Thursday, June 09, 2016

Шүдний үзлэг

Бага зулзагын цэцэрлэгт шүдний үзлэг болсон. Өглөө нь цайгаа уучихаад гарахдаа шүдээ угааж угааж явсан. Хэ хэ.

Эмч үзээд
-Сайн байна, хорхойтой шүд алга.
гэж магтсан гэсээр орой ээжийгээ харангуут л холоос орилсон.
-Тийм үү? Мундаг шдээ, зулзага чинь.

Хэдэн өдрийн дараагаар албан ёсоор бичиг ирнэ, цэцэрлэгээс нь. Хорхойтой шүд алга байна. Хойшид ч энэ эрчээрээ шүдийг нь сайн угаалгаж байгаарай гэсэн бичиг.

Энэ хуудасны дээд хэсэгт шүд нь эрүүл байвал бөглөх жижигхээн зайтай. Ихэнхи хэсгийг нь хорхойтой шүдний тухай заавар зөвлөгөө эзлэнэ. Тийм тийм шүд тэгж тэгж хорхойтсон байна. Зав зайгаараа шүдний эмнэлэгт хандаж эмчлүүлээрэй, үзлэг хийсэн тэр эмч, гээд гар хөлийн үсэг нь он сар өдөртөйгөө бичээстэй байна. Мөн энэ хуудсыг авч очоорой гэсэн байдаг юм билээ.

Азаар хоёр зулзага минь энэ бичгийг барин шүдний эмнэлэг орж байгаагүй.

Наана нь аав гэж шүдний эмчээс илүүтэйгээр үзээд хараад, зулзагуудыг минь дагуулаад яваадхаачээ, гуйж байна гэж үглэдэг нь. Хэ хэ

Та нар минь ч гэсэн бүр багаас нь шүдээ угаахад нь туслаад, хэвшүүлээрэй. Тэгвэл ямартай ч уйлж унжаад, цааргалаад байдаггүй юм билээ.

Энд бүр тэдэн сартайгаас нь аманд нь зуулгаж хэвшил болгодог сойз? зардаг юм билээ. 3 хос. Нэг нь яг сойз биш. хуванцар, сойзны хэлбэртэй. Түүгээр аманд зуулгаж, хааяадаа шүдийг нь үрж шүд угааж буй мэт үйлдэлд дасгана. Хоёр дахь нь бага зэрэг үстэй, сойз руу дөхөж очно. Гурав дахь нь зөөлөн сойз.

Бид анх үүнийг бага зулзагатаа авч өгөөд, их үр дүнтэй юм шиг санагдсан тул хааяа монгол дахь найз нөхөд, хамаатан садан төрөхөд нь бэлэглэдэг юм.

Сойзны тухай гэнэт саналаа. Монголд зарагдаж буй сойз аймаар урт? том тэ. Том зулзага хараад гайхаад л байсан. Хэ хэ. Энд жижиг сойз их зарагдана. Ийм жижиг нь сайн байдаг гэж сонсож байсан.  Шүдээ нэг бүрчлэн угаахад хамгийн тохирмжтой гэж.

Гэхдээ хааяадаа том зулзага залхуураад угаахгүй унтаж загнуулдаг болохоос.

Бүгдэд нь амжилт.

No comments:

Post a Comment