Friday, May 26, 2017

Бага сургуулийн сонин хачингаас

Мартаагүй дээрээ бичих гээд...

1. Бичих гэрийн даалгавар өгч эхэлсэн. Хирагана үсгээ нэг нэгээр нь бичүүлж байна. Багахан зулзага минь гялс мялс биччихээд л нэг бол гадаа тоглох, нэг бол зурагт үзэх гэж зүтгээд. Гадаа тоглох нь ч яахав, 200 хувь санал нийлээд бараг л хөөж гаргаад байгаа.

Сургуульд орсноор ойр хавийнхаа нэг сургуулийнхаа хүүхдүүдтэй танилцаад, ганцаараа орж гараад гүйдэг болсон. Ээжид мөн ч амар байна. Тэр хоолонд хоолоо хийнэ, нэг бол хэсэг амарна.

2. Сургууль дээр нь нийт сурагчдыг хамарсан эрүүл мэндийн үзлэг явагдсан. Дунд сургуульд бас адил. Саяхан зүрхний бичлэг хийсэн үзлэг нь хэвийн гэж гарсан. Шүдний үзлэг, харааны үзлэг, мөн шээсний шинжилгээ авсан. Гэр гэрт нь жижигхээн тусгай сав өгч явуулаад өглөөнийх нь шээсийг хийж авчрана.

3. Сургуулийнхаа номын сангаас ном зээлж эхэлсэн. Эртээд гурван ном зээлж ирсэн. Гэрийн ном улам л хөглөрөх шинжтэй. Одоогоор 5 номын сангаас зээлж ирсэн ном гэрээр нэг хөглөрөөстэй. Дунд сургуулийн, бага сургуулийн, хотын, мужийн, манай ажлын гээд таван номын сан.

Нэг удаад зээлэхдээ 3 ном зээлдэг юм байна, нэг дүгээр ангийнхан. Баасан гараг бүр зээлсэн номоо хийх уутаа авч яваад, өдөр нь номоо зээлээд авчрана. Даваа гарагт буцаана.

4. Ямар нэг арга хэмжээ зохиосны дараагаар тэр талаараа хүүхэд бүрийн гэрт зураг бүхий цаас хүргүүлнэ. Саяхан тамирын өдөрлөгийн тухай бичсэн нэг нүүр цаас ирсэн. Сурагчид бүгд маш идэвхитэй сайн оролцсон энэ тэр гээд л.

Гэснээс тамирын өдөрлөг дууссаны маргааш нь хичээл ороход багш нь ингэж асуусан гэсэн сурагчдаасаа.
-Тамирынхаа өдөрлөгт мундаг оролцсон гэж гэрийнхэндээ магтуулсан хүүхэд гараа өргөөрэй.
-Би, би, би...

Багахан зулзага гараа өргөсөн гэсэн. Хэ хэ. Угаасаа буухиа гүйлтэнд дөрвүүлээ гүйсэн чинь түрээлээд. Нүдэндээ ч итгэсэнгүй ээж бол. Хи хи. Турьхаан юм байгаа юм. Биеийн тамир буюу хөдөлгөөндөө жаахан тааруу... Харин зурах, хайчлах, наах, будах, нугалах гэх мэт зүйлд бол дуртай л даа. Үүнийг нь хөгжүүлэнгээ, бага зэрэг гүйж харайх гээд биеийн тамиртай найзлуулчих юмсан.

Гэхдээ энд бага дунд сургуулийн биеийн тамир гэж маш идэвхитэй, маш эрчимтэй явагддаг. Учир нь бие хаа эрүүл саруул байж хүүхэд сурлагадаа шамдана, хичээнэ, сурах тэмүүлэлтэй байна гэж ярьдаг, бичдэг улс.

Саяхан болсон нээлттэй хичээл дээр ч захирал багш нь энэ тухай маш тодорхой ярьж хэлж ярьж өгсөн.

Ямар сайндаа шинэхэн шавь минь
-Монголд би биеийн тамирын хичээлд хамгийн дуртай байсан чинь энд ирээд биеийн тамирын хичээлд үнэн дургүй болж байна аа, гүйлгээд байна гүйлгээд л байна.
гэсэн.

5. Удахгүй бассейных нь хичээл эхлэнэ. Усны хувцасны захиалга явагдсан. Бид эгчийнх нь өмсөж байсан усных нь хувцсыг өмсүүлж үзсэн болж байна лээ. Хэ хэ. Энэ ээж үнэн танхай ээж байна уу? Уут нь бас байгаа. Хайж олоогүй л байна, хаа нэгтээ харагдсан, үүнийг биччихээд хайж олно доо.

Гэх мэтчилэн томхон багахан хоёр зулзагынхаа, нэг хань ижлийнхээ, ажлынхаа, гэрийнхээ хооронд эргэлдээд л өдөр хоног асар хурдан өнгөрч байна даа гэж...

3 comments:

Mom of twins said...

Мундаг байна бүгд хэхэ

byambaa said...

Bayrlalaa.

Hehe. Chi ch bas mundag shuu, tanaihan ch bas mundag shuu...

БМР said...

бага зулзага ёстой мундаг байна, би ч гүйхдээ дандаа сүүлддэг байсан болохоор хэхэ