Tuesday, December 09, 2014

Мөрөөдөх чухал

"Сэтгэлд хүрэх таван бяцхан хүүрнэл" гэдэг ёстой хөөрхөн ном санаандгүй уншаад.
15 минутанд л уншаад дуусна. Мөн сэтгэлд ёстой хүрсэн, бодит тохиолдлууд байсан.
Эхнийх нь одоо америк улсад мэргэжлийн бейсболд тоглодог Ичирогийн бага сургуулийнхаа 6-р ангид бичсэн зохион бичлэг байлаа. 12 настай юм уу даа тухайн үедээ. " Би 3 настайгаасаа бейсбол тоглож эхэлсэн. Жилийн 365 хоногийн 360 хоногт нь бэлтгэл хийдэг. Найзуудтайгаа тоглох зав маш бага байдаг. Тэгэхээр би алдартай багт тамирчин болж орох нь тодорхой. Мэргэжлийн тамирчин болоод америкт тоглоод их мөнгөтэй болоод намайг дэмжиж тусалсан бүх хүмүүстээ тоглолтынхоо билетийг өгнө" гэж бичсэн байх юм. Ёстой мундаг.

Нэгэн багш 5-р анги дааж авч. Сурлагадаа тааруухан нэг банди байж. Нэгэн өдөр хувийн хэрэгтэй нь танилцаж байгаад нүдэндээ итгэсэнгүй, нэр усыг нь дахин дахин нягталснаа уншиж гэнэ.
1-р анги: Сурлагадаа сайн. Идэвхитэй, хөгжилтэй.
2-р анги: Ээжийнх нь бие муудаад сурлага нь бага зэрэг муудсан.
3-р анги: Ээжийнх нь бие бүр дордоод, таалал төгссөн.
4-р анги: Аав нь архи уудаг болж, хүүхдүүддээ гар хүрдэг болсон.
гэж бичсэн байж. Багш үүнийг уншаад зүрх рүү нь зүүгээр хатгах шиг л болж өөрийгөө үзэн ядна. Учир нь багш хүүг харахаас нүд нь хорсдог байсан гэхэд бараг л хилсдэхгүй. Маргаашнаас нь багш хүүг дуудаж уулзаад
-Өнөөдөр багш нь жаахан сууна. Цуг сууж хичээлээ хийх үү. Ойлгохгүй зүйл байвал багшаасаа асуугаарай.
-За.
Ингэж багш шавь хоёр оройд суруульдаа үлдэж хичээлээ давтдаг болоод хэсэг хугацаа өнгөрсний дараа хүү багшдаа нэг жижигхээн хайрцагтай зүйл бэлэглэнэ. Багш түүнийг онгойлгож үзэхэд бараг хоосон шахуу үнэртэй усны сав гарч ирнэ. Багш хүүгийн гэрт очно. Хүү хаалгаа тайлснаа багшыгаа тэвэрч авна.
-Ээжийн минь үнэр, Өнөөдрийн Крисмас баяр миний хувьд мартагдашгүй сайхан баяр байлаа, баярлалаа багшаа.
Хүүг 6-р ангид ороход өөр багш дааж авав.
Нэг жилийн дараа багшид захиа ирнэ. 6-р ангиа төгсөж байгаа тухайгаа бичсэн байна. 6 жилийн дараа ахлах сургуулиа төгсөж буй тухайгаа, нэлээд хэдэн жилийн дараа тэтгэлгээр их сургууль төгссөнөө, мөн хэдэн жилийн дараа эмч болсноо бичсэн захидал хүүгээс ирнэ. Тэрний дараахан дахин нэг захиа ирсэнээ гэрлэх гэж байгаагаа бичээд, "Би тантай таарсныгаа маш их азтайд тооцдог. Хэрэв би тантай учраагүй бол, 5-р ангид та манай ангийг дааж аваагүй бол би өдийд ямар хүн байх байсныгаа төсөөлөхөд бэрх. Та миний хуриман дээр ээжийн суудалд сууна уу" гэж бичсэн байна.
Жич: Японд жил бүр анги дааж авсан багш солигддог. Мөн сурагчид ч хоорондоо солигддог болно.

гэх мэтчилэн бодит түүхэн хүмүүсийн бага насны амьдралын нэгээхэн хэсгийг түүж бичсэн байсан.
Бусад 3-ыг нь дараа энэ номыг түр зээлэхдээ бичихийг бодноо.

2 comments:

би said...

Маш их баярлалаа, уншхад маш сайхан байлаа

byambaa said...

баярлалаа.