Thursday, May 15, 2014

Бохир ус

Бид ундны усны чухлыг шагшраад л, усаа гаднаас худалдаж авах цаг удахгүй гэж ирээд л ярьдаг. Гэтэл цаана чинь ундны уснаас ч чухал нэг ус байна.
Бохир ус. Эвгүй сонсогдож байна уу? Гэхдээ дэлхий нийтэд асар их хөрөнгө зарж байж хүмүүс бидний гаргадаг бохир усыг цэвэршүүлж эргэн байгальд нь буцаах, дахин ашиглах боломжтой болгодог байна.
Монголд анх ус цэвэрлэх байгууламж хэдийд үүссэн, хүчин чадлынх нь тухай http://surensuren.blogspot.jp/ блогт бичэгдсэнийг уншина уу.

Япон улсад бохир усны тухай хууль байдаг. Холбогдолтой бүхий л асуудлаа хуульд заасны дагуу зохицуулдаг. Хот суурин болгон ус цэвэршүүлэх байгууламжтай. Хэрэглэгчдийн зүгээс төлөх үнийн хувьд цэвэрлэх байгууламжийнхаа хүчин чадал, хэрэглэгчдийн тооноос хамаарч өөр өөр байна. Ундны уснаасаа өндөр үнэтэй байх газар ч бий.
Ус цэвэрлэх байгууламжийг асар өндөр өртгөөр барина аа даа. Тэрнийхээ нэгээхэн хэсгийг айл өрхөөс гаргуулдаг. Хувийн харшид амьдардаг айл бохир усны шугам сүлжээнд анх холбогдохдоо мөнгө төлдөг. Холбогдсоныхоо дараагаар сар бүрийн хэрэглэсэн мөнгөө төлөөд явна. Нийтийн орон сууцанд амьдардаг айлууд сар бүрийн хэрэглээнийхээ мөнгийг л төлнө. Гэхдээ тэр байшинг анх барихад нь бохир усны шугамд холбогдсон мөнгийг нь бариулж байгаа компань, эзэн нь төлчихсөн байна. Тэгээд байраа зарахдаа, байраа хөлслүүлэхдээ үнэндээ ахь хэдийн нэмж тооцоод оруулчихсан байна.
Цэвэр бохир ус нь бүгд тоолууртай. Хэрэглэснийхээ хэмжээгээр тоолуур нь гүйнэ. Усаа хэмнэлгүй урсгаад байвал мөнгө нь ч урсаад байна гэсэн үг. Тийм болохоор япон хүмүүс усыг хэмнэх тал дээр ухамсар өндөр.
Тодорхой түвшинд хүртэл цэвэрлэсэн усаа гол, далайд урсгана. Бордоо болгон ашиглана. Аж үйлдвэрээс гарсан бохир усыг цэвэрлэх явцад гарсан "лаг"-ийг хром зэрэг хорт бодисыг нь шүүсний дараа цемент, тоосго гэх мэт барилгын материалын түүхий эд болгон ашиглана.

Гэх мэт Японд бохир усны төлбөр цэвэр уснаасаа өндөр байх тохиолдол байдаг байх нь.
Монгол дахь бохир усны салбарын өнөөгийн байдлын талаар дараагийн бичлэгт...

No comments:

Post a Comment