Thursday, July 30, 2015

Арвин байг

Хайртай хоёр бурхан минь эхнээсээ ургацаа хураагаад эхэлчихсэн. Би нь нүүр ном, блог зэргээ ургацынх нь зургаар чимэх гэж нэхэж байж ганц нэг зураг авснаа орууллаа.
Үхрийн нүд
Өргөст хэмхнээсээ ганц нэг кг-г зарсан гэж байгаа. Усанд зориулсан зардлынхаа өчүүхнийг ч гэсэн эргүүлж олж авбал аштайв дээ, тийм ээ. 

Өөр бас бус ургац бий. Ажилсаг хоёртоо хайртай шүү.

Дандаа л гадныхныг мундаг гэж байхаар дэргэдээ байгаа мундагуудаа бас бичих минь тэ.

Дурлачихсаан

Хэн гээч. Би. Хэ хэ тоглосон юм аа. Бага зулзага дурлачихаад, их л шаналж байх шиг байна шүү дээ. Нэг орой унтах гээд гэрлээ унтраачихаад л буу халав аа.

-Би Кооки күнд хайртай.
-Тийм үү?
-Даанч тэр надаа хайргүй. Өөр охинд хайртай.
-Ангид нь өөр зөндөө банди байдаг шүү дээ. Тэднийхээ нэгэнд л хайртай болчихооч дээ, миний үрээ.
-Тэд нар чинь муу жаалууд.

Гэсэн харилцан яриа болоод, сонсож хэвтсэн аниа аав хоёр нь татаж унав аа. Миний инээд бас хүрээд л шууд инээчихэж болдоггүй. Надад хайргүй, өөр охинд хайртай тэр гэж хэлэхдээ бүр хоолой нь зангираад бүр үнэн сэтгэлээсээ шаналж байна.

Одооны хүүхдүүд айхтар болж байгаа гэсэн, ийм эрт дурлаж мурладаг болчихсон юм уу даа. Аниа нь бас цэцэрлэгт байхдаа нэг бандитай их найз, хоёр биенийхээ фен байсан юм. Гэхдээ тэр өөр охинд хайртай шд энэ тэрээ гэж шаналж байгаагүй л санагдаад байх юм. Хэ хэ.

Бодохоор л хөөрхөн санагдаад. Харилцах дэвтэрт нь бичсэн чинь багш нь бас инээгээд л, аав нь бяцхан шооконд орсон уу гээд асуучихжээ. Ангийн багш нь эрэгтэй, охинтой байх шүү. Аав нар охиноо өөрөөс нь өөр эрэгтэй хүнд хайртай болчихоор хэцүү байдаг байх даа. Эсрэгээрээ ээжүүд хүүгээ өөрөөс нь өөр эмэгтэй хүнд хайртай болохоор бас л хэцүү байх тийм үү. Хүү төрүүлж байж л мэдрэх байх даа. Хэ хэ.

Энэ дурлал хэр удах нуу? Өөр хүнд дурлахаар нь хэлнэ ээ. Ккк

Тоохгүй байгаа нэг муу хар юмны араас нэг их шаналаад хэрэггүй гэж хэлэх юм шүү. Ккк

Wednesday, July 22, 2015

Зуны амралт

Том зулзагын зуны амралт эхэлчихсэн. Бага сургуулийн зуны амралтаас юугаараа ялгаатай вэ гэвэл өглөө хар үүрээр босч гадаах цэцэрлэгт хүрээлэнд гарч дасгал хийхгүй.

Гэсэн ч өглөө хар үүрээр босно. Учир нь өдрийн хоолоо бэлдэнэ. Өдөр бүр өнөөх дугуйландаа явна. Зарим өдөр бүтэн өдөржин. Зарим өдөр үдээс өмнө, заримдаа үдээс хойш. Бүтэн өдөржин сургууль дээрх дугуйландаа өнжих бол хар үүрээр босоод л өдрийн хоолоо бэлдээд, давхар намайгаа чангалаад байна. Хэ хэ.

Өөрөө өндөг мөндөгөө шарж мараад мундаг байгаа ч, ээж нь хажууд нь бөндөгнөж бас бус зүйлийг нь бэлдэж өгөхгүй бол амжихгүй.

8 сарын 9-нд нэг тэмцээнтэй. Тэрэндээ л бэлдээд ингэж өдөр бүр явж байгаа гэсэн. Бусад төрлийн дугуйлан нь тэмцээн уралдаангүй, сайхан завтай байдаг л гэнэ. Гэхдээ тамирын чиглэлийн дугуйлан их завгүй гэсэн шүү. Өдөр бүр бэлтгэл сургуулилалт, улирлын чанартай тэмцээн уралдаантай байдаг гэсэн. Манайх харин ч гайгүйд нь орно гэсэн. Хэ хэ.

Зуны даалгавар нь бага сургуулийнхтай төстэй. Чанарын, хэмжээний хувьд арай хүндэрдэг юм уу даа.
-Ээж ээ?
-Айн?
-Энэ жил, яг өдөр өдрөөр нь л даалгавраа хийнэ ээ. Хурааж хурааж, сүүлд нь бөөндөхгүйгээр.
-За. Тэгж л үзээрэй. Одоо дунд сургуулийн сурагч болсон хүнд би лав үглэж чадахгүй шүү.
-За.

Яг одоогоор манайд их битий хий, бага битий хий, өдөр бүр хий гэсэн лоозонтой хүн нэг байна. Хэр удаан үргэлжлэх юм байгаа юм. Хэ хэ. Харж л байхаас. Амаа тас жимийгээд. Ккк

Tuesday, July 21, 2015

Зүгээр л нэг амьдарч болохгүй

Ц.Хулангийн өөрийнх нь хэлснээр зүгээр л нэг амьдарч боломгүй санагдаад бичдэг гэдэг шиг би нь бас зүгээр л нэг амьдарч боломгүй санагдаад блог бичдэг байх шүү.

Найрагч маань ч өөрөө зүгээр л нэг амьдарч боломгүй санагдаад бухимддаг үе олон болтой.

Номонд бичсэн нэг зүйл нээрээ л тийм шүү гэж бодогдуулав. .

Монголчууд бид аливаа зүйлийг их өмчлөх дуртай гэж. Бүр бүхэл бүтэн хүнийг өмчлөх гээд байдаг нь. Далай ламыг монголд айлчлахад нь том дарга нар, тэдний гэр бүлийнхэн, хамаатан саднууд уулзах гээд дугаарлаад амар заяаг нь үзүүлдэггүй байсан тухай байсан. Тэхэд энгийн ард олон холоос ч болтугай барааг нь харчих санаатай чихцэлдээд л...

Монголчууд бидний шүтэж, сүсэглэж чадахаа байсанд харамссан тухай бичсэн байна. Үнэн шүү. Урдаа барьдаг хийдэд очиж мөргөнө, ном уншуулна, адис авна. Даан ч дотоод сэтгэл нь тэс өөр зүйл бодно, хүснэ...

Зон олны амьдрал
Зовлон тийш яарна
Зовсон хүн ядрахдаа
Бурхан тийшээ яарна...       Мастерс

За тэгээд зохиолч олон нөхдийнхөө тухай дурссан байсан. Найраг, зохиолуудыг нь амтархан уншдаг найрагчид, зохиолчдын  тухай сайхан дурсамжуудаа бичжээ. Ганц нэг хүний тухай ширүүхэн хэлсэн байсан лээ. Болж байгаа юм уу даа?  гэж санаа зовоостой. Өөртөө дайсан төрүүлээд. Одоо чинь хүлээцтэй хандаад, сонсдог нь бага болчихсон болохоор. Гэхдээ л ингээд шудрага, ширүүхэн хэлчихдэг хүн байхгүй бол гэж өмөөрөөд л сууж байна.

Залууст бас л шүүмжлэлтэй ханддаг нь таалагддаг. Алдаж үзээчээ, дурлаачээ, ажил хийж үзээчээ гэж нэг ярилцлага өгсөн байсан даа.

Гэх мэт зөндөө л зүйл бодогдуулахаар ном байсан. Аргагүй л уншигчдын хүсэлтээр 3 дахь удаагаа хэвлэгдэж буй ном санагдсан.

Сайхан ном унших боломж олгосон Гуталчин-д дахин гялайлаа. Хэ хэ

Friday, July 17, 2015

Санаандгүй бас нэг ном

Үүнийг бас Гуталчин-с авсан. Баярлаж байгаа шүү. Шууд би нь санаанд ороод намайг ном авах уу гэж асуусанд нь хэд хоног хөөрсөн гэж. Блогийнхоо ачаар хүний санаанд шууд бууна гэдэг өчүүхэн надад их хувь зохиолоо. Хуланг уншсан тул яруу сайхнаар ярьж эхлэх нь энэ. Хэ хэ.

Амайтай оюутан ахуйдаа хальт хамт сурч байлаа. Сүүлдээ аялаад алга болсон уу? яасан,  лав цуг төгсөөгүй шиг санаад байх юм. Төгссөн ч билүү, андуурч байж магад шүү.

Ангийн хамгийн хойно суучихаад л өнөөх юу гэдэг билээ? Гараа аман дээрээ барьж байгаад л нулимаад ч байгаа юм шиг урлагийн төрөл чинь? Ха ха. Тэр мэрийг хийгээд л сууж байдаг байсан. За би нь эгэл ноомой байсан юм болохоороо юм ярьж үзээгүй байхаа? Амайтай. Худлаа, ганц нэг үг сольж үзсэн юм байна. Нэг явцын шалгалтан дээр яг ард ирж сууснаа, ганц нэг ханз асуугаад... Жирийн үед дуугардаггүй хүн чинь шалгалтан дээр аягүй найзаа гэж ирснээ ханз асууж энэ тэр. Тухайн үедээ уур хүрч л байлаа.

Түүний нийлдэг байсан хүүхдүүд ч цаанаа нэг тийм өөр ертөнц байлаа, миний нүдээр.

Зарим нь энгийн үед хүүе хаая байснаа шалгалтны өдөр тоохоо байчихдаг нөхдүүд бас байдаг тээ. Тэр нь ихэвчлэн онц сурлагатангууд.

Би өөрөө алтан дундаж байсан болохоор алинд нь ч хамрагдахгүй энэ тэр. Ккк

Ном танилцуулах гэж яваад бурж өгч.

Хааяа блогийг нь уншдаг байлаа. Сүүлд уншаагүй уджээ. Номыг нь уншиж байна. Залууст санаа оноо өгөхөөр зүйл ихийг бичжээ.

Олон мундаг докторуудаар зөвлүүлээд, хянуулаад явсан гэдэг нь илт мэдэгдэж, уншихад урамтай байлаа. Агуулга талаасаа биш, зөв бичгийн дүрэм талд маш их анхаарсан байна. Ямар ч байсан алдаа олж харсангүй. Хэ хэ. Түүнээс зарим нэг номд олж хараагүй байхад харагдаад байдаг юм.

Бяцхан шүүмжлэл: Гөлгөр цаасан дээр хэвлэсэн болохоор заримдаа гэрэлд гялбаад. Номынхоо байрлалыг солих, нэг бол толгойгоо гилжийлгэж тусах гэрлийг тааруулж уншиж байна.

Ямар ч байсан жаахан тоодоггүй байсан хүнээ тоож эхлэх гэж байна. Нийгмийн элдэв асуудлыг адилхан бухимдуу хүлээн авч, засч залруулах юмсан гэж боддог нь сайхан. Тодорхой хүрээний дэмжигчтэй болсон тул дуу хоолойгоо цаашид ч гаргаарай, тэмцээрэй гэж амжилт хүснэм...

Thursday, July 16, 2015

Соёмбо

Бага зулзагын минь зурсан соёмбо. Нэг өглөө сэрчихээд хэвтэж байснаа гэнэт босоод, нэг юм зураад байв аа. Дараа нь албандаа явсан хойгуур нь юу зурж гэж харангаа зурсан цаасыг нь хаяхаар дэлгээд харсан чинь их хөөрхөн зурчихаж ээ. Өхөөрдөөд шууд зургийг нь дарлаа. Бас шууд нүүр номдоо орууллаа. Лайкийг бол  цуглуулж өгч байна лээ. Ха ха

Хананд минь томоос том далбаа өлгөөтэй байдаг юм. Эх орноосоо хол байгаа ихэнх залуус ингэж өрөөндөө далбаагаа хаддаг байх аа. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс. Эмэгтэй хүмүүс нэг их тоодоггүй байж магад. Би лав гэрийнхнээсээ түрүүлж ирчихээд 4 сар болохдоо далбаа энэ тэрээ ханандаа өлгөнө гэж зүүдлээгүй л юм дааэ Тэгсэн хань ижил ирээд нэг их удалгүй далбаа минь байраа олсон доо. Нэг өдөр ажлаасаа тараад ирсэн чинь гэр нэг л өөрөө. Юу билээ? гээд гайхаж хэсэг зогсож орчноо тойруулж харж байснаа санадаг юм. Хэ хэ.

Нэг удаа угаалгын машинд хийж угаагаад жаахан онцгүй болгочихсон. Гараараа угааж баймаар юм билээ.

Бага сургуульд очиж улсаа танилцуулах, энд тэндхийн улсаа сурталчлах арга хэмжээнд далбаагаа байнга авч явна шүү дээ. Гэхдээ гэрийнхээ далбааг биш, ажлаасаа зээлж аваад явна. Учир нь манай ажилд олон улсын далбаа байдаг юм. Тоог нь санадаггүй ээ. Монгол гэхэд 3 ширхэг бий. Тэгэхээр хэр хэрэгцээ ихтэй байгаа нь мэдэгдэж байгаа биз? Зарим нэг улсын далбаа нэг л ширхэг байдаг юм.

Нэг онцгүй нь, энд тэнд арга хэмжээнд ихээхэн хэрэглэдэг хэлхээтэй жижиг далбаан дунд монгол байдаггүй нь харамсалтай. Энд тэнд тийм хэлхээтэй далбаа өлгөсөнтэй таарвал байхгүйг нь мэдсээр байж зулзагуудаараа хайлгана аа, аминдаа тогтоож уу гэдгийг нь шалгаж байгаа нь тэр. Хэ хэ.
-Өө, байхгүй байна шдээ, ээж ээ.
-Харин тийм байна шдээ, гомдол мэдүүлэхээс...

Төрийн минь далбаа бас тайлбараад танилцуулахад овоо хөөрхөн цаг авна. Агуулгаар баялаг.

Wednesday, July 15, 2015

Дунд сургуулийн анхны...

Эцэг эхийн уулзалт болоод. Бүх эцэг эхчүүд нэг дор цуглаж хуралдахгүй л  дээ. Нэг нэгээрээ багштай нь уулзаж ярилцана.

Бага сургуулийнхтай адил юм билээ. Ярианы сэдэв. Анги дэвшээд хэрхэн хичээж байгаа талаар багш нь ярьсан. Анги мангиа их сайн цэвэрлэдэг юм байх өө. Сонсоод дотроо гэрээ тэгж цэвэрлээсэй гэж бодоод л сууж байлаа. Хариад том зулзагатаа
-Миний зулзага аа?
-Аан, ээж ээ? Багш юу гэж байна?
-Ангиа цэвэрлэдэг шиг ээ гэр бас цэвэрлээрэй.
-...

Ангийн багш нь их дажгүй санагдсан. Эрэгтэй болохоороо тэгсэн үү? Ха ха. Лав л яриа хөөрөө сайтай юм билээ. Монгол явах юмсөөн гэсэн. Хэ хэ.


Зуны амралтаа хэрхэн зөв зохистой өнгөрүүлэх талаар гэх мэт бас л баахан цаас тарааж өгсөн. Тухтай уншиж амжаагүй, хэхэ. Хугацаа мугацаатай гар хөлийн үсэг зурж буцааж өгөх хуудас явж байх вий? Нээрэн эргэж нэг сайн харахаас.

Ямар ч байсан сурагчид хичээлдээ, ангидаа, сургуульдаа дасч эхлэж л байгаа юм шиг байна.  Том зулзага ганц нэг шинэ найзтай болсон сурагтай.

Сургуульд нь үс мүсээ шараар будаад, өмднийх салтаа худалч хүнд бараг өвдгөн дээрээ явж байдаг, нүүр амаа будчихсан, хичээлдээ ирдэггүй тасалдаг гээд л хүүхдүүд мэр сэр байдаг гэсэн.

Saturday, July 11, 2015

Санаандгүй нэг ном

гоё номтой болсон.
Хэнээс авснаа хэлэх үү?

Блогчин Гуталчингаас.

Уншиж байна. Гуталчаан хоёулаа адилхан, таалагдсан хэсгээ өнгөөр будаад будаад явчихдаг юм билээ шд. Хэ хэ. Яагаад ч юм их гоё дотно санагдаад өөрийн эрхгүй инээмсэглэв. Ямар хүн байгаа бол гэж нүдэндээ нэг их сайхан охин дүрслэв.

Ярилцлага энэ тэр нь бол цаанаа л нэг тийм жаатай байгаад байдаг юм. Хулангийн.

Ээжийн тухай шүлгэнд нь дуртай. Бас эр хүний тухай шүлгэнд нь дуртай. Оюутан байхдаа шүлгийн дэвтэр ихтэй байж. Өөрөө бичихгүй, энд тэндээс гоё шүлэг хуулж бичдэг. Хэ хэ.

Friday, July 10, 2015

Наадмын мэнд ээ

Уншигч олондоо наадмын мэнд шүү. Сайхан наадаж байгаа биз дээ?

Зүүн баруун жигүүр юу болсон бэ нээрээ?

Бөхчүүд чинь том том спорт цүнх үүрээд л явдаг даа. Тэрэн дотор нь дүүрэн мөнгө байдаг гэх чинь билээ. Найрааных нь мөнгө. Тэгж сонсоод шаал дургүй хүрчихсэн.  Наадамчин олон баясаад л байдаг, өнөөдүүл нь харин араар нь бөөн мөнгө бие бие лүүгээ түлхэлцээд л. Бүр ханш манштай, начин тэд, заан тэд гэх мэт.

Японы сүмо шиг нэг хэсэг үзэгчид нь очиж үзэхээ болиод ч юм уу нэг тийм оновчтой аргаар муусайн бөхчүүдийг нэг сайн хашраавал таарна.

Бас энэ морь байна.

Янз бүрийн нийтлэл уншихаар л уур хүрмээр. 

За за баяр наадмынхаа өдөр билэггүй юм бичлээ гэж ижийдээ загнуулна, ингээд дуусгая. Хэ хэ

Манайхан өнөөдөр бүгд ажилтай. Том нь өнөөх дугуйландаа. Хагас сайн өдөр тул өдрийн хоолоо өөрсдөө хийж авч явсан. Ажиллагаа ихтэйг нь бодоод худалдаж авч өгөөд явуулчих гэхээр болохгүй. Учир нь ээж нь гэж ямар хүн байдаг байна аа? Ар гэр нь асуудалтай юм байхдаа гэж жиг жуг гэдэг гэсэн. Тэгж хэлүүлэхгүйн тулд япон ээж нар эртэч гэж юүхэв. Суралцаад суралцаад явчихмаар.

Хань ижил бид хоёр ажилтай тул бага зулзагаа албанд нь өгчихсөн. Хагас сайнд хааяадаа нэг өгч болдог. Үндсэн төлбөрт багтсан  байдаг тул амар. Энэ мэт зүйл дээр японы цэцэрлэгийн тогтолцоо сайхан л даа. Эртээдийн маргааныг эс тооцвол ч.

Ажлаа тарж ирээд хуушуур хайрна гэхээр халшраад. 12-нд л хийнэ шүү та минь ээ гэж би нь нүхээ эрт малтсан. Хэхэ. Гэхдээ л монгол хүн байна даа монгол хоолоо хийж иднэ. Цуйван.

Дугуй хуушуур хийж сурмаар л байгаа юм. Нар сар гэрэлтсэн хэхэ.

Thursday, July 09, 2015

Хөрст дэлхийн хишиг

Далайн хишиг, хөрстийн хишгийг хүртээд бид ч азтай юм өө. Хэ хэ

Нэг хөөрхөн өвөөгийн тарьсан ургац. Өргөст хэмх, улаан лооль, сонгино, төмс. Хөөрхий минь байсгээд л утасдана.
-Хаана байна? чи минь.
-Гэртээ байна өө. Хааяа
-Ажил дээрээ байна өө.
Гээд л хаа байгаа газартаа ирүүлж ногоог нь хоёр гардан авна. Албатай юм шиг л. Хэ хэ.

Мэдээж огт зүгээр л хүнээс аваад байхгүй л дээ. Нэхсэн зүйлсээсээ бэлэглэнэ. Монголоос ганц нэг юм ирвэл сонирхуулж өгнө, заримдаа эндээсээ жимс энэ тэрээ худалдаж авч очно.

Том зулзага минь төмсний хучмалд дуртай, бага нь ч бас дурлах янзтай. Хоёр ч удаа ойрхон хийж идэв. Хань ижил харин цээж хорсдог гээд дурамжхандуу. Гэхдээ байнга биш болохоор дуртай л даа. Эрчүүдийг ходоодоор нь ч гэх шиг. Ккк

Бас хаш гээч ногоо илүүчилдэг юм. Зүгээр л бусад ногоотойгоо хамт хуураад идчихдэг.

Улирлын чанартай ингэж тарьсан ногооноосоо илүүчилдэг өвөө нартаа баярлаж явдаг шүү.

Wednesday, July 08, 2015

Хөрст дэлхийн гайхамшиг

Анх удаагаа зөөлөн биетийг гэртээ өөрсдөө гаргав. "Ан"-гийн юм гэсэндээ амттай байсан.

Хань ижил захиралтайгаа загасчилаад. Яг энэ зөөлөн биетийг агнахад оройн цагаар явдаг юм билээ. Далайд гэрэл гаргаад, тэр гэрэлд нь жижиг загас хэрэгт дурлаж ирээд. Хэрэгт дуртай загаснуудыг энэ загас? зооглоод. Жижиг муу загасанд дээрэлхүү амьтныг бид зооглоод л. Хэ хэ.

Хальсалж гэдэс доторхыг нь цэвэрлээд түүхийгээр нь сашими болгож идэв. Агнаад нэг хоёр хоночихсоныг нь шараад иддэг юм. Бага зулзагаас бусад нь бол амтархан идэв. Бага зулзага л хэл мэлээ гаргаж ярвайж энэ тэр.

Ингээд өөдөөс нүд нь мэлтийгээд байхаар бас л эвгүй шүү тээ. Хэ хэ.


Хамгийн инээдтэй нь хань ижил,
-Эх газар минь ч сайхан, бурхан минь
гэсээр л орж ирсэн. Учир нь онгоц нь дайвалзахаар дотор эвгүйрхэж бөөлжөөд, тувт огиостой гэсэн. Цуг явсан загасчид нь шоолоод л байсан гэнэ лээ.

Усан онгоц хөдлөхгүй зогсоод байхаар далайн давалгааныхаа аясаар дайвалзаад, тэрэнд нь хүн бас дайвалзаад, тэгэхээр гэдэс доторх нь зайлагддаг юм шиг байна.

Хатуу юман дээр хөлөөрөө гишгэх чинь гүэ мөн аз жаргал гэсэн шүү. Би нь ч загасчилж үзээгүй болохоороо хэлж мэдэхгүй байна. Дараа далайд гарч загасчилвал ямар байсан тухайгаа заавал бичнэ ээ.