Sunday, November 27, 2016

Намрын баяр

Японд байдаг хүмүүс бүгд мэднэ дээ. Жил бүрийн хавар Токио хотод хаврын баяр гэж болдгийг.

Би нэг ч удаа очиж үзэж байгаагүй. Учир нь манайхаас хол. Ихээ зардал гаргаад идэж уух гэж явж төвдөхгүй л байгаад байдаг хэрэг.

Харин саяхнаас Осака хотод намрын баяр гэж зохиодог болсон юм. Зайны хувьд гайгүй л дээ.

Уг баяруудын гол зорилго бол япон хүмүүст эх орноо сурталчлах.

Энэ жил их л зориг гарган байж очиж үзэхээр болсон юм. Угтаа энд байдаг нэгэн монгол гэр бүлийнхэн хамтдаа явах уу? Хурдны замын төлбөр, бинзений мөнгөө хувааж төлөөд гэж санал гаргасан юм.

Тэгсэн жаахан хүүхэдтай айл, явж чадахгүй гэдгээ хэлээд, бид явах уу? болих уу? гэж эргэлзэж эргэлзэж явахаар болсон.

Бас ч зүгээргүй, олон жил уулзаагүй Осака хотод амьдардаг япон танилаа уруу татсан. Угаасаа ч баярын зорилго нь япон хүмүүст эх орноо сурталчлах юм чинь.

Арга хэмжээ бүтэн сайнд, бид хагас сайны орой гэрээсээ гарсан. Бүгд хагас сайнд албаа дуусгаад л догдолсон хүмүүс гараад давхилаа. Хаа очиж Осака хот нэлээд ойртсон байна, манайхаас. Тэр нь бид нүүж ойртсон гэсэн үг биш шүү. Зам нь сайжраад, хурдны зам хүрээгээ тэлсэн гэсэн үг.

За тэгээд 10-д жил уулзаагүй хөгшидтэй уулзаад, шөнө дөл болтол уув. Монгол явсан тухайгаа, биднийг том зулзагаа жаахан байхад гэрт нь ирж байсан тухай, ирээд удаагүй байсан том зулзага минь японы идэж уух зүйлд дасаагүй, хэл ус нь зүгшрээгүй байсан тухай гээд л өчигдөр юм шиг л тодхон гэж ярих юм.

Тэгсэн бид тийм ч сайн санадаггүй ээ. Хэ хэ. Хүний газар ахуй амьдралаа бодоод, их л олон зүйлд санаа зовоод, хичээгээд гэх мэтээр зүтгэж яваад мартчихсан байна гэж өөрсдийгөө зөвтгөөд л дуусах шив.

Шөнө орой болтол ууж, ярьж суусан бид өглөө аажуу уужуу боссон. Баярынхаа нээлтийг үзээгүй. Консул нээж үг хэлсэн байх, сонсож амжаагүй.

Японы нийт нутгаар шахуу бороотой. Намрын баяр тухайн болно гэж байсан хүрээлэнгийнхээ теннисний төвийн байранд болсон. Нарийнхан урт коридорт. Ямар олон монголчууд байдаг юм бэ энэ японд чинь. Хэ хэ. Бид эндээ хэдхээн хүн харсаар байгаад дасчихсан байна лээ. Олон элэг нэгттэйгээ таарсан чинь жаахан ичих ч шиг. Ккк

Монголоороо мэндчилэх үү? япон хэлээр мэндчилэх үү? Тухайн үедээ бас тэрүүхэн тэндээ хэл ам эвлэж өгөхгүй л байсан.

За тэгээд олон ч таньдаг хүмүүстэйгээ таарлаа. Хүүе хаая болоод л уузлалдав. Шинээр сайхан сайхан хүмүүстэй ч танилцав. Ирж очихоор болцгоов.

Тэнгэр хангай хуртай байсан тул хүмүүс бага цугласан байх. Монголтой ямар нэгэн байдлаар холбоотой байдаг, сэтгэл зүрхээрээ сонирхдог япон хүмүүс ирсэн байсан. Тэгээд л монголчууд их ирсэн байв.

Зарим нэг танил маань шамбааралдаад жаахан тийм байлаа тэ? гэсэн. Би хариуд нь
-Хүүе, ингэж шамбааралдсаныхаа ачаар чи бид төөрсөөр төрөлдөө гэгчээр таараад байна. Тэгээгүй гадаа болсон бол бие биенийгээ олж уулзаж чадахгүй, шинэ танилтайгаа ч учрахгүй шдэ.
-Нээрээ тийм шүү.

Цуг дагуулж ирсэн хоёр хөгшнөө өөрсдийгөө саатуулж байгаарай, гээд бид өөрсдийгөө баярлуулаад алга болж өгсөн. Хэ хэ. Баярын үеэр зарагдаж буй монгол бараануудаас тэднийг бас аваарай гэж шахаад л. Хэ хэ.

Өөрсдөө бас ганц нэг худалдаа хийсэн. Дараагийн бичлэгт хийсэн худалдаагаа танилцуулна аа.

Миний хувийн бодол монгол бараа борлуулах лангуу  ихтэй байлаа. Яг тийм эх орноо сурталчлах булан жаахан бага санагдсан. Бууз хуушуур боорцог зарж байсан нь дорхноо дуусчихаад байсан. Өвөр монголчууд хийж зарж байсан байхаа. Хэлэхээ мартаж, өвөр монголчууд бас зөндөө ирсэн байсан. Шөлтэй хоол бас байсан.

Үнэнийг хэлэхэд боорцог миний хийж зардгийг гүйцээгүй. За хийсэн хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж байна аа, олон тоотой хийхээр бас хэцүү л дээ, ойлгоод байгаам.

Хуушуур нэг тийм жижигхээн хөөрхөн хэлбэртэй, бас хуушуур хийж зарах бол ийм жижиг хийвэл олныг шараад орлого сайтай байх юм байна гэж бодсон. Зүгээр явахгүй шүү дээ би чинь. Ямар нэгэн санаа оноо олж харахыг л хичээнэ. Ккк

Консулын үнэгүй зөвлөгөө өгнө гэж байсан. Санасандаа хүртэл зөвлөгөө авч чадаагүй, миний асуултанд маш муу хариулсан. Консулын үнэгүй   зөвлөгөө өгнө гэж байсан хэрнээ ямар ч танилцуулах гарын авлага байхгүй.

Миний бодлоор бол нийтлэг гардаг асуултанд бэлдээд, эд нэг тийм хавтсанд хийсэн материал гаргаж ирээд л танилцуулдаг даа тэрэн шиг бүрдүүлэх ёстой баримтуудын жагсаалтыг хэвлээд бэлдээд, түүнийхээ дагуу иргэддээ зөвлөгөө өгдөг бол тэ. Цав цагаан цаас нэгийг гаргаж ирж тавиад хүүхдийн гэж ганц үг бичсэнээ, ээрч муурч нөгөө юу гэж хариулаад л болоо.

Консулын цахим хуудсанд нь дэлгэрэнгүй тайлбар байдаггүй болохоор л дэлгэрүүлж асуух гэсэн хэрэг л дээ. Бараг би өөрөө энд тэндээс асууж судласныхаа ачаар дэлгэрэнгүй мэдээд байх шиг байсан шүү.

За бас нэг ажигласан зүйл, соёлын ялгаа?

Энд иймэрхүү арга хэмжээнд хотын дарга гэх мэт томчууд нь лангуу болгон дээр очоод бөхөлзөөд, амжилт хүсээд л явдаг юм билээ. Нэлээд хэдэн жилийн өмнө, хотын дарга хуушуурнаас минь ирж аваад амттайг нь гайхаж бөхийж байсан юм. Энд томрох тусам хөнгөн шингэн байх ёстой гэж үздэг шиг билээ.

Харин манайхны томчууд гэрийн хойморт суучихаад суудлаасаа нэг ч өндийдөггүй. Иргэд нь л хөөрхийс өөрсдөө явж очиж мэнд мэдэж байсан. Хань ижил хөөрөгтэйгөө явсан болохоор тамхилж харагдсан. Монголд томрох тусмаа лагс болох ёстой гэж үздэг?

За за гэхдээ л эх хэлээрээ шаагилдсан зугаатай өдөр байлаа. Дээл хантаазаар гоёсон багачууд хөөрхөн гэж. Бага зулзага бас дээлтэй явсан. Эхэндээ ичээд гадуурх хувцсаа тайлахгүй л байсан болохоос.

2 comments:

Ariuka said...

irsen yumuu, bi bas baisanshdee. medsen bol uulzaj taniltsahgui yu, goyo blog bichdeg huntei

byambaa said...

тийм үү? хоорондоо хэл авалцдаг байж дээ тэ.

нээрээ бас миний блогийг мэддэг хүнтэй танилцсан шд. аягүй мундаг гэдэг тодотголтой, би жаахан санаа зовоостой. жирийн л нэгэн шүү.