Tuesday, August 04, 2015

Чөлөөт цагаа...

Энд чинь бага насны хүүхдийн чөлөөт цагийг аятайхан өнгөрөөчих газар их байх юм. Тэрэнд тодорхой хэмжээний төсөв ч гаргачих юм.
Тодорхой хэмжээний төлбөртэй газар ч байна. Гэхдээ тэнгэрт тулсан үнэтэй биш. Төлбөргүй газар ч байна.  

Амралтын өдөр амьдардаг мужийн маань амтат идээний нэг болох хавчны аквариум оров. Хажуугийн зурагт харагдаж буй дун болон далайн од зэргийг гараараа барьж үзэж болно. 10 тоолоод л усанд буцааж тавина.

Мөн долоо хоног бүр төрөл бүрийн арга хэмжээ зохионо. Энэ удаад загас хооллох байсан. Хүүхдүүд нээх хөөрхөн дугаарлаж зогсоод л ээлжээ ирэхээр бас өнөөх хооллох гэж байгаа загаснаасаа айчих бололтой. Тэгсэн хэрнээ сониуч зандаа хөтлөгдөөд хооллочих санаатай.

Бага зулзага бас хальт айдастай. Гараа олигтойхон сунгаад өгчихгүй, тэрүүхэндээ хоолыг нь шидсэн болоод өнгөрөв.

За хоёр дахь зурагт байгаа нь хавч. Япон тэнгис нь энэ хавчныхаа амттайгаараа алдартай. Өвөл болохоор их үнэтэй зарагдана. Худалч хүнд нэг хонины үнэтэй. Ирсэн монголчууд үнийг сонсоод л хонио идэж байсан минь дээр юм байна гэнэ. Хэ хэ.

Өөр зөндөө л загас жараахайнуудын танилцуулга байна. Тайлбар зэрэгтэйгээ. Хүүхдийн танин мэдэхүйд асар их ач холбогдолтой.

Тэгэхэд манайхан чинь найр наадамдаа л асар их хөрөнгө зарах юм. Энэ бүтэн сайнд чинь хотын даргын зохион байгуулах бас нэг наадам болох юм гэсэн. Хэдэн сая төгрөгний ч зардалтай гэнэв. Сонсоод ухаан алдахаа шахав. За тэгээд хэлэхээр шүүмжилсэн хэрэгт ороод, манай монголчууд чинь цаанаасаа наадаж байхаар заяасан, тэнгэрлэг ард түмэн бла бла гээд өөдөөсөө загнуулна. Чимээгүй л байхаас.
Чимээгүй байна гэчихээд эндээ биччихээр ямар хэрэг байна тэ.

Үнэндээ манай монголд чинь бага насны хүүхэд, өсвөр насны хүүхдүүдийн зуны амралтаа өнгөрөөчих аятайхан газар бий билүү. Яахав хэдэн зусланг нэрлэх байх л даа. Тэр нь гэхдээ хэтэрхий үнэтэй, эргээд тэнд танин мэдэх талаасаа, хөгжих талаасаа хэр бол? Архидаад, садар самуунаар дүүрэн байдаг шиг санагдсан. Нүүр номоор саяхан даа, хаанахын билээ нэг зуслан явах гэж байгаа билүү, яваад ирсэн ч билүү хүүхдүүдийн бичлэг яваад байсан. Аймаар аймаар.
Охин хүүхдийг бол зүглүүлэлтгүй.

За за нээх хөөрхөн зураг оруулснаа сонин зүйл биччихлээ. Гэхдээ л өөрийн эрхгүй харьцуулаад, эх оронд минь иймэрхүү зүйл байдаг бол гэж бодогдоод байдаг юм...

No comments:

Post a Comment