Monday, December 28, 2015

Амралтаараа ном

За нэг ийм ном уншиж дуусгав. Комик хэлбэрээр бичигдсэн.

Ерөнхий агуулга нь нэгэн хэвлэлийн газрын толь бичгийн хэлтэст түр ажилтнаар орсон япон хүүхэн эх хэлнийхээ тухай өргөн мэдлэгтэй болж буйг өгүүлнэ. Мэдээж эхэндээ үгийн баялаг, ханз үсэг мэдэхгүй байх, хэлц үг зэргийг буруу хэрэглэх гээд л олон бэрхшээл? асуудалтай тулгарна. Эх хэлээ төгс эзэмших ёстойгоо мэдэрнэ.

Би ч зөндөө л зүйл олж мэдэв. Хоолтойгоо хольчихгүй бол шүү дээ. Заримдаа ч хоолтойгоо хольчихсон байдаг юм. Юу билээ? гээд л мэдэхгүй, чадахгүй юм их байх юм дөө.



Ажлын шинэ жил

Энэ бас уламжлалт бичлэг байх? Бичиж байлуу? сайн санахгүй байна.

Ялгаатай тал:
Өдөр ажилдаа өмсөж явсан хувцастайгаа явна. Хүүхнүүд нь эрвээхэй шиг гоёхгүй, жилдээ нэг л удаа өмсөх даашинз энэ тэрээ болохгүй. Манай хүүхнүүд бараг ихэнхи нь уухгүй. Ганц уудаг нь би. Вино шимээд л улаа бутраад суулаа. Энэ жил харин надтай чацуу нэг хүүхэн маань уугаад, бид 2 нэг шил вино лав хоосолсон. Хагуугаар нь бас бус коктейл уусан. Хэ хэ. Дуулж бүжиглэхгүй.

Явцын дунд хөгжөөнт тоглоом тоглох нь бий. Газар газраасаа л болно. Олуулаа бол мэдээж хөгжилтэй болдог. Урлагийн үзүүлбэр үзүүлээд л.

7-хон хүн оролцоод, ширээгээ тойрч суугаад буу халж байгаад л газар тэнгэрээ үзүүлээд хожсоноос нь эхлээд бэлэг өгөөд явсан. Би нь хоёрт орж нэг хөөрхөн нэхмэлийн ном, нэг хөөрхөн хүзүүний ороолт, усан будаг авсан. Эхний хоёр ч яахав яг л наддаа зориулсан зүйлс, усан будаг нь охидод минь зориулагдсан. Охидыг минь зурах дуртай гээд манайхан чинь харандаа цаас барьж гүйгээд хөөрхөн байдаг юм.

Орой нь гэртээ харьж ирээд хальт халаалттай хүн чинь том охиндоо нэг ороолт нэхэж өгнө гээд амлачихсан. Хэ хэ. Одоо нэхээд салахгүй ээ. Нэхээд өг гээд л гуйгаад байдаг байсан юм. Гэрээр дүүрэн ороолт байхад, бас дээрээс нь бэлгэнд авсан зөндөө л гоё ноолууран ороолттой байж гээд би нь цааргалаад байсан хүн чинь гостуудаа өрөнд орчихсон байх юм. Ха ха

Нээрээ энд ороолтоор их гангарна, ганган охид хүүхнүүд. Би нь байгаа хэдийгээ хааяа мартаад гараад явчихна, хааяадаа ядаргаатай санагдаад албаар зүүхгүй. Тэгсэн сая нэг хөөрхөн кино үзсэн чинь эмэгтэй хүн ганган байх хэрэгтэй гэж дурлалд одтой найз нь дурлалд одгүй найзыгаа сэнхрүүлж байна аа. Тэгээд нээрээ л ганган байх ёстой ч юм уу гэж бодлоо. Дурлалын од модтой ч болох юм билүү гэсэн. Ха ха.Ганган байх гээд учиргүй дэлгүүр хоршоо нүүлгээд элдэв зүйл худалдаж авахгүй ч байгаа хэдэн ороолтоо залхууралгүй зүүж байна аа. Хихихи

Friday, December 25, 2015

Христийн төрсөн өдрөөр

За энэ японд өргөн л тэмдэглэнэ. Яг шинэ он гарах үед жаахан уйтгартай байдаг ч одоо дасчихсан. Ер нь дасчихсан зүйл их байна аа. Яадаг юм байгаа юм.

За тэр ч яахав, ганц нэг зураг оруулах гээд л. Хань ижил эрт тараад, бид дөрөв нь пицца идэв. Итали хоолны газар орсон юм. Тэгсэн амьд хөгжмийн тоглолттой гээд, хөгжимчин нь том зулзагын дугуйланд хааяа ирж хичээл заадаг багш нь байж таараад.
Цохиурт хөгжим тоглож байгаа нь багш нь
                                          
За далайтай хиллэдэг газар учир гэрэлтүүлэг нь ийм далайн нялцгай биетийг дүрсэлсэн байв. Баахан зургаа даруулж байгаад л харьж ирэв. Тэсэн ядан хүлээсэн бялуугаа идэх гэсэн гэдэс нь цатгалдсан улс олигтой идэж чадалгүй, ёс болгож амсчихаад, маргааш нь идэхээр болов. Бага зулзага амьдралдаа анх удаагаа идэш нь ихдэж, цатгалдах гээчийг биеэр амсаж үзэв. Унтахынхаа өмнө хоёр сайхан унгаж өгөөд л аятайхан болсон уу яасан, удалгүй хурхирав. Хэ хэ. Хайр хүрээд байгаа юм. Гэдсээ илүүлж энэ тэр, зайрмаг иддэгүй л байж гэнэ, ундаа уудаггүй л байж гэнэ. Хэ хэ. Хойшид зохицуулж идэх байх аа, өөрөө. Байнга ээж аав, аниа нь одоо бол, одоо ид гэж хэлүүлэлтгүй.

Цас мөсгүй л байлаа. Бороо л ороод байх юм, ядаргаатай. Хэ хэ. Гэхдээ цас орвол бүр л ядаргаатай, яагаад гэвэл нэг шөнө орохдоо л машин далд орчихсон байдаг тул цасаа арилгах гэж тэр. Яг шинэ оноор цас мөс айлчлан ирж бага зулзагын минь нарыг гаргахгүй юм байх даа. Цасан өвгөн хийнэ гэж онгирсон хүн л байна.

За өвөөгөөс бэлэгээ авчихсан, сургууль нь амарчихсан, би нь нэлээд урт хоног амралттай гээд гурван үзэсгэлэнт бүсгүй өдөрт юу хийж өнжих вэ гээд л янз бүрийн төлөвлөгөө зохиогоод сууж байна. Аниа нь нэг өдөр дугуйландаа явна, нэг өдөр нь ангийнхаа охиныд очиж тоглоно? гэсэн. Аавыгаа, хань ижлийгээ тарж иртэл шүү дээ.

Аавыгаа амрахаар бүгд уул руу марш...

Өвөө минь ээ , баярлалаа

Уламжлалт бичлэг.

 Өвөөг хүлээсэн, догдолсон хоёр л байсан. Хэ хэ.
-Юу хүсэх үү, аниа?
-Гоё л юм хүсээрэй дээ.
гэж ярилцана манай хоёр.

Юу өгсөн гээч өвөө нь. Бага зулзагат ДВД, сникерс. Тэр бүр хүүхэлдэйн кино үзээд байдаггүй юм. Хааяа л үзнэ. Гэрт байсангууд нь үзээд уйдсан янзтай байхаар нь агуулгыг баяжуулсан санаатай.

Том зулзагат шулуун хими хийлгэх эрхийн бичиг. Хэ хэ. Жаахан өтгөн үстэй, усанд орсныхоо дараа үстэйгээ ноцолдоод байна, толины өмнөөс салахгүй. Индүүдэж байна гэж их цаг авах юм аа, шулуун хими хийлгэе л дээ гэж их олон гуйсан юм хөөрхий. Тэгээд л Санта өвөө яахав эелдэг сайхан зантай, хүүхэд болгоны хүслийг биелүүлэх үүрэгтэй юм болохоор үгүй гэж хэлж чадаагүй байх л даа. Өрөвдчихлөө байна, Санта өвөөг. Ккк

Жилээс жилд хүүхэд томроод, тэрийг нь дагаад хүсэл нь томроод Санта өвөө бажигадах янзтай шүү. Одооноос санхүүгээ бэлдэхээс дээ, ирэх жилдээ бэлдээд. Хэ хэ.

За та нарын минь зулзагууд өвөөгөөс юу авсан бэ?

Тэрнээс өмнө бага зулзагын цэцэрлэгт Санта өвөө ирсэн. Хүүхэд бүрт бэлэг өгсөн байсан. Тэр бэлгэнд нэг ч чихэр гэх мэт амттан байгаагүй. Нэг нимгэн ном, тааварт каарт. Энэ каарт их учиртай. Аниагийн хэрэглэж байсан каарт байдаг юм. Түүгээр тоглоод, үсэг нүдлээд явдаг юм байна. Сая бэлгэнд авдаг нь таавартай. Бас л мэдлэг нь тэлээд явах байх. Дараа энэ талаар зураг оруулж бичлэг хийнэ ээ, тусад нь.

Saturday, December 19, 2015

Мөрөөдлийн дэвтэр

За энэ удаагийн ном бол "Хүсэл биелэх мөрөөдлийн дэвтэртэй болох нь" гэдэг ном. Өмнөх бичлэг дэх номыг зээлэхдээ цуг зээлсэн болно. Хавтасыг нь хараад л зээлчихсэн. Уншаад үзсэн хөөрхөн ном байна лээ.

Гол санаа:
Дунд, алах ангийнханд зориулсан, ялангуяа охидод зориулсан байв.

Хөөрхөн хавтастай дэвтэртэй болох. Тэр дэвтрээ харахаар л, барихаар л сэтгэл чинь догдолдог байх тийм л хөөрхөн дэвтэр.

Дэвтэртэй болсны дараагийн алхам бол "тэр сургуулийн тэр, тэд дүгээр анги" гэсэн улиг болсон зүйл бичихгүй байх. Өөрийн чинь сэтгэл зүрхэнд нууцхан оршдог зүйлээ бичих. Нэг ёсондоо чи "Эрэн сурвалжлагч" болно гэсэн үг. Аливаа зүйлийг эрэн сурвалжлана гэдэг нь тодорхой зорилготой байдаг. Тийм болохоор чиний сурвалжлага чинь "өөрийн мөрөөдлийн үр"-ийг хайх гэсэн зорилготой байна. Ингэж эрэн сурвалжилж тэмдэглэхдээ жишээ нь
  • улам ихийг мэдэхийг хүссэн зүйл
  • гоё юм аа гэж бодсон зүйл
  • атаархмаар юм аа гэж бодсон зүйл
  • толгойд чинь ямар нэгэн зурс гээд л ороод ирсэн зүйл
  • аятайхан цамцтай болох юмсан
  • сайхан шулуун үстэй болох юмсан
гэх мэт юу ч байж болно. Ингэж бичиж тэмдэглэснийхээ дараа мартчихаж болохгүй. Байна байн сөхөж харж байх.

Мөн өөрийн сайн тал, муу тал зэргийг бичих. Муу талаа аль болох засахыг хичээх.

Хүндэлж явдаг дээд ангийнхаа хүүхдийг хайж олж, түүний сайн талыг дуурайх. Энэ нь нэг сургуулийн хүүхэд ч байж болно, олонд танигдсан урлаг спортын од ч байсан болно.

Ингэж мөрөөдлөө бичин, түүнийгээ биелүүлэх гэж хичээхдээ хэт яарахгүй байх. Мэдээж мөрөөдөл дунд чинь ойрын хугацаанд биелэх зүйл ч байна, ирээдүйд биелэх зүйл ч байна. Тэгэхээр өөрийн сэтгэл санаандаа ачаалал өгч хэт яарахгүй байх нь чухал.

Хүсэл мөрөөдөл чинь биелсэн үед өнгөт балаар тодруулж тэмдэглэх, наадаг цаас наах гэх мэт өөртөө урам өгч байх.

Аливаа хүнд сайн биш зүйл байдаг. Жишээ нь тамиртаа муу ч юм уу, зурахдаа муу ч юм уу. Хүн гэдэг амьтан чинь ингэж чадахгүй зүйлтэй байж байж улам хөгжих юмсан гэж тэмүүлдэг. Бүгдийг чадаад байвал тэр хүн чадалдаа ханаад цааш хөгжихгүй зогсчихдог.

Сэтгэлийг чинь догдлуулсан дэвтэртээ чамд нөлөөлж чадахуйц суут мэргэн үгс, сэтгэлийг чинь сэргээсэн сайхан үгс зэргийг ч мөн бичиж тэмдэглээд харж байх.

Хүчирхэг, хөөрхөн? (сайхан) эмэгтэй болохын тулд хөдөлмөрлөх.

Мөрөөдлийн дэвтрээ сайтар усалж, үргэлжлүүлэх. Дунд нь хаяхгүй байх.

За товчхондоо нэг иймэрхүү. Би эртээд том зулзагатаа нэг хөөрхөн дэвтэр авч өгсөн. Гэхдээ энэ номыг уншихаасаа өмнө. Эцэг эхийн хуралд нь очсон чинь багш нь учиргүй магтаад. Тэгээд орой нь том зулзагаа урамшуулж дуртай зүйлийг нь авч өгсөн нь тэр. Өөртөө бол тийм үнэтэй дэвтэр авахгүй ээ. Ккк

Аан тийм, өдрийн тэмдэглэл хөтлөх зүгээр ч дараа нь хэн нэг нь олоод уншчихвал бас л эвгүй. Учир нь жаахан таалагддаггүй хүн мүнээ хамаа намаагүй бичсэн байдаг шүү дээ. 10 хуруу тэгш хүн гэж байхгүй, тухайн хүнд чи ч гэсэн таалагддаггүй байж магад тийм үү? За энэ сүүлийн хэсэг миний санаа шүү. Номонд ингэж бичигдээгүй байсан шүү. Хэ хэ.

Би ч өдрийн тэмдэглэл хөтөлдөггүй л дээ. Блог л хөтөлдөг. Хэ хэ. Бас өдөр тутмын хуваариа бичдэг, тэр минь эргээд харахд бараг өдрийн тэмдэглэл шахуу байдаг юм.

За өөртөө болон өсвөр насны охидтой уншигчид минь амжилт хүсье. Охидынх нь хүмүүжилд бага ч гэсэн хувь нэмэр болох болтугай.

Wednesday, December 16, 2015

Урлагийн үзлэг

Уламжлалт бичлэг.

Бага зулзагын урлагийн үзлэг. За эндэх урлагийн үзлэг ямар байдаг тухай улиг болтлоо л бичиж байгаа байх тийм үү?

За энэ хэд хоногийн өмнө ирсэн албан ёсных нь урилга. Энэхүү урилганаас өмнө мэдээж бичгээр мааш эрт мэдэгдсэн. Хагас сайн өдөр ажилладаг эцэг эхүүд ажил албаа зохицуулна гэсэн үг.

Дээгүүрээ цагаавтар цамцтай, доогуураа хар нарийн өмдтэй ирэхэд болно гэсэн байсан. Бид байгаагаа үзсэн чинь цагаан цамц нь хүүхэд л болсон хойно юм хум асгаад шарлуулчихаж ээ. Би нь өө яадаг юм, энэ цамцыг нь өмсгөе гэсэн аав нь нэг цамц авчихаа, аав нь мөнгийг нь төлнө гэсээр байгаад худалдаж авав. Гэхдээ төлбөрийг сангийн сайд би л төлж байгаа юм чинь. Хэ хэ

Бага зулзага тэгсэн шинэ цамц авна гэж багшдаа ярьж л дээ. Орой авахаар очсон чинь
-Яана аа? Төвөг удсанд уучлаарай. Энгэр дээрээ хээ хуартай цамцтай ирэх тохиолдол байдаг юм чинь, бага зэргийн толбо хамаагүй шүү дээ, гэхдээ ээж аавд онцгүй байвал худалдаж авч ч болох юм. Шийдвэр гаргах эрхийг та нарт үлдээе.
гэв. Тэгээд багш нь хамаагүй гэнэ ээ гээд л байхад л ерөнхийлөгч болох хань ижил би мөнгийг нь төлчихнө өө гэж хошгоруулсаар байгаад л худалдаад авчихлаа. Сангий сайд бас жаахан хэмнэх гэж үзээд хошгоруулалтад яаж ч чадсангүй ээ гэж.

За энэ урилгыг дэлгэхээр хөтөлбөр нь бичээстэй байна. Тэр тэр анги тэгж тэгж гарна гээд. 4, 5, 6 настангууд ээлжилж гарч ирж дуулна, хөгжимдөнө, жүжигчилсэн тоглолт хийнэ.

За найрал дуулна гэж их инээдтэй. 3 настангууд бол еёөн өнгийн хоолойгоор л дуулна шүү дээ. Хэ хэ.

Хөгжимдөх нь бас их хөөрхөөн. Багш нь удирдаач хийнэ. Багшийнхаа гарын хөдөлгөөнийг бса маш сайн харах юм. Ямартай ч их л чадварлаг хөгжимдөж байна. Хангамж ч сайтаймаа гэж л харж суух.

хөтлөгчийг 6 настны ангийнхан ээлжилж хийнэ. Одоо тэр ангийн тийм номер гарна, таалан соёрхоно уу гээд л зарлана. Тэрүүхэндээ гараа хөдөлгөөд л цугласан хүмүүсийг баясгаад байсан.

За энэ төрөл бүрийн хөгжмийн зэмсэгүүд. Дугаар бүрийн хооронд багш нар нь шаламгай гэгч нь гарч ирээд тайзны заслыг хийчихэж байна.

Багш нарын хувцаслалт хар бараан байсан. Учир нь хүүхдүүд л энэ удаагийн гол дүр учир. Тэднээс давж гаран гангалахгүй. Бүгд хөдлөхөд амар гээд өмд өмссөн байсан. За юбка, даашинз өмсөх нь тун ховор. Элсэлтийн арга хэмжээ, төгсөлтийн арга хэмжээнд л ганц нэг нь өмссөн харагддаг.

Жүжигчилсэн тоглолтны хувцасыг багш нар нь хийнэ. Дүрийн хувцаслалтыг толгойнд нь цаасаар хийсэн дүрсийг нь өмсүүлчихэж байна. Ингэхдээ тухайн амьтны дүрсээ хүүхдүүд өөрсдөө зурдаг юм билээ. Зарим ээж аавууд харчихаад татаж унаад байсан. Их л дажгүй хөөрхөн зурсан гээд байсан чинь юу зурчихаа вэ? Ямар ч төсгүй юм байна гэсэн ээж хэд хэд байсан. Хэ хэ. Гэхдээ л хүүхдүүд өөрсдөө зурсан болохоор хүүхдүүд маш сэтгэл ханамжтай харагдана лээ.
Цамц, юбка зэргийг нимгэвтэр мөртлөө урагдах нь гайгүй зөөлөн материалан цаасаар хийсэн байсан.

Мэдээж нээлт хаалтанд нь эрхлэгч багш үг хэлсэн.

За нэг амралтын өдөр иймэрхүү байдлаар зугаатай өнгөрөв.

12 сар ерөнхийдөө тайвандуу боловч бас бус паарий байна аа. Хэ хэ. Удахгүй он гарлаа гэж бодохоор догдлоод л явна даа.

Tuesday, December 15, 2015

Дунд сургуулийнханд

Дунд сургуулийн сурагчдад зориулсан ном. "Дунд сургуулийн сурагчийн амьдралаа хөгжилтэй болгох 30 зүйл"

Олж уншсандаа маш их олзуурхаад. Том зулзагаа унш гэж бодоод зээлэв. Гялс уншчихаж байна аа. Би нь энд уншиж дуусгах гэж хэд ч хонов?

Таалагдаад та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Дунд сургуульд сурдаг хүүхэдтэй уншигч бий л биз дээ? Одоохондоо бага насны зулзагатай уншигч та ч уншаад тогтоогоод авахад илүүдэхгүй шүү. Хүүхэд гэдэг чинь нэг л мэдэхэд 10 хэдэн нас хүрнэ.

1. Хичээлийнхээ чанарыг сайжруулахын тулд хөдөлцгөөе. Тогтмол хөдлөх, тамираар хичээллэх зэрэг нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Жишээ нь сургууль нь гэртэйгээ ойрхон байх, хол сургуульд алхаж явдаг байх хоёр ихээхэн ялгаатай. Хичээлээ тараад алхахдаа, сургууль руугаа алхахдаа олон зүйлийг анзаарч харна, тэдгээрийн тухай бодно гэх мэтээр тархи нь ажиллаж байдаг.

2. Хичээлээ хийхэд, даалгавраа хийхэд анхаарал чинь төвлөрөхгүй байвал гэрээ цэвэрлэцгээе. Цэвэрлэгээ хийхдээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Ингээд гэрээ цэвэрлэж байх үед ерөөсөө хичээлээ хийе гээд буцаад хичээлээ хийх бодол төрнө.

3. Шалгалт, конкурснээс өөр төрлийн хичээлийг ч сонирхон хийцгээе. Конкурсыг амьдралдаа хоёрхон удаа өгөх чухал бөгөөд дурсгалт үйл явдал гэж хандах.  (Жич: ахлах сургуульд орохдоо шалгалт өгдөг. Улсын сургууль ч байсан, хувийн сургууль байсан ч ялгаагүй өгнө. Нэг нь мэдээж их дээд сургуульд орох шалгалт. )

4. Ангийнхандаа нэр хүндтэй, араасаа гүйлгэдэг? болгохын тулд эрт унтаж эрт босч байх. Өсөлтийн гормон ялгарах цаг 10 цагаас шөнийн 2 цаг хүртэл л байдаг. Энэ цагт унтаж, гормоноо сайн ялгаруулж байх юм бол охидууд хөх томтой болж, хөвгүүд өндөр нуруутай болно. Ээж аавыгаа дуурайгаад намхан, цээж муутай гэж ярьдаг ч энэ бол худлаа. Тухайн хүний ямархуу бие галбиртай байх нь түүний амьдралын хэв маягаас ихээхэн хамаардаг нь тогтоогдсон болно.

5. Өглөө сэтгэл санаа өөдрөг сэрэхийн тулд "өглөө болчихож байгаа юм уу?" гэж бодож сэрэх биш "сайхан унтаж амарлаа шүү" гэж бодох.

6. Сайн алхаж байх. Ингэвэл урт хөлтэй болохын зэрэгцээ хичээлдээ ч цоороод ирнэ.

7. Гэртээ бүгэх биш аль болох гадаа их тоглож байх.

8. Багш нарынхаа өрөөнд нойтон хамуу шиг л орж гарч багш нарыгаа сайн ашиглах. Ойлгоогүй зүйл, мэдэхгүй зүйлээ багшаасаа нэрэлхэлгүй асууж байх.

9. Дуртай "ажил" хайхын оронд дуртай "хүн"-ийг хайх. Ирээдүйнхээ ажлыг сонгохдоо эргэн тойрон дахь дуртай хүнээ хайж олж, түүнийг үлгэр дуурайллаа болгох. Ямарваа нэгэн мэргэжлийг таньж мэдэхэдээ хүүхэд ахуй цагаасаа "хүн"-ээр дамжуулж мэдэж авдаг. Одоо үед цалин өндөр тул, мөнгийг хүүлдэг тул гэж таньж мэддэггүй юм.

10. Ээж аавынхаа хийж өгч чадаагүй, чамд амласан амлалтаа биелүүлээгүй зүйлд гоморхох биш өдгөөг хүртэл чиний төлөө хийж өгсөн зүйлд талархаж байх.

11. Хүнд бэлэг өгөхдөө эд бэлэглэхийн оронд ямар нэгэн сайн үйлдэл бэлэглэх.

За өөрт таалагдсан хэсгээ хүргэлээ. Намайг нь дунд ангид байхад ийм сайхан ном байсан бол тэ? гэж өөрийн эрхгүй бодогдов.

Бас нэг хөөрхөн ном уншиж байгаа. Удахгүй орууламз. Бүгдэд нь амжилт.

Thursday, December 10, 2015

Зурсаар л

Бага зулзага зурсаар л байгаа. Зурсан зургийг нь тоож зураг дарахаар их хөөрнөө. Хэ хэ. Зураг авахгүй бол уурлана гэж байгаа. Ккк

За энэ зураг бол том цамхаг зурж байгаа нь. Давхар давраар нь зураад, тэр давхар бүрт болж буй үйл явдлыг зурах юм гэсэн.

Илт сайжирсан. Нас насандаа ахиад л явдаг юм байна, энэ хүүхдүүд чинь. Байнга зурсан зургийг нь дардаг болохоор бас тэр дэвшээд, чаддаггүй байсан зүйлээ чаддаг болоод ирдэгийг нь анзаардаг юм байна.

2 дахь зурагт дүрслэгдэж буй үйл явдлыг тайлбарлаад яриад л байсан. Ангийхаа дурлалт хөвгүүнтэйгээ хоол идэж байна, тоглож байна гээд л шулганасан.

Дээр боулинг тоглоод оролцсоны шагнал гэж авсан дэвтрээ тэр дор нь зурж дуусгасан байсан. Дандаа том том цаасан дээр зурдаг бага зулзагат минь дэвтэр их сонин санагдсан шиг байгаа юм. Хэ хэ.

3 дахь зураг бол цаас хайчлаад л байсан чинь ийм юм хийсэн байв. Загас гэсэн.

Нэг өглөө зурагтаар гардаг хүүхдийн нэвтрүүлэг үзсэн юм. Тэгсэн чинь яг зааж таарсан юм уу даа. Би нь анзаараагүй. Орой нь тэрнийгээ ингээд дуурайж хийсэн гэнэ.
-Багш нь заагаа юу?
-Үгүй, өглөө зурагтаар гарч байсан.

Нээрээ ойрд зурагт үзүүлэхгүй байх санаатай байгаа. Тэгэхээр аниа нь жаахан дурамжхан. Дүү нь бол нэг их тоохгүй, иймэрхүү уран бүтээл туурвиад л, нэг бол бүх тоглоомоо дэлгэж байгаад л тоглоод.

Гэхдээ монголын хууль 3 хоног. Сүүлийн хэд хоног бас зурагтаа асаачихаад байна, энэ аниа.  Ээжийг жаахан л сайхан ааштай бол бүгд л налайгаад, ээж жаахан муухай ааштай дээрээ тавьчихсан байвал бүгд их томоотой байгаад байна. Хэ хэ.

Ээж байна, эхнэр байна гэдэг бас л их авъяас шаарддаг эд байна шүү. Өдгөө үеийн хэллэгээр бол хатан ухаан шаардаж байна.

Хатан ухаан чи минь
Хааяа хааяахан наддаа
Харамгүй сэтгэлээр
Халгин байж ирээрэй.

За хө, би нь ингээд яруу найрагч болов оо. Ха ха. Хальт толгой холбож энэ тэр. Ккк

Monday, December 07, 2015

Ном уншаад сэтгэгдлээ бичих

Бага сургуульд уншсан номынхоо сэтгэгдлийг бичдэг даалгавар байдаг юм. Тэгсэн ахлах дунд сургуульд бас байдаг гэнэ. Тэрийг нь сургуульд нь шалгаруулаад цааш нь мужийн хэмжээнд шалгаруулаад байр эзлүүлдэг юм байна.

Бага ангийнхныг 1-6 анги тус бүр байр эзлүүлээд, дунд ахлах ангийнхныг дунд сургуулийн хэмжээнд, ахлах ангийн хэмжээнд гээд нийтэд нь байр эзлүүлдэг юм байна.

Тэр тэр бага сургуулийн нэг дүгээр ангийн сурагч тэр тийм байр эзлэв гээд сонингуудад бичиж хэвлэдэг юм байна.

Ингэж уншсан номын сэтгэгдлээ бичихдээ бусад хүмүүс уншиж үзмээр болтол нь яруу сайхан, үнэн бодитоор бичих ёстой гэсэн. Тусгай томилогдсон шүүгч нар шүүнэ.

Даалгавраар нь дамжуулж шалгаруулдаг тул оролцдог сурагчдын тооч их байдаг юм шиг байна.

Ер нь номтой их нөхөрлүүлэх юм. Ямар ч насныхан байсан. Цэцэрлэгт 5 дахь өдөр бүр нэг ном зээлж харина. Нэгдэхэд нь буцаагаад өгнө.

Сургуулийн номын сан гэж үнэн атаархмаар газар байна. Жил бүр арвижуулна. Агуулга гэж үнэн баялаг.

Номын хорхойтой хүүхэд бол номын сангийхаа байнгын үйлчлүүлэгч байдаг гэсэн. Номын санчтайгаа найз болчихсон, уншсан номоороо цэц булаацалддаг гэсэн.

Жилд 100-с дээш ном уншсан гэсэн хүүхэд байдаг юм билээ. Яаж номын цагаан солио тусчихдаггүй юм. хэ хэ.

Манай 2 ч номонд дуртай л даа. Гэхдээ арай ч 100 гаргаж уншихгүй ээ, эмээ өвөөгөөс н ь эхлээд боль, номын цагаан солио тусчихна гээд өмөөрөх хүн олон байна. Хэ хэ.

Thursday, December 03, 2015

Амт

Дээр шавийнхаа найз охиноос ийм бэлэг авсан даа.
Бага зулзага
-Энэ юу вэ? Идье л дээ.
гэсээр байгаад нэгэн орой задлаад идэв.
Дээд тагийг нь сөхөхөөр ингэж дэлгэгдээд дотор нь ийм жижиг ууттай шоколад байна.
Хайрцагных нь дотор тал нь гэр доторх тавилганы зурагтай. Охид минь чи энд сууна, би энд сууна гээд ор булаацалдаад байсан. Хэ хэ
Шоколад нь бас ийм дугуй гэр хэлбэртэй. Дотроо зөөлөн. Амт дажгүй санагдсан. Ер нь дажгүй хийдэг болоод байх шиг.

Бэлгэнд өгвөл аятайхан санагдав. Хамдтаа задлаад идвэл бас л хөөрхөн эх орныхоо тухай танилцуулга болгоод ярьчихна.

Бага зулзагын яриа

Санан санан бичлээ. Мартчихаад байх юм. Том болохоор нь өөрт нь уншиж өгнө.

Өнөөдөр багыгаа авахаар ангид нь явж оров. Багш нь аймар хэрэг болгож ирснээ
-Чингис хаан Сологийн өвөө юм уу?
-?
Би нь хэсэг тээнэглэзэв шд. Ккк Тэгснээ гэнэт багаас нь Чингис хааны зураг хөрөг тааралдахаар
-Миний охины өвөө. Элэнц хуланц өвөө.
гэж заагаад, өнөөх нь бүр итгээд энд тэнд хөргийг нь харахаараа
-Миний өвөө, миний өвөө
гээд л орилно. Хэ хэ. Жинхэнэ өвөө нараасаа илүү танина. Ха ха

Тэгснээ багш нь цааш ярив.
-Чингис хаан гэж мэдэх үү?
-Мэдийшд, тэр чинь миний өвөө байхгүй юу.
гэсэн яриа болсон гэнэ. Багш нь сонсоод хамаг нойр нь сэргээд, итгэж өгөхгүй, марталгүй ээжээс нь асуух юм шүү гэж бодсон гээд надаас асууж байгаа нь тэр гэнэ.

Би нь бас жаахан цаашлуулмаар санагдаад
-Тийшдээ. Сологийн өвөө. Монголчуудын өвөө.
-Багш үл итгэсэн байртай, нүд нь томров.
-Тэртээ олон жилийн өмнө Монгол улсыг нэгтгэсэн гарамгай удирдагч хүн гэхээр жаахан хүүхэд тогтооход бэрх учир амраар нь өвөө чинь гээд заагаад өгчихсөн юм аа.
-Нээрээ л тийм дээ, гээд татаж унав багш нь.

Ой гарантайгаас нь л тэгж зааж өгсөн болохоор. Хэ хэ. Заримдаа өвөөгийн зураг байна гээд л заахаар нь бид нар өхөөрдөнө гэж юүхэв.

Бас багш шавь хоёрын хооронд морин хуурын тухай яриа өрнөсөн сурагтай.
-Монголын тухай сайн уншиж судална аа.
гэв багш нь.

За эртээд ээж бага зулзага хоорондын яриа.
-Пүү, өмхий. Пүү өмхий.
гээд л яваад байна аа.
-Яасан? Миний охин унгачихаа юу?
-Үгүй ээ, Дараа эмээ өвөөтэйгөө, аниатайгаа монголоор ярихын тулд монгол үг цээжилж байгаамаа.

Сонсоод хань ижил бид хоёр нь татаж унав. Очиж очиж пүү өмхий гэдэг үг байхдаа яахав дээ гээд л. Хэ хэ.

Нэг өглөө
-Донбоок оо гэж юу гэж байгаа юм бэ? ээж ээ.
-Жаахан мангардуухан нь юм уу даа. Гэсэн үг. Яасан?
-Зүгээр л, та хааяа хэлдэг биз дээ?
гэв. Би нь хааяа өхөөрдөөд донбоок оо, донбоок нь юм уу? гэж эрхлүүлдэг юм. Хэ хэ.

Царай муутай нь юм уу? гэдгийг хайртай гэж зааж өгсөн байсан чинь аниа нь жинхэнэ утгыг нь заагаад өгчихсөнөөс хойш тэгж хэлэхээр урвайдаг болчихсон.

Гэх мэтчилэн хүүхэд сонсоод л сонсоод л, юу гэсэн үг юм бол гээд л дотроо бодоод явдаг шиг. Цаашид ч гоё гоё монгол үг хэлж байна аа. Хэ хэ. Донбоок гэдгийг үгийн сангаасаа хаслаа.

Ойр зуурын сайхан сайхан үгийг мэднэ л дээ. Байнга хэлдэг учир.
Хайртай шүү, ухаантай шүү, хөөрхөн шүү, нархан минь гээд л. Хэ хэ.