм байна уу? Бэлэг ч толгой өвтгөсөн асуудал шүү...

Wednesday, June 05, 2013

Хүүхдийн дуу-4

Найзынхаа хүсэлтээр энэ дууг орууллаа. Бага минь их сүрхий дуулдаг дууны нэг.
Агуулга нь тугалхан минь хамар чинь их урт юм аа тэ? Тийм ээ, ээжийн минь хамар ч бас урт. Тугалхан минь чи хэнд хайртай вэ? Би ээждээ хайртай.
Хамар гэдэг үгтэй хэсэг дээр гараа хамарныхаа тэндээс урагш нь сунгаж зааны урт хамрыг дүрсэлж үзүүлдэг юм бага минь. Тэр үйлдэл нь их хөөрхөн, эгдүүтэй...

Sunday, June 02, 2013

Хүүхдийн дуу-3

За болоод өнгөрсөн баярын мэнд хүргээд, нэг хүүхдийн дуу оруулъя.
Энд 6 сарын 1 гэж ямар ч уур амьсгал байхгүй байлаа. 2 охин минь ч мэдэх юм алга. Ёс болгож багад нь дуулдаг ном, томд нь охидод зориулсан нэг ном авч өгөөд бидний баяр дуусав. Өөртөө бас нэг ном авсан юм байна шүү.
За энэ дуу бол бас их хөөрхөөн. Саяын авсан дуутай номон дээр нь байсан. Урд нь авсан дээр байхгүй байсан юм. 
Нуугдаж тоглосон нь гэдэг дуу. Бичлэг жаахан тааруу юм билээ, одоо яая гэхэв.
Дэгдээхэй нуугдсан чинь хөлөө нуугаагүй байна шүү дээ. Хэн гэдгийг нь мэдчихлээ, олчихлоо доо. Болжмор, гөлөг гээд л нуугдаад явна. Гэм нь хөөрхөн жаахан амьтад чинь бүрэн нуугдаж чадахгүй дорхноо олдчихно хэхэ. Яг л жаахан бяцхан үрс шиг минь. Хаана байна? хаана байна гэхээр нүдээ дардаг байлаа шүү дээ 2 зулзага минь. Бусад бүх юм нь ил ккк

Monday, May 27, 2013

Оюутан залуугийн хайрласан Япон-үргэлжлэл

Нэр нь Нишянта. Гэхдээ их урт нэртэй юм билээ. Бүгдийг нь бичих гэсэн гар орооцолдоод гэсэн хэхэ. Өмнөх бичлэгт анх удаагаа ирэхдээ ямар шугамаар,  дараагийх нь ямар зорилгоор, хэдэн төгрөгтэй ирсэн гээд хальт бичсэн тул орхив.

Японд анх ирж байсан сэтгэгдэл нь ихэнх япон айл 2-3 машинтай, цахилгаан бараа гэхэд л төрөл төрлөөрөө байна. Бүр аяга угаагч хүртэл шүү. Ер нь л элбэг дэлбэг амьдралтай хүмүүс байдаг юм байна. Тийм учраас над мэтийн ганц хүнийг бол өлхөн хооллоод байж дөнгөнө.  Ингээд л 2 дахь удаагаа ирсэн. Байдал эсрэгээрээ.

Япон хэлний сургуульд орсон, үлдэхийн тулд. шүү дээ. Авч явсан мөнгө нь хүрэхгүй хүнээс мөнгө зээлж орсон.

Мөнгөгүй тул хувцас аваад байхгүй. Энд тэндээс ганц нэг хүн цамц энэ тэр өгнө, тэрийг нь өмсчихөөд л гүйгээд байна. Өөрөө ч жаахан сээнс муутай гэсэн.

Гаднаас нь хараад л япон хүн биш гэдэг нь мэдэгддэг тул хүмүүс жийрхээстэй. Жишээ нь дүүрэн хүнтэй галт тэргэнд суудал булаацалдаад байсан улсууд түүний хажууд суудаггүй байсан гэнэ.  Нэг удаа бүр 10 жилийн хэдэн охидууд шаагилдаж орж ирээд сул суудалд өрсөлдөж суучихаад, яг түүний хажуугийн суудал сул. 2 охин үлдэж. Тэгээд нэг нь сууна биз дээ.  Эхэндээ өнөөх чинь баярлаад миний хажууд суулаа. Аргагүй л залуучуудынх нь сэтгэлгээ өөрчлөгдөж байна гээд баярласан гэж жигтэйхэн гэнэ. Буух буудал нь болоод буусныхаа дараа гэнэт санаж л дээ. Яасан гэхээр суудалгүй үлдсэн 2 охин хуруудаж байсныг санаж. Өө мөн их баярлав аа, хуруудаад ялагдсан нь суусан байна шүү дээ. Нэг ёсондоо шийтгэлтэй тоглоом байж гээд сэтгэлээр унасан гэж байгаа. Хэ хэ.
Хаа очиж бидний монголчууд царай, арьсны өнгөөрөө ялгагддаггүй болохоор иймэрхүү арьс өнгөөр ялгаварлах асуудалтай учирддаггүй юм шиг байгаам. Тийм үү. Өө гадаад хүн байсан юм уу? Япон хүн л гэж бодлоо шүү дээ гэдэг юм хааяа. Яриад ирэхээрээ мэдэгддэг юм билээ. Дуудлага нь ондоо байдаг байх л даа. Гэхдээ хаа очиж монголчууд бусад гадаадыгаа бодвол цэвэрхэн дуудлагатай нь ккк.

Thursday, May 23, 2013

Оюутан залуугийн хайрласан Япон

гэдэг ном. Дээхэн нэг номыг нь танилцуулсан даа. Тэр номыг нь уншиж байхдаа үүнийг бас бичсэн гэж мэдээд ажлынхныгаа худалдаж ав гэж гуйсаар авахуулсан юм. Уншиж завдалгүй явсаар өдий хүргэчихсэн. Дундуур нь ганц нэг хүмүүс зээлж уншаад л байсан. Хорхой хүрээд л яваад байсан. Ккк
Агуулгын хувьд өөрийн японд туулж ирсэн амьдралын тухай. Япон улсын сайн зүйл, саар зүйл. Өөрийн туршлага, ялгаварлал гээд л зөндөө зүйлийг бичсэн гэж байна. Би яг одоо уншиж буй бөлгөө. Дуусаад бичих дур төрвөл ганц нэг зүйлээс нь бичихийг бодомз. Ямар ч байсан их таалагдаад байгаа. Залуу нь уу? бичсэн нь үү? чөтгөр бүү мэд хэхэ.

Wednesday, May 22, 2013

Санал нэг

Оюутнуудын тухай нэгэн шүүмжлэл гарсан байсан. Үнэнийг л хэлчихсэн байна лээ. Яасан ч сайхан юм, улсаас мөнгө аваад л. Мэдээж зарим нэг оюутнуудад их л нэмэр болж байгаа байх. Гэхдээ олонхи нь энэхүү нийтлэл дээрх шиг л байгаа. Их дээд сургуульд багшилдаг найз нар минь ч хэлээд л байна лээ. Ганц нэг гоц нь байна аа байна. Огт байхгүй гэж хэлж болохгүй. Харин масс бол өөр шүү дээ л гэж байна лээ.
http://sonin.mn/news/culture/12306 Уншаагүй нэг нь умшина биз дээ.

Tuesday, May 21, 2013

Японжсон англи үг

гэдэг ойлголт бий.
Зарим нэг англи үгийг өөрсдөдөө хэлэхэд амар болгоод, товчлохыг нь товчлоод, нэмэхийг нь нэмээд л дураараа зохиочихсон.
Жишээ: サラリーマン албан хаагч、テレビ телевизор、フリーダイヤル toll free number 、ナイター、コンセント залгуур、オートバイ мотоцикль、パソコン компьютер、デパート их дэлгүүр、レジ касс、テレビゲーム телевизор тоглоом、ガードマン хамгаалагч、ビル барилга、マスコミ хэвлэл мэдээлэл、エアコン агааржуулагч...
гээд л явж өгнө. Нэлээд хэдэн жилийн дараа ирсэн ус цас хүн хүртэл, энэ чинь одоо япон хэлийг ойлгохоо байсан байна шүү гэж байхав дээ.
Бас сүүлийн үед англи үг их хэрэглэх нь гадаад хэлтэй, ийш тийш их явж доль үзсэн хүн гэж ойлгогддог болсон. Ялангуяа их дээд сургуулийн багш нар их хэрэглэдэг гэсэн шүү.

Saturday, May 18, 2013

Ус цас болчих юмсан

гэж боддог зүйлийн нэг шүү дээ. Өөр зөндөө л юманд ус цас болмоор байхын.
За энд хүүхдүүдэд зориулсан их олон англи хэлний ном байх юм. Хуйлж байгаад толгой руугаа хийчихвэл ч... гэж бодохын.
Японд хэлэнд гаднаас орж ирсэн зөндөө л үг байдаг юм. Ихэнхийг нь англи хэлнээс орж ирсэн гэж боддог байсан, үгүй юм.
Португал хэлнээс: パン(pão)、シャボン(sabão)、カルタ(karta)、ミイラ(mirra)、ボーロ(bolo)、カステラ(castelha)、ジャガイモ(төмс)
Хятад хэлнээс: ワンタン、チャンポン、ギョーザ、メンマ
Орос хэлнээс: ノルマ、カンパ、アジト、ペチカ、ピロシキ
Франц хэлнээс: ズボン、トリュフ、サボる、オードブル、ソテー、フォアグラ、アンコール、ピーマン、デッサン、シュークリーム
Голланд хэлнээс: ランドセル、ポンプ、ペンキ、スコップ、タラップ、レッテル
Испани хэлнээс: プラザ、カスタネット、ポンチョ
Герман хэлнээс: メルヘン、ゲレンデ、ワッペン、ヨード、ノイローゼ
гэх мэтчилэн.Орчуулж бичих гэсэн залхуу хүрэв, залхуу ч гэж дээ, бага зулзага тоглоё гээд чирээд байна аа. Хэ хэ.
Эдний Марүко хүүхэлдэйн кино байдаг юм. Тэрийгээ бас над шиг англи хэл сургах гээд үзчихжээ гээд байхгүй юу ккк
Ажил дээр иймэрхүү хүүхдэд зориулсан номнууд ихтэй. Хүүхдийн англи хэлний номон дээрх үгнүүдийг цээжлэхээр сэтгэл шулуудаад сууж байгаа нь энэ. Тэгвэл хэцүү гэж шантрахгүй, бас том зулзагатайгаа нийлж сурахад хялбар байж магад.
Нээрээ энд бага сургуулийн 5 дугаар ангиас нь англи хэл орж эхэлж байгаа. Гэхдээ бөмбөгдөөд байхгүй л байна. 7 хоногт ганц л удаа гэчив үү яав. Миний санаа бол сайн шахаад өгөөсэй л гэж бодоод байхын ккк. Айхтар улсууд цаанаа өөр юм бодож байгаа байхөө, тийм үү?

Friday, May 17, 2013

Хүүхдийн дуу үргэлжлэл 2

Энэ дууг сүүлийн үед их дуулж байгаа. Бодвол улирлын чанартай багш нар нь зааж өгдөг юм шиг байна лээ. Бас ажлаасаа зээлсэн нэг дуулдаг номон дээр байна лээ. Охин их дуртай дагаж дуулаад байсан. Дараа цалингаа буухаар авч  өгөхөөр шийдсэн. 

Багын минь

хэл яриа гүйцэгдэхээ байж байна шүү. Бас хөдөлгөөн нь...
  • Цэцэрлэгтээ явахгүй дэлгүүр явна гэдэг болсон. 
  • Дэлгүүрт орохдоо сагс, тороо сайн шалгаж байхгүй бол хээв нэг өөрийн гар хүрсэн газраасаа гоё цаастай, хайрцагтай зүйл аваад хийчихдэг болсон.
  • Дэлгүүрээс гарахдаа их сайхан зантай хүн баярлалаа баярлалаа гээд л . 
  • Цэцэрлэг рүүгээ явах замд таардаг 4 ч автомат худалдааны ундааг харж " яасан гоё юм бэ, уухиймсаан" гэж хэсэг зогсоно. 
  • Юм л бол ияда иаяда-үгүй, больёо гэдэг үг хэлдэг болсон. Ангидаа бас тэгдэг гэнэ. Тахилыг нь буруу өргөчихвөл л ияда ияда гэдэг гэнээ. 
  • Маамуу нааш ир-ийг дуулдаг ном гэлтгүйгээр ганцаараа дуулдаг болсон. Мэдээж зарим нэг үг нь дутуу дулимаг.  Жишээ нь номоо момоо тавьяа- ногоон модоо тарьяа гэж байгаам. Ном сонин уншъяа-гэдэг хэсэг дээр 2 гараа нээх хөөрхөн нүүрэн дээрээ авчраад толгойгоо хоёр тийш нь хөдөлгөж ном уншиж буй үйлдэл хийнэ. 
  • Аниагийнхаа хичээл номыг үймүүлнэ. Даалгавраа хийх гээд суухад нь хажууд нь очиж зэрэгцэж сууна. Төгөлдөр хуураа дарахад нь бас хажууд нь саад болно. 
гэх мэтчилэн 2 нас 2 сартай үеийх нь үйлдэл... Сайн бичиж байхгүй бол мартчих гээд байх юм. Найзын минь хэлснээр хүүхдийн хамгийн хөөрхөн эгдүүтэй үе нь одоо.

Thursday, May 16, 2013

Эрлийзийн тухай 2

Дуусчлаа уншаад...
Уг номонд удамшил гень талаас нь биш, нийгэмд тохиолддог бэрхшээлүүдээс нь дурдсан байна. 
Нийгэмд тулгардаг олон асуудал байдаг юм байна шдээ хөөрхийс. Хэ хэ.
Хүмүүст энгийн санагддаг хэрнээ эрлийзүүдийн сэтгэл санаанд айхтар нөлөөлж байдаг зүйл их байдаг юм байна.  Ганц жишээ дурдахад л
Ижимэ: Дээрэлхэх үзэгдэл японд төгс утгаараа оршдог. Гайжин, гайжин буюу гадаад хүн, гадны хүн гэж ирээд л бөөрөлхдөг гэнэ. Манайхан хужаа хужаа гэдэг шиг л. Хөөе гадны хөөн, хариач, японд юугаа хийгээд байгаам гэдэг ч юм уу? Гайжин өмхий, заваан гэдэг ч юм уу? Ээж чинь тийм, аав чинь тийм ч гэх юм уу?  Харин ээж аавууд нь манай хүүхэд эрлийз юм чинь хөөрхөн, англи хэл мэддэг тэгж дээрэлхүүлэх ёсгүй гээд тоохгүй, мэддэггүй байх тохиолдол байдаг гэнэ.
Ижимэ ер нь ганц эрлийз хүүдэд ч биш гадаад орны хүүхдүүд ч их тохиолддог юм билээ. Миний санаа зовж л явдаг асуудлын нэг. Охид минь дээрэлхүүлж байгаа болов уу, түүнийгээ нуугаад байх вий дээ гээд л.
Япончуудын боловсролын системд л асуудал байна гэж ярьдаг л юм. Үнэний ч ортой. Бүгд л нэг хэвийн ижил байх ёстой, бусдаас ялгарах ёсгүй гэж заагаад сургаад хүмүүжүүлчихээр өөрсдөөс нь яльгүй өөр л байвал ингэж олноороо нийлж бөөрөлхөх, дээрэлхэх үзэгдэл гараад байгаам шиг санагддаг л юм. За за дэмий хадуураад бурж өгч байна.
Мөн нөгөө нэг эх орондоо байхдаа бас л бөөрөлхүүлнэ. Хөөе зураасан нүдтэй хужаа минь ээ гэж дуудуулдаг гэнэ. Америк болон европт ази л хүн бол хужаа гэж ялгаварладаг гэнэ.
Англи хэлэнд ус цас л биз дээ? гэж их асуудаг гэнэ. Яахав ярьдаг хүн байдаг ч огт мэддэггүй хүн байдаг гэнэ. Учир нь япон төрж өссөн. Тэр бүр англи хэл үзээд байх боломж гараагүй ч гэдэг юм уу.
Ер нь нийтэд түгсэн ойлголт нь заавал тийм байх ёстой биш шүү гэсэн санааг л гаргах гэсэн байна.Та нарын бодоод байдаг шиг нь ч бий, тэс ондоо нь ч бий шүү гэнэ. Тэр ч мэдээжл дээ.
Өөр зөндөө л асуудал хөндөж бичсэн байсан. Зарим нь бид мэтийн гадаадуудад ч тохиолддог асуудал байсан...



Monday, May 13, 2013

Даргын ажил 1

Яагаав дарга болсон гэж байсан даа. Ганц нэг найзууд сонсчихоод монгол буцаад, хороонд ажилд орчихож, карьер хөөгөөд алга болж гэж ойлгосон гэсэн шүү хаха. Ерөөл бат оршиг.
Саяын бүтэн сайнд өглөө  8 цагаас гадаах цэцэрлэгтээ цуглав. Бага сургуулийн 3 дугаар ангиас дээш ангийн хүүхдүүд, ганц нэг эцэг эхчүүд. Яасэн гэхээр хог цуглуулах гэж. Энд хогоо ангилж хаядаг. Шатдаг, шатдаггүй, том оврын, сонингийн цаас, цаасан хайрцаг, лааз, шил, хуванцар сав  гэх мэтээр.  Мөн хог ачих өдөр нь хуваарьтай, манайхан шиг дүүрэнгүүт нь гаргаад хаячихгүй. Хог ачих өдөр хүртэл, гэрийн хог дүүрсэн ч гэртээ л байлгана шүү дээ. Зун жаахан хэцүү, ялаа шаваад.
Энэ удаад сонин, цаасан хайрцаг, лааз гэсэн хог хаях өдөр нь байж таараад. Үүнд нь хорооны хүүхдүүд дайчлагдана. Хог хаях цэг нь цэцэрлэгийн хашааны гадна. Ойрхон гэртэй хүмүүс нь хогны цэгт авчраад хаячихдаг юм байна. Жаахан зайтай хүмүүс нь гэрийнхээ үүдэнд гаргаад тавьчихдаг юм байна. Тэрхүү үүдэндээ гаргасан хогийг нь дээр дурдсан хүүхдүүд, бидний хэдэн эцэг эхчүүд цуглуулж хогны цэгтээ авчирав.
Хогоо цуглуулж дуусахаар оролцсон хүүхэд бүрт ундаа өгч байсан. Тэрнийг худалдаж авах үүргийг санхүү хариуцсан цэрэг гүйцэтгэсэн. Хэ хэ
Ингээд хүүхдүүд тарж, албан үүрэг хариуцаж авсан дарга цэргийн хэдэн нөхөд үлдэж, хогны машин иртэл хүлээсэн. Эхлээд сонин ачих машин нь ирсэн. Харин цаасан хайрцгийг ачих нь бүр өдөр ирдэг тул хүлээх шаардлагагүй гэсэн. 

За ажлын тайлан нэг иймэрхүү.
Өө тийм, 5 дахь өдөр нь нэг хурал болсон. Тэр хурлын талаар дараа бичье.

Sunday, May 12, 2013

Аялалын сонин 3

Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэсэн шиг хаа ч явсан цэцэг цэцэг бас дахин цэцэг шүү дээ. Цэцэг таарахгүй бол дотроо дурамжхан энэ тэр хэхэ. Ажигласнаар бол муж болгон цэцгийн хүрээлэнтэй. Газар нутгийнхаа онцлогт тохируулаад тарих цэцгээ жилийн 4 улирлаар нь сонгоод байна. Аялал жуулчлалых нь бас л томоохон зэвсэг. Яаж жуулчдыг татах уу?  Юугаар нь онцлог байлгах уу гээд л их л ухаанаа уралдуулдаг юм шиг байгаан. Угаасаа муж бүр нь цэцгийн хүрээлэнтэй учраас хоорондоо өрсөлдөж, ухаанаа зарахгүй бол жуулчдыг татахгүй л дээ. Тэгэхэд манайд бүхэл бүтэн улс байж ганц ч цэцгийн хүрээлэн байхгүй... Байдаг бол хэлээрэй, хүмүүст ч пр хийе.

Заавал хүрээлэн энэ тэр гэхгүй гудамжиндаа хүртэл гоё гоё цэцэг тарьчих юм. Алхаж яваа бидэнд сэтгэл хүртэл сэргээд сайхан гэж юүхэв. Хөтлөлцөөд л алхаад баймаар.