Sunday, April 30, 2017

Цэцгийн баяр

Жил бүр 4 сарын өдийд болдог юм. Хотын төв болох нэгэн гудамжныхаа замын хөдөлгөөнийг зогсоож байгаад баяр болно.

Хотод үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагууд бяцхан хэмжээний лангуу ажиллуулах нь ажиллуулж, урлагийн үзвэр гаргах нь гаргаж, байгууллагаа сурталчлах нь сурталчилна.

Бага зулзага бид хоёр сүүлийн 3 жил дарааллан явж байна. Нэг шалтгаан нь бага зулзагын цэцэрлэгийн найзууд их таарна. Биесээ харж хөөрөөд, тоглож гүйдэг юм. Бас нэг шалтгаан нь үнэгүй цэцэг болон жимсний модны үрсэлгээ, хүүхдүүдэд цэцгийн үр бэлэглэдэг юм.

Бид хоёр цэцэг сайхан ургасан. Харин нэрсний модныхоо үрсэлгээг үхүүлчихсэн. Энэ жил модны үрсэлгээ тараахгүй, дан цэцэг байсан.

Том зулзага, хань ижил хоёр энэ жил бас л ажилтай, албатай байх тул бага зулзага бид хоёр л явав. Гэхдээ бид хоёрыг гарах гэсээр байтал аниа нь тарж ирэх цаг болчихоор нь нэг мөсөн өдрийн хоолоо идчихээд аниагаа хүлээж байгаад цугтаа явлаа.

Далимд нь ойрхон номын санд зээлсэн номоо буцаан өгч, дахин ном зээлж гээд давхар туулай буудсан шиг явяв.
Явуулын үлгэр уншиж өгдөг эмээ байдаг юм. Бага зулзага тэр эмээгийн үлгэрийг чагнаад суучихав. Гэхдээ энэ сууж байгаа охин бага зулзага биш шүү. Жил бүр энэ арга хэмжээгээр үлгэр уншиж өгдөг. Сайн дурынх. Үүнийг бас их таалдаг даа.

Яг ийм тайз гэх юм уу? модон зүйлийг нэгэн байгууллагад хандаж байгаад монголд ганц нэг цэцэрлэгт бэлэглүүлж байлаа. Түүнийг ажилчид нь дуурайлган хийгээд, анги бүртээ нэг нэг ийм тайзтай болж байсан юм. Одоо ч түүнийгээ ашигладаг байх аа. Цэцэрлэгийн багш нарын ажил үйлсэд амжилт хүсье.
За энэ удахгүй 5 сарын 5-нд болох хүүхдийн баяраараа чимэглэдэг мөрөг загас. Хүүхдийн баяр гэж хуулиндаа заасан байдаг ч энэ мөрөг загасны чимэглэл нь эрэгтэй хүүхдийн ирээдүйг сайн сайхан байгаасай гэж бэлэгддэг.

Хөдөлгөөний дутагдалтай надад сайхан алхалт болов. Нэгэн урт гудамжийг бүтэн нэг тойрчихсон гэж бодохоор.

За нэг амралтын өдөр иймэрхүү.

Ирэх долоо хоногт алтан долоо хоног гээд хэд хоног амарна. Бид ямар ч төлөвлөсөн зүйл алга, гэхдээ холоос зочин ирнэ гэсэн. Хоног тоолоостой.

Saturday, April 29, 2017

Таалдаг зүйлс

Бага, дунд сургуулийн бас нэг таалдаг зүйлээ бичих үү?

Өчигдөр дунд сургуулийнх, 5 сарын 2-нд бага сургуулийн багш нар ангийнхаа хүүхдүүдийн гэрийг яг хаана байрладаг, ангийх нь хүүхдүүд сургууль хүртлээ хэдий хэр хол явж ирдэг, дунд нь гэрлэн дохио хэр олон байна, ойр хавьд нь аюулгүй байдалд нь харшлах зүйл энэ тэр байна уу гэж танадах журмаар гэрийг нь хүүхэд нэг бүрчлэн явж үзнэ.

Гэрт нь орж барихгүй. Гаднаас нь л аан энд байдаг байх нь гэж харна, тэмдэглэнэ.

Ганц нэг ээжүүд таарвал ганц нэг үг сольдог. Би тэр бүр таарахгүй. Ажилтай таараад байдаг юм.

Энэ бас их дажгүй тогтолцоо байгаа биз?

Дээхэн үед гэрийнхээ ойрхон сургуульд л явдаг байсан үед багш нар бас сурагчдынхаа гэрийг хаана байрладгийг мэддэг байсан тэ. Одоо ч мэдэхийн эцэсгүй болоо биз дээ? Бүгд сайн сургууль хөөж гэрээсээ хол сургуульд явдаг болохоор.

Гэснээс миний сурагч байх үе сайхан байжээ. Ялангуяа бага анги. Хэ хэ. Үе үе дурсана аа. Нас ахиж байгаагийнх байх даа. Хи хи

Мөн таалдаг зүйлийн нэг нь өглөөд хичээл эхлэхээс өмнө 15 минут ном уншдаг явдал. Сурагчдын анхаарлыг төвлөрүүлэх зорилготoй.

Бага ангийн уншиж бичиж сураагүй байгаа сурагчид ч сургуулийнхаа номын сангаас дуртай зурагт номоо зээлж ирээд хардаг гэж эртээдийн хурал дээр багш нь хэлсэн.

Номын сан ч гэж үнэн тансаг дөө, бүр атаархаад аазгай хөдлөөд байдаг юм. Хэ хэ.

Өөр юу таалдаг билээ байз? Санахаараа дор бүр нь бичээд явна аа.

Та бүхэндээ амжилт хүсье, бас өөртөө...

Friday, April 28, 2017

Бага ангийн анхны зугаалга

1 дүгээр ангийн сурагч болоод анхных нь зугаалга.

Лхагва гарагт явах байсан чинь бороотой байгаад баасан гарагт явав.

Лхагва гарагт зугаалгаар явах тул өдрийн хоолоо өөрсдөө хийж авч явна. Бороотой байгаад зугаалга хойшлогдсон ч өдрийн хоолоо хийж авч явна. Учир нь сургуулийн өдрийн хоолыг хийж тараадаг газартайгаа тухайн өдөр хоол авахгүй гээд захиалгагүй байдаг тул.

Баасан гарагт бас л өдрийн хоолоо хийгээд аваад явав. Энэ удаад янзан бүрийн баатрын дүрс бүхий хоол хийгээгүй ээ. Цэцэрлэг биш тул гээд ээж жаахан залхуурсан.

Нэг инээдтэй нь цэцэрлэгийнхээ зугаалгаар дуртай нь аргагүй үүрээд явдаг байсан үүргэвчээ голов. Жижигхэн байна, миний биед багадаад байна энэ тэр гэж урвайж үзэв. Аниадаа нэг загнуулж, ээждээ нэг аргадуулж байж гайгүй тайвшрав. Хэ хэ.

Яг зугаалгаар явдаг өдөр нь гадаа цуглаад л явах болсон чинь нэг охин үүргэвчийг нь яасан жижигхэн юм бэ гээд хэлчихэв. Тэгсэн бага зулзага уйлаад зогсчихдог гэнэ. Буцаад харьж явсан би санаа зовоод яагаад уйлсныг нь асуусан чинь үүргэвчийг нь жижигхэн гэж хэлсэн, би ийм жижиг үүргэвчтэй явахгүй гэнэ.
-Миний охиных харин ч яг биед нь таарсан, хөөрхөн жижиг. Эд чинь жижиг биендээ нээх томдсон үүргэвчтэй, эсрэгээрээ их хүнд харагддаг юм.
гэж аргадав.

Санаандгүй жижиг гээд хэлчихсэн охин уучлалт гуйв.

Тэгээд л урвайсан юм л явсан. Өдөр нь харьж ирэхдээ цоглог хүн харьж ирсэн. Захилаа шд, нэг хүүхэд санаандгүй юм хэлэхээр л бидэнд гомдоллож уурладаг шигээ уурлаж урвайхгүй байх гэж. Яах юм байгаа юм.

Тэгсэн бас нэг инээдтэй нь лхагва гарагт ангидаа өдрийн хоолоо идсэн чинь ганц нэг ангийнх нь хүүхэд хоолны савыг нь, цайных нь савыг цэцэрлэгийн бацаанууд л сонирхдог зурагтай байна гэж хэлсэн гээд бас л урвайгаастай. Хи хи.

Бидэнд жаахан нялхаараа гэж санагдах авч өөрсдөдөө бол сургуулийн том сурагч бололтой.

Аниагаас нь гуйж, аниагийнх нь өдрийн хоолны саванд өдрийн хоолоо хийж авч явав. Цайных нь сав ямар ч арга байгаагүй тул бацаануудын сонирхдог зурагтай савандаа цайгаа хийж авч явав.

Зун дөхөж байна, цайных нь савыг шинэчилж өгье дөө гэж бодож байсан юм, нэг завандаа дэлгүүр явахаас.

Зугаалга нь бага сургуулийн бүх сурагчид хамтдаа явна. Нэлээд наана нь бага сургуулийнхаа хамгийн том анги болох 6-р ангийн нэг сурагчтай танилцаж, нөхөрлөнө. Зугаалганы үеэр тэр 6-р ангийн сурагч өөрийн дааж авсан 1-р ангийн бацаантай хөтөлж явна, хамт өдрийн хоолоо иднэ, хамт тоглоно гэх мэтээр хариуцна.

Гэх мэтчилэн хүүхэд томрох сайхан ч элдэв ааш маяг нь дийлдэхээ байгаад л ирэх юм дөө гэж. Бас нэг л ээжээс гарсан байж зан ааш нь ч өөр байх юм даа гэж. Хэ хэ.

Thursday, April 27, 2017

4 дүгээр сарын ном

Өөрийнхөө уншсан номыг эндээ хальт оруулъя дөө. Ядаж л гарчгийг нь мартахгүй. Хэ хэ.

Сүүлийн үед энэ япончууд чинь өөрсдийг нь магтсан, биширсэн агуулгатай ном их хэвлэн гаргадаг болсоон. Зурагтын нэвтрүүлэг ч их байна.

Манай ажил ч тиймэрхүү номыг гарсан даруйд нь л худалдаад авах жишээтэй. Би таалагдсанаа л уншина, дунд нь бас арай л хэтрүүлээд магтчихсан ном байх шиг байгаа юм. Мэдээж магтаалд дургүй улс гэж юу байхав тийм ээ.

"Япон хүний мэдээжийн зүйлд дэлхий нийт гайхан биширдэг шалтгаан". За ёстой махчилан орчуулна гэдэг нь болоод байна шүү ойрд ч. Уран цэцэн орчуулах гэхээр толгойгоо асар ихээр ажиллуулах болчихоод. Хэ хэ.

Нээрээ л энэ зан чанар нь сүрхий шүү гэж боддог зүйлээ ганц нэгийг түүж орууллаа шүү.

1. Нямбай зан чанар.

2. Өөрийн гэсэн дүр зургийг чухалчилдаг.

3. Харилцан ашгийг сонирхдог. Зөвхөн нэг тал л ашигтай байх бус хоёр тал харилцан ашигтай байх гэсэн зарчим баримталдаг.

4. Хэн ч хараагүй байсан ажлаа сайн хийдэг. Зарим нэг гадаад орныхны баригдахгүй л бол яасан ч яахав гэдэг үзэл байдаггүй.

5. Өрсөлдөгчөө найз мэтээр үздэг. Өрсөлдөгч минь ялж байж би бас ялалт байгуулна гэж үздэг.

6. Цэвэрлэгээнд дуртай. Ажлын гадаах талбай, албан байгууллага, гал тогоо, шал зэргээ зүлгээд л байна, шүүрдээд л байна.

Энэ занг нээрээ их ажигладаг шүү. Эртэч өвөө эмээ нар гадаах үүд, довжоогоо шүүрдээд л зогсох нь их. Мөн бага, дунд сургуульд сурагчид өөрсдөө сургуулиа цэвэрлэнэ. Жорлонгоо ч өөрсдөө угааж цэвэрлэнэ. Энэ их таалагддаг. Тэгж байж ариг гамтай ханддаг байх, нийтийн өмчид ч гэсэн.

Тэгээд ч бүгд эрдэмтэн доктор болох албагүй, ажилчин анги ч нийгэмд асар том үүрэгтэй. Тийм үү?

7. Япончуудын аливаа зүйлийг эрэлхийлэхдээ, судлахдаа сайн гэж. Үнэний ортой. Жишээ нь амт чанарын хувьд нэг тийм цаанаа л өвөрмөц амтыг эрэлхийлээд, судлаад явдаг улс ихтэй. Ялангуяа ресторан, амттаны үйлдвэр зэрэгт ажилладаг, сонирхдог хүмүүс.

8. Хэрэглэгч та хаан. Бүрэн утгаараа хэрэгжинэ. Бөхөлзөөд л гүйнэ шүү дээ.

9. Нарийн ширийн, жижиг сажиг зүйлд анхаарал хандуулдаг. Гярхай.

10. Аливаа зүйлийг хуулбарлахдаа өөрсдийн онцлогт, хүсэлд, зан чанарт нийцүүлэн улам сайжруулан боловсруулахдаа гарамгай.

Гэх зэргээр бичжээ. Ирээд удаагүй хүмүүст хэцүү шүү. Иймхэн юмыг хэд дахин хэлдэг юм бэ? Толгой муутай юм уу хаашай юм, иймхэн юм цээжлээд явчихгүй, тэр бүр цаасаар булчих юм гэж их бодогдоно. Дасаад ирэхээр харин эргээд цаасаа нэхээд, цаасан дээр хэвлэж өгөхгүй юм уу гэж өөрөө нэхдэг болно. Хэ хэ.

Энэ нь ажлын хариуцлагатай холбоотой. Жижиг сажиг зүйлийг нэг бүрчлэн хэлээд өгчихсөн байхад ажил ч урамтай сайхан явагдана шүү дээ. Бид бас тийм болбол тэ.

Энэ бүгд чанарыгаа гадаад улсад ажиллаж амьдарч буй япон хүмүүсийнхээ ахуй амьдрал, амжилттай нь холбож жишээ авч тайлбарласан байв.

Тэр бүрчлэн орчуулна гэж юу байхав, боломжтой хүмүүс нь олж уншина биз дээ.
Суралцаад суралцаад явчихна даа, мундаг улсуудаас. Тийм ээ. Та нар минь ч гэсэн сэтгэлдээ тогтоогоод, суралцмаар зүйл байвал суралцана биз дээ?

За ёстой бүтэн нэг сар уншлаа даа хэхэ. Цаана нь өөр зөндөө гоё монгол, япон байгаа. Уншиж дуусаад зураг оруулна аа.

Ном дор мөргөмү...

Monday, April 24, 2017

Толгой ПИГ- 2

За том зулзагын сургуулийн нээлттэй хичээл.

Бүтэн сайн өдрийн үдээс хойш. Үдээс өмнө хичээл орно. Бүтэн сайн өдөр учир өдрийн хоолоо өөрсдөө хийж авч явсан. Өглөө эртлэн босч хийсэн бид хоёр.

Бага сургуулийн нээлттэй хичээлтэй адил дарааллаар явагдана. Эхлээд нээлттэй хичээл. Анги дааж авсан багш нь англи хэлний багш, эмэгтэй. Америк багштай хамтраад англи хэлний хичээл орсон. Ээж нь аан энэ үгийг мэдэх юм байна гэсэн шиг зогсов. Мэдээж мэдэхгүй зүйл нь 99 хувь. Хэ хэ.

Хичээл дуусахаар сурагчид тарна. Эцэг эхүүд үлдээд өнөөх урт хуралдаа сууна. Үдээс өмнө борголоо ууж аваад гарсан болохоор нойр хүрэх нь гайгүй байсан.

Баахан тоо бүхий тайлан, захирал багшийн үг, багш нарын танилцуулга.

Дунд сургуулийн 3-р ангийнхны хурал. 9 дүгээр анги гэсэн үг. Энэ 9 дүгээр анги их үүрэг хариуцлага өндөр. Учир нь ахлах ангид буюу 10 дугаар ангид дэвшин суралцах эсэхээ шийднэ.

Хүссэн сургуульдаа шалгалт өгөөд тэнцэх эсэх нь өөрсдөөс нь шалтгаалах үе.

Энэ талаар танилцуулсан. Хувийн ахлах сургуулийн шалгалтын хуваарь, улсын сургуулийн шалгалтын хуваарь зэргийг ерөнхийд нь танилцуулсан. Дугуйлан секцүүд 8 сараас ерөнхийдөө дуусна. Үлдсэн хагас жилээ ахлах ангид дэвшин суралцахад зориулна. Сур сур бас дахин сур гэдэг лоозонтой.

Ахлах сургуульд суралцах нь албан бус тул ажил дээр гарч ч болно. Мэргэжлийн сургуульд ч орж болно.

Эцэг эх хүүхдүүд өөрсдөө шийднэ.

Том зулзага ямар сургуульд орох юм бол доо гэсэн шүү юм бодож суув. Гэрийн ойр өнөөх сүмогийн секцтэй хувийн ахлах сургууль байдаг юм. Төлбөр нь жаахан үнэтэй гэж сонсогддог. Том зулзага орохгүй гэсэн.

Одоо сурдаг дунд сургуультай нь тавхан алхмын зайтай нэг ахлах сургууль бий. Улсынх, муждаа эхний тавд ордог гэсэн. Ойрыг нь бодоод энэ сургуульд л ордог юм шүү гэж захиастай. Том зулзагын санаа нь арай жаахан хол байдаг сургуульд санаатай юм шиг байна лээ.

Том зулзагын санаархаад байгаа сургууль ч гайгүй л дээ. Муждаа эхний тавд багтдаг. Гэм нь жаахан зайтай. Дугуйтай ирж очно, нэг бол автобусаар. За бүр болохгүй бол би хүргэж өгдөг байх даа.

Энэ жилийнх шиг цас бороо ихтэй үед бол хэцүү, хүргэж өгөх гэж өчнөөн цаг болно. Ээж аавынх нь хэн нэг нь ажлаасаа хоцорч таарах болно бла бла гэж үглээд л байгаа.

Гэрээс ойрхоноороо хоёрт ордог бас нэг хувийн сургууль бий. Төлбөр нь бас л өндөрт орно.

Нэг хувийн сургуульд, нэг улсын сургуульд л шалгалт өгөх эрхтэй. Алинд нь өгөх юм бүү мэд. Тэр өдрийн тэнгэр мэдээд л явах байх даа.

Хамгийн сүүлд дугуйлан тус бүрийн хурал. Шилжилт хөдөлгөөнөөр хуучин эрэгтэй багш нь өөр сургууль руу шилжиж шинээр эмэгтэй багш ирсэн. Том зулзага их ам сайтай байгаа. 1 дүгээр ангийн 10 хүүхэд шинээр нэмэгдэж орж ирсэн гэнэ. Жилийн хөтөлбөрөө танилцуулсан. 8 сард мужийн хэмжээний тэмцээнд оролцоно. Түрүү жилүүдэд алт аваад байдаг тэмцээн. Энэ жил бас л алт авах зорилготой гэсэн. Алт алтдаа бүсийн тэмцээнд явах эрхтэй алт авах юм гэсэн. Ерөөл бат оршиг.

Том зулзага магтуулаад л, ээж нь дотроо овоо шүү дээ үр минь гэж хөөрөөд л.

Зарим нэг үед нь хань ижилдээ даалгавар өгсөн шиг л хуралд суув. Өнөөдөр ханийхаа гарын хоолыг л иднэ шүү. Хэдэн өдөр хуралд суугаад ядраад байна, хуушуур идэж ядаргаагаа гаргамаар байна энэ тэр гэж. Хэ хэ. Бага зулзагаа дагуулаад тоглохоор гарсан хань ижил үүрэг даалгавар аваад эртхэн харьсан гэсэн. Ккк

Орой нь хуушуураа идэж ядаргаа нь гарсан улс шинэ долоо хоногтоо эрч хүч дүүрэн байх болтугай. Та нартаа ч бас амжилт хүсье.

Толгой ПИГ

Хоёр өдөр охидынхоо хичээлийн нээлттэй хичээлд суугаад. Толгой гэж ПИГ.

Бага зулзагынх баасан гарагийн үдээс хойш. Ажлаасаа чөлөө аваад л жирийлгэв. Яг иймэрхүү чухалд үед ажлынхан минь ойлгож хүлээн авч, үдийн цайгаа уух цаг байгаа юм уу, эртхэн гараад цайгаа уучихаад яваарай гэж санаа тавих нь сайхан. Талархаад барамгүй.

Эхний 40 минут хичээлийг нь үзэж сонирхоно. 1-5 хүртэлх тоог хэрхэн бичих тухай хичээл. Одоогоор цагаан толгойгоо үзэж эхлээгүй. Мөн одоогоор нэг ч дэвтэр байхгүй. Сургуулиас нь бэлдэж тарааж өгөх ёстой. Мэдээж дараа нь данснаас минь мөнгийг нь татна.

Үндсэн хичээлүүдийн сурах бичгийг нээлтийн өдөр тараасан. Түүнийгээ хуваарийн дагуу авч явна. Балын харандаа таван ширхэг, баллуур, улаан харандаа бүхий үзэгний саваа авч явна.

Энгэртээ нэр бүхий жижиг пайз?-аа зүүнэ, өдөр бүр.

Нээлттэй хичээл дээр заасан тоогоо багшийн тараасан тусгай цаасан дээр бичиж багшдаа хураалгасан.

За дөнгөж нэг дүгээр ангийн хүүхдүүд гэж хөөрхөөн. Анхаарал нь төвлөрөхгүй, хойшоо эргэж хараад л, чанга чанга дуугараад л. Тэрний ээж, энэний ээж гэж мэндлээд л. Хэ хэ.

Дараагаар нь эцэг эхийн зөвлөлийн бүгд хуралд сууна. Өнгөрдөг жилийн орлого зарлагын тайлан. Явуулсан үйл ажиллагааны тайлан зэргээ танилцуулна. Мөн дарга цэргээ сонгоно.
Эхэнд нь захирал багш үг хэлнэ. Сүүлд нь сургуулийн захиргаа болон багш нарын танилцуулга болсон. Жүжигчилсэн тоглолт энэ тэр оруулаад сонирхолтой танилцуулга хийсэн.

Дараагаар нь 1 дүгээр ангийнхны хуралд суув. Анги даасан багш нар дахин өөрсдийгөө танилцуулсан. Нэг жилийнхээ зорилго, төлөвлөгөөгөө танилцуулна. Хичээл эхлээд удаагүй ч хүүхдүүд чинь хичээж сурч байгаа, цэвэрлэгээгээ сайн хийдэг гэж хэлсэн.

Сургуулиа сурагчид өөрсдөө л цэвэрлэнэ. Мундаг уу мундаг. Лхагва гарагт цэвэрлэгээгүй өдөр. Аль болох хог тарихгүй, сургуулиа, ангиа хайрлан хамгаалцгаая гэсэн уриатай.

Хамгийн сүүлд анги ангиараа хуралдана. Хуралдана ч гэж дээ өөрсдийгөө танилцуулна. 1 жилийн хугацаанд болгоогоорой гэж. Хэ хэ. Хүүхэд нь сургуульд ороод хэрхэн өөрчлөгдсөн, хэрхэн хичээж байгаа тухай товчхон хэлнэ.

Энэ өдөр эцэг эхийг хамгийн их догдлуулдаг, санаа зовоодог зүйл бол эцэг эхийн зөвлөлийн ямар нэгэн албанд томилогдчих вий гэдэг асуудал. Хэ хэ. Урьдчилан хүргүүлсэн цаасан дээр болох хүсэлтэй ээжүүд байвал хүсэлтээрээ болж болдог. Хэрэв хэн ч болох хүсэлтээ өгөөгүй бол сугалаараагаар сонгогдоно.

Энэ удаад 3 ч ээж хүсэлтээ өгсөн байсан тул нэг л албан үүрэгт сугалаа явагдав. Би нь азаар болоогүй.

Орой нь би ууж идэх цуглаантай байсан тул толгой гэж тал нь тэрийгээ бодоостой. Хи хи.

Том зулзагыхыг дараагийн бичлэгт. Агуулга нь ерөнхийдөө ижил.

Saturday, April 22, 2017

Зураач болоорой

Бага зулзагынхаа уран бүтээлээс ганц нэгийг оруулав. Эмээ өвөө нар нь харж баясдаг юм.

Зураач болоорой гэж ерөөе.
Хар өнгөөр их зурна. Хар бал, балын харандаа гээд л. Аниа нь бас яг тийм байлаа. Өнгө алаглуулахдаа хойрго байлаа. Одоо тэгсэн дүү нь яг адил. Яваандаа өнгө алаглуулдаг болно, нэг их санаа зовохгүй л байна.

Олж харахад жаахан хэцүү л зураг байна. Том том хуанлины цаасны ар дээр зуруулдаг хэвээрээ. Зарим нь гялгар гөлгөр байдаг болохоор балын харандаа болон бол их бүдэг гарна.
Хүүхэлдэйн киноныхоо баатруудыг зурж. Хэлүүлэлтгүй таньж байгаа биз дээ? Хэ хэ.

Хараад зурахдаа дажгүй л зурчихаад байна. А ч байхгүй ээжийгээ бодвол.

Дараа хөөрхөн бүтээл туурвибал дахин зураг оруулна аа. Түр баяртай.

Thursday, April 20, 2017

Хоол гэж урлаг

Энэ япончууд нээрээ үндэснийхээ хоолыг урлаг болгочих юм тэ.

Монголоос ирсэн дарга нартай хамт явахад нэг сайхан нь тансаг тансаг япон хоолны барааг харах юм дөө гэж.

Яагаад барааг нь харна гэхээр, тэр бүр идэж ууж чадахгүй. Ам руугаа нэг юм хийтэл хажуугаас хэн нэг нь ярина, гялс залгиж ирээд л ажлаа хийнэ. Хэ хэ.
Тэр тансаг хоолыг амталж, баясаж идэх ч ховор дөө.
Далайн ургамал, цагаан арваалж?-тай зууш. Мөсөн аяганд хийж ирсэн. Доороо мөстэй тавагтай. Мөддөө хайлж урсаад байхгүй л юм билээ. Бидний хэдэн монголчууд сүрхийг нь гайхаад л
-Гүэ мөн их хөдөлмөр зараа даа. гэж шогшив.
Тавагнууд нь, аяганууд нь, хундаганууд нь янз янз. Цаасан шүхэр хажууд нь тавьж чимэглэж энэ тэр. Тэрийг нь хараад хүмүүс дуугай байдаггүй юм байна шд. Яасан мундаг юм бэ, яасан хөөрхөн санаа оноо вэ, яаж хийдэг юм бэ гээд л. Бас л нэг хөөрхөн ярианы сэдэв.

Улаан шүхэрийг зочид та бүхэнд бэлэглэж байна. Хүсвэл авж хариарай.
Гэсэн чинь би мартаад гараад ирсэн. Бага зулзагатаа өгч хэд хоног тоглуулна гэж бодож байсан юм. Хэ хэ.

Маш олон төрлийн хоолыг жаахан жаахнаар нь өмнө минь тавиад л. Дорхноо л цадаж байгаа
Энэ зурагт байгаа хясааг бас л авч харьж болно гэсэн. Би авсангүй ээ. Гэрт нэлээд хэдэн дун, хясаа хөглөрөөд, бага зулзага тоглоод гүйдэг тул. Бас нэг новш нэмэгдэхийн нэмэр гэж бодов.

Ажлын хажуугаар бас олон зүйл бодоод амжих юм тэ энэ эхнэрүүд, ээжүүд. хэ хэ.

Гэснээс манай эрчүүд зөөлөн сайхан шар айраг, япон архиар дайлаад байхад уухгүй байснаа, буудалдаа очингуутаа өрөөний юм гээд л авчирсан цагаан архиа сайн уух юм аа. Аан тийм дуусахаар нь виски худалдаж аваад ууна гээч. Зоослог зоослог. Ккк

Эхнэрүүдэд захихад, гарын мөнгийг нь яг тааруулж өгч явуулж байгаарай. Хэ хэ. Тэгэхгүй бол архинд хамаг мөнгө чинь явна шүү.

Хүсвэл өөр зөндөө зөвлөгөө өгч болно шүү. Хи хи

Tuesday, April 18, 2017

Бага сургуулийн сонин сайхан

За дахиад 6 жилийн турш блогтоо бага сургуулийн тухай бичих нь дээ. Та нар минь ч 6 жил бага сургуулийн тухай унших нь дээ. Хэ хэ. Уншчихсан зүйлийг чинь бичиж жаахан залхааж магадгүй. Өнгөрөөгөөд явчихаарай.

1 дүгээр ангийн 4 бүлэгтэй. Бага зулзагын анги дааж авсан багш нь эмэгтэй.

Энэ тухай хань ижил зураг хөрөг явуулаад л, би ажлынхаа хажуугаар хальт харж нулимс цийлэгнээд л.

Эхний долоо хоног хичээл гэхээр зүйл ороогүй. Сургууль дээрх биеэ авч явах байдал, дүрэм журам зэргийг заадаг юм билээ. Жишээ нь коридороор хэрхэн алхах, шатаар өгсөж буухдаа аль талаар нь явах, цэвэрлэгээгээ хэрхэн яаж хийх гээд л.

Өглөө цуглаад алхаж явдаг газар нь гэрээс жаахан зайтай, өглөөд ээж нь тэр цуглах газарт нь хүргэж өгдөг. Архаг сурагчид их орой гарч ирэх юм. Өглөөний сэрүүхэнд би даараад хэлээд л тавьчихлаа. Цагтаа ирээрээй за хөөрхөнүүд ээ гээд. Хэ хэ.

Тарж ирэхдээ ойрхон гэртэй хүүхдүүд нэг бүлэг болоод алхаж ирнэ. Сургууль тарсны дараах өдөр өнжүүлэхэд оруулаагүй тул гэрээ онгойлгоод ээжийгээ иртэл 30 минутаас 1 цаг гарантай хугацаанд ганцаараа байна.

Чадах болов уу гэж санаа зовоод байсан чинь дажгүй шүү. Одоохондоо даалгавар гээч зүйл байхгүй болохоор дуртай киногоо үзээд л сууж байх шив.

Нэг хөөрхөн бандитай нэг ширээнд суусан. Найз болсон, шинэ найзуудтай болсон гээд л шулганаж өгч байгаа.

Гэм нь өдрийн хоолоо л удаан иддэг хэвээрээ. Цэцэрлэгт байхын л удаан иддэг байсан юм.Цэцэрлэгийнх нь багш энэ тухай ярьж хэлээд л зөвлөлддөг байлаа. Одоо бага сургуулийн багшаас сонсдог болох нь. Хэ хэ.

Одоохондоо долоо долоо хоногоор хичээлийн хуваарийг тарааж байна. Яваандаа сараараа, улирлаараа гарах байх. 4 дүгээр сард болох гол гол хөтөлбөрийг харин бичсэн байсан. Жишээ нь бүх сурагчдын зугаалга болох байсан.

За байз өөр юу билээ?

Friday, April 14, 2017

Сакүрадав

Энэ жилийн сакүрадалт ажлынхаа хажуугаар амжуулж ганц нэг зураг дарснаар өндөрлөв.

Манай гурав нэг орой нь оройн сакүра, нэг өдөр нь бага зулзага хань ижил хоёр өдрийн сакүра харж баяссан.

Гэхдээ л ганцаараа сакүрадах чинь онцгүй тэ. Хайртай хүмүүстэйгээ хамтдаа л сакүрадвал сайхан. Сэтгэлд хоногшоно.

Хотоосоо жаахан зайтай газрын сакүрагийн зураг оруулъя. Суугуул хотынхоо сакүраны зургийг жил бүр оруулсаар байгаад жаахан улиг болсон байж магад. Хэ хэ.
Эд ч баярлаж сурсан улс дөө. Хоггүй, зодоон нүдээнгүй баярлаж чаддаг улс. Атаархаад байдаг юм. Эх орон минь хэзээ баярлаж сурна даа гэж бодоод л.
Аминдаа ах дүү амраг садангууддаа архигүй баярлаарай, даруухан баярлаарай гэж байнга шахуу захина, хааяадаа загнана, үглэнэ. Үглэхийг минь даанч тоохгүй юм дөө гэж.

Гэснээс энд тэндхийн монголчууд яасан ч коллектив сайтай байдаг юм. Нийлж суугаад л сакүрадсан байсан. Хуушуур хийж очицгоогоод л.

Бүр шар гозойгоод хуушуур хийж идэхээр шийдэв. Нэг нартай сайхан өдөр хуушуурдаад зураг хөрөг оруулна аа. Хэ хэ.

Ажил амжилттай юу? Амжилттай амжилттай. Мэдээж дунд нь өөрийгөө голох зүйл зөндөө байлгүй яахав. Эх хэл минь, эх хэлийнхээ өвөрмөц хэлц энэ тэрийг мартаж байгаа юм билээ би. Тэмээн жин гээд хэлчих юмыг мөн ч их тойруулж хэлээд, дараагаар нь монгол дарга надад тоглоом шоглоомоор хэлж өгсөн.

Ажлын тухай бичээд байвал уртаа бичлэг болох гээд байгаа тул бичихгүй...

За дараагийн бичлэг хүртэл түр баяртай.

Хичээлийн нээлт

Ээж нь бага зулзагынхаа 1 дүгээр ангид элсэн орж буй дурсгалт өдөр нь хамт байж чадсангүй. Уучлаарай. Сэтгэл зүрхээрээ бол хамт л байсан шүү.

Хань ижил ажлаасаа чөлөө аваад явсан.

Шинэхэн цүнхээ үүрээд, бас бус хичээлийнхээ хэрэгслийг аваад явсан. Ээж нь эзгүй байх 4 өдрийнхөө бэлтгэлийг сайтар бэлдэж өгөөд явсан болохоор дажгүй л байсан гэсэн.

Анхны өдөр сургуульдаа явахдаа ёслолын хувцастай явна. Маргаашнаас нь энгийн хувцастай. Бага сургууль дүрэмт хувцас өмсдөггүй.

Хотын захиргаанаас ирсэн сургуульд орох эрхийн бичиг ил захидлыг авч очиж сургуульдаа хураалгана. Бөглөх ёстой ар гэрийн танилцуулга хуудсаа бөглөөд авч явна. Энэ хуудас нь гэртээ хэн хэнтэйгээ амьдардаг болохыг нь сургуулийн багш нар мэдэж байх үүднээс бөглүүлдэг шиг байна лээ.

Өглөө нээлтийн арга хэмжээ эхлэхээс өмнө сургуулийн үүдэнд хаалган дээр хэн хэн хэд дүгээр бүлэгт хуваарьлагдсаныг нь бичиж хадсан байна. Ангидаа орж багштайгаа анхлан нүүр тулж уулзана.

Нээрээ ингэж нээлтэнд очихдоо манайхан шиг цэцэг энэ тэр барьж очдоггүй шд.

Харихдаа сурах бичиг энэ тэрээ авч харин тул томоохон ууттай ирээрэй гэж урьдчилан мэдэгсэн байна.

Мөн нээлтээр ирэхдээ аль болох том гэсэн хэрэгслүүдээ барьж ирээрэй, тэгэхгүй бол дараа нь хүүхдүүд өөрсдөө дангаараа сургуульдаа ирэх үедээ авчрана гэвэл хүнддээд даахгүй байх магадлалтай тул гэж захьдаг. Их зүгээр.

Эдний энэ эцэг эхэд, сурагчдад төвөг болохооргүйгээр хүүхдэдээ чиглэсэн санаа оноонууд их таалагдана аа. Эх орондоо хуулмаар л зүйлийн нэг.
Үүнийг бага зулзага бид хоёр урласан юм. Мундаг байна уу? Хэ хэ. Сакүра цэцэглэх үеэр хичээл эхэлдэг тул сакүра цэцэг, түүний дор жагсаад явж байгаа сурагчид гэдэг утгаар эдний өнөө нэг хөөрөгний үнэтэй цүнх. Хэ хэ.

Энэ цүнхийг нугалах арга нь жаахан л чимхлүүр боловч бага зулзага минь дагаж хийгээд нугалчихаж байна лээ. Мундаг. Сакүра цэцгийг ч бас.

Гэснээс бага зулзагын минь цүнх ямар өнгөтэйг таагаарай. Хэ хэ.

Эрдмийн их оргилд нь томоос том амжилт хүсье. Хайртай шүү.

Thursday, April 06, 2017

Нэг хөөрхөн ном

Бага зулзага бид хоёр баахан ном зээлж ирсэн дээ. Дунд нь бас нэг хөөрхөн ном байна.

Түрүүчийн бичлэгийн ном хөөрхөн гэхэд хаашаа л байсан тэ. Хэ хэ.
"Баасны өдрийн тэмдэглэл" гэж орчуулах юм уу даа.

Гол нь энэ номыг хэдч зээлж уншив. Буцааж өгчихөөд, хэсэг хугацаа өнгөрсний дараагаар дахиад л зээлсэн харагдах.  Их л таалагдсан бололтой.

Хүүхдүүд чинь жаахандаа бүсэлхийнээс доошхи ярианд их дуртай байдаг юм билээ шд. Хи хи.

Цэцэрлэгт сонин сонин үг их сурч ирдэг байлаа, бөгс, боожгой, унгас энэ тэр гээд л. Ккк.

Энэ ном гэхдээ тийм балай ном биш л дээ. Би ч их таалсан.

Аавыгаа эзгүйд хүү нь өдөр бүр идсэн хоолныхоо тэмдэглэлийг хөтлөөд, дээрээс нь өдөр тутмынхаа баасныхаа тэмдэглэлийг хөтлөснөө аавдаа үзүүлж буйх тухай. 7 давхар баасны зураг зурсан. Аав нь үзээд л өөрийг нь эзгүйд хүү нь хань нь ямар хоол хийж идэж байсан тухай мэдэхийн зэрэгцээ, зурсан зурагт нь хүүгийнхээ нэр усыг дурсгал болгож бичиж байгаа тухай.

Хөөрхөн байгаа биз? Дээр уншчихаад бага зулзага бас дууриаж баасаа зурсан юм даг.
Идэж уусан зүйлээ зурсан байгаа шүү. Тэгээд тэрүүгээрээ баасныгаа бөөрөнхий дотор зурсан нь. Хэ хэ.

Хамгийн эхэнд их л том загас идэж дээ. Тэгээд тээшээ яг юу идэж уусан юм бол бүү мэд.

Гэх мэтчилэн ном уншаад өөрт таалагдсан зүйлээ дуурайлгаж зураад байдаг болсон байна лээ.

Хөөрхөн санагдаад зураг авна аа. Том болохоор нь үзүүлнэ.

Хичээл эхэлтэл шийр зугаа гэж өдөрт бид хоёр хэдэн ч ном уншиж байна даа, тоогоо алдсан.

Ээж уг нь өөрийнхөө номыг л уншмаар байдаг. Бага зулзага уншуулахгүй байна өө, хамтдаа уншъя, хамтдаа тоглоё, хамтдаа дуулъя, хамтдаа хамтдаа гэдэг амны уншлагатай. Хөөрхөн л дөө, тэртэй тэргүй жаахан томроод юун ээж аавтай хамт, аль болох л ганцаараа байх гэдэг болдог юм билээ шүү.

Бага дээр нь л сайн наалдаж, үнсэж үлгэж авах хэрэгтэй шүү, залуухан ээж аав нар минь. Мундаг зөвлөгөө өгсөн үү. Хэ хэ.

Түр баяртай...

Tuesday, April 04, 2017

... ном

Гэрээр дүүрэн ном гэж байсан даа. Дунд нь нэг ийм зурагт ном байна.

Бага зулзага уншаад л учиргүй тас тас хөхөрч инээгээд л уншив. Дунд нь надад ирж харуулаад, шоолоод л, мушилзаад л янз бүр болов.

Гарчиг нь "Би хаанаас ирсэн бэ?" Хүүхэд хэрхэн, хаанаас ирдэг тухай. Ойлгомжтой биз? Агаалга нь багачууд та нарт та нарыг хаанаас ирснийг чинь чухам үнэнийг цөөн үгээр л хариулна гэсэн утгатай. Хэ хэ.

Бага зулзага намайг заавал унш гэж айлдсан, дээрээс нь ямар ном уншаад байна гэж гатнуулдах зорилготойгоор уншив би.

Ийм эртнээс мэдэх юм уу тэ. Хэ хэ. Одооны энэ хүүхдүүд нээрээ. Хэлэх үг ч олдохгүй юм. Ккк.

Би өөрийгөө бодов. 6 настайдаа ямаршуу, юуг мэддэг, юуг мэддэггүй байснаа төсөөлөх гэж оролдов. Юу ч мэддэггүй л байж. Боролдойн цагийн хүүхэлдэйн киног л хүлээдэг байж. Үнэн жаргалтай нас минь байж.

За за ном бол ертөнцийг харах цонх мөөн.

Нээх хөөрхөн. Ингэж эхэлсэн. Тэрэндээ энэндээ зориулав. Мөн хаа нэгтээ улайж ичсэн ээж аав нарт зориулав. Гэсэн байв.

Би хаанаас ирсэн бэ гэдэг хүүхдийнхээ асуултанд бүдрээд хацар нь улайж буй ээж аав нарт шүү дээ. Ккк

Бичсэн зүйл, зураг хөрөг нь үнэн бодит гэх юм уу. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн ванны өрөөнд нүцгэн, тэгснээ ингэж бичсэн байгаа юм.

-Чи ээж аавыга нүцгэлээд ванны өрөөндөө оруулаад харахд л ойлгомжтой, тэр хоёрын биеийн бүтэц хоорондоо шаал өөр байгаа биз?

Мөн өнөөх хоёр гайхал чинь чармай нүцгэн гар гараасаа хөтлөлцчихсөн байх юм. Хэ хэ. Хуудас эргүүлээд л татаж унах бага зулзага. Ккк

Хүүхэд бий болоход чинь ээж аав чинь хоёулаа оролцоно, түүнээс чамайг бурхан илгээсэн юм биш, шувуу хаа нэгтээгээс чамайг зөөгөөд аваад ирсэн юм биш гэж ирээд л бичиж.

За тэгээд цаашаа үргэлжлэнэ. Эрэгтэйгийн доор унжаад байгаа зүйл чинь эмэгтэйгээ хайрлаад үнсэх үед томроод тэсэхээ болиод эмэгтэйнхээ дээр гараад бла бла гээд бүр яг тоочоод биччихсэн байх юм. Ёх.

Ингэх нь эрэгтэй эмэгтэй хүндээ хоёуланд нь маш таатай мэдрэмж төрүүлээд бла бла.

Тэгснээ нэг ёсондоо чи ингэж ойлгох нь зөв. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэр эрхтнүүд чинь загатнаад байдаг байхгүй юу? Тэгээд тэрийгээ хооронд нь үрж хөдөлгөдөг байхгүй юу? Тэгж байснаа ядраад эрэгтэйнх эрхтнээс өтгөн шингэн зүйл гардаг байхгүй юу? Усан буу шиг л шүршдэг байхгүй юу? Бла бла.

Тэгээд л эр эс нь өндгөн эсэд тогтоод хүүхэд бий болно доо. Бла бла

Цаашлаад гэдсэн дэх 9 сарын хугацааны тухай бичсэн байна. Хэрхэн өсч бойжоод төрдөг тухай.

Ямар ч ном олоод зээлээд уншчихав даа бүү мэд. 6 нас хүрээд удаагүй хүүхэд.

Нэг өдөр ааваа таны эрхтэн ээжийнх рүү ордог биз дээ? гэж хэлж улайлгах вий дээ. Аав нь яг одоогоор энэ номыг бага зулзага нь олоод уншчихсан гэж мэдээгүй л яваа. Яаж хэлнэ ээ. Ккк

Sunday, April 02, 2017

4 дүгээр сар

4 дүгээр сарын 1-нд та нар инээдмийн баяраа тэмдэглэв үү? Хэ хэ.

Том зулзага хаврын амралт эхлээд овоо хэд хонож байна. Өдөр бүр өглөө дугуйландаа явна. Харьж ирээд даалгавраа хийнэ. Номоо уншина, төгөлдөр хуур дарна гээд л хэрэндээ л завгүй.

Энд найзууд хоорондоо бидний үе шиг уулзаад, болзоод өдөр бүр уулзаад тоглоно, буу хална гэж байдаггүй бололтой.

4 сард хичээлийн, ажлын шинэ жил. Нэг анги дэвшинэ. Жишээ нь бүх 8 дугаар ангийн сурагчдыг хооронд сольж холиод нэг анги бүрдүүлнэ. Шинэ багш ангийг нь дааж авна гээд догдлуулчих юм.

Дунд сургуулийн 3 дугаар анги буюу 9 дүгээр ангид ороход уулзсан бүх хүмүүсийн нэг мэндчилгээний үг нь жюкэнсэй буюу шалгалт өгөх сурагч болж байгаа юм байна шд гэнэ. Миний махчилан орчуулснаар бол шалгалт өгөх оюутан. Хэ хэ.

Нэг ёсондоо ахлах сургуульд дэвшин суралцана гэдэг чинь алаан байдаг бололтой. Орохыг хүссэн нэг л улсын сургуульдаа шалгалт өгөх эрхтэй гэнэ. Хажуугаар нь юмыг яаж мэдэхэв тэр сургуульдаа тэнцээгүй бол орно гэдэг утгаар хувийн сургуульд давхар шалгалт өгдөг гэнэ.

Тэрхүү ахлах сургуульд орох шалгалтандаа бэлтгэж бүтэн 1 жилийг хичээл хичээл гэж өнгөрүүлдэг бололтой. Дугуйлан секц нь зуны амралтаар дуусгавар болдог гэсэн. Шалгалт өгөхийн хагас жилийн өмнөөс гэх юм уу даа.

Том зулзага жаахан залхаастай
-Өөр аятайхан мэндчилгээний үг олддоггүй юм байх даа?
гэж ээждээ хааяа үглэнэ. Хэ хэ.

Бага зулзага хичээлийн нээлт 4 дүгээр сарын 10-нд. Ихэнх газрууд нөг өдөр таарч байх шиг байна лээ. Энэ нээлт гэхдээ зөвхөн шинээр сургуульд элсэн орж байгаа сурагчдад л зориулсан.

Архаг гарууд нь 7-нд хичээл нь эхлэнэ. Бас л том зулзага
-Аягүй мангар аа, хоёрын хооронд баасан гарагт эхлээд
гэж гомдол мэдүүлээстэй. Тэгснээ
-Гэхдээ шинэ анги, багшаа мэдэж авах тул яг хичээлийн нээлтээр 1 дүгээр ангийнхантай хамтдаа паанигтаад явах жаахан тиймхэн болохоор. Ерөөсөө нээлтээ мягмар гарагт хийх байсан юм энэ багш нар.
гээд л бувтнах юм. Хэ хэ.

Бага зулзага 10 болтол ээжтэйгээ хамт амарна. Тэр хооронд хичээлийнхээ бэлтгэлийг хийнэ дээ. Аниагийнхаа хэрэглэж байсан зүйлсээс заримыг нь хэрэглэнэ. Хэрэглэж болохооргүйг нь худалдаж авав. Ганц нэг зүйл дутуу л байгаа, болох байгаа. Монгол хүмүүсийн үнэн тайвуу зан заримдаа хэрэгтэй, заримдаа ч огтоос хэрэггүй шүү тэ. Хи хи.

Хоёр ч номын сангаас ном зээлээд гэрээр дүүрэн ном. Өөрөө уншдаг болчихсон их амар байна аа.

Хүүхдийг багаас нь номтой найзлуулах их зүгээр байдаг юм байна шүү, залуухан ээжүүд минь. Үсгээ нүдэлчихэж байна. Сургуульд орохоосоо өмнө уншаад сурчихаж байна. Би зааж өгөөгүй, ном уншиж өгч байх хооронд, багш нар нь өдөр бүр ном уншиж өгч байх хооронд нүдэлчихдэг юм байна.

Харин бичихдээ зарим нэг үсгээ, тоогоо буруу харуулаад биччихэж байна. Багш нь заагаад, засаад өгөх байгаа гээд би ч нэг их тоохгүй л байна.

Охидынхоо эрдмийн их далайд хөл тавих үеэр хэнхэг ээж нь учиргүй ажилтай байгаа. Хоёр орны найрамдалт харилцааны төлөө хувийн эрх ашгаа хойш нь тавиад л гүйх юм. Аая ёстой томорчихсон шүү. Хэ хэ. Таван цаас нь ч хаа юм тэ, яг үнэндээ. Хи хи.

Өөртөө болон уншигч олондоо амжилт хүсье.

Шилжилт хөдөлгөөн ба цэцэгс

Хавар болох гээд л. Гэхдээ цаанаа л нэг жиндүү байна аа. Энд тэнд цэцэгс дэлбээлээд л. Удахгүй сакүра цэцэглэнэ. Том зулзага хэзээ сакүрадах уу? гээд байгаа. Яг сакүрадах үеэр жаахан ажилтай байх тул сайн шийдээгүй л байна.

Гэрээрээ л сакүрадах байх дөө. Ганц нэг монгол хүмүүсээ уруу татах гэхээр хариу өгөхгүй байх даа гэж бодоод л. Хэ хэ. Ямар ч завгүй байсан чадахгүй нь ээ, ажилтай байна аа гээд хариу өгөөд сурчихвал бас нэг харилцааны соёл юм даа тэ. За тэр яахав...
Зургийн үзэсгэлэн үзэхэд үүдэнд байсан цэцэг. Иймэрхүү цэцэгний зураг авах хоббитой гэж байгаа.
Хэд хоног гэрийг минь чимээд, анхилуун үнэрээр утаад байгаа цэцэг. Их сайхан анхилуун үнэртэй юм билээ. Хажууд нь ганц ширхэг сарнай. Одоо ч нүдийг минь баясгаад яг өөдөөс хараад л байж байна.
Бага зулзагатайгаа хамт хийсэн цэцэг. Их амархан юм билээ. Үе үе ингэж онгод орно оо бид хоёрын. Одоо ч дэргэд хамт оригами хийе ээ гээд шалаад л сууж байна.

За дараагаар нь 3 сарын сүүлээр өрнөдөг ажлын байран дахь шилжилт хөдөлгөөн. Ялангуяа төрийн албан хаагч нар.

Тэгсэн манай өөдөөс харсан хэсэг хувийн орон сууцны нэгэнд нь шинэ айл нүүж иржээ. Тэгээд нэг орой хонх дараад манайх нүүж ирж байгаа юм, маргааш гэрийн маань тавилга ирнэ. Том ачааны машин зам дээр хэдэн цаг зогсох байх, та бүхэнд төвөг удаж байгаад уучлаарай. Бид тэр мужаас нүүж ирж байгаа тул тэр нутгийн идээгээ амсуулах гэсэн юм. Гээд л ирсэн нутгийнхаа идээнээс амсуулав бидэнд. Хоёр гараа тосч аваад л орой нь гэрээрээ амтархан идэв. Хэ хэ.
Амтат төмсний бяслагтай кекс гэх юм уу даа. Хайрцагтайг өгсөн юм, дуусахаас нь өмнө амжиж зураг дарсан нь энэ.
Нагоя их сургуулийн чоко. Энд сурч ажиллаж байсан эгч ирэхдээ өгсөн. Одоо Нагоя их сургуульд ажилладаг юм. Охид минь ирээдүйд тэнд суралцах ч юм билүү тэ. Хэ хэ. Бас гого нутгийн идээтэй ирсэнд баярлалаа.

Доорх хоёр зураг дээрх сальфетка нь миний сүүлийн үеийн уран бүтээл. Байгаа утсаа нэг юм болгох гээд зүгээр л дугуйлаад нэхчихсэн тул тураг хөрөг авсангүй ээ.