Sunday, August 28, 2016

Хичээл эхлэв

Уламжлалт бичлэг. Идээд л унтаад л даалгавараа хийгээд л ном уншаад л гэсэн дөрөвхөн үйлдэлтэйгээр 2 долоо хоног бүтэн амрав. Хэ хэ.

Дунд нь хааяадаа хоол хийхэд туслана, ганцаараа бие дааж хоол хийнэ.

Хичээл эхэлсэн өдөр шууд шалгалттай. Эднийг зуны амралтаараа хамаг юмаа хоолтойгоо хольж идэхээс нь сэргийлж албаар хичээл эхэлсэн өдөр тест авдаг шиг билээ.

Энд эгч дээрээ ирсэн нэг монгол оюутны буянаар крилл цагаан толгойгоо хальт цээжилсэн. Өдөрт хоёр л өгүүлбэр уншуулж байгаа. Түгдэрсгээд уншиж л байна. Гол нь ээж хичээж, өдөр бүр марталгүй уншуулах. Тэгвэл дорхноо л цээжилчих байх тийм үү. Хэдэн мянган ханз цээжилж буй хүүхдэд 35-хан үсэг юухан байхав гэж томчууд бодох ч, хүүхдүүд өөр бодолтой байдаг шиг.

Зуны даалгаврын нэг чухал нь чөлөөт судалгаа. Дунд сургуульд орохоор заавал хими физикийн хичээлээр хийх ёстой байдаг юм байна. Байсгээд л дэлгүүрээс ийм ч бодис авна, тийм ч бодис авна гэж явав.

Хэдэн өдөр гэр минь урлангийн талбар шиг л байлаа. Энд тэнд будаг болоостой, аав нь энэ юун цэнхэр, улаан, ногоон, шар будаг болчихов оо гэж үглээстэй.

Ингэж эдний боловсролынхон хими физикт дуртай зохион бүтээгч, судлаач, шинийг санаачлагч, инженер зэрэг хүмүүсээ багаас нь бэлддэг юм шиг байна.

Ийм чөлөөт судалгаа хийснээр мэдээж бүгд хими физик, шинжлэх ухаанд дуртай болно гэж байхгүй. Гэхдээ л ганц нэг хүүхэд байна аа даа.

Бага сургуульд бол ихэнхдээ энд тэндхийн номноос уншсанаа л хуулж бичих нь их байдаг бол ингэж сэдэв зааж өгснөөр уг хүүхэд өөрөө бодож сэтгэж хийх юм даг уу даа.

Гэхдээ ээжид бол жаахан яршигтай санагдсан. Байсгээд л тийм ч юм авна гээд л мөнгө нэхээд, дэлгүүр гүйгээд, гэр мэр хөглөрөөд байхаар. Үүнийгээ гэхдээ гадагш нь гаргаж хэлэхгүй л дээ. Хэ хэ.

Өнөө өглөө маш хүнд цүнхээ үүрээд гараад явлаа. Тестэнд нь амжилт хүсээд л сууж байя даа.

Ижий нь бас зүгээр суухгүй номоо уншина даа...

Өө тийм. Хоёр хоног айхтар бороо ороод японд энд тэнд сэрэмжлүүлээд л байсан юм. Онцгой байдал зарлаад сургууль амраасай гээд  залбираад байвал яах уу? Яг л амарч харагдана л даа.

4 comments:

Mom of twins said...

Монгол үсгээ сурна гэдэг бол сайхан санаа. Сонирхолтой ном авч өгөөд уншуулаарай.

Mom of twins said...

Монгол үсгээ сурна гэдэг бол сайхан санаа. Сонирхолтой ном авч өгөөд уншуулаарай.

E. Erhtsas said...

Хүүхэдтэй болохоороо бас Монгол хэлний багш болно доо, та туршлагаасаа хуваалцаарай.

byambaa said...

баярлалаа хоёроо.

өчигдөр уншуулж амжсангүй, ээж өөрийн гоо сайхандаа анхаараад, ккк. өнөөдөр нөхөж уншуулахаас.