Monday, February 23, 2015

Дунд сургуульд

орох дөхөөд байгаа гэж улиг болтлоо л бичиж байна дөө, тэ.

Энэ удаад дунд сургуулиас нь товлон зарласан сургалтын тухай бичнэ. Нэлээд хэдэн өдрийн өмнөөс бага сургуулиар нь дамжаад зар ирсэн. Сургалт зохион байгуулах газар сургуулийнхаа газрын зурагтай, цаг нар өдөртэй нь.
Би нь эзгүй байсан тул аав нь хагас өдрийн чөлөө аваад явав. Ойлгохгүй, чухал зүйлээс нь эргээд бидэнд хэлэхгүй үлдээчих вий гээд хамгийн урд очиж суугаад бичлэг хийгээд ирсэн байсан. Хэ хэ. Нэг орой гэрээрээ тэрийг нь үзэж, аавыгаа шоолж жаахан инээлдэв. За энэ ч яахав. Гол сэдэв рүүгээ ороё.

Эхлээд мэдээж захирал багш үг хэлнэ.
-Бага сургуулиа амжилттай төгсөөд манай дунд сургуульд орох гэж байгаад баяр хүргэе. Багш нар бид шинэ хүүхдүүдээ тэсэн ядан хүлээж байна.
Гээд сургуулийнхаа зорилт, голлон анхаардаг зүйлсээ товчхон ярина.
Дараа нь нэгэн залуухан багш гарч ирээд сургуулиа хальт танилцуулна. Дугуйлан секцийн талаар ярина. Тэрний дараа нь эрүүл ахуйн гээд нэг багш гарч ирж яриа хийв. Сурагчдын биеийн байдал эрс өөрчлөгдөөд ирнэ. Тэрэндээ хүүхдүүд эмзэгээр хандана. Тэр болгонд нь эцэг эх, багш нар анхаарал тавьж ойлгож хандацгаая гэсэн агуулгатай яриа байлаа. Нэг инээдтэй хэрнээ хөөрхөн зүйл ярьсан нь, зарим банди нар
-Багш аа, би өсөхгүй байна, яах уу? гэж бараг өдөр бүр хэлж орж ирдэг гэсэн. Шууд өсчихгүй шүү дээ тэ. Хэ хэ

За тэгсэн нэг ажилтан гарч ирсэнээ баахан мөнгө төгрөг ярьж байснаа яваад орчихов. Бид наана овоо гар уу гэж баахан хөхрөв. Ажлаа хийж байгаа хүнийг.
Бага сургуультай адил өдрийн хоолтой. Хоолны мөнгийг эцэг эх төлнө. Хоёр дугаар ангидаа танилцах аялал хийнэ. Тэрнийх нь 60 хэдэн мянган иен болдог гэчихэв ээ, бурхан минь. тухайн үед нь бичье. Одоо ч дүрэмт хувцас, төгсөлтийн хувцас, тамирын хувцас энэ тэр гээд бөөн зардал дунд сууж байгаа тул тогтоохыг ч хүссэнгүй. Хэ хэ. Тархи бол шууд автоматаар нэг чихээрээ оруулаад нөгөөхөөр нь гаргаж байна лээ. Ккк

Баахан л бөглөх хуудас өгсөн байсан. Жишээ нь хоолны мөнгө зэргийг хурааж авч байх банкны данс. Өөр юу байлаа, зарим нэгийг нь зулзага өөрөө бөглөөд байсан, санадаггүй.

Хотын захиргаанаас нь мэдэгдэл хуудас ирж байсан. Танай хүүхэд энэ дунд сургуульд явна гэсэн. Бага сургуульд ороход нь бас ирж байсан юм. Бага дунд сургууль бол гэрийнхээ ойролцоох харъяа сургуульдаа явна. Ахлах сургууль бол дүнгээр нь жагсаагаад, хүүхэд өөрсдийн ормоор байгаа сургуульдаа шалгалт өгч, тэнцвэл ордог гэсэн. Энэ талаар 3 жилийн дараа дэлгэрэнгүй бичих байх гэж бодож байна. Наана нь буцчихгүй л бол хэхэ.

Яг дунд сургуульдаа ороод ирэхээр нь шинэлэг санагдсан зүйлсээ бичээд явахыг хичээе.

No comments: