Friday, January 30, 2015

Дүрэмт хувцсаа захиалав

Өнгөрдөг бүтэн сайнд бид том зулзагынхаа дүрэмт хувцсыг захиалсан. Жаахан оройтсон байж магад. Энд тэндхийн дүрэмт хувцас зардаг дэлгүүрүүд мэдээлэл сайтай, манайхаас хувцсаа аваарай гээд танилцуулга энэ тэрээ өгөөд эхэлдэг юм билээ. Бүр түрүү жилийн 12 сарын эхнээс эхлээд л. Эрт захиалбал янз бүрийн урамшуулал байдаг юм билээ. Бүр хажуу айлын таньдаг гэр бүл над руу утасдаад дүрэмт хувцсаа хаанаас авах гэж байна? , захиалгаа өгсөн уу? гэснээ өөрсдөө авсан газрынхаа хаягийг өгөөд байсан. Бид урмыг нь бодоод очиж үзсэн. Өөр газраас захиалсан л даа.

Үнийн хувьд хоорондоо нэг их ялгаагүй, материалын хувьд бага зэрэг өөр байдаг юм билээ.

Эхний ээлжинд 3 хос захиална. Юбка, жилетка, гадуурх цамц. Дээрээс нь ханцуйтай цагаан цамц худалдаж авна. Зун болохоор нимгэн юбка, богино ханцуйтай цагаан цамц нэмж захиална. Тэр бүр мөнгө нэмж төлнө.

За энэнээс гадна цагаан, хар оймс, гутал, цүнх, биеийн тамирын иж бүрэн хувцас, дугуйлан секцний хувцас гээд л ер нь бол зардал их гардаг гэсэн. Гэхдээ охин хүүхэд нэг хувцсаа 3 жил өмсчихдөг гэсэн. Банди нар нь илүү хөдөлгөөн ихтэй тул зарим нь дахин нэгийг захиалдаг гэсэн. Хэ хэ

Дунд сургууль бүр хоорондоо нэг их ялгаагүй ч өөр өөрийн гэсэн дүрэмт хувцастай. Зангиа гэх мэт нь л жаахан өөр. Мөн цагаан судал нь хоёр, гурав гэх мэт нь өөр байдаг юм билээ.

Захиалга өгөхдөө эрт захиалдаг нь хүүхэд бүрийн биеийн хэмжээг авч байж яг тухайн хүүхдэд зориулж оёдлын үйлдвэрт захиалдаг гэсэн. Тэгээд бэлэн болоод дэлгүүрт нь ирэхээр дэлгүүрээс над руу утасдана. Тэр үед мөнгөө төлнө.

Энхий 1 жилд юбкыг дээрээс нь тавьж уртасгаж өгнө, пиджакийг нь ханцуйнаас нь тавьж уртасгаж өгнө гэх мэт зүйл нь үнэгүй байна.

За нэг иймэрхүү. Удахгүй хүүхэд нь төгсөх гэж буй зарим нэг уншигчиддаа бага ч гэсэн мэдээлэл өгч чадаа болов уу даа.

Непал бууз

Ажлаа тараад өнөөх мундаг орчуулагч (япон хүн, монгол хэл ус цас), би, япон талын зохицуулагч бид 3 оройн хоолоо хаана идэх үү болоод, дээрээс хойш орж үзмээр санагдаад байсан юм гээд непал хоолны газар оров. Ямар ч хүн алга, бид 3-с өөр.
Цэс харж байсан чинь буузны зураг байна аа. Бид хүүе бууз гээд уулга алдав. Тэгээд захиалж идлээ. Амт нь ч буузтай төстэй. Момо гэж хэлдэг юм байна. Шарсан момо бас байсан.
Төвдөөс орж ирсэн. Цаг зарцуулдаг тул гэртээ нэг их хийж идээд байдаггүй гэсэн. Момо гэдэг нь төвд үг гэнэ. Мантуу, бууз гэдэг үг бололтой.
Мөн непал үгнүүдээ хэвлээд ширээ болгон дээр тавьчихаж. Хоолоо хүлээж буй улсууд хальт тэрийг нь харж, хэлж үзэж баясдаг бололтой. Миний сурсан үг мито чя. Амттай гэсэн үг. Гарахдаа мито чя гэж хэлээд гарсан непалчууд бөөн баяр байсан.
-Дахиад ирээрэй.
-За, ирнэ ээ

Ойрд янз янзын бууз иддэг болоод байна уу үгүй юу хэхэ.

Мөнгөтэй явсан нь яамай

Халтууранд яваад байгаа би нь. 2 сарын дундуур хүртэл. Өөр мужид. Хагас бүтэн сайнд нь харин гэртээ харьж ирнэ.

Мэдээж халтуурны юм хийчихгүй юмсан гэж хичээж байгаа л даа. Үндсэн нэг мундаг орчуулагч хариуцаад би нь туслах? маягаар. 2 хэсэгт хуваагдаж ийш тийш явахад нь дуудагдаж очно.

Жилдээ нэг удаа ингэж өөрийгөө голох, улам ихийг сурахгүй бол гэж эрч хүч өгдөг хүмүүст баярлаж байна өө.

За тэгээд ажлын сиймхийг ашиглаад таньдаг дүүтэйгээ хамт гадуур манайхны хошуураал байгаа  ZARA, GAP-р орж нүдээ баясгав. Хямдрал зарлаад овоо хямдарчихсан зүйл ч байна лээ. Нимгэвтэр хүзүүний ороолт, ажилдаа өмсөх нэг цамц, 2 трико авсан чинь ирээд том зулзагатаа нэгийг нь дээрэмдүүлчихэв.
Би чинь таг хөдөөний хүн шүү дээ. ЗАРА нь ч байхгүй газрын хүн.

Хамгийн инээдтэй нь одоо нь эхлэнэ. Хүүхнүүд л болсон хойно дэлгүүр хэсэж кайф авчихаад за уулзсаных ганц beer ч болтугай уучихаад харьцгаах уу болоод л нэг bar-нд оров оо. Жижигхээн газар. Виски ч гэж өрөөстэй байна. Дүүгийн найз гээд камбож хүүхэн цуг явсан юм. 3-лаа ороод л тухаллаа. Вискинээс өөр юм байна уу гээд л бид барны залууг жаахан ичээсгээд баахан асуултаар булаад л, хоёр хоёр коктейл авч уулаа. За тэгээд баахан л юм ярив, баахан л инээлдэв. Тооцоогоо бичүүлээд харсан чинь ээ бурхан минь юу вэ? Хэд гарсан гээч. 12600. Юу ч идээгүй. Зөвхөн коктейл. Нийтдээ зургаахан шүү. Арзаганаад байсан 3 чинь царай нь барайгаад л, номын үнэн төрхөндөө хэсэгхэн хором буцаад, төлбөрөө төлчихөөд гарч ирээд үхтэлээ хөхөрлөө шд. Ямар сайндаа л өнөө танил дүү
-Юу уучихав даа эгч минь гэж байхав.
Хамгийн гол нь анх захиалж уусан гүзээлзгэний коктейлны стакан? их гоёмсог байсан юм, Барны залуу коктейл бүр бүгд өөр өөр стакантай байдаг энэ тэрээ гэхээр нь дараагийнх нь ямар байх бол гээд бид 3 өөр өөр зүйл захиалж стаканыг нь харахаар болсон юм л даа. Тэгээд л хамаг мөнгөө хамаад туучихаж байгаа нь тэр. Хэ хэ. Дэлгүүр хэсэхээсээ өмнө хоолонд ороод бас ч гэж хөөрхөн уусан гэхэд ингэж их мөнгө төлөөгүйдээ л бид тэр сүүлд орсон барны үнэтэйг гайхаад байгаа нь тэр. ккк.
Амт ч гэж сайхан байсан шүү
За нэг сайхан, инээдтэй дурсамжтай оройг хамт өнгөрүүлсэн та хоёртоо их баярлалаа. Дараа дахин уулзана аа. Хэ хэ


Thursday, January 22, 2015

Дэвшилттэй

Жаахан дээхэн зурсан зургийг нь блогтоо оруулж байсан даа. Энэ удаагийнхыг бас орууллаа. Дэвшилттэй. Хөл гар гээд хүн дүрстэй хүн зурдаг болсон байна. Нэг мэдэхэд. Түүнээс урд нь тойрог зурчихаад л дотор нь нүд зураад "Энэ бол ээж" гэдэг байсан бага зулзага минь одоо ээжийгээ овоо хөлтэй, гартай зурдаг болсон байна гэж. Хэ хэ. Өө тийм бас сормуустай гэж байгаа ээж нь, уртаа гэгчийн сормуус. Ккк. Бас урт үс. Урт үсэнд дуртай гэж. Үс нь ургаад л байгаа хөөрхий минь. Унтаад босоод ирэхээр өрвийж сөрвийдөг л болчихсон болохоос.




Эхний зураг нэлээд дээр зурсан зураг. Сормуус, гар хөл байхгүй ч толгой, их бие, үс зурсан байгаа.

Дараагийн зурагт гар, хөл гэж хөөрхөөн жижигхэн юм зурсан байгаа биз дээ. Хэ хэ. Үс бас инээдтэй. Энэ удаад сормуусыг мэдэгдэхээргүй зурчихаж.

Цуг ажилладаг нэг хүүхний охин нь бас 3 настай. Бид хоёр саяхан хүүхдүүдийнхээ чаддаг болсон зүйлийг ярьж байгаад зураг зурахдаа дэвшилттэй болсон талаар ам уралдаад л ярьсан юм. Тэгээд л нээрээ блогтоо бичье гэж бодоод. Тэдний охин бас хүн шиг хүн зурдаг болсон гээд зурсан зургийг нь үзүүлээд байсан.

Энэ мэтээр хүүхэд нас насандаа хөгжөөд, боловсроод л явдаг юм байна. Завгүй гэсэн тодотголтой ээж аав нь заримдаа тэр бүр анзаарахгүй өнгөрөөчих гээд л байдаг болохоос. Ингээд блогтоо бичээд үлдээчихэж байвал хэзээ нэгэн цагт эргэн уншиж байхад хөөрхөн байх болов уу...

Шинэ хоол сурав

Ёстой гоё шинэ хоол сураад би нь. Юу гэхээр байна шүү дээ? Бууз. Гэхдээ их учиртай. Ногоон гурилтай бууз.
Шинэ жилээр таньдаг хүний зурган дээрх баярын ширээн дээр нов ногоон өнгөтэй бууз байхыг хараад шууд л идмээр санагдав. Тэгээд л байцааж гарсан. Жороо өг гээд л. Ёстой амархан. Гурилаа зуурахдаа усандаа бууцай хийгээд машиндчихна. Хань ижил нэг их таашаахгүй байсан тул бага шигийг л холив. Түүхийгээрээ үедээ бол бүдэг ногоон өнгөтэй гоё л байлаа. Жигнээд гаргаад ирсэн чинь зүгээр буузнаасаа бараг ялгарахгүй байна лээ. Дараа хийхдээ ахиухан хийнэ шүү гэж хошуугаа цорвойлгов. Хань ижил ч зөвшөөрөв. Бүр нов ногооныг хийнэ ээ. Хэ хэ.
Бас ягаан өнгөтэй бууз байдаг гэсэн. Яг юу холиод ягаан болдог гэчихэв ээ. Мэддэг хүн байвал хэлээрэй. Японд нэг зүйл байдаг юм, тэрийг холихоор ягаан болох болов уу яах бол гэж бодоод л байна. Хийж үзэхээрээ хэлнэ ээ.

Бууцайг японоор ホウレンソウ、 англиар нь spinach. Бууцай нь төмөр дутагдсан үед их сайн гэж орчуулга хийж явахдаа дуулсан. Жирэмсэн эхчүүд хэрэглэж байгаарай. Мөн өтгөн хаталтыг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг гэсэн шүү.

Энэ зураг жигнээгүй байхдаа. Жигнэсэний дараах зураг аваагүй байна. Идэхэд хамаг ухаанаа зориулсан байв.

Tuesday, January 20, 2015

Бага сургууль төгсөхөд

Ойртоод л байдаг. Бага сага бэлтгэл ч явагдаж байна гэрт, гадаагүй. Гадаа гэдэг нь сургуулийг нь хэлж байгаа юм.

Өнөөх цуглуулаад байсан мөнгөнийх нь сүүлчийнхийг нь төлсөн. 500 иен. Нийтдээ 6500 иен л төлж байна. Яг юунд хэрэглэнэ гэлээ дээ, мартчихаж. Бодвол төгсөлтйин ном гэх мэтийн зардалд л байх.
Төгсөлтийн ном гэж гаргадаг юм шиг байна. Сурагчид өөрсдөө дурсамж, ирээдүйнхээ тухай гэх мэт бичдэг шиг байна. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ зориулж ганц нэг зүйл бичдэг юм даг уу даа. Нэг цаас ирсэн. Би нь бичээд л явуулчихлаа. Том зулзага уншаад юу гэх юм байгаам бүү мэд.

Гэртээ хэрхэн бэлдэж байна гэхээр, төгсөлтийн хувцас гэж юу өмсдөг болох? Ээж нь юугаа өмсөж хуйхаа маажих уу? Далимдуулаад нэг юмтай болохоо мэдчихнээ цаадах чинь ккк.  Аав нь юу өмсөх үү? За аав ч шинээр худалдаа хийхгүй байх дөө. Угаасаа өмсөх зүйл нь нэг л юм чинь. Хэ хэ. Хамгийн гол нь уг хүн юу өмсөх үү? гэж ярьсан улсууд байна. Ээж нь "Миний охин дээл өмсчих, гоё шүү дээ". Том зулзага тэгэхээр дуугаа хураачихна. Эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь тэр.
Төгсөлтөөрөө хар бараандуу хувцас голлон өмсдөг гэж дуулсан. Учир нь төгсөөд явж байгаа болохоор уйтгартай гэдэг утгаараа. Эсрэгээрээ элсэн орохдоо гэгээлэг өнгийн хувцас өмсдөг гэнэ. Элсэн орж буй баярт мөч учраас. 
Дунд сургуулийн дүрэмт хувцас бас захиална. Энэ тухай тусгай дугаар орууламз.

Tuesday, January 13, 2015

Ягаан дэвтэртээ

Сүүлийн үед олж уншсан цэцэн мэргэн үгсээ оруулав. Нэг хэсэг их л идэвхитэй түүгээд л бичдэг байсан бол ойрноос жаахан хойрго болжээ. Учир нь нүүр номын ачаар энд тэндхийн хуудаснаас хуулж авч олонд түгээгээд байгаа ч, дараа нь өөрт хэрэг болоод хайхаар гарч ирэхгүй юм. Хэ хэ. Тэгэхээр би нь нүүр номын хэр идэвхитэй гишүүн болох нь тодорхой. Хэрэгтэй хэрэггүй их олон зүйл share хийгээд, сүүлдээ өөрөө толгой нь эргээд эхлэнэ гэж байгаа.

Халаас хоосондоо биш толгой хоосондоо ич.

Эр хүний гэртээ ирэх гэрлийг гэргий нь өөрөө асаадаг.

Амьдралд хүмүүс боловсролоороо бус хүмүүжлээрээ ялгардаг.

Үрчлээтэхээс биш
Үнэ цэнэгүй амьдрахаас ай.
Хөгшрөхөөс биш
Хүн чанаргүй амьдрахаас ай.

Бээлийгүй бол гар даардаг шиг
Хайргүй бол сэтгэл даардаг

Чиний аз жаргал хэтэвчнээс чинь биш
Нүднээс чинь гэрэлтэх ёстой.

Эмэгтэй хүн хайрлагдаж
Эрэгтэй хүн хүндлэгдэж  амьдрахыг хүсдэг.

Том зорилго тавь. Биелүүлж чадахгүй байсан ч олон зүйлд хүрсэн байх болно.

Хүмүүсийн алдааг уучилж сурах хэрэгтэй. Яагаад гэвэл нэг л өдөр чи өөрөө ч алдах л болно.

Зовж үзээгүй хүн жаргаж байгаагаа  мэддэггүй.

Ээж байна гэдэг маш том боловсрол юм
Эхнэр байна гэдэг маш том ухаан юм
Эмэгтэй хүн байна гэдэг маш том урлэг юм.

"Буруу" шалтгаанаар "зөв" хүмүүсээс биш харин
"Зөв" шалтгаанаар "буруу" хүмүүсээс холбоогоо тасалж сур.

гэх мэт зөндөө л байсан.

Thursday, January 08, 2015

Нимгэвтэр ном

Нүүр номд яваад байсан ч билүү, нэг л харсан царай гэдэг шиг нэг л харсан гарчиг.
Өнөөдөр гэртээ ганцаараа сайхан амарч байна. Уг нь тав дахь өдөр болгон үдээс өмнө буул халж суудаг нэг өвөө байдаг юм. Өвөөд ажил гарсан тул ингээд номоо уншаад сууж байхав.

Ерөнхий санаа бол шаал хоёр өөр тивээс ирж нийлсэн улсад мэдээж хоорондын онцлог тал ихтэй. Түүнээсээ болоод үл ойлголцол үүсэх нь их. Тиймийн учир аль болох биенийхээ өөрсдөөсөө ялгаатай талыг олж харан, түүнийг нь хүндэтгэх, ойлгож хүлээх авах тухай.
Эрчүүд минь та нар эмэгтэйчүүд биднийгээ зүгээр л сайхан тэврээд, сайхан сонсоод явахад л болох юм шүү дээ.
Хүүхнүүд бид нь та нарыгаа дүнсийгээд жаахан ууртай байхад чинь ч гэсэн сайхан ойлгоод бага зэрэг хөндийрсгээд өгөе. Хэ хэ.
Ихэнхи эрчүүд дотогшоогоо байдаг. Ямарваа нэгэн бэрхшээл, шийдвэрлэх ёстой асуудал гарч ирэхэд дотроо тунгаан бодон, хугацаа хүсдэг.
Эмэгтэйчүүд болохоор аль болох гадагш нь гаргаж, бусадтай хуваалцаж байж тайвширдаг.

Ер нь үнэн л дээ. Эмэгтэй хүмүүс тухайн өдөр болсон сонин сайхан зүйл, хүүхдийнхээ юу гэж хэлж хайр хүргэсэн, яаж уурыг нь хүргэсэн тухай хань ижлийгээ ажлаасаа харьж ирэхийг тэсэн ядан хүлээгээд, ирэхээр нь урсгаж өгдөг дөө. Харин эрэгтэй хүн тэр бүр сонсоод байгаа эсэх нь мэдэгддэггүй дээ. Би нь
-Хүүе сонсож байна уу?
гэж ирээд л ярина шүү дээ. Сонсохгүй бол гомдоллоно. Тэгсэн энэ чинь өнөө "гэм биш зан" гэдэг нь л болоод байна. Хаа байсан америк?-т хүртэл адил юм байна шүү дээ. Өнөөдрөөс эхлээд тактиктай үзэж тарна аа хань ижилтэйгээ хэхэ.

За тэгээд залуухан, шинэхэн хосууд уншаад анхлан тулгамдах элдэв асуудлаа шийдэж байвал, харилцан бие биенээ ойлгож, харилцан буулт хийж байвал хэрэгтэй л ном байна.

Нэг зүйл ажигласан нь "аажимдаа" гэдэг үгийг "ааЖемдаа" гэж бичсэн байх юм. Жем нэртэй хүний тухай жишээ дурдан өгүүлж байсан. Тэрэнтэй холбоотой юм болов уу.

Жич: Энэ олон номыг нэг дор бэлэглэсэн найздаа хайр зарласан шүү. Хэ хэ.

2015 оныг хамтдаа

Бас л уламжлалт бичлэг. Энэ жил ийм хоёр дэвтэртэй болсон. Хоёулаа бэлгэнд ирсэн. Хээтэйг нь байгууллагынхаа сугалаар хожоод, ягааныг нь төрсөн өдрийн бэлгэнд аваад. Нээрээ би нь өчигдөр төрөөд. Охидынхоо өгсөн мэндчилгээг дараа орууламз.
Мундаг уншигчид минь хувь хувьсгалын гээд хэд хэдэн дэвтэртэй байдаг гэж бичсэн байсан даа. Би нь энэ жил та нарыгаа дуурайна аа. Ягаан дээр нь энд тэндээс олж уншсан мэргэн үгс, сургааль, уншмаар байгаа номын нэр зэргээ бичдэг юм билүү гэж бодож байгаа. Эрээн дэвтэр нь түрүү жилийнхтэй ав адил тул дассанаар нь өдөр тутамдаа хэрэглэнэ ээ.
Энэ жил ч олон сайхан зүйл бичигдэх болтугай гэж өөртөө ерөөе.
Та бүхний минь дэвтэр ч ажлын хөтөлбөрөөр дүүрэн, гэр бүлийн аз жаргалтай дурсамжаар дүүрэн, найз нөхдийн хөгжилтэй уулзалтаар дүүрэн байх болтугай.

Tuesday, January 06, 2015

Шинэ жилийн ил захидал

Энэ тухай бичиж байсан эсэхээ санахгүй байна. Бичсэн ч билүү гэж санагдаад байгаа ч дахин бичлээ.

Нэнгажо гэнэ японоор. 12 сар гараад л хүмүүс ийм ил захидал бичих ажилдаа ханцуй шамлан орно. 12 сарын 25 гэхэд амжаад шууданд хийвэл 1 сарын 1-нд эзэндээ яс хүрнэ. Зураг нь янз бүр байна. Хар цагаан ч байна, зураг дээрх шиг өнгө алагласан нь ч байна. Шинэ онд гарах 12 жилийнхээ амьтаныг есөн жороор нь л зурсан байна шүү дээ. Энэ жил хонь жил гарах тул элдэв янзын хонь харагдсан. Монголтой холбоотой, монгол явж байсан хүмүүс монгол хонь тал нутгийн минь фото зургаа өгч тусгайлан захиалж хийлгэсэн байсан. Зарим нь дан ямааны зураг ч байх шиг. Ямаа жил юм уу хаашайн хэхэ.
Ийм ил захидлаа өнгөрсөн жилд тохиолдсон өвөрмөц содон зүйлийнхээ зураг хөргийг оруулаад хийлгэх нь ч бий. Заавал 12 жил гэхгүйгээр.
Би болохоор бэлэнчлээд худалдааны мэндчилгээ аваад биччихдэг юм. Тэгэхгүй бол бас л хөөрхан ажил болно шүү дээ. Явуулах хүнийхээ дүр төрхийг нүдэндээ буулган, хэзээ хаана яах гэж уулзаж байсан, хэдэн удаа уулзсан, сэтгэлд хоногшсон зүйл юу билээ гэх мэт бодон бодон бичдэг тул миний хувьд цаг их зарцуулна. Харин энэ жил том зулзага бид хоёр рекорд тогтоогоод 12 сарын 25-нд ихэнхи ил захидлаа шууданд хийчихсэн. Ганц нэгийг л 26, 27, 28 болгож хийсэн. Их урамтай, сэтгэл санаа тайван байдаг юм билээ. Ирэх 12 сард бас амжиж бичихийг хичээнээ.

Хэдий өөрөө бичиж явуулах нь ажиллагаа шаарддаг ч эргээд хүмүүсээс мэндчилгээ ирэхийг нь хүлээнэ гэж бас л сэтгэл хөдлөөд сайхан зүйлийн нэг. Хэ хэ. Хэн хэн юу гэж бичсэн байна гээд л чанга дуугаар уншина шүү дээ. "Дахин уулзаж гарын чинь монгол хоолыг идмээр байна", "Энэ жил ч бүгдээрээ уулзан буу халж шуугилдацгаая", "Охид нь том болж байна уу, монгол хэлийг нь зааж өгөөрэй" гээд л намайгаа урмаар тэтгэсэн, зөвлөгөө хайрласан олон сайхан мэндчилгээ хүлээн авч буй хүн чинь нэг хэсэгтээ л сэтгэл тэнэгэр байна шүү дээ.

2 сарын дундуур сугалаа явагдана. Энэ ил захидлын ар талд тоо байна. Тэр тооны сүүлийн тэдэн тугаар таарвал марк, бүгд таарвал мэдээж томоохон бэлэг авна. Би марк хожиж байсан юм байна. Энэ жил ч гэсэн азын тэнгэр ивээгээсэй...

Зураг

Ганц нэг зураг орууллаа шүү. Ижий аав хоёр минь ээ. Хэ хэ

Монголчуудынхаа ёолкоор улаахан дарсыг шимэн шимэн уусан нь
Том зулзагын шинэ жилийн гоёо.
Өөрөө ингэж будаж үзээд л, арилгаад л байсан. Яахав хэтрүүлэхгүй өөрийнхөө гоо сайхандаа анхаардаг болог гээд ээж нэг их үглэхгүй ээ энэ тал дээр. Гол нь цаг үеэ л олдог байх хэрэгтэй гэдэг юм. Тэгэхгүй бол ээж шигээ хуруу хумсаа янзалж мэддэггүй хүн болчихно. Эмэгтэй хүн донжийг нь олоод ганган байх нь хэрэгтэй гэж бодоод байгаа сүүлийн үед.

Нэхээд дуусгасан

Найзынхаа захиалсан майкыг нэхэж дуусгаад эзэнд нь явуулчихлаа. Таалагдаасай гэж залбирах л үлдэв. Хэ хэ

Том зулзагыгаа төрөөд удаагүй байхад хоёр майк нэхэж байсан юм. Яг яаж, ямар схэм харж нэхэж байсныгаа ор тас мартсан байна. Сүүлд нэг майк нэхсэнийгээ зургийг нь блогтоо оруулж байж. Гэхдээ дэгээ зүүгээр, тэс ондоо загварынх байв. Тэгээд л нетээс хайж гарав. Арай хийж олсон минь бас жаахан өөр байгаад. Суганы гаргалгаа, энгэрийн гаргалгаа дээр хэдэн өдөр маанагтаж харж суув. Нээх сонин болоод болдоггүй. Харин нэхэж дуусгаад харахаар хөөрхөн ч болчихсон юм шиг. Хэ хэ. Яг нэхэж байхдаа ч дахиж хэзээ ч хос зүүгээр майк нэхэхгүй юм шүү гэж бодож байсан хүн дууссан хойно нь өөр хэнд нэхэж өгдөг юм билээ гэж бодоод байнаа хэхэ.

Зургийг нь дараа эзнээс нь зөвшөөрөл авч байж оруулна аа. Тэр болтол түр хүлээнэ үү. ккк

Өө тийм, хөлсөнд ном авахаар болсон. Ойрд их ном бэлгэнд авсан болохоор одоохондоо яг ямар ном захихаа мэдэхгүй л байна. Санал болгох гоё ном байвал хэлээрэй.

Дугтуй

За энэ цагаан сараараа хүүхдүүддээ мөнгө хийж өгдөг дугтуй. 1000 иенийг дөрөв нугалаад хийхэд тохирсон. Мөн гурав нугалж хийх зориулалттай жаахан өргөн нь ч бий. 500 иений зоосон мөнгө хийх зориулалтын жижигхээн дугтуй ч байдаг юм билээ.

Ер нь энд хүмүүс мөнгө өгч авалцахдаа дугтуйнд хийдэг. Жишээ нь буяны ажил явдалд, хурим зэрэг баяр ёслолд мөнгө өгөхөөр бол заавал тусгай зориулалтын дугтуйнд хийнэ. Шалдан мөнгө хоорондоо өгч авалцахгүй. АТМ зэрэгт тухайн банкны дугтуй байнга байна. Их хэмжээний мөнгө гаргахдаа ихэвчлэн дугтуйнд хийнэ.

Байгууллага болгон өөрсдийн нэр, утас, хаяг бүхий том жижиг дугтуйтай. Өнгө нь ч янз янз. Харилцагч байгууллага, хүмүүстээ шуудан явуулах гэж буй бол тэрэндээ хийнэ.

Гэх мэтчилэн дугтуй бол энд салшгүй зүйлийн нэг дээ.

Monday, January 05, 2015

Шинэ кино

Том зулзагын өвлийн амралт дуусахад ганцхан хоног. 10 л хоног амарч байна. Боддог юм, энэ япончууд ажиллах мөрөөрөө ажиллахгүй, хүүхдүүдийг хүртэл амраахгүй юм. Зун өвөл, хавар намрын амралт гэж хариугүй. Хамгийн урт нь зун. 1 сар л амарч байна. Том зулзага монгол дахь үеэлтэйгээ ярихаараа
-Юун гоёын?
гээд л атаархаад байдаг юм, амралтынх нь уртыг сонсчихоод. Хэ хэ

За энэ богинохон амралтыг нь аль болох зугаатай өнгөрөөчих юмсан гээд л, ийш тийшээ орж гарахыг хичээнээ. Энэ удаад  Disney-н шинэ хүүхэлдэйн кино "Big Hero 6" үзэв. Хөөрхөн кино байна лээ. Робот гэхээр л байлдсан дайтсан, зодолдсон нүдэлдсэн биш, энэ удаад их хөөрхөн робот байлаа.  Охид минь хүртэл өхөөрдөөд, инээгээд л үзээд байсан.

Хөндүүр

Хамаг бие хөндүүр. 4 жил гаран цана чаргаар гулгаагүй юм билээ бодоод байсан. Яасан гэхээр
2010 онд манайх гэдэг айл нэгэн хүнийг эрүүл саруул болгох гээд, нэгэн гэр бүлийг элэг бүтэн байлгах гээд хэрэндээ хичээсэн жил байлаа. Юун зугаа цэнгэлтэй манатай...
2011 онд бага зулзага минь гэдсэнд.
2012 онд бага зулзага минь жаахан, даарж хөрнө гээд аниа аав 2 нь гулгачаад ирсэн.
2013 онд бага зулзага минь чаргаар гулгаж, ээж хамтдаа шүү дээ.
За тэгээд энэ удаад гулгасан чинь юу вэ. Маргааш нь хамаг бие хөндүүр л юм байна.
Эхэндээ гулгана гэж бодоогүй л дээ. Тэгсэн том зулзага хөл өвдөөд гээд гулгах янз алга. Тэгэхээр нь дүүг нь харуулчихаад өөрөө тэрүүхэн тэндээ дасгал сургуулилалт хийж байтал хань ижил бараг л хүчээр шахуу чирээд ливтэнд суучихав аа. Би чинь ливтнээс нь үхтэлээ айдаг хүн байхгүй юу. Буухдаа нэг л эвээ олж өгөхгүй, уначихаад байдаг юм. Тэгээд л ливтээр дээш өгсөнө гэдэг бол толгойны өвчин. Гэхдээ хань ижлийн ятгалаг, хүчин зүтгэлээр 2 удаа ливтэнд сууж, уулын орой дээрээс унан тусан гулгав. Хэ хэ.
Гулгаж ирээд л дээшээ харахаар сүртэй сүртэй. Хөөх би чинь ийм өндөр уулнаас гулгаад ирээ юу? гэж өөрийн эрхгүй өөрийгөө матгаад байгаа юм бишүү. Дээрээс нь нил цэвэр агаар амтагдаад л.
Чаргаар л гулгасан шүү, цана гээд ойлгочихов оо. Хэ хэ
Худлаа худлаа, snow boat-р гулгасан. Монголоор яг юу гэдэг юм бэ. Яг оноогоод хэлж мэдэхгүй байна. Мэддэг нь хэлээрэй. Гуйж байна шүү.
Мундаг уу? Ккк. Гэхдээ байна аа, доошоо буух гэж хэд унаж туссаныг бүү мэд. Хань ижил татаж унаад л байсан, намайг харчихаад. Тэгэхээр ямар нь ойлгомжтой биз дээ, манайхаан. Хэхэ

Шинэхэн оны мэнд

Шинэ он гараад эрч хүч дүүрэн байна уу уншигч олон минь.
Би нь бас адил. Хэ хэ.

1 сарын 1 бол японы цагаан сарын шинийн нэгэн. Шинэ он гарах гэж байна гээд хундага тулгаад мөч тоолон хүлээдэг нь ховор. Жишээ нь бидний байнга очдог япон ээж аав гэхэд л 11 цаг гээд унтаад өгөхөв. Хэ хэ.

Цагаан сарын бэлэг нь жижигхээн дугтуйнд мөнгө хийж өгнө. Дугтуй нь их хөөрхөөн, янз бүрийн зурагтай байна. Мөн эрэгтэй хүүхдийнх, эмэгтэй хүүхдийнх гээд ялгаатай нь ч байна. За энэ мөнгөн бэлгээ зөвхөн хүүхдүүдэд л өгнө. Ахлах сургууль хүртэлх хүүхдэд өгөөд байх шиг байна лээ. Миний 2 зулзага бас овоо хэдэн төгрөгтэй болсон байна лээ. Том зулзага бол бараг хэд байгааг нь хэлэхгүй, нууц гээд инээгээд байсан. Бага зулзага авсан дороо хөөрч байснаа 5 минут болоогүй мартааский. Мөнгө нь ээжийн түрийвчинд орооский. Хэ хэ.

Цагаан сараараа мэдээж тусгай хоол хийж иднэ. Битүүндээ Тошикоши соба гээд гурвалжин будааны бор гоймон иднэ. Айл бүрийн онцлог цагаан сарын хоол байгаад байх шиг байгаа юм.
Бид хуушуур хийж ширээгээ чимлээ. Шинийн 2-нд нь цуйван хийлээ. Монгол япон хоолны хослол.

Цагаан сараа хэрхэн өнгөрүүлсэн ганц нэг зураг дараагийн бичлэгтээ оруулна аа.

Миний муу блогоор зочилдог уншигчдадаа их баярладаг шүү. Та нарынхаа урмын сайхан үгээр тэтгэгдэж энэ жил ч гэсэн блогоо идэвхитэй бичихийг хичээнээ. Бүгдийг нь үнсэв. ккк