Tuesday, May 16, 2017

Ном ба сайн дурынхан

За энэ тав дугаар сард номоо уншиж дуусгах сарын аян зохиохоор шийдсэн.

Японд уншихгүй байж ном цуглуулж өрж тавьдаг цүндокү гэж хэллэг байдаг юм. Би энэ хэллэгт яг тохироод байна.

Уншиж эхлээ ч үгүй байж монголоос ном захиад, хань ижилдээ загнуулаад байна. Хэ хэ.

Гэрт байгаа номыг болохоор "за яахав, байж л байх юм чинь, номын сангийн номыг л түрүүлж уншиж дуусгах минь." гэж номын сан ороод л, өөрийн мэдэлгүй дахиад л зээлчихээд, гэдэг үйлдэл давтагдаад.

Сая уншиж дуусгасан ном хөөрхөн, гол нь хөнгөхөн. Сайн дурын үйл ажиллагаанд оролцож, өөрийн ертөнцийг харах үзлээ өөрчилсөн таван бүсгүйн тухай. Тухай ч гэж дээ, хувийн амьдралынх нь тухай биш, хэрхэн яаж яваад сайн дурын үйл ажиллагаанд яваад орчихсон? ямар улсад сайн дурын ажилтнаар очсон? тухай нь товч бөгөөд тодорхой хүүрнэн ярилцсан ном.

Бүгд л миний үеийн, ганц нэг эгч, ганц нэг дүү хүүхнүүд. Оюутан байхдаа, цагийн ажил хийж мөнгөө цуглуулаад, гадагшаа явж галуу шувууны мах идэж, юм үзэж нүд тайлах хүсэл мөрөөдөлтэй байсан.

Хүсэлдээ хөтлөгдөн Азийн буурай хөгжилтэй оронд, ганц нэг хөгжинүй оронд очсон.

Аль 2004 онд хэвлэгдсэн ном гэхээр амласан үеийнх. Одоо тэр буурай орнууд нь хөгжөөд, өөрчлөгдсөн байх тэ.

Монгол гэж гарсангүй. Хэ хэ. Иймэрхүү номд эх орны минь тухай гарч уу? гараасай гэж битүүхэндээ хүснэ ээ. Яаж зүгээр байхав.

Үсэгний хэмжээ хэт жижиг биш, үгийн сонголт хүнд биш тул нэг их удаан уншсангүй. Дорхноо л дуусчихлаа.

Хөгжингүй орны оюутан залууст боломж их байх юм тэ. Монголд ч сүүлийн үед манийхтай харьцуулахад асар их боломж байгаад л байх юм тэ. Зөв ашиглаж чадвал.

Тээр жил оюутан байхдаа скаутын нэг цуглаанд сайн дураараа оролцож билээ. Хүүхдийн зуслан ч явж үзээгүй надад маш содон, хөгжөөнтэй, шинэлэг зүйл байж билээ. Тэрүүхэндээ хөөрхөн дурлалын романстай. Хэ хэ.

Галын наадам дээр дурлахдаа гарамгай охидууд дурлалт залуутайгаа бүжиглэх тактик зохиож мохиогоод л. Хэ хэ.

Сүүлийн үед энэ нүүр ном дээр цацагдсэн шиг хагас шалдан охин нэг бандитай учиргүй үнсэлцээд зогсоод байсан шиг, бас хэдэн хөвгүүд согтуу хэрэлдээд байгаа шиг энэ тэр зүйл болдоггүй л байж. Эсвэл би тэрнээс нь хол явсан юм болов уу?

Гэхдээ 8 дугаар ангиа төгсөхөд бас их инээдэмтэй зүйл болж билээ, хааяа бодохоор инээд хүрээд байдаг юм. Та нарт бас тийм хөгтэй зүйл байдаг л биз дээ?

Оюутан залуустаа хандаж хэлэхэд залуу насандаа хөгжиж цэнгэлгүй л яахав? Гол нь зөв, ариун байх. Мөн нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд идэвхитэй оролцоорой гэж хэдэн оймс илүү элээж байгаагынх сургааль айлдчихая. Хи хи.

Бүгдэд нь амжилт хүсье...

No comments:

Post a Comment