Thursday, November 10, 2016

Эрч хүч авав

За өнөөдрөөс эхлээд ажлаа умалзуулаад өгнө өө.

Яасан гэхээр морин хуурын тоглолт үзээд ээ. Сэтгэл нэг тийм үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан болоод сэргээд ирдэг юм.

Дан ганц морин хуурын тоглолт биш, чуулга гэдэг утгаараа юм юм л байлаа. Ятга, их хуур, дунд хуур, эвэр бүрээ, бөмбөр гэх мэт.

Би сонсгол муутай ч хоёр зулзагынхаа ачаар урлагийн мэдрэмж минь дээшлэх янзтай байгаа шүү. Хэ хэ

Тараад монгол хүмүүстэйгээ дурсгалын зураг татуулж чадсангүй. Зохион байгуулж байгаа хүмүүс нь тийм үйлчилгээ үзүүлсэнгүй бидэнд.

40-д монгол урлагийн хүмүүс байсан. Бүгд гарч ирж зогсох нь хаашаа юм, дөрөв таван хүн дээлтэйгээ гарч ирээд зогссон бол сайхан байх байлаа.

Цагаан дээл гоё санагдсан. Бас энэ урлагийнхан өмсөөд байдаг цагаан ээтэн гуталтай болох юмсан гэж мөрөөдөв.

Шарав, Жанцанноров гээд л мундаг хүмүүсийн аяуудыг сонслоо. Алтайн магтаалаа сонслоо. Энэ Алтайн магтаалыг сонсохоор олон жилийн өмнөх ажлын минь нэгээхэн дүр зураг нүдний өмнүүр жирэлзэж өнгөрдөг юм.

Энэ зураг дээрх эмэгтэй, тэрний доор гарсан байгаа эрэгтэй хоёр нь дуурийн дуучин юм байна. Их л олон цол гуншинтай юм билээ. Дуурийн дуу дуулсан.

Хамгийн доор зураг нь гарсан дуучин монгол ардын дуу дуулсан.

Тэр дээр зураг нь байгаа нөхөр бол удирдаач Төвшинсайхан гэсэн.

Бас үзэгчид дотор анхны ерөнхийлөгч Очирбат гэргийн хамт сууж байсан. Хөтлөгч танилцуулж, анхны ерөнхийлөгч суудал дээрээ босч мэндчилэн, цугласан олон алга ташив.

Том зулзага хувьсгалын ажилтай байсан тул үзээгүй. Бага зулзагаа сургуулийн сурагч гэж хэлээд билет авч орсон. Учи нь сургуулийн өмнөх насны хүүхэд уйлж дуулаад байдаг тул, бас нэг шалтгаан нь жаахан хүүхэд оройн цагаар олон нийтийн хөл ихтэй газраар хамаагүй явж болохгүй.

Бага зулзагатаа 6 настай, 1-р анги гэж үг зааж зааж өгсөн. Хэ хэ. Нэг инээдтэй нь тоглолт дуусаад, миний нэг танил хэдтэй билээ гэж асуусан чинь юу гэж хэлэх билээ? гээд ээж рүүгээ хараад байсан.
-Одоо үнэнээ хэлж болно оо, үр минь.
-За.

Тоглолт дууссаны дараагаар монголчуудыгаа гарч ирэх болов уу гэж жаахан харж  байгаад гарч ирэхгүй болохоор нь урд нь цаг болзоод оройн хоол хамтдаа иднэ гэж төлөвлөсөн хүмүүстэйгээ явж хоол идэж шар айраг шимэв.

2 цаг гаран явж гэртээ харих замдаа бага зулзага бид хоёр тас үсэрсэн байлаа гэж.

Тоглолт сайхан болсон, гурав ч дахиулсан.

2 comments:

  1. гоё юм үзэж дээ. Хүүхдэд буруу юм зааж өгөөд байна уу гүй юу кккк

    ReplyDelete
  2. hehe. haaya neg tiim yum bh. tegehgui bol neeh henheg yum garchuul bas hetsuu shde. uyan hatan bh heregtei, odoo tsag ued. kkkk

    ReplyDelete