Tuesday, January 31, 2012

Эгдүүтэй 1

Миний бага эгдүүтэй гэж жигтэйхэн болж байна өө.
Эрдмүүд нь арвижаад л.

Моши моши гэхээр аль нэг гараа чихэн дээрээ аваачна.

Жёозү жёозү гэхээр алгаа ташина.

Инай инай баа гэхээр 2 гараа толгойныхоо аль хүрэх л газар байна тэнд аваачна.

Дээрх япон үгнүүдийг монголоор нь хэлсэн ч ойлгоно шүү хүмүүсээ миний охин чинь. Тэхгүй бол монгол хэлийг нь заагаач ээ гээд байдаг шүү зарим нэг хүмүүс хэхэ. Эхнийх нь байна уу, дараагийнх нь мундаг, гурав дахь нь утгачилбал хаана байна гэсэн үг.

Дүүжин гэхээр толгойгоороо гэдийнэ, даажин гэхээр буцааж толгойгоо бөхийлгөнө. Ээж нь дүүжин даажин гээд тэвэрч байгаад арагш нь тонгойлгож бөхийлгөөд тоглодог юм.

Тачи тачи гэхээр алгаараа гарын алга цохино. Энэ нь ихэвчлэн цэцэрлэгийн насны хүүхдүүд гэртээ харихдаа ч юм уу салж явахдаа баяртай гэсэн мэндчилгээ болгож бие биенийхээ гарын алгыг нийлүүлдэг юм. Энэ эрдмийг аниа нь их хичээнгүйлэн зааж байгаа.

Багш нар нь тарахад нь саёонара гээд гараа даллахаар охин минь бас гараа хальт өргөнө.

Чёодай надаа гэхээр гарт нь байсан юм аа өгнө.

Аа гэхээр амаа ангайна.

Ойрхон эмнэлэг ороод вакцин хийлгэчихсэн чинь эмчийгээ хараад таниад учиргүй чарладаг болчихсон. Зүгээр л үзүүлээд гарах гэж байхад хүртэл хэхэ.

Орой албанаас нь авах гээд очихоор намайг хараад инээд алдаад л мөлхөнө гэж үзүүлж өгнө.

Юм түшиж босчоод байдаг болчихсон. Хальт ганц нэг хөлөө зөөгөөд байна лээ.

Зурагтны өмнө оччихоод үнэтэй авсан шидтэй зурагтыг минь балбаж өгнө. Тэр зурагт ч яахав хараа нь муудчихна гээд холдуулахаар буцаад л жирийлгэнэ, бүр эргэж хараад зугтаана.

Жижиг сажиг зүйлийг хуруугаараа барьдаг болчихсон, шууд л ам руугаа явуулна.

Шүлс нь байнга гоожоостой. Заримдаа тэрнийгээ савриулж ирээд л хэл амаа дуугаргаад байна. Монголд бол тэнгэр задраана гэдэг дээ.

Нэг юм яриад л байна. Их чалчаа болж байна.

Нойрондоо их харам. Дутуу сэрчээд л нүдээ тас аниастай л уйлаад байна.

Ээжийнхээ номын тавиур доторх номнууд, дэвтэр, бичиг цааснуудыг кайфтай нь аргагүй татаж гаргаж ирнэ. Ээж нь буцааж хийх гэж үгээ хэлнэ.
Өөр чинь юу билээ?

За энэ бүх эрдмийг их л дээрээс сурсан юм, бичнэ гэж явсаар байтал...
Нээрээ охин минь дараа сарын дундуур ОЙ хүрэх нь, энэ цаг хугацаа үнэхээр хурдан юм аа. Төрсөн өдрийн баярыг хэрхэн тэмдэглэх талаар үе үе ярилцаад байгаа ч ажлын өдөр таарна...

Monday, January 30, 2012

Сурах ч юм бил үү


Ирээдүйд. Их сонирхолтой санагдсан. Нээрээ ирээдүй гэснээс миний охидууд сурахаар явах ч юм бил үү. Тэр үед нь ээж нь энэ талаар мэдээлэлтэй байх нь, мөн охидоо дэмжихэд бэлэн...
Олон залуус ч явсан бололтойм өө. Энэ номыг уншсанаар, лекц, зөвлөлгөөг нь сонсоод үр дүнгээр нь...

Уйдаж байнаа



Энэ цаснаас. Гэхдээ уйдаж байгаа нь томчууд л юм шиг байна дөө. Хүүхдүүд бол ондоо.

Багын цэцэрлэг нь цасаар тоглуулсан бололтойм хүүхдүүдээ. Миний бага хүртэл цас барьж үзсэн гэсэн. Гэхдээ жаахан ярвайгаад дургүй янзтай байсан гэнэ лээ. Бага багаар хорвоотой танилцаад л явна.

Зураг1. Томын сургуулийн биеийн тамирын талбай. Бид хөлдөж үхэх гээд байхад энэ хүүхдүүд үү.
Зураг2. Багын цэцэрлэгийн үүдэн дэх мод болон цэцэг. Цасан гоёлоо өмсөхөөр хөөрхөн юм аа уг нь.

Friday, January 20, 2012

Цас болон бас бус



Манай энд их цастай байна өө. Над шиг хувийн орж гарах ажил ихтэй хүнд их хэцүүмөө. Хурдтай давхиж болохгүй, машинаа зогсоох гэж хамаг цаг аваад хаячихна.
Хамгийн сүүлийн сонин гэвэл бага минь салхин цэцэгтээд авсан. Эдгээд буцаад албандаа орчлоо. Уг нь вакцинаа хийлгээд яваад байсан чинь салхин цэцэгтсэн бол сарын дараа бусад төрлийн вакцинаа хийлгэдэг гэнэ.

Томын хичээлийн нээлттэй өдөрлөг болоод, гаднаас орж ирэхдээ гар хөлөө сайтар угаах, ариун цэврийн тухай байсан. Тэрний дараагаар зааланд бүгд Эрдэнэт хүний амийг олж төрөхийн чухлын талаар эцэг эхчүүд болон 6-р ангийн хүүхдүүдэд зориулсан лекц сонсгосон. Тэрний дараагаар анги ангиараа хуралдсан. Нээх сүртэй хурал биш дөө. Лекцийн талаарх сэтгэгдэл, хүүхдийнхээ тухай ерөнхий байдлын талаар ярилцсан.

Зураг1. Тэр жижиг модон дээрх цас яг л торхтой зайрмаг шиг л харагдаж байна уу?
Зураг2. Нэг шөнө орсон цас нэг иймэрхүү. Өглөө яарч ядаж байхад машин дээрх цасаа буулгана гэж бас нэг том ажил.

Бас л ориг


болж уу. Найзынхаа захиалгаар нэхсэн. Гоё ороолт нэхэж өгье өө гээд байхад л заавал энийг нэхүүлж авна гээд. Олон ороолт байгаа гэнээ. Дахин нэгийг нэмж нэхэх бодолтой байгаа. Эхлээд аалзны тор шиг хээ мээ нь нэхэхэд ярвигтай санагдаад барьж авахгүй ч дотроо бол хурдхан шиг нэхэж өгөх юмсан гэж бодоод байсан чинь нэхээд эхэлсэн харин гоёмсог санагдаад, урам зориг дүүрэн байлаа. Гэртээ бас нэхнээ. Нийт том дунд жижиг хосолсон 3 -ыг нэхэж өгнөө. Хайчлаад л хаячихгүй бол насны л юм болох байх дөө. Мэдээж номноос харж нэхэж байгаа, зарим нэхээсийг нь жаахан ойлгохгүй байна аа. Иймэрхүү зүйл нэхдэг хүнтэй танилцах юмсан. Нойтон хамуу шиг наалдан пад болохгүй юу.
Энэ гэхдээ цавуудаагүй байгаа. Цавуудаад хатуу болгоод өгөхөөр их гоё болдог юм шиг байна лээ.

Thursday, January 19, 2012

Ийм нэгэн ном


Ерөнхийдөө таалагдсан. Энэ номын талаар ихл шуугиж энд тэнд олон бичигдсэн болохоор энд нуршаад яахав гэж бодлоо.
Монголдоо очоод ажиллах ажлын байраа өөрөө нээхээр шийдсэн. Хэ хэ. Ингэхийн тулд сониуч зангаа гээж болохгүй. Үнэнч шудрага байх. гэх мэт зөндөө л зөвлөгөө байна лээ. Бүгдийг нь биелүүлдэг бол ч...
Бас тэр багшийн тухай бичсэн нь их таалагдсан. 10 жилийн нэг дурсамж шууд нүдэнд харагдаж байна лээ. Ингэсийн, физикийн хичээлийг хэлний гүнзгий гэдэг утгаар нь жаахан ойшоодоггүй байснаа гэнэт ухаан ороод ойлгоод самбарт гарч бодлого бодов оо. Зөв бодсоор атал 3 тавихаар нь уур хүрээд дахиж физикийнн хичээлийг сонирхоо ч үгүй, хүн цоорж болно биз дээ. Аймаар ууртай байна уу?ккк

Таалагддаг зүйл3

Бага сургуульд өдрийн хоол өгнө. Өглөө 7:30-д гэрээс гараад үдээс хойш 3,4-т тарж байгаам чинь аргагүй биз дээ. Их дажгүй өдрийн хоолтой, би ажлын шугамаар бага сургууль орохдоо идэж үзсэн юм. Заримдаа бага сургууль явахаар бол өдрийн хоол өгөх үү гэж асуух нь холгүй ээ хэхэ.
Өдөр бүр хоолон дээрээ сүү уулгана. Аль болох загас идүүлнэ. Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд дан дотоодын бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон. Тэр дундаа өөрсдийн муждаа тариалсан хүнс хүнсний ногоогоо хэрэглэнэ гэсэн уриатай.
Сар бүр тухайн сарын өдрийн хоолны цэсийг эцэг эхчүүдэд А4-ийн цаасан дээр ар өвөргүй хэвлэж гаргаж өгнө. Өдөр бүр өөр өөр хоолны цэстэй.

Өглөөний цайгаа заавал ууж байхыг уриалсан элдэв сурталчилгаа, судалгаа, сургалт явуулна. Өглөөний цайны ач холбогдлын тухай аль цэцэрлэгт байхын заагаад эхэлнэ.

Эрт унтаж эрт босохыг бас уриална. Сар бүрийн аян явуулна. Гэртээ даалгавараа болон бие дааж хичээл хийхдээ зурагтаа унтрааж анхаарлаа төвлөрүүлж хийхийг уриална. Бага сургуулийн 1, 2 ангийнхан орой 9 гэхэд орондоо орсон байх ёстой гэнэ. 3,4 ангийнхан 9:30 гэхэд орондоо орсон байх ёстой, 5,6 ангийнхан 10 гэхэд орондоо орсон байх ёстой гэж заана. Учир нь хүний тархи 10-аас хойш амарсан байдаг гэсэн. Ялангуяа хүүхдийн тархи.

Monday, January 16, 2012

Зургийн үзэсгэлэн


Том минь зургийн дугуйланд явдаг юм. Сард 2 удаа.
Тэр нь жилийн эхэнд тайлан гаргаж үзэсгэлэн зохион байгуулдаг юм. Багшийн бүтээлийн үзэсгэлэн юм даа, тэр дунд шавь нарынхаа бүтээлийг хавчуулчихдаг сэргэлэн багш аа. Бас бүтээлээ чамгүй өндөр үнэлээд зарчихна, сүйхээтэй багш аа. Ихэвчилэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэсэн байгууллагууд авч үүдэндээ өлгөсөн харагддаг юм. Манай эндээ л нэртэй багш. Сонин сэтгүүлд эссэ энэ тэр бичдэг гэсэн. Би тэр эссэнийх нь цуглуулгыг авч уншсан. Аль жилийн өмнө.
Охин минь 2 жил дараалж зургийн үзэсгэлэнгээ гаргав, ээж бол амны бэлгээс ашдын бэлэг гээд л эмээ өвөөд нь сайрхаад байгаам. хэхэ Жаазанд хийгээд өлгөчихөөр амилаад л явчихдаг юм байна шүү. Хэдэн жилийн дараа гэр минь охиныхоо жаазтай бүтээлээр цалгих юм байна л даа. Дээрээс нь бага зулзагын бүтээл нэмэгдчүүл ч...

Энэ багш нь хүүхдүүдээ тэгж зур, ингэж зур гэж ерөөсөө загнадаггүй. Хүүхдүүдтэйгээ нийлчээд чанга чанга хөхрөөд л байна. Чөлөөтэй сэтгүүлж байгаад л тэрэн дунд нь ганц нэг хэлэх юм аа хэлдэг юм шиг санагдсан. Охин энэ багшдаа хайртай гэж жигтэйхэн, загнадаггүй болохоор нь ккк. Дан ч зураг зураад байдаггүй юм билээ. Баримлын шавар энэ тэрээр юм хийдэг гэсэн. Охин бол зурах л дуртай учраас зураад л суудаг гэсэн.
Зураг: За энэ бол түрүү жилийн үзэсгэлэнд тавьсан бүтээл нь. Эдний хүүхэлдэйн киноны баатар. Энд байдаг хүмүүс хараад шууд таних байх өө. Жилийн турш зөндөө л зураг зурна, гоё болсныгоо тавь гэж хэлдэггүй юм шиг байна лээ. Хүүхэд өөрөө энийг л зурж тавина гэсэн бол тэрийгээ л зурна. Ялангуяа охин минь бол хажуугаас нь юм хэлчүүл бөөн юм болох юм шиг байгаан.

Sunday, January 15, 2012

Таалагддаг зүйл2


Энд бага, дунд, ахлах сургууль тус тус өөрийн гэсэн байртай. Бага сургуулий төгсөөд орох дунд сургууль нь ихэвчлэн шийдэгдсэн байдаг юм шиг билээ. Гэрийнхээ байршлаас хамаардаг гэж дуулсан. Харин ахлах сургууль нь хүүхэд өөрийн хүссэн ахлах сургуульдаа явдаг гэсэн. Ингэхдээ улсын харъяа дээрээс нь чанар сайтай сурууль өрсөлдөөн ихтэй байдаг гэсэн. Ахлах сургууль нь төлбөртэй гэж дуулсан. За ахлах дунд сургуулийн талаар дараа мэдээлэл цуглуулж оруулахыг бодноо. Эхлээд бага сургуулиа дуусганаа.

Бага сургууль учраас бүх бага ангийн хүүхдүүд нэг дор, нэг цагт хичээллэнэ. Манайх шиг өлгөө өдөр гэсэн ээлж байхгүй. Мэдээж 1-р ангийнхан эрт тарна.Анги томрох тусам тарах цаг нь оройтно. Ихэвчлэн 4-с хойш тарна. Охин минь 3-р анги учраас долоо хоногийн 2 өдөр нь 4-т, бусад өдөр нь 3-т тардаг.

Бүх сургуулиуд нь гаднаа маш том бие тамирын талбайтай. Манайхан шиг сургуулийн талбайд хэн дуртай нь байшин барьчихдаггүй. Талбайгаа ч маш сайн ашиглана. Сурагчдаа биеийн тамиртай үнэн сайн нөхөрлүүлнэ. Бүгд эрдэмтэн доктор болох албагүй шүү дээ. Тэрийг сайн ойлгодог улсууд. Тэр ч утгаараа спортын олон шилдгүүтдэй. Материаллаг бааз үнэн сайтай. Бүх юм байна. Багаасаа ингэж спорттой нөхөрлөсөн улсуудаас олимпийн аварга хэдэн арваараа төрөх нь аргагүйм биз дээ.

Өө тийм, бага сургуулиуд нь гаднаа бассейнтай. Зуны аагим халуунд түүнийгээ ашиглана. Долоо хоногт цагийн хуваарь гаргаад хичээллэнэ.

Бага сургууль нь дүрэмт хувцас өмсдөггүй. Харин биеийн тамирын хувцас, усны хувцас, өглөө оройд хичээлдээ өмсөж яавдаг малгай нь ижил байна.
Дунд сургууль, ахлах сургууль нь дүрэмт хувцас өмсөнө. Миний ойлгосноор хүүхэд яг гоёж гангалах гэдэг насан дээр нь дүрэмт хувцас өмсгөдөг юм шиг санагдсан. Тэр болтол энгийн хувцастайгаа. Гэхдээ хотоосоо шалтгаалаад дүрэмт хувцастай газар ч байдаг юм билээ. Хувийн сургууль мөн адил дүрэмт хувцас өмсөнө гэх мэт.
Дээр нэг эцэг эхийн хуралд сууж байсан багш нь ингэж хэлсэн. Охидуудад аль болох энгийн хувцас өмсгөхийг бодоорой. Тэхгүй бол нэг охин богинодуу дэрэвгэр юбкатай ирээд тэрийгээ үрчийгээд муухай болчих байх гэж санаа зовоод хичээлийн турш сандал дээрээ ч тухтай суулгүй, байнга юбкаа засаастай, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан шүү гэсэн. Үнэн л үг.

Бас тэр хичээлдээ өмсөж явдаг шар малгай их учиртай. Шар өнгө бол гэрлэн дохионд анхааруулах утгатай учраас анхаар жолооч нараа энд сурагчид хичээлдээ явж байна шүү гэсэн дохио болж өгдөг. Өглөө хүмүүс ажил төрөлдөө яарчихсан байдаг тул аваар осол гарах нь их байдаг юм шиг байгаан.
Зураг: Охины минь сургуулиас өмсөхийг шаарддаг малгй нь. Эрэгтэй хүүхдүүд энэний саравчтай малгайг нь өмсөнө. 1-р ангид ороход нь эцэг эхчүүд өөрсдөө худалдаж авна. Жил болгон солиод байхгүй. Охин 3 жил өмсөж байна. Томдуулж авсан байхаа ээж. Угаасаа жаахан том авчихдаг юм хувцсыг нь.ккк

Friday, January 13, 2012

Будаа идчихмээр

Блогчин Нараагийн бичлэгийг уншаад охиныхоо сургуулийн талаар ганц нэг бичлэг оруулах юм байна шүү гэж бодоод л яваад байдаг юм, харин нэг л нөхцөл нь бүрдэж өгөхгүй байлаа. Нэг дор бүгдийг нь оруулж амжихгүй тул нэг нэгээр нь бичье. Мөн бага сургуулийн тухай бичнэ, дунд болон ахлах сургууль нь бас нэлээд өвөрмөц ертөнц гэсэн. Тэгээд ч очиж нүдээр харсан зэрэг мэдээллээр хомс болно.


Ерөнхий ойлголт: Японы бага сургууль 1-6 анги гэж байна. Хүн амын нягтралаас хамаарч бүлгийн тоо ондоо. Охины сургууль болохоор энэ хотдоо 2т орох учир 3-р анги нь 3 бүлэгтэй. Бусад ангиудыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ 1-р анги нь 4 бүлэгтэй гэсэн. Эд нар ангиа 3а, 3б гэдэггүй, 3-ын1, 3-ын 2 гэж дууддаг юм билээ. Бүр хөдөө тосгодоор нь бүхэл бүтэн нэг сургуулийн сурагчдын тоо нь 30 хэдхэн тоотой сургууль ч байдаг юм билээ. Би түрүү жил 12 сард очиж монголоо сурталчилсан сургууль гэхэд л 1-6 анги нийлээд л 34хөн сурагчтай байсан. Энэ нь оршин суугчдынх нь хот руу нүүх явдалтай холбоотой гэсэн.
Би охиныхоо ярианаас мөн өөрөө очиж байсан сургуулиудыг нь хараад үнэндээ атаархдаг. Материаллаг бааз үнэн хангалттай. Мөн дэг жаяг ч нарийн. Дөнгөж ирсэн хүмүүст бол эхэндээ ядаргаатай санагддаг юм билээ. Дасаад ирэхээр их зохион байгуулалт сайтай санагддаг.

Таалагддаг зүйлс1
: Гэртэйгээ хамгийн ойрхон сургуульд явна. (Манайд ч нэлээд хэдэн жилийн өмнө ийм байсан. харин сүүлийн үед сургуулийн чанар, багш нарын ур чавдар бас бус өөр шалтгаанаар гэрээсээ хол сургуульд орох нь ихэссэн)
Ойрхон гэртэй 7-8 хүүхдүүдийг нэг бүлэг болгоно. Ингэхдээ 1-6-р ангийн бүх хүүхдээс бүрдүүлнэ. 6-р ангийн хүүхдийг ахлагчаар нь сонгоно. Тэгээд тэрнээс доош ангийн нэг хүүхдийг орлогчоор томилно. Орлогчийн үүрэг мэдээж ойлгомжтой. Орлогчийг ямар нэгэн шалтгаанаар сургуульд явахгүй тохиолдолд ахлана. Ингэж бүлэг болгох нь ямар ач холбогдолтой вэ гэхээр өглөө сургуульдаа явахаар 7:30-д гадаа бүлгээрээ цуглаад хамгийн том буюу ахлагч нь хамгийн урд, удаах том нь хамгийн ард энэ 2-ын дунд жижгүүдээ оруулаад нэг шугам болж алхана. Ээж аав нь хүргэж өгнө гэсэн ойлголт байхгүй. Хичээл тарах үед ангиудын цагийн хуваарь өөр өөр учраас өглөө тэр болгон өглөөний бүлгээрээ хамт тарцгаах нь ховор ч сардаа нэг удаа цугтаа тарцгаагаад байх шиг байдаг юм.

Гэхмэтчилэн оруулнаа.

Нэг зүйл мартсан байна. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар сургуульдаа явахгүй чөлөө авах, хожигдож очихоор бол энэхүү бүлгийнхээ ахлагчид тусгай бичиг бөглөж өгөөд анги даасан багшид нь дамжуулж өгөхийг хүснэ.

Tuesday, January 10, 2012

Ориг юм шиг болсон байна уу


Нэг ийм үсний боолт, жижиг сальфетканы уут хийлээ шд. Анх удаагаа бие дааж, гэхдээ номноос харсан хэхэ. Ёстой амархан юм билээ. Том зулзага минь бас өөртөө хийсэн.
Энэ зурган дээрх уут нь болбоос охин бид 2-ын алдаатай бүтээл байгаамаа. Миний хийсэн нь амсар нь ангархай болчихсон. Дахиж хийхдээ алдаагаа засахыг оролдсон ч бас л жаахан ангайгаад байгаа. Мэргэжлийн хийдэг хүнээс нь дараа асууж зөвлөлгөө авахаар болоод дахин хийгээгүй. Охиных болохоор хэт жижигдсэн. Гэхдээ жаахан хүүхдийн иймэрхүү хэмжээтэй сальфетка байдаг юм, тэгээд дүүдээ бэлэглэхээр болсон.
Боолт харин тун дажгүй болоод, бид 2 нэлээд хэдийг хийгээд, бэлэглэх хүнээ товлочихсон.
Ээжийн санаа бол уг нь ганц нэгийг зарж утас ч юм уу, даавуу ч юм уу юмныхаа мөнгийг олдог бол гэж санаад л хэхэ. Монголдоо очихоороо л тэгэхээс, би гэж ер нь мэргэжлээ буруу сонгосон туучий юу үгүй юу үнэхээрийн ккк

Monday, January 09, 2012

Өө тийм

Зулзагын минь доод 3 болон 4 дэх шүд нь цухуйцан байнаа, ээж нь олж хараад. Ингээд дээрээ 4, дороо 4 нийт 8 шүдтэй болоод. 1 сарын 3нд гэдэг чинь охин минь 10 сар хүрэхэд 13 хоног дутуу байсан гэсэн үг.

Сэтгэлийн ариусал-Буяны үүд


Ийм ном уншаад гэгээрч байнаа хэхэ.Дундаас нь ганц нэг таалагдсан мөрүүдээ л орууллаа.

Монгол байх бүх хэв шинжээ бүрдүүлье гэвээс монгол хүн болгон өөрийн гэсэн бүх түүх, судлал, шашин соёлоо өөриймсөг сэтгэлээр үзэж судлаач ээ гэж хэлмээр байна. Бид өөрсдөө өөрсдийгөө л хүнд таниулж нээхээс бус хөндлөнгийн хүн биднийг хэзээ ч сайн сайхан болгохгүй шүү дээ.

Нүдэндээ нүгэлт үйл бүү үзье хэмээн хичээгтүн
Чихэндээ самуун үг бүү сонсоё хэмээн хичээгтүн
Амандаа чалчаа үг бүү өгүүлье хэмээн хичээгтүн
Сэтгэлдээ хортой санаа бүү агуулъя хэмээн хичээгтүн
Энэ бол Буян мөөн гэсэн бий.

Цаг хугацаа одох бүр хүний байдал сайжран өөрчлөгдөх учиртай гэж боддог юм. Өглөө бүр босохдоо-Энэ өдрийг илүү үр дүнтэй өнгөрөөе. нэг ч өдрийг алдаж болохгүй гэж хичээх. Орой бүр унтахдаа-Санасан хэргээ өнөөдөр амжуулав уу хэмээн өөрөөсөө нэхэл хатуу асууж байх. Ингэж чадвал өөртөө урамшиж, эс тэгвээс өөртөө шүүмжтэй хандаж байх учиртай. Ийм арга замаар та сэтгэлээ сайн зүг тийш засах болно. Далай ламын сургаалаас

Thursday, January 05, 2012

Ээж охин 2-н яриа

Ээж: Даалгавраа хийж байна уу?
Охин: Тийм. Уншсан номын тэмдэглэлээ хийхээр нэг ном сонгоод уншиж байгаа.
(Урд өдөр нь номын сан орж 5 ном зээлсэн юм.)
Ээж: Ямар нэртэй ном бэ?
Охин: Эрлийз гэдэг нэртэй.
Ээж: Эрлийз ээ? Хаанахын эрлийз юм?
Охин: Нохой хүн хоёрын эрлийз.
Ээж: Юуууу? Хүн нохой хоёр оо?
Охин: Тийн, ээж нь нохой, аав нь хүн.
Ээж: Тэгээд юу төрсөн бэ? Хүн үү? нохой юу?
(Тухайн үедээ нээх юм бодсонгүй, тэгснээ гэнэт энэ чинь юу билээ. Номын сангийн хүүхдийн тасгаас л зээлсэн дээ, ийм балай ном хүүхдэд зээлдүүлмээргүй юм даа гэж бодоод)
Охин: Хүн.
Ээж: Ямар гээчийн ном уншаад байгаам? Алив үзүүлээдэх (дуугаа ширүүсгэнэ)
Охин: Ээж нь хаяад явчихсан айлын аав нь нэг жингэр олж ирээд тэрэндээ хүүхдийнхээ ээжийн нэрийг өгчихдөг юм. Тэгээд бүгд ээж эргэж ирлээ гээд сүйд болдог байхгүй юу даа.
Ээж: Аан, тийм байлгүй дээ. (Тайвшрав) Сонирхолтой юм уу?
Охин: Тийм.
Ээж: Ээж нь зав гарвал уншиж үзнээ.
Охин: Тэгээрэй.

Нэг ийм яриа өнөөдөр болов. Би ч хүн нохой хоёр юу яагаад дундаас нь эрлийз төрсөн юм байх л гэж бодоод ухаан алдах дөхлөө шд.ккк
Хүүхэд томрох ч лүд юм даа...

Wednesday, January 04, 2012

Амралт


Том минь амралтаараа баахан ном шагайж, өдөрт нэг зураг зурж өнгөрөөх болчихоод бид биеийн тамиртай нөхөрлүүлэх санаатай явж тэшүүрээр гулгууллаа. Мөн цанын бааз орж snow board-аар гулгууллаа. Хүүхэд юм болохоор хэд хэд унаж өгөөд л гайгүй сурахаар байна гэж аав нь хэлсэн. Ливт нь жаахан аймар гэсэн, буухдаа хүнд нь хэлж түр зогсоолгож байгаад л буудаг гэж охин минь хэлсэн. Яг ээж шигээ хэхэ. Би бас тэр ливтнээс нь буухдаа бөөн сүр болно ш дээ. Энэ жил багатайгаа гэртээ л өнжлөө. Дараа жил багыгаа дагуулаад явнаа, очиж чаргаар гулгая.

Шинэ оны мэнд

хүргэж байна шүү, бүх блогчиддоо. Мөн блог уншигчдадаа, ах дүү амраг садангууддаа. 2012 ондоо эрүүл энх байж, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
Жаахан хоцорсон л мэндчилгээ байлаа гэж.

Бид уламжлал ёсоороо хажуу мужид он гаргасан. Сүүлийн хэдэн жил гэртээ биш гадуур он гаргадаг уламжлалтай болчихсон. Бас 2 удаа он гаргаж хундага тулгасан. Эхнийх нь япон цагаар, дараагийх нь 1 цагийн дараа монгол цагаараа.

Гар хийцийн бялуу идээд л, хөхүүл юм байж вино шимээд л сайхан байсан шүү.
Би сүүлийн үед гэрийн бялуунд их дуртай болоод байгаа, тайлбар хийх илүүц биз дээ, крем энэ тэр багатай, амттай гээд л. Харин өөрөө бялуу хийж үзэх гээд л дуншаад байдаг, охиныхоо амралтаар хийнэ гээд амалчихсан байгаамсан амжих нь уу үгүй нь үү?
Охиноо амралтаа зугаатай өнгөрүүлээсэй гэж хэрэндээ их хичээж байнаа, энэ тухай тусад нь бичлэг зураг хөрөгтэй бичлэг хийнээ.

Монгол руу аав ээж лүүгээ ярьсан чинь цагаан сар шиг л юм хэлчихсэн шүү, тэднийхэн ирээд тэднийхээр ороод ч гэх шиг. Би ч цагаан сар хийчихээ юу л гэлээ. Нээрээ цагаан сар гэснээс энэ жил бас 2 цагаан сар хийх гээд байгаа гэнэ үү, маргалдаад л байгаам байх. 1 сард үгүй 2 сард гээд, хэнд нь итгэх юм бүү мэд.