Thursday, January 27, 2011

Хоккайдо юм уу хаашаа юм




Нээрээ энэ жил мөн ч их цас орж байнаа. Хүйтэн гэж жигтэйхэн. Өглөөдөө зам мөстөөд, хальтиргаа гэж ихтэй, яг л монгол шиг. Шинэхэн жолооч надад бол энэ их цас үнэн дарамттай байна шүү. Энд жолооч болоод 3 жил л болж байна. Монголдоо байхдаа жолооч болох боломж олдоогүй юм. Хүмүүс чи монгол харихаараа яана л гэдэг юм, би харин тийм ээ гээд л өнгөрдөг. Сурах л байх даа.
За энэ зурагт та нарын харж буй цас бол нэг л шөнө орсон цас шүү дээ. Одоо ч орсоор л байна. Урд жилүүдэд ингэж ихээр бас тэгээд үргэлжилж орж байсан удаагүй л юм даа.

Tuesday, January 25, 2011

Хөөрхөн санагдаад

Аймаар дүрэм зөрчиж байгаа жолоочийг харааж бүү зүх
Аяа чи ч бас хааяа дүрэм зөрчдөг шүү дээ.
Амжиж чи гэрлээр орж чадаагүй бол
Амжих байсан ч хажуугийн жолоочдоо зам тавьж өг Ачийг чинь тэд бас бүү мартаг
Айж сандарсан явган зорчигчийг бүү сандаргаж сигналд
Аяа чи ч бас хааяа явган явдаг шүү дээ.
Амжиж туслах замаас орох гэсэн нэгэнд нь зам тавьж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг

Яхоо мессэнжерээр ирсийм.ККК

Friday, January 21, 2011

Нойлын өрөөний бурхан

Саяхан ийм нэртэй кино үзээд. Их хөөрхөн кино. Дуу нь хит болж байх шиг байгаан. Охин минь байнга амандаа аялаастай. Би ч дагаж дуулах гэж үзээд л. Охиндоо бурууш дээ гэж загнуулаад л. Хэ хэ.
Нэгэн эмээгийн охин эмээгээ дурсаж зохиосон дуу. Эмээтэйгээ өнгөрүүлсэн олон дурсамжаа байгаагаар нь дуунд оруулчихсан. Эмээ нь ач охиндоо нойлын өрөөг цэвэрлэх юм бол нойлын өрөөний бурхан нь баярлаад тэгээд чи хөөрхөн болно гэж хэлдэг байсан гэнэ лээ. Тэгээд л байнга нойлынхоо өрөөг цэвэрлэдэг байсан гэнэ.
Тэгсэн манай охин жорлонгоо цэвэрлэнэ гэж дайраад, цэвэрлэж өгсөн ш дээ, ээж ч онгироогоод миний охин нээрээ хөөрхөн болчиж гээд л. Дахиж цэвэрлэж өгч байх юм гэсэн. Хэр удаан цэвэрлэж өгөх юм байгаан бүү мэд. Харж л байя даа.

Saturday, January 15, 2011

Домогт Ану хатан


Бэлгэнд авсан ном. Уншихад ч урамтай байлаа. Далимд нь их олон хатдынхаа нэрийг болон түүхийг дахин нэг сэргээлээ шүү дээ. Нуулгүй хэлэхэд зарим хатдын нэрийг Ч сонсоогүй явсан байна лээ дээ. За тэгээд сонсож, уншиж байсан ч тэр сонин сонин нэрийг цээжлэнэ гэдэг жаахан бэрхтэй санагдлаа. Өгөдэй хааны хатан Дөргөнө, Тулуйн хатан Сорхагтань, Гүюг хааны хатан Огул Хаймиш хатан, Хубулай хааны хатан Чимбай, гэх мэтээр монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн олон хатад байдаг байх нь.
Энэ номыг уншиж суухдаа 10 жилийнхээ нэгэн дурсамжийг эргэн санаад. Түүхийн хичээл дээр юм даг. Мандухай цэцэн хатны тухай түүхийг үзээд. Багш бидэнд Мандухай цэцэн хатны тухай түүхэн романыг унш гэж айлдсан юм. Би багшид асуугдаад самбарын өмнө багшийн дэргэд зогсоод л ярьж гарлаа даа. Тэгсэн багш
-Чи, ингэхэд роман яриад байна уу, түүх яриад байна уу? гэж авдын. Түүхэн романыг нь уншсан хүн чинь роман л ярьсан байх даа. Тэгээд эх орны алтан гурав авч уур хүрч байсан юм даг. Өөрийнх нь унш гэсэн номыг уншсан даг гээд л. Хэ хэ. Тухайн үед чинь хэдхэн номын хооронд л эргэлддэг байлаа ш дээ. Одооных шиг олон ном байсан ч биш, үгүй ээ байсан л байх л даа. 10 жилийн нусгай бацаанууд бид багшийнхаа хэлсэн номноос илүү гардаггүй байсан юм чинь.
Бас дээр үеийн хаадууд тэр олон хатан, татвар эм авахад хатдууд хоорондын өрсөлдөөн, гоо сайхнаа хадгалж үлдэх гэсэн нөр их хөдөлмөр, нөхрөө нэг өдөр ч гэсэн өөртэй нь цуг хонохыг хүссэн асар их тэвчээр гаргана гээд л уншсан чинь, одооны бидний хүүхнүүд их азтайм байна ш дээ, учир нь нөхрүүд нь нэг л хатантай. Хэ хэ.
Төрсний дараа хэрхэн гоо сайхнаа авч үлдэх гээд л үнэтэй сайхан зөвлөгөөнүүд байсан шүү. Тэдгээр нь түүхээсээ илүү таалагдсан шүү ККК.
Өө тийм, ганц нэг оныг андуурч урд хойно нь оруулж бичсэн алдаа байсан шүү, юу билээ гээд урд хуудсаа эргүүлж нэг харсан юм байна.

Monday, January 10, 2011

Цагаан ногоон сар

Шинэ жил, нийллэг энэ тэр нь дуусч цагаан ногоон сар болох гээд бэлтгэл ажилдаа орсон дуулдана, миний муу эжий аав хоёр. Жил ирэх тусам өргөн дэлгэр, баян цатгалан тэмдэглэдэг болоод байгаа сурагтай. Хөлд нь үрэгдэх шинжтэйм гэж ирээд л ээж үглэх. Бид энд ирээд 7 дахь жилдээ орсныг ч хэлэх үү, цагаан сарыг сүртэй тэмдэглээгүй удсаныг ч хэлэх үү, манайхан идэж уух баярыг арай л сүр бадруулж тэмдэглээд байх шиг санагдаад байдаг болсон байна дөө. За тэгээд зарим нэг хүмүүс хүүхдүүд нь гадаадад байдаг юм байж наана уу цаана уу гэж илүү үздэг юм шиг байгаан. Аминдаа л хүүхдүүдийнхээ нэрийг бодоод аятайхан элбэг дэлбэг байлгах гэж л хэрэндээ хичээдэг гэж байна. Сүүлийн үед бэлэг нь томроод байгаа сурагтай гэнэ. Эрээнээс юм зөөх нь ч багасаж л байгаа сурагтай. Ноолуур энэ тэр өгч авалцдаг болж байгаам байх. Тэр ч яахав,үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд сайхан л юм. Гэхдээ бас ноолуур нь хэдэн төгрөг, тэтгэвэр болон цалин нь хэд билээ бодууштай л асуудал.
За бас ууцны асуудал байна. Нээх аймар өөхтэй тарган хонины ууц аваад тавьчихаар дараа нь идэх юм олдохгүй, өөхийг нь бараг л хаях дээрээ тулдаг даа. Дараа нь идүүштэйг нь бодоод өвчүү авдаг байсан чинь энэ жил ууц авах сурагтай манай хоёр. Өвчүүгээ л авахгүй юу даа гэж би эндээс жаахан үглэлээ. Хэ хэ.
Уламжлалт баяраа тэмдэглэхгүй байна гэх ч хаашаа юм, уг нь би цагаан сарт дуртай. Олон гоё дурсамжууд байдаг юм. Олуулаа дисант буухаар хөөрхий ээж минь будилна, нэг өгсөн хүүхдэдээ хоёр дахиа бэлэг өгөх гэж дайрна. Заримыг нь бэлэггүй гаргаж, дараа нь уучлалт гуйгаад нөхөж өгнө. Би бэлэг зөөж хүнд нь өгдөг байлаа, жаахан тиймхэн бэлэг өгөх гэж байгаа бол дурамжхан, аятайхан бэлэг өгөх гэж байгаа бол цаанаа л пээдгэр. Өөрийн цуглуулсан бэлгээсээ ээжтэйгээ солилцоно, муухныг нь ээждээ бэлэглэнэ, гайгүйг нь өөртөө үлдээнэ. Яарч буузаа түүхий гаргана, сүүлдээ буузнаасаа уйдаж шал дэмий жигнээд тэрнийхээ гурилыг хатааж махыг нь л иднэ гээд л. Хүүхэд насны минь дурсамж олон. Олуулаа бужигнаад, тэр бүр уулзалдаад байдаггүй хамаатнуудыг уулзуулж бужигнуулдаг болохоор дуртай л байдаг юм.
Гэм нь сүүлийн үед... Баахан шүүмжлэл л бичих гээд байдаг, ингэсгээд бичлэгээ дууслагалаа.
Сониноос гоё ном умшиж байгаа, зургийг нь оруулнаа дуусахаар нь.

Saturday, January 08, 2011

Дэлхийн хүүхэд багачууд, тэдний аз жаргалын хэлбэр


Сая энэ номыг уншиж дууслаа. Дэлхийн олон орны хүүхдүүдийн амьдарч буй нөхцөл, орчинг товчхон дурдаад, тухайн орныг төлөөлж нэг нэг хүүхдээс асуулт асууж хариулт авсан байна. Охинд минь бас нөлөөлөх байх гэж бодоод уншууллаа. Юу бодогдсон юм бүү мэд. 8 настай хүүхдэд. Хариулт өгсөн хүүхдүүд дотор үеийнхэн нь олон байсан тул уншуулсан юм л даа. Харамсалтай нь монгол орон, хүүхдийн тухай байгаагүй.
Дүгнэлт: Буурай, хөгжилтэй орны гэлтгүй хүүхдүүд нь ээж аавыгаа бага шиг уурлаасай, бага шиг үглээсэй гэж хүсдэг юм байна хэхэ. Зулзага бас тэгж боддог гэсэн. ККК
Мөрөөдөл, хүсч буй зүйлийн хувьд нилээд ялгаатай. Хөгжилтэй орны хүүхдүүд зугаацах цэнгэх, тоглох наадах гэсэн байхад буурай орны хүүхдүүд бүрэн бүтэн хувцастай болох, ээж аавынхаа ачийг хариулах гэсэн байна.
Зулзагын хүсэл, мөрөөдөл...?

Thursday, January 06, 2011

Шинэ оны мэнд буюу ...




Шинэ оны мэндийг оройтсон ч гэсэн хүргэж байна шүү.
Бидний амьдарч буй мужид ойрын хэдэн жил ороогүй цас 2хон өдөрт нэвсийтэл ороод. Цагаан сараа ээж аавдаа харьж, гэр бүлээрээ аялах гэж машинаараа, галт тэргээр, автобусаар гээд л замд гарсан хүмүүсийн төлөвлөгөөг тас нураасан агуу цас байлаа гэж. Бид ч бас бага зэргээр өртөөд авсан л даа. 3 цаг давхиад очдог газраа 6 цаг мөлхөж байж нэг юм хүрлээ. Яг биднийг өнгөрсний дараахнаас л эхлээд л бөглөрөөд эхэлсэн юм шиг байгаан, тэр айхтар түгжрэл нь. Зулзага болохоор цас ороосой гэж тэсэн ядан хүлээж байсан хүн болохоороо бөөн баяр, бушуухан шиг л бууж цасаараа тоглох гээд л, байн байн хэзээ хүрэх үү? хэдийд очих уу гээд шалгаагаад.
Энд тэнд зам бөглөрөөстэй, машинууд цасанд суугаастай, хоорондоо мөргөлдөөстэй байлаа. Тэрнийг нь зохицуулах гэж цагдаагийн албаныхан л хөөрхийс хар хүйтэнд цасан шуурганаар гадаа...
Улсын 9 дүгээр зам гэж байдын. Тэнд 1000 машиныг хамарсан их түгжрэл гарсан гэнэ. Манай эндхийн Дайсэн гэдэг хайрханд нэлээд хэдэн хүн осолдож диваажингийн оронд очсон гэнэ.
Түгжирсэн бүх машиныг хөдөлгөж хэвийн байдалд оруулахад 2 өдөр зарцуулсан бөгөөд нэлээд хэсэг хүмүүс машиндаа шинэ оноо угтаж, зарим нэг хүмүүс галт тэргэнд суугаагаараа хоносон гэж сонин хэвлэл дээр бичсэн байна лээ. Энэ тухай орон даяар цацагдаж таньдаг найз нөхөд бидэнд санаа нь зовж мэнд мэдээд л. Цасны ачаар ойрд холбогдоогүй байсан танилуудтайгаа холбогдож буу халлаа шүү дээ.
Одоо ч тэр цас ороод л байна. Муухай усархаг цасыг ч хэлэх үү? гутал хувцас нороод л тиймхэн л байна шүү гэж.
Зураг: Энэ дөнгөж өглөө нь цас орж эхэлж байгаа нь.