Tuesday, November 08, 2016

Хотын урлагийн наадам

Хотын хэмжээний урлагийн наадам болов. 10 сарын 31-нд. Энэ наадам гэхдээ цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүдийн хамтарсан урлагийн үзлэг маягийн зүйл.

Нийт 47 цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүд оролцсон. Үдээс өмнө л болоод өнгөрөв. Нэг номерыг 3 цэцэрлэг хамтдаа тоглодог юм билээ.

Жишээ нь бага зулзагын анги өөр хоёр цэцэрлэгийн хүүхдүүдтэй хамт тайзан дээр дуулсан.

Цагаан подволк, хар юм уу хар хөх өнгийн богино өмд, цагаан оймс, гутал бол энгийн л өдөр тутмын гутлаа л өмсөнө гэсэн болохоор бид наана нь ийм ч хувцас тийм ч хувцас гэж гүйсэнгүй. Их амар.

Яг тайзан дээр гарсан чинь хүзүүнд нь улаан банданаг нээх хөөрхөн донжийг нь олоод зүүгээд өгчихөж. Сүр ороод, хөөрхөн харагддаг юм билээ. Нөгөө хоёр цэцэрлэгийн хүүхдүүд нэг нь ногоон өнгийн, нөгөөх нь цэнхэр өнгийн банданагаар ижилсүүлсэн байв.

Эд нарын ийм их энгийн зүйлээр гоёод, энгийн байж чадаад байдагт дуртай гэж юүхэв би. Яг юунд мөнгөө үрэх ёстойг мэддэгт, тэгж үрж чаддаг нь бас гайхмаар, бишэрмээр, суралцмаар.

За тэгээд бусад цэцэрлэгүүд гурав гурваараа тайзан дээр тус тус бэлдсэн бүжиг, ардын бүжиг, дуу гэх мэт танилцуулсан.

Хүүхдүүд тайзан дээр гарах бэлтгэлээ хийж байх хооронд багш нар бас урлагийн номер үзүүлдэг юм байна. Энгийн хувцастай л гарч ирээд дуулна, ардын бүжгээ харин тусгай бүжгийн хувцсаа өмссөн байсан.

Машины зогсоол, хүүхдийнхээ тоглолтыг үзэхээр ирсэн эмээ өвөө, ээж аав, ах эгч нарыг суудалд нь газарчлах гэх мэт ажлыг багш нар гүйцэтгэнэ. Бүгд цагаан цамц, подволкоор ижилссэн байсан.

Хүүхдүүдийн үзүүлбэр дуусахаар ээж аавд нь хүлээлгээд өгчихнө. Үргэлжлүүлээд хүүхдүүдтэйгээ хамт үзэж болно, харьж болно чөлөөтэй юм билээ.

Бид нэгэнт ирсэн юм чинь гээд ганц нэг үзүүлбэр үзсэн. Түрүү жил бага зулзагын ангийн багш байсан, цагийн сайханд харж явсан эрэгтэй багш нь багш нарын хоор дууны бүрэлдэхүүнд явж байсан. Аппаратаараа татаж ирээд л бага зулзага бид хоёр жаал харж баясав. Хэ хэ.

Том зулзага бас цэцэрлэгт байхдаа бүжиглэсэн юм байна лээ. Нэг тийм үндэснийх нь бүжиг гээд. Тухайн үед блог бичдэг байлуу яалаа, блог хөтөлдөг байсан бол зоолттой эндээ бичсэн л байх ёстой доо тэ. Хайх гэснээ залхуу хүрэв.

За энэ урлагийн наадам бүтэн сайн өдөр болсон нь их юм, маргааш ажлын өдөр том зулзагын сургуулийн урлагийн үзлэг. Би нь ажлаасаа чөлөө авчихсан. Бүтэн өдрийн арга хэмжээ болно. За энэ тухай тусад нь бичнэ ээ.

Гэх мэтчилэн олон л арга хэмжээнд оролцож, үзэж харж 11 сарыг үдэх янзтай. Өөртөө амжилт, та бүхэндээ амжилт...

No comments:

Post a Comment